Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 0080

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, 

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908038361824 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Салхин тавагт овогт Очирбатын Д /РД: /. ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн , -13б тоот хашаанд байх гэртээ хохирогч төрсөн дүү болох О.Д өөрийг нь унтуулах гэж оролдсон үйлдэлд дургүйцэн түүний баруун гарын бугалга хэсэгт 1 удаа шүдээрээ хазаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сард 820.000 төгрөгийн цалинтай. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Эрүүгийн 1908038361824 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Дын: “2019 оны 6 дугаар сарын 15-ны 22 цагийн үед гэрт байж байтал төрсөн ах О.Д гадаа согтуу ирчихсэн байсан. Бэр эгч Болорцэцэг “ах чинь согтуу ирчихсэн унтахгүй байна, чи оруулаад унтуулаад өгөөч” гэхээр нь би гараад ах О.Дн гэрт ороод ахыг орон дээр сууж байхад нь “одоо унт” гээд хэвтүүлтэл ах уурлаад миний баруун гарын бугалга хэсгээс нэг удаа хазчихсан. Миний уур хүрээд цагдаа дуудлаа шүү гэсэн чинь ах дууд дууд гэхээр нь цагдаа дуудаад ахыг бариад явсан. Би О.Дтай хамт Сонгинохайрхан дүүрэг , -13б тоот нэг хашаанд тус тусдаа амьдардаг. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-22/,

Гэрч Э.Болорцэцэгийн: “2019 оны 6 дугаар сарын 15-ны орой нөхөр О.Д согтуу ирчихээд унтахгүй байхаар нь хажуу байшинд амьдардаг О.Д дүүд нь “ах чинь согтуу ирчихсэн унтахгүй байна, чи оруулаад өгөөч” гэсэн чинь Д надтай хамт гэр лүү орсон. О.Д О.Дг унт гээд ор луу түлхсэн чинь О.Д О.Дын баруун гараас нь хазчихсан. О.Д та намайг хазчихлаа шүү дээ цагдаад өглөө шүү гээд уурлаад байсан. О.Д аав, ээжийн хамт байшинд амьдардаг, харин О.Д надтай хамт гэрт тусдаа амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-26/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.24-ний өдрийн 7631 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Дын биед бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-30/,

Шүүгдэгч О.Дн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад ажлын газрын 2 залуугийн хамт 0,75 литрийн хоёр шил архийг харих замдаа уусан. Тэгээд би гэртээ орсон. Нэг мэдэхэд дүү О.Дын гарыг хазчихсан байсан. Намайг цагдаа ирээд аваад явсан. Би О.Дын баруун бугалга хэсгээс нэг удаа хазсан. Би О.Дд гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-38-40/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-45/, эд хөрөнгө бүртгэлтэй байсан лавлагаа /хх-46/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, “Үүр тээл” ХХК-ийн “О.Д нь тус компанид туслах албан тушаалд 820.000 төгрөгийн цалин авдаг” гэх тодорхойлолт /хх-50/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт О.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа үйлдэл нэг бүр гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаарахгүй бөгөөд энэ гэмт хэрэг ах нь согтуурч, түүнд дургүйцсэн дүү нь унт гэсэн шаардлага тавьсан маргаанаас шалтгаалан хувийн таарамжгүй харилцаа бий болж үүссэн буюу нэг удаагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул О.Дн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Д согтуурсан үедээ 2019 оны 6 дугээр сарын 15-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ,  дүгээр гудамж, 13б тоот гэртээ төрсөн дүү О.Дын баруун гарын бугалгыг хазаж, бугалганд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Дын “...ах уурлаад миний баруун гарын бугалга хэсгээс нэг удаа хазчихсан...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Э.Болорцэцэгийн “...О.Д О.Дын баруун гараас нь хазчихсан...” гэх мэдүүлэг /хх-26/, шүүх эмнэлгийн 7631 дүгээр “ 1.О.Дын биед бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжилгээ /хх-30/, шүүгдэгч О.Дн “...би нэг мэдэхэд дүү О.Дын гарыг хазчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-65-66/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Дн хохирогч О.Дын баруун гарын бугалга хэсэгт 1 удаа хазаж, хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-22/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дүү Дыг хазаж, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж  байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн баруун гарын бугалга хэсгийг 1 удаа хазаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /“Үүр тээл” ХХК-д туслах албан тушаалд 820.000 төгрөгийн цалинтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч О.Дг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Салхин тавагт овогт Очирбатын Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР