Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 147

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Б.Хурц,

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн М овогт С-ын М-д холбогдох эрүүгийн 1910011380148 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Э.Сарнайцэцэгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаартай, М овогт С-ын М.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.М нь “БНСУ-д ажиллах гэрээ болон бусад материалыг бүрдүүлж виз гаргаж өгнө” гэж Ж.А, Т.Т нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Ж.Аээс 4.500.000 төгрөгийг, Т.Тэс 4.500.000 төгрөгийг тус тус дүү С.Өгөөдэйн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хохирогч Ж.А мөрдөн байцаалтын шатанд “...2018 оны 9 дүгээр сард Солонгос улс руу гэрээгээр явахаар виз хөөцөлдөж байгаад найз Т.Төмөр-Эрдэнийн хамт С.М гэдэг хүнтэй уулзахад өөрийгөө Солонгос улсад ажиллаж амьдардаг, хэрэв та нар материал, мөнгөө өгөх юм бол дүү маань Солонгост ажиллах компанитай та нарын өмнөөс гэрээ хийж урилга авчирч өгөх учир гэрээгээр виз шууд гарна урьдчилгаа 4.500.000 төгрөг, виз гарсны дараа 1.500.000 төгрөг гэхээр нь итгээд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн интернэт банкаар Өгөөдэй гэх хүний данс руу шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сараас мөнгийг чинь буцааж өгнөө гэсэн боловч хүлээсээр өдийг хүрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/,

 

2. Хохирогч Т.Т мөрдөн байцаалтын шатанд “...Манай ээж Тунгалагтуул нь 2018 оны 9 дүгээр сарын үед М гэж хүнтэй утсаар ярихад манай дүү Солонгост байдаг юм тэндээсээ гэрээгээр ажиллах хүмүүсийг компаниас гэрээ хийж урилга авчирч явуулна гэж хэлсэн. Тэгээд сонирхох хүн байна уу гэхээр нь би зөвшөөрч мөн найз Ат хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Ээж Тунгалагтуул данснаасаа 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн ба 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр миний данс руу  4.500.000 төгрөг буцааж хийснээс 2.250.000 төгрөгийг нь Ж.Ат өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

3. Гэрч С.Өгөөдэй мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...С.М ах ашигладаггүй данс байвал өгөөч миний нэр дээрх данс Монгол банкинд найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд орсон учир мөнгө орохоор барилт хийчихээд байна гэхээр нь өөрийн данс өгсөн. Миний хувьд БНСУ руу ажил хэргийн шугамаар явж байсан ба би виз гаргана гэж байгаагүй, виз гаргадаг танил хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

4. Хаан банк дахь Ж.Аийн 5100061189 дугаартай, төгрөгийн дансны гүйлгээний хуулга /хх-ийн 61/, 

 

5. Хаан банк дахь С.Өгөөдэйн 5015312940 дугаартай, төгрөгийн дансны гүйлгээний хуулга /хх-ийн 71/,

 

6. Яллагдагч С.Мын мэдүүлэг/хх-ийн 97/,

 

7. С.Мын иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 36-37/  

 

Шүүгдэгч С.М шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хялбар аргаар мөнгөтэй болох гээд л буруу зүйл үйлдсэн. Дахиж ийм зүйл үйлдэхгүй. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна гэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч С.М нь “БНСУ-д ажиллах гэрээ болон бусад материалыг бүрдүүлж виз гаргаж өгнө” гэж Ж.А, Т.Т нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Ж.Аээс 4.500.000 төгрөгийг, Т.Тэс 4.500.000 төгрөгийг тус тус дүү С.Өгөөдэйн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүгдэгч С.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овогт С-ын М-ыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 550 нэгж буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлөхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.М нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР