| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0152/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 146
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Улсын яллагч Б.Одонтуяа,
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн С овогт Г-ын Цид холбогдох эрүүгийн 1910029130144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл урлагийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, аав, ээж, ахын хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, С овогт Г-ын Ц / /.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Г.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күйкшү-Бүй спорт зааланд хамт сагсан бөмбөг тоглож байсан Г.Хтай “дүрмээрээ тоглосонгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний чих рүү гараараа цохиж, нүүр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, хамрын үзүүр, зүүн чихний дэлбэн арын төвгөрт хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Г.Хгийн мөрдөн байцаалтын шатанд “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө би Соёл урлагийн найзууд болох Тэлмэн, Төгсөө хоёртой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күйкшү-Бүй спорт зааланд тоглож байхад зүс таних Г.Цийн хамтаар сагсан бөмбөг тоглож байгаад хоорондоо маргалдсан чинь миний араас “аятайхан тоглооч” гээд бөмбөг шидсэн. Тэгэхээр нь “уурлаад яаж байгаа юм” гээд цээж рүү нь түлхсэн чинь манай найз Тэлмэн, Төгсөө 2 “гараад учраа ол” гэхээр нь би эргэж хараад алхаж байсан чинь Г.Ц миний зүүн чихний ар хэсэг рүү гараараа цохихоор нь би ямар нэгэн үг хэлэхгүйгээр эргэж харахад миний толгой дээр дараад нүүр рүү өшиглөхөд миний баруун нүдний доод тал шалбараад цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Гэрч Г.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд “...манай дүү Г.Хгийн нүүр рүү нь 1 удаа цохиход Г.Х нүүрээ дараад доошоо тонгойсон, мөн нүүр рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Э.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд “...Г.Ц Г.Хг тонгойсон байхад нь нүүр рүү нь өшиглөж байсан, баруун нүдний зовхи хэсэг нь улайсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
Гэрч Ч.Мягмарцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд “...Г.Ц, Г.Хд хандаж “чи дүрмээрээ тоглооч” гээд хэлсэн чинь Г.Х эргэж хараад дэгээдэж унагаах гэхэд Ц унаагүй. Тэгтэл Г.Ц Г.Хгийн нүүрэн тус газар нь өшиглөж байсан, баруун нүд нь улайгаад доод зовхи нь шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч М.Төгсбаяр мөрдөн байцаалтын шатанд “...Г.Ц Г.Хгийн нуруу руу бөмбөг шидсэн чинь Г.Х “яагаад байгаа юм бэ?” гээд уурлаад дөхөж очоод хөлөнд нь дэгээ тавиад цээж рүү нь түлхсэн чинь Г.Ц баруун гараараа Г.Хгийн зүүн чих рүү гараараа 1 удаа цохиход Г.Х нүүрээ дараад доош тонгойход Г.Ц Г.Хгийн өмсөж байсан цамцны захаас зуураад нүүрэн тус рүү нь 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22р хуудас/,
Гэрч О.Тэлмэн мөрдөн байцаалтын шатанд “...Г.Ц Г.Хгийн нуруу руу нь бөмбөг шидсэн. Тэгтэл Г.Х эргэж хараад түлхээд хөлөөрөө дэгээдсэн. Г.Ц уурлаад Г.Хгийн зүүн чихний ар хэсэг рүү гараараа цохисон. Г.Х чихээ дараад доошоо тонгойсон чинь Г.Ц нүүр рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн “...Г.Хгийн биед тархи доргилт, зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, хамрын үзүүр, зүүн чихний дэлбэн арын төвгөрт хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх №227 дугаартай дүгнэлт /хх-ийн29-р хуудас/,
Хохирогч Г.Хгийн өвчний түүх, Натур эмнэлэгийн оношлогоо /хх-ийн 60-62р хуудас/
Шүүгдэгч Г.Ц шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Күйкшү Бүй спорт зааланд сургуулийн болон танил найз нарын хамтаар сагсан бөмбөг тоглож байгаад Г.Х муухай бохир тоглоод дүрмийн бус алдаа гаргаад байхаар нь уурлаж “яагаад ингэж тоглоод байгаа юм, цэвэрхэн тоглооч” гээд хэлсэн чинь тоохгүй байсан. Тэгээд би Г.Хтай маргалдаж Г.Хгийн зүүн чих рүү гараараа 1 удаа цохиход чихээ дараад доошоо тонгойсон, тэгээд би нүүрэн рүү нь 1 удаа өшиглөж гэмтэл учруулсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Цийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54х/ ,оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-55/, ял шалгах хуудас/хх-45-р хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Яллагдагч Г.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күйкшү-Бүй спорт зааланд хамт сагсан бөмбөг тоглож байсан Г.Хтай “дүрмээрээ тоглосонгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний чих рүү гараараа цохиж, нүүр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, хамрын үзүүр, зүүн чихний дэлбэн арын төвгөрт хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Цийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Г.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Цид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч Г.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С овогт Г-ын Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Цид оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР