Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0049/З |
Дугаар | 221/МА2021/0245 |
Огноо | 2021-05-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2021/0245
“С.П.А” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Ч.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “С.П.А” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр: “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 8.1.2, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С.П.А” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453069 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хариуцагч Ч.Э миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Хууль тогтоомжийн зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэх шүүхийн үндэслэлийн тухайд.
Шүүх 225 дугаар шийдвэрийн үндэслэлдээ “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2-т заасныг тус тус үндэслэн хууль тогтоомж, эрх зүйн бусад акт захиргааны шийдвэрийг эмхтгэн хэвлүүлсэн нь зохиогчийн эрхийг зөрчсөн зөрчил болохгүй” гэж үзэн шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь шүүхийн үндэслэл болгон хэрэглэсэн хуулийн зохицуулалт болох Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8.1.1-д “хууль тогтоомж, эрх зүйн бусад акт”-ыг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэх хэсэг нь тухайн хуулийн хэрэглэх, ишлэл авах, хууль хэрэглэх актад ашиглах зэрэг бусад хэлбэрээр ашиглахыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй талаар зохицуулсан зохицуулалт байна.
Оюуны өмчийн эрх зүй, тэр дотроо зохиогчийн эрхийн бүтээлийн үндсэн шинж нь “оюуны бүтээлч үйл ажиллагаа байх” бөгөөд үүнд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д “Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд” гэж мөн зохицуулж өгчээ.
Нэхэмжлэгч Монгол Улсын хууль, эрх зүйн бусад хэм хэмжээний зүйл, заалт, хэсгийг сонгон хэрэглэхэд чөлөөтэй хэдий ч бусдын оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд үүсэн бий болсон, ангилан эмхтгэсэн эмхтгэлийг бүрэн эхээр нь хуулбарлан, ашиг олох зорилгоор ашиглаж байгаа нь оюуны өмчийн зөрчилд тооцогдоно.
Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газар татварын хууль тогтоомжийг зохиогчийн эрхээр хамгаалуулж буй явдал биш, өөрийн хөдөлмөрийн үр дүнд бий болон түүвэрлэх, найруулах, байршуулах хөдөлмөрийн үр дүнд бий болсон өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар, толь, лавлах, зохиолын цоморлиг өгөгдөхүүн бусад мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд болох “эмхтгэл”-ийг бүхэлд нь зохиогчийн эрхээр хамгаалж байгаа хэрэг юм.
2. Хууль тогтоомжийн эмхтгэл нь зохиогчийн эрхээр бүтээл биш гэх шүүхийн үндэслэлийн тухайд.
Монгол Улсын 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэгдэн орсон Утга зохиол уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцид “Материалыг сонгосон, байрлуулснаараа оюуны бүтээлийн үр дүн болохуйц нэвтэрхий толь, цоморлиг зэрэг утга зохиол, уран сайхны бүтээлийн эмхтгэлийг жинхэнэ эх бүтээсэн зохиогчийн эрхийг зөрчилгүйгээр хамгаална” гэж заан эмхтгэлийн зохиогчийн эрхээр хамгаалагдах шинжийг тодорхойлсон байдаг.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д “Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд” гэж мөн зохицуулж өгчээ.
Эмхтгэл нь “материалыг сонгосон, байрлуулснаараа оюуны бүтээлийн үр дүн” болох агаад бүтээл нь уг шинжээрээ зохиогчийн эрхийн бүтээл болно.
Гэтэл шүүх “зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй хууль тогтоомжийг эмхтгэсэн эмхтгэл нь мөн зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй ... үүсмэл бүтээлтэй гэж үзэх үндэслэлгүй” гэж үзэн шийдвэр гаргасан нь цаашид бусдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор өөрийн хөдөлмөрийн үр дүнд, сонгон түүвэрлэж, ангилж, ялган хийх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн эмхтгэлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүйгээр хүний оюуны бүтээлч ажиллагааг үр хүндэтгэсэн шинжтэй жишиг тогтоохуйц сөрөг үр дагавартай байна.
3. “Татварын байгууллагын хууль сурталчлах чиг үүрэгт дэмжлэг болсон үйлдэл” гэж үзэх үндэслэлийн тухайд
Шүүх шийдвэртээ, “... Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудаас үзэхэд хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, захиргааны шийдвэрийн эмхтгэлийг хэвлэхэд зохиогчоос зөвшөөрөл, төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах талаарх зохицуулалт байхгүй байна” гэж үзсэн байдаг.
Маргаан бүхий харилцаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар голчлон зохицуулагддаг төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох харилцаа бус Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар зохицуулагддаг зохиогчийн эрхийн харилцаа юм.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Бүтээл ашиглах онцгой эрх”-ийн талаар зохицуулсан байх бөгөөд 12.2.2-т “бүтээлийг нийтлэх эрх” нь зөвхөн зохиогчид буюу энэ тохиолдолд Татварын ерөнхий газар хадгалагдахаар байна.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тус бүтээлийг хэвлэн нийтлэхийн тулд Татварын ерөнхий газраас зөвшөөрөл авах шаардлагатай.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тохирох хуулийг хэрэглээгүй, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, захиргааны актын үндэслэл болсон хуулийн зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлалгүй, зөвхөн хууль тогтоомж, эрх зүйн бусад акт нь зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй гэх зохицуулалтад ач холбогдол өгч гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагчаас “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453069 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон.
Шийтгэлийн хуудсаар “С.П.А” ХХК-г “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” номыг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 5,000,000 /таван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Хэдийгээр Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг зэрэг бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй байхаар хуульчилсан боловч уг маргааны хувьд “С.П.А” ХХК-ийн хэвлэж борлуулсан “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” нь зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй гэж үзэх боломжгүй.
Учир нь Татварын ерөнхий газраас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх журам, аргачлал бүхий “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” номыг татварын албаны бэлгэ тэмдэгтэйгээр Монголын татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөнд зориулж бэлтгэн гаргасныг гомдол гаргагч “С.П.А” ХХК нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан, хэвлэж, худалдан борлуулсан болох нь талуудын тайлбар, тус компанийн Голомт банкны 2800001958 дугаартай дансны хуулга, “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” /эх хувь/, “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” /Татвар төлөгчдийн гарын авлага нэртэй хуулбар хувь/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “Үүсмэл бүтээл” гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхэтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1.11-д “Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд”-ийг зохиогчийн эрхээр хамгаалахаар заасан бөгөөд Татварын ерөнхий газар нь татварын хууль тогтоомж, холбогдох журам, аргачлалыг ангилан түүвэрлэж, тодорхой хэмжээний цаг хугацаа, хөдөлмөр зарцуулан эмхэтгэл болгон гаргаж хэвлүүлсэн тул энэхүү эмхэтгэлийг оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн тус эмхэтгэлийг зөвхөн Монголын татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөнд зориулж бэлтгэн гаргасан байхад “С.П.А” ХХК нь тус эмхэтгэлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэвлэж, худалдан борлуулсан, түүнээс ашиг орлого олсон байгаагаас үзвэл бодит байдалд “... татварын байгууллагын хууль сурталчлах чиг үүрэгт нь дэмжлэг болсон, уг зорилгоор эмхэтгэлийг хэвлэсэн” гэх гомдол гаргагчийн тайлбарыг хүлээн авч, хийсэн үйлдлийг нь зөвтгөх боломжгүй байна.
Мөн шүүх хуралдаанд Татварын ерөнхий газраас гаргасан “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” нэртэй эх хувь, “Татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” нэртэй “Татвар төлөгчдийн гарын авлага” гэх хуулбар хувь эмхэтгэлүүд нь чухам ямар ялгаатай талаар тодруулахад гомдол гаргагчаас “... номын нүүр болон “Өмнөх үг” гэх хэсэг нь ялгаатай” гэснээс өөрөөр тодорхой зүйл мэдүүлээгүй. Эмхэтгэлүүдийг нэг бүрчлэн судлан үзэхэд зөвхөн номын нүүр, “Өмнөх үг” хэсэг бага зэргийн зөрүүтэй ч гарчиг, хуудасны дугаарлалт, “Тэмдэглэл” хэсэг, эмхэтгэлд оруулсан хууль тогтоомж, тогтоол, тушаал, тэдгээрийн дараалал зэрэг нь бүгд ижил бөгөөд “... нийт 50 ширхгийг хэвлэснээс компанийн дансаар 36 ширхгийг худалдсан, хувь хүнд 5 ширхгийг бэлэглэсэн, үлдсэн 9 ширхгийг Татварын ерөнхий газарт хүлээлгэж өгөөд, уучлал хүсээд явсан” гэх тайлбараас үзвэл гомдол гаргагч зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр 1453069 дүгээр шийтгэлийн хуудсаар “С.П.А” ХХК-д шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн бөгөөд хариуцагчийн “... цаашид бусдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор өөрийн хөдөлмөрийн үр дүнд, сонгон түүвэрлэж, ангилж, ялган хийх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн эмхтгэлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүйгээр хүний оюуны бүтээлч ажиллагааг үл хүндэтгэсэн шинжтэй жишиг тогтоохуйц сөрөг үр дагавартай” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул “С.П.А” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д тус тус заасныг баримтлан “С.П.А” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453069 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН