Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 46

 

У.Т, Б.Б, Б.Ж нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

226/2017/0030

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Д даргалж, шүүгч О.Б, Б.С нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга: А.Ц

Прокурор: Т.Б

Ялтны өмгөөлөгч: С.Н

Ялтан: Б.Ж нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Ж-ийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201723000006 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.С-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, У.Т, 

Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Б.Ж,

Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Б.Б,

У.Т, Б.Б, Б.Ж нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Ардарга сумын төвд байрлах иргэн Б.Г-ийн малын хашаанд нэвтэрч иргэн Г.М-ийн 2 үхрийг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.Т нь 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 5-38 тоотод оршин суух иргэн Ц.О-гийн өмчлөлийн Huyndai Accent маркийн 66-40 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан мэхлэн авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдэлээр шүүгдэгч У.Т нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 3-01 тоот хашаанд оршин суух иргэн М.О-ын өмчлөлийн Hyundai Accent маркийн 54-82 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан мэхлэн авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас У.Т, Б.Б, Б.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор: У.Т, Б.Б, Б.Ж нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч У.Т-г бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Т, Б.Б, Б.Ж нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч У.Т-т  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Т-г 6 сар, Б.Ж-ийг 6 сар, Б.Б-ыг 6 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-ыг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-т оногдуулсан 1 жилийн хорих, шүүгдэгч Б.Ж-ж, Б.Б-т нарт оногдуулсан 6 сарын хорих ялуудыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн, 2017 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 63-29 УБС улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч.М-д, 54-82 БРА улсын дугаартай Hyundai Accent маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч М.О-т тус тус буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Hyundai Accent маркийн 54-82 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00528330 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн №0774552 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.О-т буцаан олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний  бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тү-с 566.667 төгрөг, шүүгдэгч Б.Ж-оос 566.667 төгрөг, шүүгдэгч Б.Б-оос 566.667 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.М-д олгож, хохирогч Ц.О, М.О нар нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Т, Б.Б, Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор тус тус шийдвэрлэжээ.

Ялтан Б.Ж давж заалдах гомдолдоо: ... Миний хувьд урьд ял шийтгүүлж амьдралдаа алдаа гаргаж байсан бөгөөд энэ замдаа эргэж хальтрахгүйн тулд үнэнч шударгаар бусад хүмүүсийн адил амьдарч 10 жилийн хугацаанд ямар нэгэн хэрэг төвөгт холбогдохгүй хичээж амьдарч ирсэн. 

... Би Баян-Адрага сум руу хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж яваагүй. Уг нь Түвшинбаяраас машиныхаа мөнгийг авах гэж очоод ийм хулгайн хэрэгт холбогдсон бөгөөд энэ үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна. Одоо гэмшиж харамслаа гээд буцаах ямар ч боломжгүй, тийм ч учраас шүүх энэ үйлдэлд маань хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

... Би 4 жилийн өмнө эхнэртэйгээ ханилан сууж, энэ хугацаанд үрийн зулай үнэрлэж чадалгүй нилээд олон жилийг өнгөрүүлсэн, гэтэл эхнэр маань хөл хүнд болж эцэг хүний хувьд анхныхаа үрийн зулайг үнэрлэх боломж олдсон боловч үрдээ Аав нь чамайг мэндэлж байхад шоронд ялтан байсан гэж хэлэх болчоод маш их шаналж сууна. Эхнэрийн маань эрүүл мэндийн байдал тааруу хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байдаг, ар гэрийн амьдралаас шалтгаалаад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх бололцоо муутай байна. Ийнхүү миний ар гэрийн байдал, миний үр хүүхдээ гэсэн сэтгэлийг ойлгож, хохиролоо төлж барагдуулсан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгүүлсэн ч гэсэн хуулийн хугацаа дуусаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг маань тэнсэж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

У.Т, Б.Б, Б.Ж нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Ардарга сумын төвд байрлах иргэн Б.Г-гийн малын хашаанд нэвтэрч иргэн Г.М-йн 2 үхрийг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.Т нь 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 5-38 тоотод оршин суух иргэн Ц.О-ийн өмчлөлийн Huyndai Accent маркийн 66-40 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан мэхлэн авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 3-01 тоот хашаанд оршин суух иргэн М.О-ын өмчлөлийн Hyundai Accent маркийн 54-82 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан мэхлэн авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  Хохирогч Ц.О-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр миний эзэмшлийн 66-40 БРА улсын дугаартай “Хуйндай акссент” маркийн машиныг эр үхэр авчирч өгнө гээд авсан боловч олон удаа худал хэлж, Ор гэгчид 2 үхэр авчирч өгнө гээд барьцаанд өгөөд явсан байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй машинаа авсан” гэх мэдүүлэг,

Хохирогч М.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Түвшинбаяр миний машиныг хараад “зарчих” гэсэн. Энэ машиныг үлдээнэ гээд, машины өртөгт үхэр авчирч өгнө гээд, машинаа тавиад явсан. Би 1.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Машинаа аваагүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ээж над руу утсаар залгаад танай 2 үхэр алга болсон байна мөрөөр нь хайгаад үзье хурдан ир гэсэн. Тэгээд хайхад манай хашааны зүүн талаас ирээд буцаад явсан бакал, эсгий гутал өмссөн 2 хүний мөр байсан. Мөн манайхаас 200 метрийн орчимд нэг хонхорт ногоон падны хоёр өөр дугуйны мөр, жижиг суудлын автомашины мөр, мөн Портер машины мөр, орос бакалны мөр, даавууны өөдөс байсныг зургаар баримтжуулан авсан. Ногоон падны мөрийг хээгээр нь хайгаад судлаад үзэхэд тус сумын иргэн Т гэдэг хүн ногоон падтай явсан байсан. Улаан халзан зүсмийн үнээ 8 настай, улаан халзан зүсмийн охин шүдлэн 3 настай им тэмдэггүй 2 тооны үхэр алдсан. Уг хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, алдсан 2 үхэрийнхээ хохирлыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг,

  Гэрч Б.Гг, Т.А, Н.Н, Д.Э, Г.Д, Ч.О, Ш.Ч, М.О, Ш.О, Д.Х нарын мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, үйлдлийг зөв зүйлчилж, У.Т, Б.Б нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

Харин Б.Ж нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

Нэг. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Б.Ж-ийг 6 сар хорих ялаар” гэснийг, 5 дахь заалтын “Б.Ж-д оногдуулсан 6 сарын хорих ялыг” гэснийг тус тус хасч, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Б.Ж-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Ж нь оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэйг дурдсугай” гэж тус тус нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Жамъяндорж нь шийтгэх тогтоол гарснаас хойш 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Гурав. Б.Жа нь шийтгэх тогтоолоор хохирогч Г.М-д төлөх 566667 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

                            

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

    ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                  Б.СҮХГОМБО