| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01149/и |
| Дугаар | 1211 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 1211
Хэргийн индекс: 135/2016/01149/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум,*** байрлах, *** банкны Хайрхан тооцооны төв /утас *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, *** тоотод оршин суух, *** *** /регистрийн дугаар *** /
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 2-р баг, Дархан *** тоотод оршин суух, *** Ц*** , /Регистрийн дугаар:*** / нарт холбогдох,
"зээлийн төлбөр 6,453,156 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш*** к, хариуцагч М.*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн М.*** , Н.Ц*** нар нь 2014 оны 09 дүгээр сарын 01-нд*** тоот дугаартай “ Зээлийн гэрээ”-г байгуулан 9,947,000 /есөн сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй, гэрээт цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний 5,1-5.1.3, 5.1.5 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан “ Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 167 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна.
М.*** , Н.Ц*** нарт банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас өгч хүргүүлж, зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс илт зайлсхийж, байнгын худал ярьж зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлаж, гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 5,821,239 төгрөг, хуримтлагдсан хүү 614,108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,810 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 5000 төгрөг, нийт 6,453,156 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч М.*** , Н.Ц*** нь нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хариуцагч М.*** миний бие нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол сумын *** банкны Хайрхан тооцооны төвийн Захирал С*** ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт иргэн М.*** , Г.М*** нар нь 2014 оны 09 дүгээр сарын 01-нд*** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,947,000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авсан гэсэн байна. 2014 оны 09 дүгээр сарын 01-нд*** тоот зээлийн гэрээнд Г.М*** гэсэн ямар ч үг үсэгтэй нэр дурьдагдаагүй болно. Энэхүү зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр миний ээж Н.Ц*** гарын үсэг зурж оролцсон. Мөн энэ зээл нь хөрөнгө оруулалтын зээл биш цалингийн зээл юм.
Миний бие мэргэжлээс шалтгаалах өвчний групп тогтоолгоогүй, Энгийн групп тогтоолгосон байсан ч энэ талаар банкинд мэдэгдэх үүрэг хүлээгээгүй, талууд энэ талаар тохиролцоогүй болно.
Өөрийн эзэмшлийн гражтай байсан, түүнийгээ зарсан боловч зээлийнхээ төлбөрт төлөөгүй нуун дарагдуулсан гэсэн байна. Миний нэр дээр ямар ч эзэмшлийн граж байгаагүй. Үүнийг нэхэмжлэгч тал нотлоогүй. Иймд хариуцагч талын хувьд зээл төлөхөөс санаатай зайлсхийсэн, нуун дарагдуулсан асуудал байхгүй.
Банкны зүгээс утсаар ярьж зээл төлөхийг шаарддаг байснаас биш зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас нэг ч удаа надад гардуулж өгөөгүй. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэг удаа гэрт ирж тайлбар бичүүлсэн. Би төлөлт хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байхад тайлбар бичүүлсний маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгч байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед миний биеийн эрүүл мэндийн байдал муудаж ажил хийх боломжгүй болсноор банкны зээлээ төлж чадаагүй нь үнэн. Мөн манай гэр бүлийн хүн ажил хийлгүй намайг эмнэлгээр явахад авч явахаас гадна, байнга хажууд байж асарч сувилдаг байсан. Одоо нөхөр Заамарт алтны уурхайд ажиллаж байгаа тул зээлийг сар бүр төлөөд явах боломжтой болсон. 2016 оны 10 дугаар сараас эхлэн зээлийг төлнө.
Миний хувьд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлуулахгүй цаашид үргэлжлүүлэн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу сар бүр төлөлт хийх хүсэлтэй байна ..” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш*** к нь хариу тайлбартаа:
Н.Ц*** гэснийг Г.М*** гэж, цалингийн зээл гэснийг хөрөнгө оруулалтын зээл гэж тус тус *** банкны Хайрхан тооцооны төвийн захирал С*** нь андуурч бичсэнийг залруулж нэхэмжлэлийг сольсон болно.
Банкны зүгээс зээлдэгч М.*** д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж утсаар мэдэгдэж байсан. *** банкны Дархан-Уул салбарын Тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Т.А*** 1 удаа, Дархан-Уул салбарын Харилцааны менежер Ш*** к миний бие 1 удаа, Хайрхан тооцооны төвийн захирал С*** удаа дараа утсаар болон биечлэн уулзаж зээлээ төлөхийг шаардаж байсан. 2016 оны 2-р сараас хойш огт зээлээ төлөхгүй байж байгаад 2016 оны 05 дугаар сарын 17-нд 400,000 төгрөг төлсөн ба үүнээс хойш өнөөдрийг хүрэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх хангалттай хугацаа өгсөн боловч зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй байгаа гэж үзэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хүсэлтэй байна гэв.
Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк Дархан-Уул салбарын Хайрхан тооцооны төв нь хариуцагч М.*** , Н.Ц*** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 5,821,239 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 6,453,156 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч М.*** , Н.Ц*** нар нь *** банкны Дархан-Уул салбарын харъяа Хайрхан тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр*** тоот зээлийн гэрээ байгуулан 9,947,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч М.*** , Н.Ц*** нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч М.*** , Н.Ц*** нарын хооронд байгуулсан 293-1-3 дугаартай зээлийн гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн ба банк зээлийн гэрээний 5.1.1-д зааснаар зээлийн гэрээг цуцлаж, зээлдэгч нараас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргасан ба зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгчид төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч М.*** , Н.Ц*** нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооны талаар маргаагүй боловч хариуцагч М.*** нь шүүх хуралдаан дээр “...энэ зээлийг би авсан учир миний эх Н.Ц*** ыг энэ зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хариуцагч банк хүлээн зөвшөөрөөгүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3-д “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар хариуцагч М.*** гийн дээрх гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй", 227.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал … -ыг хохиролд тооцно" гэж тус тус заасны дагуу хариуцагч М.*** , Н.Ц*** нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5,821,239 төгрөг, зээлийн хүү 614,108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,810 төгрөг, нотариатаар баталгаажуулсны зардал 5000 төгрөг, нийт 6,453,156 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул салбарын харъяа Хайрхан тооцооны төвд олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Ц*** нь шүүх хуралдаанд байцуулахгүйгээр шийдвэрлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан*** тоот зээлийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.*** , Н.Ц*** нараас 6,453,156 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул салбарын харъяа Хайрхан тооцооны төвд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,189 төгрөгийг *** сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*** , Н.Ц*** нараас улсын тэмдэгтийн хураамж 118,189 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул салбарын харъяа Хайрхан тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА