Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1203

 

Хэргийн индекс 135/2016/01251/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 1 дүгээр брак, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Намхайдоржийн Бат-Эрдэнэ /регистрийн дугаар ЧТ60031509, утас 99376004/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1987 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл улсын номын худалдааны харъяа номын 3-р дэлгүүрт кассчин, ахлах касс, нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах гэсэн боловч миний ажиллаж байсан байдалтай холбоотой тушаал, шийдвэрүүд архиваас олдохгүй байсан учраас шүүхэд хандаж байна. Миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                               
                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнэ нь Улсын номын худалдааны газрын номын 3-р дэлгүүрт кассчин, бичээч, нягтлан бодогч, эдийн засагч,  ахлах нягтлан бодогчоор 1987 оны 06 дугаар сарын 03-аас 1991 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, “Хурд” бүрэн бус хариуцлагатай компанид ахлах нягтлан бодогчоор 1992 оны 05 дугаар сарын 18-аас 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Үндэсний төв архивын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, Хурд бүрэн бус хариуцлагатай компанийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Нийслэлийн Баянгол дүүргийн ниймгийн даатгалын хэлтсийн архив, 90 оны зуун 2 дахь боть номын 367 дугаар хуудас, гэрч Б.Эрдэнэчимэг, Б.Бадамгарав нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнэ нь Улсын номын худалдааны газрын Номын 3-р дэлгүүрт кассчин, бичээч, нягтлан бодогч, эдийн засагч, ахлах нягтлан бодогчоор 1987 оны 06 дугаар сарын 03-аас 1991 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, “Хурд” бүрэн бус хариуцлагатай компанид ахлах нягтлан бодогчоор 1992 оны 05 дугаар сарын 18-аас 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Н.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            

 


         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА