| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0046/Э |
| Дугаар | 0085 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 0085
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908049761738 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, , ам бүл 5, эцэг, эх, хүүхдийн хамт тоотод оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 941 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Харгай овогт Батсүхийн Д /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Д нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гар утас худалдааны төвд 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ч.Уийн итгэмжлэн хариуцуулсан гар утаснуудаас “Айфоне-6 голд”, “Р20 Лайте” маркийн 2 ширхэг гар утсыг завшин бусдад 684.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зарын дагуу ажилд орсон. Мөнгөний асуудал нилээд байсан тул хүний эд хөрөнгийг авч, хохирол учруулсан. Дахиж хэзээ ч ийм асуудал гаргахгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1908049761738 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч.Уийн: “2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орно гэх зараар Б.Д гэх эмэгтэй манай “Гар утас худалдааны төв” дээр ирсэн. Би уулзаж “маргааш бичиг баримтаа аваад хүрээд ир” гээд явуулсан. Маргааш нь 10 цагийн үед ажил дээрээ ирэхэд нөгөө эмэгтэй ирчихсэн хүлээж байсан. Би уг эмэгтэйг лангуун дээрээ аваачиж, ажлыг нь зааж өгөөд бичиг баримтыг нь авах гэхэд лавлагаа авдаг машин ажиллахгүй байсан. Маргааш аваад ир гээд лангуун дээрээ уг эмэгтэйг үлдээгээд явсан. Уг эмэгтэй намайг явснаас хойш 2 цагийн дараа цайндаа явчихсан байсан. Би өөрийн гар утаснуудаа тоолж үзэхэд 2 ширхэг утас байхгүй байсан. Утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. ...”Ай фонэ-6 голд”, “Р20 lite” гар утас алдагдсан. Миний алдсан гар утасны төлбөрийг Д бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-14/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.11.06-ны өдрийн СХД3-19-866 дугаар тайланд: “Iphone 6 маркийн 2019 онд авсан хуучин хэрэглэж байсан гар утас 284.000 төгрөг, “Huawei P20” маркийн 2019 онд авсан, хуучин хэрэглэж байсан гар утас 400.000 төгрөг, нийт 684.000 төгрөг” гэжээ /хх-22-23/,
Шүүгдэгч Б.Дий яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед ажилд авна гэсэн хүнтэй Саппоро үйлчилгээний төвд очиж уулзсан. Ажил байдлын талаар ярихад “400.000 төгрөгийн цалин өгнө, утас сайн борлуулж чадах бол тухайн зарсан утаснаас бонус өгнө” гэсэн. Тухайн эмэгтэйд би ажиллаж болох юм байна гэж хэлсэн. Тухайн эмэгтэйгээс лангууг аваад угааж цэвэрлээд, утас болон дагалдах хэрэгслийг хүлээж аваад, удаагүй байхад У “удахгүй хүрээд ирье” гээд явсан. Ажлын байранд утас борлуулаад сууж байхад гэрээс ээж залгаад “аавын чинь бие муу байна, эмнэлгийн төлбөр нэхэгдэж байна, яах уу” гэсэн. “Би гялс хүмүүстэй холбогдоод мөнгө асуугаад эргээд хэлье” гэж хэлсэн. Найз нөхдөөс асуусан боловч “мөнгө олдохгүй, байхгүй байна” гэж хэлэхэд миний бие тухайн зарж борлуулж байсан утаснаас 2 ширхэг гар утсыг аваад орой 16 цагийн үед ажлаас гарсан. Тухайн авсан “Нuawei Р20”, “Ай-фонэ-6” маркийн гар утсыг “Монтел” гар утас худалдааны төвд “Ай-фонэ-6” утсыг 350.000 төгрөгөөр өгсөн. “Нuawei Р20” утсыг 4 хорооллын эцэст байрлах барьцаалан зээлдүүлэх газарт 180.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаалсан. Хохирлын бүх мөнгийг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-47-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Б.Д нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээгүй” гэх албан бичиг /хх-60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн шийтгэх тогтоолын хуулбарыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Гар утас худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Уийн итгэмжлэн хариуцуулсан гар утаснуудаас “Iphone6 gold” загварын 1 ширхэг, “Huawei Р20 Lite” загварын ширхэг гар утсыг завшин 684.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ч.Уийн “...Б.Д гэх эмэгтэйд ажлыг нь зааж өгөөд лангуун дээрээ үлдээгээд явсан. ...Гар утаснуудаа тоолж үзэхэд 2 ширхэг гар утас байхгүй байсан. Уг эмэгтэйн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, “Дамно” ХХК-ийн СХД3-19-866 дугаар “Iphone 6 маркийн 2019 онд авсан хуучин хэрэглэж байсан гар утас 284.000 төгрөг, Huawei P20 маркийн 2019 онд авсан, хуучин хэрэглэж байсан гар утас 400.000 төгрөг, нийт 684.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-22-23/, шүүгдэгч Б.Дий яллагдагчаар өгсөн “...Ажилд авна гэсэн зарын дагуу очиж ажилд орсон. Зарж борлуулж байсан утаснаас 2 ширхэг гар утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Дий хохирогч Ч.Уийн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 684.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ут 684.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Миний алдсан гар утасны төлбөрийг Д бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Уийн итгэмжлэн хариуцуулсан гар утаснаас 2 ширхэг утас завшиж, 684.000 хохирол учруулсан нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 540 цагаар тогтоох саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зарын дагуу ажилд орж, орсон өдрөө бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2 ширхэг гар утсыг завшсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 684.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, ялыг биелүүлээгүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгч Б.Дд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв. Харин ялын хэмжээний хувьд дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Д нь урьд 2019 оны 5 дугаар сарын 03, 05-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 941 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Б.Д нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээгүй” гэх албан бичиг /хх-60/-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харгай овогт Батсүхийн Дийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дд энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 941 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР