Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 0082

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа, 

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908020901615 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт орших суух бүртгэлтэй, тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дочинбуу овогт Мөнхбаярын Ц /РД: /.

Яллагдагч М.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн  хорооны нутаг дэвсгэр, -6 тоотод “нүцгэн гаргаж хөөлөө” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Хг толгой руу нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр согтуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ойлгож ухаарсан. Одоо эхнэртэйгээ эвлэрээд амьдарч байгаа. Болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Эхнэрийнхээ хацар луу 1 удаа алгадсан. Сард багаар бодоход 800.000 төгрөг олдог. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1908020901615 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Хгийн: “2019 оны 4 дүгээр сарын 08-ны 22 цагийн орчим гэртээ байж байтал нөхөр Ц архи уучихсан, манай гудамжинд архи уугаад байдаг гурван хүн дагуулаад ороод ирсэн. Тэд нар архи уух гэхээр нь би хүүхдийнхээ хажууд архи уулгахгүй гээд Цтай орж ирсэн гурван хүнийг хөөгөөд гаргачихсан чинь Ц 00 цаг хүртэл надтай хэрүүл хийсэн. Тэгээд Ц бандааштайгаа гарч бие засчихаад эргэж орж ирэхдээ “чи намайг гэрээс нүцгэн гаргаж хөөсөн байна” гэж хэлсэн. Ц миний утсыг булааж аваад газар савсан чинь дэлгэц нь хагарчихсан. Тэгээд хажууд ирээд миний толгой руу гараараа 1 удаа алгадсны улмаас би толгойгоороо шалан дээр уначихсан. Ц бид хоёр 2009 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ батлуулсан. Ц бид хоёр одоо дөрвөн хүүхэдтэй. ...Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй.

Миний биед тархи доргилт гэмтлийг нөхөр Ц гараараа нэг удаа цохисны улмаас би газар толгойгоороо унаж, уг гэмтлийг авсан. Ц өөрөөр цохиж, зодсон асуудал байхгүй. Бид хоёр эвлэрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-24-26, 29/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.15-ны өдрийн 4524 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Хгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-39/,

Шүүгдэгч М.Цын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө ажил руугаа гарч яваад Амгаа гэх залуутай тааралдаад хамт архи уугаад явж байгаад 21 цаг өнгөрч байхад Амгаа, Мөөжиг, тухайн үедээ танилцсан нэг эрэгтэйн хамт гэртээ орсон чинь эхнэр М.Х тэр гурвыг архи уулгахгүй гээд хөөгөөд явуулчихсан. Тэгэхээр нь би “хүн хөөгөөд, архи өгөөд явуулчихлаа” гэсэн чинь хэрүүл хийгээд байсан. Би гэрээс гараад дотоожтойгоо нойл орчихоод буцаж ирээд М.Хг “чи намайг шалдан хөөж гаргасан байна” гээд хэрэлдээд, хүүхдийнхээ барьж байсан М.Хгийн гар утсыг газар шидээд дэлгэцийг нь хагалчихсан. Тэгээд би М.Х рүү очоод нүүр лүү нь нэг удаа алгадсан чинь газар толгойгоороо уначихсан. Дараа нь би гар утсыг янзлуулж өгөөд, уучлалт гуйсан. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-77-79/,

гэрч Х.Цэвэлмаагийн мэдүүлэг /хх-34/, гэрч Э.Энхмаагийн мэдүүлэг /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-53/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-57/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-58-61/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн  хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-62-70/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Ц согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн  хороо,  дугаар гудамж, 06 тоот гэртээ эхнэр М.Хгийн толгой руу гараараа цохиж зодон тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Хгийн “...нөхөр Ц архи уучихсан 22 цагийн орчим орж ирээд ...00 цаг хүртэл надтай хэрүүл хийсэн. Миний утсыг булааж аваад газар савсан, толгой руу гараараа 1 удаа алгадсны улмаас би толгойгоороо шалан дээр уначихсан...” гэх мэдүүлэг /хх-24-26/, шүүх эмнэлгийн 4524 дүгээр “1.М.Хгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-39/, шүүгдэгч М.Цын яллагдагчаар өгсөн “...М.Хгийн гар утсыг газар шидээд дэлгэцийг нь хагалчихсан ...нүүр лүү нь нэг удаа алгадсан чинь газар толгойгоороо уначихсан...” гэх мэдүүлэг /хх-77-79/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн  хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-62-70/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Цын эхнэр М.Хгийн толгой руу цохиж тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэдий ч хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24-26/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Ц согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө гэртээ эхнэр Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гараараа толгой руу нь цохиж зодон гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай. Торгох ял оногдуулах үндэслэлгүй. Ажил хийдэг гэх боловч орлоготой гэдэг нь тогтоогдоогүй...” гэж,

шүүгдэгч “Ялыг минь хөнгөлж өгнө үү. Нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг багасгаж өгнө үү. Гэм буруугаа ойлгож байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэрийнхээ толгой руу гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан, мөн гар утсыг нь шидэж гэмтээсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй ч талууд эвлэрсэн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч М.Цын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 80 /ная/ цагийг эдлэх ялаас хасч, эдлэх ялыг 160 цагаар тогтоож шийдвэрлэлээ.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дочинбуу овогт Мөнхбаярын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Цын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, түүний эдлэх ялаас 80 /ная/ цагийн ажлыг хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 160 /нэг зуун жар/ цагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР