Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 000106

 

 

 

 

 

 

                                     

 

 

 

 

                                                 Ө.Д, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                             Хэргийн индекс 142/2017/0104/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

 

   Прокурор                                                      Б.Жавхлантуяа

   Шүүгдэгч                                                       Б.Б, Ө.Д,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ю.Ганбат, Ц.Энхтуяа

  Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч       А.Баасанхүү

   Хохирогч                                                       С.Алтанцэцэг

   Нарийн бичгийн дарга                             Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б, Ө.Д нарт холбогдох, 201614000468 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, шүүгдэгч Ө.Д нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 10-нд  Хөвсгөл аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эмээ, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1 дүгээр гудамжны 1б тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Х овгийн Ө-ийн Д,

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 15-нд Орхон аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХАА-н МСҮТ-ийн барилгын цахилгаанчин 2 дугаар ангийн сурагч, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгай 23 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Б овгийн Б.Б.

 

Шүүгдэгч Ө.Д, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-18 дугаар байрны орцонд Б.Лхагвасайханы “Samsung tab4” маркийн гар утас /400.000 төгрөг/ болон 3000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг 4-26 дугаар байрны орцонд Э.А “Samsung s4” маркийн гар утас /250.000 төгрөг/, Ш-ийн 5000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн., 2016 оны 11 сарын 25-нд  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.А, Э.М нарын 4000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн., шүүгдэгч Ө.Д нь 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх гражид нэвтэрч 796 цүнх, 2 ширхэг чемодан хулгайлан 22.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ө.Д, Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ө.Д-г бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

                                             

Шүүгдэгч Ө.Д, Б.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар тус бүр 1 жил хорих, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар тус бүр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1.д зааснаар Б.Б.д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 2 дахин багасгаж 6 сар, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.д  зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилээр  тус тус эдлэх ялыг тогтоож,

 

Шүүгдэгч Ө.Д.г 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч Ө.Д.-г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 .д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5/таван/ жил хорих,  шүүгдэгч Б.Б.д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д  зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр 17.2 дугаар зүйлийн 2.д  зааснаар оногдуулсан 1 жил  хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар Ө.Д-ийн цагдан хоригдсон 219 хоног, Б.Б-ийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д заасныг баримтлан Ө.Д.д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Б.д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар Ө.Д.с 9.363.128 төгрөг гаргаж хохирогч С.А.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.336.872 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б төлөх төлбөргүйг дурдаж,

 

Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн 275 дугаар шийтгэх тогтоол, 502 дугаар захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Шүүх шинээр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1., 2 д заасан ялын доод хэмжээг оногдуулж байгаагаа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа нь бодит байдал дээр эрх зүйн байдал нь дээрдсэн гэж үзэх үндэслэлгүй эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Шинэ Эрүүгийн хуулийн зарчим маань Эрүүгийн хуулийн агуулгын хувьд эрх зүйн байдал нь дээрдсэн хуулийг хэрэглэнэ гэж заасан.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвд суралцдаг байсан. Түүний хэргийн болон хувийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй Эрүүгийн хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйл зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

 

Иймд 2002 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулан ялыг хойшлуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ө.Д давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 27-31 ний өдрүүдэд хийсэн хулгайн гэмт хэргээ илрүүлэхийн тулд 2017 оны 09 дүгээр сарын 12-нд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн юм.

 

Иймд миний хэргийг дахин задалж өгнө үү. Өмнөх хэргийг илрүүлж чадна гэдгээ та бүхэнд амлаж байна. Хэрвээ чадахгүй бол энэ хэрэг дээр ял авахдаа гомдолгүй гэжээ.

 

Хохирогч С.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Энэ хэрэг хэтэрхий удаан шийдвэрлэгдэхгүй байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Өнгөрсөн хугацаанд шүүгдэгч нарын ар гэрээс болон эдгээр хүүхдүүд надтай огт ирж уулзаж, хохирол төлөх тал дээр анхаарал тавиагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг буцаах шийдвэр одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд байхгүй. Энэ хэрэг нэгэнт шалгагдаад дуусаад давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа. Дараагийн гэмт хэрэг тусдаа асуудал. Заавал нэгтгэж шалгана гэсэн зүйл байхгүй. Хохирогч чадлаараа л 796 цүнх байсан гэдгээ нотлох гэж оролдсон. Хохирогчийн удаа дараа мэдүүлгүүд нь зөрүүгүй. Анхан шатны шүүх 796 цүнхний нотлогдоогүй зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шалгах шаардлага байхгүй. Иймд анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас :

 

Шүүгдэгч Ө.Д, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б нарыг бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр, 4-18 дугаар байрны орцонд Б.Л-ын “Samsung tab4” маркийн гар утас, /400.000 төгрөг/ болон 3000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авсан,

 

-2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэр 4-26 дугаар байрны орцонд Э.А-ийн “Samsung s4” маркийн гар утас /250.000 төгрөг/, Шинэбаярын 5000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны 1-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.А., Э.М нарын 4000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

Шүүгдэгч Ө.Д ганцаараа 2016 оны 07 дугаар сарын 27-31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 2-14 тоот хашаанд байх грашаас 796 ширхэг сурагч цүнх, 2 ширхэг чемодан хулгайлан 22 620 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд

 

Ө.Д, Б.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ө.Д.г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ө. Д, Б. Б. нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан., мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ө.Д.г бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

  

Шүүгдэгч Ө.Д, Б.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар тус бүр 1 жил хорих, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар тус бүр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Ө.Д.д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1.д зааснаар Б.Б.д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 2 дахин багасгаж 6 сар, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил хорих ял оногдуулаад,

 

2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч Ө.Д.д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 .д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял., 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нэмж Ө.Д.д нийт эдлэх ялыг 5 /таван/ жил хорих ял, шүүгдэгч Б.Б.д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д  зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр 17.2 дугаар зүйлийн 2.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар хорих ял оногдуулаад

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д заасныг баримтлан Ө.Д.д оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Б.д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв эсэх, шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох, гэм буруутай бол тэдэнд ял оногдуулахад нөлөөлж болох хуульд заасан үндэслэл байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Үүнд:

 

-Шүүгдэгч Ө.Д, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-нд хохирогч Б.Л-ын эд зүйлийг булаан авсан, 2016 оны 09 дүгээр сарын 23, 25-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн бөгөөд тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2., 146 дугаар зүлйийн 146.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

 

Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлэх үед 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилсэнтэй холбогдон тэдний зарим үйлдлийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзээд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1., Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял өөрчлөн сонсгосон байна.

 

2015 оны Эрүүгийн хуульд бусдын эд зүйлийг булаах гэмт хэрэг хасагдаж гэмт хэргийн үндсэн шинжээрээ дээрэмдэх гэмт хэрэг рүү шилжиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.д зааснаар зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн мөн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн тохиолдолд үйлдэл тус бүрийг тусд нь зүйлчилж, үйлдэл тус бүрт ял оногдуулахгүй бөгөөд эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэргийн шинжийг / энэ тохиолдолд дээрэмдэх гэмт хэрэг / хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож аль хүнд нэг зүйл, хэсэгт зааснаар зүйлчилж нэг удаа ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа нэг гэмт хэргийн үйлдэл тус бүрт ял оногдуулж, тэдний эрх зүй байдлыг илтэд дордуулжээ.

 

- Шүүгдэгч Ө.Д.д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй нь буруу байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ шүүгдэгч Ө.Д нь дээрх шүүх хуралдаан хийгдэхээс өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөн дээрмийн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд одоо Орхон аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбарлаж байгаа учраас Ө.Д.д холбогдох хэргийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хуулийн үндэслэл байгаа эсэхийг харгалзан үзэх мөн хэрэг тусгаарлах боломжтой эсэхийг анхаарах нь зүйтэй.

 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Б.Б.ийн хувьд анхан шатны шүүх эрх зүйн байдлыг дээрдэж байгаа гэсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг баримталж шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн эрх зүйн байдал дээрдүүлсэн гэдгийг зөвхөн хуульд заасан ялын дээд, доод хэмжээгээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял оногдуулах зарчим, хуульд заасан бусад арга хэмжээ, тухайлбал оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, багтаах журам зэрэг оногдуулах ялаас гадна агуулгын хувьд дээрдүүлсэн хуулийг сонгож хэрэглэх боломжтой байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 1.4., 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б., Ө.Д нарт холбогдох, 201614000468 дугаартай, 3 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.Д.д урьд авсан цагдан хорих таслан сэрийлэнх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Б.Б.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           З.ХОСБАЯР                                                                                         

            ШҮҮГЧИД                                                                    С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                Ц.ТУЯА