Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01052

 

АБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03112 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 522 дугаар магадлалтай,

АБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох,          

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч Т.О, П.У, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч АБ  ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 сарын 11-ний өдрийн 3797 дугаартай захирамжаар АБ  ХХК болон иргэн А.Батзориг, Ц.Тунгалаг, Д.Зоригтбаатар нараас 513.521.886 төгрөг гаргуулж, ХХБ-инд олгож шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч АБ  ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007913 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг, газар эзэмших эрхийн 000300233 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 148005/0021 дугаар 360 м.кв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 658.800.000 төгрөгийн 70 хувь болох 461.160.000 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Зоригтбаатар, Ц.Тунгалаг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017135 дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000126364 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 39 тоот орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 94.514.100 төгрөгийн 70 хувь болох 66.159.870 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаагаар оруулж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд зах зээлийн ханшаас илт доогуур үнэлсэн, газар эзэмших эрхийн 000300233 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 48005/0021 дугаартай 360 м.кв талбайтай газрыг дангаар үнэлэх ёстой байхад үнэлээгүй орхигдуулсан. Төлбөр төлөгч газрыг дангаар нь үнэлүүлэх саналаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч үнэлээгүй. Дээрх үнэлгээг төлбөр төлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1290 дугаартай шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Иймд АБ  ХХК болон иргэн Д.Зоригтбаатар Ц.Тунгалаг нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг тус тус үнэлсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 772 тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Манайх албан ёсны гэрээт үнэлгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгосон. Бид үнэлгээний байгууллагын зах зээлийн ханшийн дагуу тогтоосон үнэлгээгээр дуудлага худалдаа явуулсан бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй. Хуульд заасны дагуу талуудаас үнийн саналыг авч мэдэгдсэн бөгөөд харилцан үнийн санал дээрээ тохиролцоогүй учир хөндлөнгийн шинжээч томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2 удаа хүчингүй болж, өнөөдөр гурав дахь удаагийнх нь үнэлгээний маргааныг шүүх хянан шийдвэрлэж байна. 3 үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр БД ХХК 616.600.000 төгрөгөөр, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Итгэлт эстимэйт ХХК 658.800.000 төгрөгөөр, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 603.000.000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв 658.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байгаа. Эдгээр үнэлгээг харахад 3 үнэлгээний компани гурвуулаа 600.000.000-650.000.000 төгрөгийн хооронд үнэлсэн байдаг. 2 дахь барьцаа хөрөнгийн тухайд БД ХХК 2015 оны 4 дүгээр сард 111.000.000 төгрөгөөр, 2016 оны 1 дүгээр сард Итгэлт эстимэйт ХХК 95.000.000, 2016 оны 12 дугаар сард Хөрөнгийн үнэлгээний төв 94.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оноос хойш ажиллагаа хийгдсэн энэ 3 жилийн хугацаанд АБ  ХХК нэг ч төгрөг төлөөгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн байгаа. Үүнээс үүдэн ХХБ-ны үйл ажиллагаа ноцтойгоор зөрчигдөж байх тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03112 дугаар шийдвэрээр 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн, төлбөр төлөгч АБ  ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-2203007913 дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000225019 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний барилга, Д.Зоригтбаатар, Ц.Тунгалаг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017135 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 39 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 522 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 772 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч АБ  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг үлдээсүгэй гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сарангуа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл бүхий үйл баримт, хууль зүйн үндэслэлийг огт дурьдалгүйгээр шүүхийн шийдвэрийг шууд өөрчлөн шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016 оны 11 сарын 03-ны Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Уранчимэгийн шинжээч томилох тухай тогтоолд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 39 тоот 50 м2 талбайтай орон сууц, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м газар зэргийн өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлох асуулт тавьсан. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 722 тоот тайлангийн дүгнэлт хэсэгт үйлчилгээний зориулалттай барилгыг 658.800.000 төгрөгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний зүйлийг орхигдуулж үнэлсэн буюу шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан асуултал бүрэн хариулаагүй, газрын үнэлгээг гаргалгүй зөвхөн барилгын үнийг үнэлж дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч, түүний томилсон шинжээч нар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлийг эөрчсөн тухай үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх үүнийг үгүйсгээгүй, дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл эохих хуулийг хэрэглээгүй байна. Манай компанийн газар, үйлчилгээний барилга нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, шинээр барилга барих бүрэн боломжтой үнэ цэнэ бүхий үйлчилгээний зориулалт бүхий газартай бөгөөд дотоод гадаадын хөрөнгө оруулагч нар байнга сонирхож байдаг. Гэтэл ХХБ-инд зах зээлийн үнээс хэт доогуур үнээр үнэлүүлэн булаалгах нөхцөл байдал үүсч, олон жилийн хадөлмөрийн маань үр шим салхинд хийсэх дээрээ тулаад байна. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, үнэн зөв шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

АБ  ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3797 дугаар захирамжаар АБ  ХХК, А.Батзориг, Ц.Тунгалаг, Д.Зоригтбаатар нар 510.652.722.75 төгрөгийг ХХБ- ХХК-д төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох АБ  ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203007913 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/1 тоот хаягт байрлах 360 м.кв талбайтай үйлчилгээний барилга, газар эзэмших эрхийн 000300233 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай газар, Д.Зоригтбаатар, Ц.Тунгалаг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017135 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 39 тоот орон сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүйгээс барьцааны зүйлийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, орон сууцны үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгч АБ  ХХК хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г шинжээчээр томилж, үнэлгээг тогтоолгожээ. 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох "Хөрөнгийн үнэлгээний төв" XXK нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлчилгээний зориулалттай объектын үнэлгээг зардлын хандлагын, зах зээлийн харьцуулалтын болон орлогын хандлагын аргаар, орон сууцны үнэлгээг зардлын хандлагын, зах зээлийн харьцуулалтын, газрын үлдэгдэл өртгийн аргаар тус тус үнэлсэн байх тул хариуцагч НШШГГ- нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж маргасан байхад давж заалдах шатны шүүх 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Иймд магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Үнэлгээний тайланд барьцааны зүйл болох үйлчилгээний зориулалттай барилга болон газар, орон сууц зэргийн тус бүрийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд 658.000.000 төгрөгийн үнэлгээнд газрын үнэ орсон, газрын байршлаас шалтгаалан үнэ тогтоогддог талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаас гадна “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирал Р.Зоригт энэ талаар тайлбарласан нь тогтоогдож байх тул газрыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэх боловч энэ тухай баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Гуравдагч этгээд ХХБ- ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Орхон нь тус банкийг төлөөлөх эрхийг С.Оргодолд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн дагуу С.Оргодол нь Г.Гантогтоход 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон байна. С.Оргодол нь итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байхдаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр давж заалдах гомдол гаргасан, өмнө нь олгосон итгэмжлэлээр Г.Гантогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон байх тул гуравдагч этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд давж заалдах гомдол гаргасан, хуралд оролцсон гэх үндэслэлгүй байна.

Харин О.Орхоноос С.Оргодолд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа С.Оргодол хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг Г.Тамирт өгсөн нь эрхгүй этгээд итгэмжлэл олгосон гэж үзэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хяналтын шатны шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцснийг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэргийн баримтыг дугаарлахдаа 182 дугаар хуудасны дараа 83 гэж үргэжлүүлэн алдаатай дугаарлаж, хуудасны дугаарыг давхцуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 522 дугаар магадлалын 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.3...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ