| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0161/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 150
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Б.Баярхүү,
Шүүгдэгч Т.Ч, М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Т-ын Ч, М овогт М-ийн Т нарт холбогдох эрүүгийн 2002000390064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийн оюутан, ам бүл 1, тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Ч /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай эрэгтэй, дээд боловсролтой, Хүнд машин механизмийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М. овогт М. Т /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ч нь Шведийн вант улсад байх үедээ гэмт хэрэг үйлдэхээр санаачлан М.Тг хөлслөн, түүнтэй бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Е1025672 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг М.Тд тухайн улсын нутаг дэвсгэрээс өөрийгөө явж байгаа мэт нөхцөл байдлыг үүсгэх зорилгоор өгч, М.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай аялалын онгоцоор Монгол Улсад зорчин ирж, улмаар Т-ын Ч /РД:/-ийн Е1025672 дугаартай гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг удирдсан.
Яллагдагч М.Т нь Т.Чтой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай аялалын онгоцоор Монгол Улсад ирж, улмаар Т-ын Ч /РД: /-ийн Е1025672 дугаартай гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Монгол улсаас Шведийн Вант улсын Стокгольм хотод суух Монгол Улсын элчин сайдын яамнаас 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Т-ын Ч /РД: /-т олгосон буцах үнэмлэхийн хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/,
2. Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2/5а/699 дугаартай албан бичгийн хавсралт буюу Т-ын Ч, Мөнхтөрийн Т нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 12 дугаар хуудас/,
3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 11/946 дугаартай албан бичгийн хавстралтууд /хх-ийн 16-20 дугаар хуудас/,
4. “Аэрофлот” Авиакомпанийн Монгол дахь төлөөлөгчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 64.14-13 дугаартай “...зорчигч Т.Ч нь 555 3661564257 дугаар бүхий тийзээр 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Стокгольм-Москва-Улаанбаатар чиглэлд “Аэрофлот” авиакомпанийн СУ2211/СУ330 нислэгээр, мөн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн СУ/330 нислэгээр Москва-Улаанбаатар чиглэлд нисэж ирсэн болно. М.Тэмүүжин нь тийз худалдаж авсан болон нисэж ирсэн зорчигчдын мэдээлэлд байхгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 22 дугаар хуудас/,
5. Т-ын Чийн Е1025672 дугаартай үндэсний энгийн гадаад паспортад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33 дугаар хуудас/,
7. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд “...Шведэд сурч байсан сургуулийнхаа хичээлийг дуусгах гээд өөрийнхөө оронд хүнд бичиг баримтаа өгч Шведийн хилээр гаргасан гэсэн. Сургуулийнх нь хичээл 2019 оны 6 сард дуусах байсан. Шведийн цагаачлалын албанаас 4 сардаа багтаж гарах шаардлага тавьсан гэж хэлсэн байсан. Ийм асуудлаас болоод хүнд паспортоо өгч хилээр гаргасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
8. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд “...Би хүүгээ тухайн үед өөр хүний паспорт ашиглан Монгол Улсад ирсэн гэж мэдээгүй. Миний хүү надад тийм юм огт яриагүй. Сүүлд Замын-Үүдээс Хятад руу гарах гэж байгаад хилийн шалгагч нарт баригдаад, тэгээд Тагнуулын байгууллагад шалгуулахад л юу болсон талаар өөрөөс нь асууж мэдсэн. 2019 онд Швед рүү яваад тэндээ ажил хийж ээж, аавдаа нэмэр болох гэж байгаад ийм асуудалд орсон байна. Шведэд ажил олдохгүй, мөнгө төгрөг нь дууссан учраас Монголдоо буцаж ирэхийн тулд Т.Чоор зардлаа гаргуулаад, оронд нь паспортыг нь ашиглаад Шведээс гарч Монголд ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Хулангийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 715 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Т-ын Ч / / гэх нэртэй, “Е1025672” дугаартай Монгол Улсын гадаад паспорт нь жинхэнэ байна. Шинжилгээнд ирүүлсэн Т-ын Ч / / гэх нэртэй, “Е1025672” дугаартай Монгол улсын жинхэнэ гадаад паспортод ямар нэгэн засвар ороогүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-63 дугаар хуудас/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганзоригийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 716 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Е1025672 дугаартай үндэсний энгийн гадаад паспортын зураг нь Т.Чийн гэх зурагтай тохирно, М.Тгийн гэх зурагтай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Е1025672 дугаартай үндэсний энгийн гадаад паспортын зураг нь Т.Чийн гэх зурагтай нүүрний элементүүдийн хэлбэр, харилцан байрлал, элементүүдийн зах ирмэгийн хэлбэр, өнцөг, хэмжээгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-75 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Т шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Шведэд удаан байхад хүндрэлтэй байсан болохоор Монгол руу буцахаар шийдсэн. Тэгээд “Швед дэх монголчуудын зар” гэсэн группээс ажлын зар хайж байтал “Монгол руу өөрийнхөө оронд хүн буцаана” гэх зарыг гадаад нэртэй хаягаас байршуулсан байсан. Би тэр зарыг хараад чат бичээд, холбогдоход Т.Ч байсан. Тэгээд Чтой уулзахад Т.Ч надад "өөрийнх нь гадаад паспортыг ашиглаад Шведийн хилээр гараад Монголруу явах, Шведийн хил дээр цагаачлалын албаны бичгийг үзүүлж хураалгах хэрэгтэй байна. Би чамд онгоцны тийз авч өгнө, дээр нь 10,000 крон өгнө” гэж хэлсэн. Би тухайн үед мөнгө тааруу байсан болохоор уг саналыг хүлээн авч бид тохирсон. Явахаасаа хэд хоногийн өмнө Чоос 3,000 Швед крон урьдчилж аваад гэрийнхэндээ бага сага зүйл авсан. 2019.04.14-ний өдөр Шведийн Стокхолмын онгоцны буудал дээр Чтой уулзаад түүнээс үлдэгдэл 7,000 Швед крон, түүний гадаад паспорт, цагаачлалын албаны бичиг, онгоцны тийз зэргийг авсан. Онгоцний тийзийг Ч өөрийн нэрээрээ захиалж надад өгсөн байсан. Тэгээд Шведийн хилээр Чийн паспортыг үзүүлж, цагаачлалын албаны бичгийг хураалгасан. Тэгээд Москва руу нисээд, тэндээсээ Улаанбаатар руу ирсэн. Монголд ирээд Буянт-Ухаа боомтоор хилээр нэвтрэхдээ Хилийн шалгагчид Чийн гадаад паспортыг үзүүлэхэд намайг хилээр нэвтрүүлсэн. Би Т.Чийн бичиг баримтыг ашиглан Монгол улсад ирсэн нь үнэн. Энэ үйлдэлдээ харамсаж байна, дахиж ийм асуудалд хэзээ ч холбогдохгүй гэв.
Шүүгдэгч Т.Ч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Би тухайн үед Шведийн Стокхолмын их сургуульд суралцаж байсан юм. Миний хичээл 6 дугаар сарын 26-нд дуусахаар байсан тул өөрийнхөө гадаад паспортыг хүнд өгч Шведээс гаргаад, тэндээ сургуулиа дуусгахаар болсон. Тэгээд шинээр фэйсбүүк хаяг нээгээд, тэр хаягнаасаа “Швед дэх Монголчуудын зар” гэх грүпп-д “Өөрийнхөө оронд монголруу хүн буцаана” гэсэн зар тавихад М.Т надтай холбогдсон. Тэгээд М.Тд Монгол руу буцах онгоцны тийзийг 10,000 Швед кроны хамт өгсөн. Би сургуулиа сурч дуусгахын тулд өөрийнхөө оронд М.Тг гаргасан нь үнэн, дахиж ийм асуудалд хэзээ ч орооцолдохгүй гэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Т.Ч нь Шведийн вант улсад байх үедээ гэмт хэрэг үйлдэхээр санаачлан М.Тг хөлслөн, түүнтэй бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Е1025672 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг М.Тд тухайн улсын нутаг дэвсгэрээс өөрийгөө явж байгаа мэт нөхцөл байдлыг үүсгэх зорилгоор өгч, М.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай аялалын онгоцоор Монгол Улсад зорчин ирж, улмаар Т-ын Ч /РД: /-ийн Е1025672 дугаартай гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг удирдсан.
Яллагдагч М.Т нь Т.Чтой гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай аялалын онгоцоор Монгол Улсад ирж, улмаар Т-ын Ч /РД: /-ийн Е1025672 дугаартай гадаад паспортыг ашиглан Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялыг шүүгдэгч Т.Ч, М.Т нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Чт 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 мянган төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр тус тус торгохоор шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ч, М.Т нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Т-ын Ч, М овогт М-н Т нарыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Ч-т 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр,
шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч, М.Т нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т-ын Ч /РД: /-ийн Е102**** дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Гадаад паспортын хэлтэст шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т.Ч, М.Т нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ч, М.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР