Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 138

 

Б.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01008 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Даймонд файнанс ББСБ” ХХК-д холбогдох

 

2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ 13/11/099 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Оюунтуяа,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар, Б.Энх-Амгалан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ 13/11/099 тоот зээлийн гэрээг “Даймонд файнанс” ББСБ-тай байгуулсан. Гэтэл энэхүү гэрээний 3.2.5-д "Зээлдүүлэгч нь зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөр барагдуулах эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна" гэж заасан заалтыг зөрчсөн байгаа тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Даймонд файнанс ББСБ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Б.Оюунтуяатай 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 100 сая төгрөг зээлсэн. Зээлийн төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж дуусгасан байдаг. Барьцаа хөрөнгийг нь чөлөөлөх талаар албан бичиг Улсын бүртгэл рүү явуулсан. Зээлийн гэрээ биелэгдээд хаагдсан. Барьцаа эд хөрөнгийг чөлөөлсөн. Нэхэмжлэгч мөнгөө төлөөд дууссан. Нэхэмжлэлд дурьдагдаад байгаа зүйл заалт энд хэрэгжээгүй. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. Яг ямар эрх ашиг нь зөрчигдөөд ингэж яваад байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг баримтлан хариуцагч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ 13/11/099 дугаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн давж заалдах гомдолд:

Шүүгчийн эхний үндэслэл нь "Иргэний хуулийн 453.2-т "Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна" гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаа тохиолдолд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл авсан тул гэрээний энэхүү зохицуулалт хамаарахгүй" гэсэн байна. Дээрх ЗГ13/11/099 дугаар бүхий зээлийн гэрээг “Даймонд файнанс” ББСБ-аас боловсруулж гаргасан гэрээ бөгөөд энэхүү заалтыг “Даймонд файнанс” ББСБ өөрийн гэрээндээ оруулсан нь миний буруу биш. Хэрэв би зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаад “Даймонд файнанс” ББСБ шүүхэд "Б.Оюунтуяа нь биднээс зээл аваад гэрээний үүргээ биелүүлсэнгүй. Тиймээс бид гэрээнийхээ 3.2.5-д заасны дагуу түүний барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч захиран зарцуулмаар байна иймд түүний өмчлөлд байдаг үл хөдлөх хөрөнгийг “Даймонд файнанс” ББСБ-д шилжүүлж өгнө үү" гэсэн нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх "Хуулийн дээрх зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаа тохиолдолд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл авсан тул гэрээний энэхүү зохицуулалт хамаарахгүй. Иргэний хуулийн 198.1-д "Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэж заасан бөгөөд хуулийн зохицуулалт нь үгийн шууд утгаараа хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой" гэсэн үндэслэлээ гаргах байсан. Тэгэхээр энэхүү үндэслэл нь миний гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад илт тохирохгүй байна.

Нөгөө талаас тухайн зээлийн гэрээ нь хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд ч мөн энэ форматаар хийгддэг байсан бол тухайн тохиолдолд Б.Оюунтуяа нь үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байна тиймээс үл хөдлөх хөрөнгө барьцаалсан хүнд хамааралгүй гэж үзэж байгаа тохиодолд дээрх шүүгчийн үндэслэл гарч болох боловч ЗПЗ/11/099 дугаар бүхий гэрээний 3.1.10-д "Зээлдэгч нь өөрийн өмчлөлд байгаа, барьцаалахаар шийдвэрлэсэн үл хөдлөх хөрөнгөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх бөгөөд эрхийн гэрчилгээгээ зээл, хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд Зээлдүүлэгчид хадгалуулна" гэж заасан байгаа нь энэхүү гэрээ нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд хийгддэг гэдгийг нотлож байгаа юм.

Түүнчлэн “Даймонд файнанс” ББСБ нь зээлийн гэрээний 3.2.5-д "... барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу шийдвэрлэнэ" гэж заагаагүй харин "... барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 452.2 дугаар зүйлд заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах эрхтэй" гэж заасан байгаа нь шүүгчийн үндэслэлтэй нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 453.2-т маш тодорхой заасан байтал санаатайгаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээнд энэхүү заалтыг оруулсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.

ЗБГ 11/13/099 дугаар бүхий зээлийн барьцааны гэрээний 4.1.2-т "Зээлдэгч зээлийн гэрээнүүдийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг ББСБ үл маргах журмаар шилжүүлэн авч, энэ гэрээнд заасан журмаар захиран зарцуулах эрхтэй" 2.9.4-т "Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг эзэмших, өмчлөх эрхийг Барьцаалагчид шилжүүлэх, битүүмжлэх, худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг шүүхээс гадуур гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна" гэсэн заалтууд орсон байтал шүүгч "Талуудын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээнд "Зээлдүүлэгч нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453.2 дугаар зүйлд заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүтийн өр төлбөрийг барагдуулах эрхтэй" гэсэн агуулга бүхий зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй" гэсэн үндэслэл нь илт буруу байна.

Шүүх “Даймонд файнанс” ББСБ үүргээ шударгаар биелүүлснийг хавтаст хэргийн ямар нотлох баримтаар баталж байгааг мэдэхгүй байна. “Даймонд файнанс” ББСБ нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа "Манай ББСБ нь иргэн Б.Оюунтуяатай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ 13/11/099 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Нэхэмжлэгч нь энэхүү зээлийн төлбөрииг хүүгийн хамтаар 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулсан ..." гэсэн. Миний бие 3 сарын хугацаатай зээл аваад 7 сарын хүү төлж хохирсныг нотолж байна. Иймээс шүүхийн талууд үүргээ шударгаар биелүүлсэн гэсэн үндэслэл нь буруу байна. Түүнчлэн "хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн зохицуулалттай" гэсэн боловч хуулийн зохицуулалтаа заагаагүй.

Зээлийн гэрээний 3.2.5 дахь заалтаас гадна 3.2.6-д "Зээлдүүлэгч нь Зээлдэгч хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл авахад харилцан тохиролцож хөрөнгийн үнэлгээг тогтоон барьцааны гэрээнд тусгах бөгөөд Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгийг дахин үнэлж, худалдах эрхтэй" гэж заасан төдийгүй энэхүү гэрээний салшгүй хэсэг болох хавсралтад "Даймонд Файнанс” ББСБ-аас 2013 оны 11-р сарын 27-ны өдөр ЗГ 13/11/099 тоот зээлийн болон ЗБГ 13/11/099 тоот барьцааны гэрээ байгуулж авсан 100 000 000 төгрөгийн зээлийг дээрх хуваарийн дагуу 13 цагаас өмнө төлөх баталгааг гаргаж байна. Хэрэв дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд байгуулсан гэрээний нөхцлийн дагуу зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг “Даймонд файнанс” ББСБ-ийн өмчлөлд үл маргалдах журмаар шилжүүлэхийг зөвшөөрсөн болно" гэж заасан байтал шүүгч "Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзвэл үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжихээр зохицуулсан заалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэж үзсэн нь илт үндэслэлгүй байна.

Түүнчлэн зээлийн гэрээг боловсруулсан “Даймонд файнанс” ББСБ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа агуулгын хувьд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчилэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжихээр зохицуулсан заалт оруулснаа хүлээн зөвшөөрөөд зээлдэгч зээлээ төлчихсөн учраас энэ заалт хэрэглэгдээгүй гэж тайлбарлсаар байтал шүүгч тийм агууллагагүй байна гэсэн байгаа нь буруу байна. Эцэст нь "Даймонд файнанс" ББСБ нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчилэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авна гэсэн хэд хэдэн заалтуудыг зээлийн болон барьцааны гэрээнд оруулсан байхад шүүгч тийм агуулгагүй байна гэж хэргийг хэргэсэхгүй болгож байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, талуудаас  хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт ирүүлсэн байх боловч хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл, заалт нь хууль хэрэглээний  хувьд оновчтой бус болсон байгааг зөвтгөн залруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ 13/11/099 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Даймонд Файнанс ББСБ” ХХК эс зөвшөөрч “гэрээний уг зохицуулалт хэрэгжээгүй, нэгэнт хэрэгжиж дуусгавар болсон тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй” гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ13/11/099 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь өөрийн өмчлөлийн Хан Уул дүүргийн 1 дүгээр хороо, 24-2-33 тоотод байрлах, 110 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, 100 000 000 төгрөг 3 сарын хугацаатай, 30 хоногт 4 хувийн хүүтэй зээлдэн авч, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, “Даймонд Файнанс ББСБ” ХХК-ийн кассын орлогын баримт, мөн компанийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн 14/263 тоот албан бичиг зэрэг баримтаар тогтоогдсон байна.  

 

            Хариуцагч тал 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 14/263 дугаар албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдэгдсэнээр талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д хэсэгт зааснаар дуусгавар болсон байх бөгөөд шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.5-д "Зээлдүүлэгч нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулна" гэх заалт нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасан “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” тай нийцэхгүй тул уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “талууд үүргээ шударгаар гүйцэтгэсэн, үүрэг дуусгавар болсон, хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн зохицуулалттай” гэж буруу дүгнэлт хийснийг залруулах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний тодорхой нэг заалтыг буюу зээлийн гэрээний 3.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болгох шаардлага гаргаагүй, зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах агуулгатай нэхэмжлэл гаргажээ. Шүүх энэ хэмжээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хуулийг буруу хэрэглэжээ.

  

Талуудын байгуулсан зээлийн гэрээний тодорхой заалт хүчин төгөлдөр бус байх боловч энэ нь зээлийн гэрээг бүхэлд нь хууль зөрчсөн болон бусад үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан тул зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно.

 

            Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний холбогдох заалтыг болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн талуудыг гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн гэх дүгнэлт буруу” гэж давж заалдах гомдол гаргаснаас гэрээний үүргийн биелэлттэй холбоотой хэсгийг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч 3 сарын хугацаатай зээл аваад 7 сарын хүү төлж хохирсон  талаар шаардлага гаргаж анхан шатны шүүхэд маргаагүй, шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн талаар зохигчдын тайлбар татгалзлаа нотлохоор ирүүлсэн баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь буруу биш. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээ болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг дээр дурьдснаар залруулсан болно.

 

Иймд хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх тухай Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оныг “12013” гэж, нэхэмжлэлийн шаардлагыг “... зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж дутуу, найруулгын алдаатай бичсэнийг зөвтгөх нь зүйтэй юм.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Даймонд Файнанс ББСБ” ХХК, нэхэмжлэгч Б.Оюунтуяа нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ 13/11/099 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                               ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ