Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 40

 

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2017/0040

Төв аймаг

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн С.Одончимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох,

“Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны А/03 дугаартай захирамжийн С.Одончимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Р.Батбаяр, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Одончимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/55 дугаартай захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт орших Талын уул гэх байршилд 15 жилийн хугацаатай, үр тарианы зориулалтаар 112 га хэмжээ бүхий газрыг эзэмших эрхтэй болж улмаар газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших болсон билээ. Газар эзэмшигчийн хувьд газрын төлбөрөө төлж, 2015 онд тариалалт хийж, 2016 онд газар дээрээ тариалалт хийлгүй өнжөөсөн. Гэтэл Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А/03 дугаартай захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Засаг дарга дээрх захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн газар эзэмшигч миний биеийг газрын төлбөр төлөөгүй, хоёр жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийг гаргасан гэж үзээд газар эзэмших эрхийг минь хүчингүй болгосон нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж би үзэж байгаа юм. Тодруулбал: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлийг газар эзэмшигч гаргасан байх, ийм үндэслэл бүрдсэн, тогтоогдсон байх учиртай. Гэтэл газар эзэмшигч 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхтэй болсон бөгөөд цаг хугацааны хувьд газар эзэмших эрхтэй болох үед тариалалт хийх хугацаа өнгөрсөн байсан, 2015 оны хавар тариалалт хийж, намар нь ургац авч газраа ашигласан, 2016 онд газартаа тариалалт хийлгүй өнжөөсөн, Газрын төлбөрүүдээ төлж, газраа ямар нэгэн эрх зүйн зөрчилгүй эзэмшиж ирсэн. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад Засаг дарга ийнхүү “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Засаг дарга шийдвэр /захирамж/ гаргасан тухайгаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасан журмын дагуу надад мэдэгдэх ёстой байсан боловч миний бие захиргааны шийдвэр гарсанаас хойш бүтэн 5 сарын дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрөө захирамжийн хуулбарыг олж мэдлээ. Засаг дарга одоог хүртэл гаргасан захирамжаа хуульд заасан журмын дагуу танилцуулаагүй, гардуулаагүй мэдэгдээгүй байна. Үүнээс үзвэл Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А/03 дугаартай захирамж /шийдвэр/ гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримталж хэрэгжүүлээгүй болох нь илэрхий байна. Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А/03 дугаартай захирамжийн улмаас иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрч байна. Түүнчлэн миний бие сумын засаг даргын шийдвэрийг хянуулахаар дээд шатны Засаг даргад хандан гомдол гаргасан боловч өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай захирамжийн С.Одончимэг миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч  Б.Баясгалан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай захирамжийн С.Одончимэгт  холбогдох хэсэг нь хууль зөрчиж гарсан гэж үзэж байгаа. С.Одончимэг нь анх хуулийн дагуу газраа эзэмших эрхтэй болсон. Тухайн газраа газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Тухайн газартаа 2014 онд уринш хийсэн байдаг. 2015 онд тариалалт хийгээд тухайн оны намар ургацаа хурааж авсан. 2016 онд дараа жил тариалалт хийнэ гэж үзээд хөрсөө амраасан байдаг. Газрын төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан гэтэл Засаг даргын зүгээс А/03 захирамжид С.Одончимэгийг газрын төлбөрөө төлөөгүй. Газар эзэмших эрхийн гэрээ хийгээгүй. Газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон. Нэхэмжлэгч С.Одончимэг нь газраа хууль ёсны дагуу эзэмшиж, ашигладаг байсан. Мөн газрын төлбөрийг цаг тухай бүрд нь бүрэн төлсөн байхад, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргасан нь үндэслэлгүй юм.

Мөн газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй. Газрын төлбөрийг дутуу төлсөн гэж хэлж байна. Газар эзэмших гэрээг яаж дүгнэх талаар газар эзэмших гэрээнд тодорхой зааж өгсөн. Газар эзэмших гэрээг дүгнэх талаар хариуцагч талаас ямар үйл ажиллагаа хийсэн юм бэ? энэ нь тодорхойгүй байна. С.Одончимэгт газрын төлбөр нэмэгдсэн талаар мэдэгдэж байсан уу гэдэг нь тодорхойгүй. Захиргааны байгууллага энэ талаарх үйл ажиллагаагаа явуулаагүй байж нэхэмжлэгч шууд буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд газрын төлбөр, үнэлгээнд өөрчлөлт орох юм бол мэдэгдэнэ гэж зааж өгсөн байна. Газар эзэмших эрхийн гэрээг хамгийн сүүлд 2016 онд нэг жилийн хугацаатай байгуулсан байдаг. С.Одончимэгийн зүгээс төлбөрийн хэмжээг нэмэгдсэн талаар одоо мэдлээ, газрын төлбөрөө нөхөж төлөх боломжтой гэдэг хүсэлт өгсөн дагуу Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг сунга гэдэг хариу өгсөн байдаг. С.Одончимэг нь газраа хууль ёсны дагуу эзэмшиж, газрын төлбөрөө төлсөн байдаг. Газар эзэмших гэрээг сунгах эсэх төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх. Газраа ашиглаагүй нь гэдэг нь сумын хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэний гаргасан тариалалтын мэдээнд ороогүй гэдгээр тогтоогдож байна гэж хэлж байна. Гэтэл энэхүү статистик мэдээллийг яаж авдаг вэ гэдэг нь тодорхойгүй байна. Тариалалт хийсэн иргэд өөрсдөө мэдээлэл өгдөгөөр гаргадаг бол тариалалт хийгээгүй ч тариалалт хийсэн гэж мэдээлэл өгөх юм бол статистик мэдээнд оруулж болно гэж ойлгож байна. С.Одончимэгийг газар дээрээ тариалалт хийсэн үү үгүй гэдгийг нэг ч удаа очиж үзээгүй гэж ойлгож байна. С.Одончимэгийн газар дээр тариалалт хийсэн Найдангийн Нямлхагва нь тариалалт явуулж байгаа талаар тухайн үед багийн Засаг даргадаа мэдэгдэж байсан гэж хэлдэг. Мэдээлэл үнэн зөв үү гэдэг талаар захиргааны байгууллага огт шалгаагүй. Захиргааны акт гаргах ажиллагаа тодорхой дэс дараалалттай байдаг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахдаа оролцогчийг эрхийг огт хангаагүй гэдэг нь тогтоогдож байна. Үнэхээр С.Одончимэг гэж хүн газар дээрээ тариалалт хийгээгүй юу гэдэг талаар огт шалгаж, нотлосон зүйл байхгүй байж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байна. Бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулаагүй. Газрын тухай хуулиар төлбөрөө төлөөгүй гэдэг нь тогтоогдсон гэж хэлж байгаа боловч газрын төлбөр нэмэгдсэн талаар С.Одончимэгт хариуцагч талаас нэг ч удаа хэлж байгаагүй. Газар эзэмших эрхийн гэрээг дүгнүүл гэж захиргааны байгууллага нэг ч удаа хэлж байгаагүй. С.Одончимэгийг газрын төлбөрийн зөрүүг нэмж төлье гэдэг хүсэлт гаргасаны дагуу Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн хугацааг сунгаж гэж цохолт хийсэн байхад, газрын даамал  газар эзэмших эрхийн гэрээг сунгаагүй асуудлыг бурууг нэхэмжлэгч талын буруу болгож, эрхийн зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурийг дэмжиж байна. Иймээс Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай захирамжийн С.Одончимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Р.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Одончимэг нь хуульд заасны дагуу газраа ашиглаагүй. Тариалалт хийсэн талаарх мэдээгээ суманд мэдээлдэггүй байсан. Мэдээгээр тариалалт хийгээгүй болох нь тогтоогдсон. Газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө жил бүрийн 12  дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж дуусгасан байна гэж заасан боловч газрын төлбөрөө бүрэн төлөөгүй. 2016 онд гэрээгээ дүгнэж сунгаагүй байсан. Иймээс С.Одончимэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаартай захирамжийн С.Одончимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны А/03 дугаартай захирамжийн С.Одончимэгт холбогдох хэсэг нь дор дурдсан үйл баримтаар үндэслэлгүй гарсан хууль бус акт болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Маргаан бүхий акт буюу Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших захирамж хүчингүй болгох тухай” А03 дугаар захирамжид “... Хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй зэрэг зөрчил гаргасан иргэдийн газрыг 1 дүгээр хавсралтаар хүчингүй болгосугай” гэж заасны дотор нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон буюу иргэн С.Одончимэгийн  139/112 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэжээ.[1]

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “... тухайн газарт тариалалтын үйл ажиллагаа явуулж байсан ...” гэсэн үндэслэлд холбогдуулан маргааны үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн  “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаартай захирамжаар иргэн С.Одончимэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн, 139/112 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж,  гэрээ байгуулжээ. [2]

Харин маргаан бүхий газарт нэхэмжлэгч 2015 онд тариалалт хийж, 2016 онд тариалалт хийлгүй өнжөөсөн гэж тайлбарлаж байгааг хариуцагч нь шүүх хуралдаан дээр “тариалалтын мэдээнд нэр нь байхгүй байгаа” гэснээс өөр  үгүйсгэх ямар нэгэн тайлбар, баримтгүй байхаас гадна, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хувьд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Б.Мөнгөнтуяа-д Газрын төлбөрийг нь төлүүлж гэрээг сунга” гэж нэхэмжлэгчийн өргөдөлд цохолт хийснээс хойш нэг жил болоогүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нь 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж шийдвэрлэсэн нь хуульд зааснаар нэхэмжлэгчийг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэснийг шалган тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна.  [3]

Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г тус сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ба 112 га газрын жилийн төлбөрийг 2 дугаар улиралд 58240 төгрөгөөр төлөхөөр гэрээлсэн.[4] Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 58.240 төгрөг төлсөн, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58.240 төгрөг төлсөн, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 58.240 төгрөгний мөнгөн шилжүүлэг төрийн сангийн дансанд шилжүүлсэн баримтууд зэргээр 2015, 2016 онуудын төлбөрийг гэрээнд заасан үнийн дүнгээр төлсөн болох нь тогтоогдож байхад 2017 онд маргаан бүхий актыг гаргахдаа, хариуцагчаас шүүх хуралдаанд  “2015 онд нэг га газрын төлбөр 1158 төгрөг болсон учир гэрээнд заасан газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэж үзсэн” гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй байна. Тодруулбал, тухайн сумын Засаг дарга нь дээр дурдсанаар 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Б.Мөнгөнтуяа-д Газрын төлбөрийг нь төлүүлж гэрээг сунга” гэж, газрын даамалд гэрээг шинэчлэн хийх үүргийг өгсөн байхад, газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нь зохих ёсоор газар эзэмшигчтэй гэрээг байгуулаагүй байхад, гэрээнд тусгагдаагүй үнийн дүнгээр төлбөр төлөөгүй гэж гэрээний нэг талыг шууд буруутгах үндэслэлгүй юм.

Дээрхээс нэхэмжлэгч нь тухайн эзэмшил газар дээрээ тариалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ Н.Нямлхагва гэх хүнийг хөлсөөр ажиллуулсан, тариалалт хийсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагчийн зүгээс үгүйсгэсэн буюу нэхэмжлэгчийн эзэмшилд байсан 112 га талбайд 2015, 2016 онд хэн ч ямар нэгэн тариалалт хийгээгүй гэдгийг нотолсон ямар нэгэн баримтгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх учир хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ...” гэсэнд нийцээгүй болох нь нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас “хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 23, 24, 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй, тайлбар гаргах эрхийг хангаагүй” гэж маргасанд холбогдуулан дүгнэвэл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-т “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэсэн, мөн 25 дугаар зүйлд шийдвэр гаргах нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулахыг тодорхойлсон, 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ... тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн, 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасан байхад дээр дурдсанаар хариуцагч Засаг даргын зүгээс эдгээр ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэр тариалалтын мэдээнд байхгүй байгаагаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж, газар эзэмшигчийн төлөх газрын төлбөр 2015 онд өөрчлөгдсөнд, гэрээнд заасан төлбөрийг төлбөрийг бүрэн төлөөгүй гэж тус тус дүгнэсэн нь шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байгаа тул хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасныг зөрчсөн акт гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтаас дүгнэхэд Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий акт нь хууль бусаар гарсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Одончимэгийн нэхэмжлэлийг хангаж, тус хууль бус актын улмаас зөрчигдсөн газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3, 24.4, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, 27.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн С.Одончимэгийн  Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны А/03 дугаартай захирамжийн С.Одончимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны А/03 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 11 дэх хэсэгт заасан С.Одончимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Одончимэгт олгосугай.           

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР

 

 

 


[1] Хавтаст хэрэг 1-ийн 30 дахь тал

[2] Хавтаст хэрэг 1-ийн 80-81 дэх тал

[3] Хавтаст хэрэг 1-ийн 28 дахь тал

[4] Хавтаст хэрэг 1-ийн 6 дахь тал