| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01327/и |
| Дугаар | 1235 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 1235
Хэргийн индекс 135/2016/01327/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, *** дугаар бичил хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Зөвлөлтын барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх (СОТ-1) Монгол Ажилчдын Нэгдсэн Захиргааны хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 1989 оны 01 дүгээр сард Зөвлөлтын барилгын 1 дүгээр трестийн Төмөр бетон хийцийн үйлдвэрийн цех ()-д бетон-арматурын мастераар орж ажилласан юм. 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс Эрдэнэт хотруу шилжих болсонтой холбогдуулан ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт миний мастераар ажиллаж байсан үеийн ажилд орсон гарсан тушаал бичигдээгүй байна. Зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх (СОТ-1) Монгол Ажилчдын Нэгдсэн Захиргааны Төмөр бетон хийцийн үйлдвэрийн цех ()-д бетон-арматурын мастераар орж ажилласан талаарх баримтыг Дархан-Уул аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Харин 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлж, цалинжуулах тухай ******* дугаар тушаалд 2 удаа миний мастераар ажиллаж байсныг нотолж байна. Одоо хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарахад миний мастераар ажиллаж байсан хугацаа 11 жил хэдийн болсон байдаг тул тэтгэвэрт гарах баримтуудаа цуглуулж эхэлтэл хөдөлмөрийн дэвтэрт мастераар ажиллаж байсан бичилт байхгүй архиваас материал цуглуулах гэтэл уг албан тушаалд орж ажилласан тушаал байхгүй байсан. Иймд архивын лавлагааг үндэслэн тухайн үед Зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн засал чимэглэлийн 2 дугаар цуваанд норм зохиогчоор ажиллаж байсан *******, мөн конструктор-инженерээр ажиллаж байсан ******* нарыг гэрчээр асууж миний зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх (СОТ-1) монгол ажилчдын нэгдсэн захиргааны төмөр-бетон хийцийн цех ()-д бетон-арматурын мастераар ажиллаж байсан 2 жил 2 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.*******ийн гаргасан “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Н.******* нь зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд Хөдөлмөр хамгаалалын инженерээр 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, мөн тус байгууллагын төмөр-бетон хийцийн цех ()-д бетон-арматурын мастераар 1989 оны 01 дүгээр сараас 30-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1990 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн ******* тоот ажлаас чөлөөлж цалинжуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот лавлагаа, Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлээс 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.******* нь зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд Хөдөлмөр хамгаалалын инженерээр 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, мөн тус байгууллагын төмөр-бетон хийцийн цех ()-д бетон-арматурын мастераар 1989 оны 01 дүгээр сараас 30-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА