Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1248

 

Хэргийн индекс: 135/2016/00857/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, *** тоотод оршин суух Н*** н Б*** /регистрийн дугаар *** /
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо “*** тоотод оршин суух Т*** н П*** /***/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум “*** ”ХХК /байгууллагын регистрийн дугаар *** /
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг *** тоотод оршин суух А*** Б*** /регистрийн дугаар *** / нарт холбогдох ,

 “Автомашин түрээслэх гэрээний улмаас учирсан хохирол болох 10.676.000 төгрөг, Автомашины сэлбэг худалдсан 1.000.000 төгрөг нийт 11.676.000 төгрөг гаргуулах, 3 автобусны эзэмшигчээр тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй,
“Автобусны сэлбэг засвар болон нийтийн тээврийн үйлчилгээний шаардлагыг хангахад гаргасан зардал болох 6.018.481 төгрөг гаргуулах, автомашин түрээслэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*** , нэхэмжлэгч П.П*** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г*** , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б*** , П.П*** нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“...Б.Б*** миний бие анх 2016 оны 02 дугаар сард З.Б*** тай уулзаж Дархан сум, Мангиртын чиглэлд автобус явуулахаар хамтран ажиллахаар тохиролцсон. Тэгээд би тохиролцсоны дагуу 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 10-ны хооронд УБХ-оос Дархан сумруу өөрийн эзэмшлийн 3 ширхэг, П.П*** ийн эзэмшлийн 2 ширхэг нийт 5 ширхэг автобус оруулж ирсэн. Ингээд би З.Б*** тай 2016 оны 04 дүгээр сарын 
01-ниий өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай автомашин түрээслэх гэрээ байгуулж түрээсийн 
төлбөрийг 1 сарын 2.000.000 төгрөг, төлбөрийг сар бүрийн эхээр урьдчилгаа 50 хувь болох 5.000.000 төгрөгийг 10-15-ны өдрийн хооронд үлдэгдэл 50 хувь болох 5.000.000 төгрөгийг 


сарын эцэст тооцоо нийлж төлбөрийг олгож байхаар тохиролцсон. З.Б*** нь өөрийн компанийн нэрээр бус “*** ”ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулах тул тус компанийн нэр дээр 3 автобусны эзэмшлийг шилжүүлэх шаардлагатай гэсний дагуу Б.Б*** миний бие өөрийн эзэмшлийн 3 автобусныг “*** ” ХХК-руу шилжүүлсэн. Автомашин түрээслэх гэрээний 3.2.2-т заасны дагуу түрээслэгч тал нь сар бүрийн эцэст тооцоо нийлж түрээсийн төлбөрийг төлөх үүргээ зөрчиж 4 сарын сүүл болчихоод байхад мөн өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөхгүй байгаа тул 5 автобус түрээслүүлсэн төлбөр нэг сарын 2.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг Улаанбаатар хотоос Дархан сумруу авч ирсэн шатахууны зардал 676.000 төгрөг, сэлбэг худалдсан 1.000.000 төгрөг нийт 11.676.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж мөн *** *** *** ДАР дугаартай автобуснуудаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ. 
 
Хариуцагч “*** ”  ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Б.Б*** , П.П*** нарын нэхэмжлэлтэй Д.О*** , З.Б*** нарт холбогдох 11.676.000 төгрөг гаргуулах, 3 автобусны эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч З.Б*** , Д.О*** бид нар нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 
Талууд харилцан тохиролцож 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Автомашин түрээслэх” 01, 02, 03, 04 тоот гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 05 тоот гэрээнүүдийг автобус түрээсэлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулсан.
Түрээслүүлэгчид гэрээ байгуулахаас өмнө 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 5 автобусыг Улаанбаатар хотоос авч ирсэн байсан бөгөөд хариуцагч нэр нь гэрээ байгуулаагүй байсан хэдий ч энд байлгасан зогсоолын төлбөрийг төлж байснаас биш уг автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж ашиг орлого олж чадаагүй. Учир нь нэхэмжлэгчийн авч ирсэн автобуснуудыг эвдрэл гэмтэлтэй стандартын шаардлага хангахгүй байсан тул засвар хийх шаардлагын улмаас шууд шугаманд явуулж боломжгүй байсан.
Гэтэл автобуснуудыг засаж байх хугацаанд нэхэмжлэгч нар тодорхой шалтгаан заалгүйгээр 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэж тухайн өдрөө 5 автобусаа буцааж авч явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй дараахи үндэслэлүүд байна. Үүнд
1.    Улаанбаатараас Дархан сум руу 5 автомашин авч ирсэн шатахууны зардал болох 676.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, “Автомашин түрээслэх гэрээ”-ний 3.1.1-ийн дагуу нэхэмжлэгч нар нь гэрээний хугацаа эхлэхэд автомашинуудыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байгаа тул Дарханд автобус авч ирэхэд гарсан шатахууны зардлыг хариуцагч нар төлөх үндэслэлгүй юм.
2.    5 автобусны 1 сарын түрээсийн төлбөр болох 10.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх”, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-д “хөлслөгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэг хүлээнэ”, түрээсийн гэрээний 3.1.3-д “түрээслэгчид техникийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээнд шаардагдах бүрэн бүтэн автомашиныг шилжүүлэн өгнө” гэж заасан байдаг. Монгол улсын стандарт /MNS5012:2001; MNS4598:2003/8 холбогдох хууль журмын дагуу хот доторхи нийтийн тээврийн үйлчилгээнд зориулагдсан автобусны бүрэн бүтэн байдлыг тодорхойлдог. 
Гэтэл нэхэмжлэгч нарын хүлээлгэн өгсөн автобуснууд нь бүрэн бус, эвдрэл гэмтэл ихтэй улмаас авто техникийн оношлогоонд тэнцээгүй. Иймд нэхэмжлэгч тал хууль болон гэрээнд заасан эд хөрөнгийн доголдолгүй /эвдрэлгүй/ автобус хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй улмаас тус компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж, дүрэмд заасан зорилгоо биелүүлэхийн тулд нэхэмжлэгч талтай тохиролцсоны үндсэн дээр түрээсийн автобуснуудад засварын ажлуудыг хийхээс өөр аргагүй байдалд орж, засварын ажлыг хийсэн.
Гэтэл түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч талын буруугаас хариуцагч тал автобуснуудыг засварлаж, энэ хугацаанд автобуснууд сул зогсож байсныг нэхэмжлэгч тал мэдсээр байж гэнэт гэрээгээ цуцалсан нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байна. Өөрөө хэлбэл эвдэрхий автобус авч ирж өгч бид нараар засуулж, нийтийн тээврийн үйлчилгээ явуулахад бэлэн болсны дараа гэрээгээ цуцалсанд гомдолтой байна.
Иймд нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчиж, эд хөрөнгийн доголдолтой чанарын шаардлага хангахгүй автобус нийлүүлсний улмаас болж хариуцагч тал сэлбэг, ажилчдын зардал болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх маршрут, стикерийг наасан зардал, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл гражид тавьсан төлбөр зэрэг зардал гаргаж хохирсноос биш ямар нэгэн ашиг олоогүй тул 1 сарын түрээсийн төлбөр болох 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Автомашины сэлбэг худалдсан 1.000.000 төгрөгийн тухайд
Нэхэмжлэгчээс авсан сэлбэгүүд нь бүгд нэхэмжлэгчийн өөрсдийнх нь автобусанд тавигдсан ба эдгээр сэлбэгийн үнэнд манай 2.000.000 орчим төгрөг төлсөн тул манайх сэлбэгний үнэнд төлсөн мөнгөө буцааж авах нь шударга ёстой болохоос манайх нэмж мөнгө төлөх ёсгүй тул Автомашины сэлбэг худалдсан 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3 автобусны эзэмшигчээр тогтоолгох тухайд
Нэхэмжлэгчид гэрээг цуцлан автобусыг ирж авахад гэрээг цуцалснаас учирсан хохиролыг төлөх шаардлага тавьсан бөгөөд хэрвээ тэдгээрийг төлсөн тохиолдолд хариуцагч нар 3 автобусны өмчлөлийг шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан. Хариуцагч талын гаргасан зардлыг төлчихвөл энэ асуудлыг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. 
Иймд хариуцагчийн зүгээс дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч З.Б*** , Д.О*** нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
    Нэхэмжлэгч нар нь автобуснуудыг хүлээлгэн өгөхдөө биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлэж чадахгүй байсан тул хариуцагч З.Б*** , Д.О*** бид Б.Б*** , П.П*** нартай харилцан тохиролцож, үйл ажиллагаагаа хурдан эхлүүлэхийн тулд түрээслүүлэгч талаас сэлбэг авч, засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийсэн. Гэтэл түрээслүүлэгч нар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээг цуцалж автобуснуудаа буцааж авсан бөгөөд түрээслэгчийг гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхад үүгээр шалтаглан гэрээг цааш үргэлжлүүлэх сонирхолгүй байдлаа нууж гэрээг цуцалсан. Гэрээг цуцалснаас үүссэн хохирол болох засвар үйлчилгээ, бичиг баримтын бүрдүүлэлт, нийтийн тээврийн үйлчилгээнд тавих шаардлагыг хангах зорилгоор гарсан бусад зардал зэрэг нийт 4,018,481 төгрөг гаргуулж өгнө үү.
    Гэрээ эхлэхийн өмнө түрээслүүлэгчдээс 3,000,000 орчим төгрөгийн сэлбэг хэрэгсэл аваад түрээслүүлэгчдийн өөрсдийнх нь автобуснуудад суурилуулсан бөгөөд сэлбэг хэрэгслийг авахдаа төлсөн үнэ болох 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр сэлбэг хэрэгслийг хууль болон гэрээнд заасан түрээслүүлэгчийн эд хөрөнгийн доголдолгүй автобус хүлээлгэн өгөх үүргийг тэдний өмнөөс гэрээний зорилгоо биелүүлэхийн тулд гүйцэтгэсэн боловч түрээслүүлэгчид гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр гэж 1,000,000 төгрөг юм.

    Түрээслүүлэгч нар нь эдгээр автобуснуудыг гэрээгээр түрээсэлж, бусдад эзэмшүүлж ашиглуулах эрхгүй тухайн автобуснуудын эзэмшигч биш байгаа тул 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01,02,04 тоот гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 05 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. 
    Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрхи автобуснууд нь гэрээнд оролцогч /түрээслүүлэгч/ талаас өөр хуулийн этгээд, иргэний эзэмшилд байсан, түрээслүүлэгч нар нь тэдгээр талуудыг төлөөлж байгаа талаар гэрээнд тусгаагүй, эзэмшигч этгээдүүдийн зөвшөөрөл, итгэмжлэлгүй энэхүү гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ байна.
    Автомашин түрээслэх 03 тоот гэрээний 5.3-т зааснаар “гэрээ байгуулж, гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу түрээслүүлэгч нь гарын үсэг зураагүй байгаа тул энэхүү гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр болоогүй байна. Мөн уг гэрээний зүйл болох автобус нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний зорилгыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг түрээслүүлэгч тал үүсгэсэн байна. 
    Нэхэмжлэгч Б.Б*** , П.П*** нар нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
    З.Б*** , Д.О*** нараас П.П*** , Б.Б*** т холбогдуулан “Автобусны сэлбэг засвар 6,018,481 төгрөг гаргуулах, автомашин түрээслэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.    Автобусны сэлбэг засвар болон нийтийн тээврийн үйлчилгээний шаардлагыг хангахад гаргасан зардал болох 6,018,481 төгрөг гаргуулах тухайд: 
З.Б*** анх бидэнтэй харилцан ярилцаж Улаанбаатар хотоос 5 автобус авчирч хамтран ажиллах тохиролцоо хийж талууд тохиролцож 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 01, 02, 03, 04 тоот гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 30-нд 05 тоот гэрээнүүдийг хийж 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж хүлээн авахдаа авто машин нэг бүрийг шалгаж хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Харин*** УНП номерын засвар хийх шаардлага гарсан тул бүрэн ээлж хийж 2016 оны 03 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгсөн З.Б*** нь доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж байгаа бол тухайн үедээ өөрөө 5 автобусыг шалгаж авсан. 
2. автомашин түрээслэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болгох тухайд: 
З.Б*** нь тухайн автобуснуудыг түрээслэх гэрээ байгуулсан нь эрх бүхий этгээд байгаагүй гэдэг үндэслэлээр үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжллийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. Учир Б.Б*** нь тухайн 3 автобусны эзэмшигч мөн П.П*** нь Хас банкинд барьцаанд тавьсан боловч өөрийн эзэмшлийн 2 автобусыг захиран зарцуулах эрх надад байдаг тул З.Б*** нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*** , П.П*** нар нь хариуцагч Д.О*** , З.Б*** нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын хүсэлтээр хариуцагч Д.О*** ыг жинхэнэ хариуцагч *** ХХК-иар сольсон болно.
Нэхэмжлэгч Б.Б*** нь хариуцагч *** ХХК, З.Б*** нарт холбогдуулан “ ...3 автобусны түрээсийн төлбөр 6000,000 төгрөг, автобусыг Улаанбаатар хотоос Дархан луу авчирсан шатахууны зардал 405,600 төгрөг, сэлбэг худалдсан үлдэгдэл төлбөр 1000,000 төгрөг, нийт 7,405,600 төгрөг гаргуулах, улсын*** *** *** дугаартай автобуснуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг,
Нэхэмжлэгч П.П*** нь хариуцагч *** ХХК, З.Б*** нарт холбогдуулан “...2 автобусны түрээсийн төлбөр 4000,000 төгрөг, автобусыг Улаанбаатар хотоос Дархан луу авчирсан шатахууны зардал 270,400 төгрөг, нийт 4,270,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч *** ХХК, З.Б*** нар нь нэхэмжлэгч Б.Б*** , П.П*** нарт холбогдуулан Автобусны сэлбэг засвар болон нийтийн тээврийн үйлчилгээний шаардлагыг хангахад гарсан зардал болох 6,018,481 төгрөг, талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Автомашин түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигч талуудын хэн аль нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар 
Нэхэмжлэгч Б.Б*** нь хариуцагч *** ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот гэрээгээр улсын *** УБП улсын дугаартай Hyundai-450 маркын  автобусыг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот гэрээгээр улсын *** УБЕ дугаартай Hyundai aero city-450 маркын автобусыг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот гэрээгээр улсын *** УНА дугаартай, Hyundai aero city-450 маркийн автобусыг ,
Нэхэмжлэгч П.П*** нь хариуцагч *** ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот гэрээгээр улсын *** УНС дугаартай, Hyundai aero city-450 маркийн автобусыг, мөн өдрийн 04 тоот гэрээгээр *** УНЭ улсын дугаартай, Hyundai aero city-450 маркийн автобусыг тус тус түрээслүүлэхээр тохиролцож  “Автомашин түрээслэх гэрээ”-г байгуулсан байна. /хх-7-24/
Дээрх түрээсийн гэрээнүүдэд заасан нөхцөл ижил бөгөөд талууд түрээсийн гэрээгээр “ ...Түрээслэгч тээврийн хэрэгслийг Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ явуулахад ашиглана. ...Талууд тээврийн үйлчилгээнд ашиглах зорилгоор түрээслэж буй тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрийг сард 2,000,000 төгрөгөөр тооцно. ...гэрээний 2.1-т заасан төлбөрийг Түрээслүүлэгчтэй сар бүхийн эцэст тооцон  нийлж төлбөрийг олгоно....Түрээслэгч нь түрээсийн тээврийн хэрэгслийг гэрээний хүчинтэй хугацаанд өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй болно. ...Энэхүү гэрээ нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл үйлчилнэ...” гэж тохиролцож, гэрээнд түрээслүүлэгч Б.Б*** , П.П*** нар гарын үсэг зурж, түрээслэгчийг төлөөлж З.Б*** , Д.О*** нар гарын үсэг зурж, *** ХХК-ний тамга дарсан байна. 
Нэхэмжлэгч Б.Б*** , П.П*** нар нь өөрсдийн эзэмшлийн 5 автобусыг гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *** ХХК-нд хүлээлгэн өгсөн бөгөөд түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учир 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр автобуснуудаа буцаан авсан болох нь Автомашин хүлээлцсэн тухай тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талуудын байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ”-ний 3.2.6-д “Түрээслэгч нь түрээсийн тээврийн хэрэгслийг гэрээний хүчинтэй хугацаанд өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б*** ын өмчлөлийн улсын *** УБП, *** УБЕ, *** УНА дугаартай автобуснуудыг  *** ХХК-ний өмчлөлд шилжүүлэн, автобуснуудын улсын дугаар*** *** *** болон өөрчлөгдөж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд *** ХХК нь өмчлөгчөөр бичигдсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад  аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.2-д “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж  авах эрх эдэлнэ” гэж заажээ.
Түрээсийн гэрээний онцлог нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шижлүүлэх гэрээний төрөлд хамаарах бөгөөд бусдын өмчлөлд эд хөрөнгийг бүр мөсөн шилжүүлэх бус, харин тодорхой хугацааны турш бусдын ашиглалтад шилжүүлдэг болно.
Талуудын байгуулсан Автомашин түрээслэх гэрээний 3.2.6-д автобусыг бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэхээр заасан ба нэхэмжлэгч Б.Б*** ын шүүх хуралдаан дээр гаргасан “...Автотээврийн газраас *** ХХК нь Дархан-Уул аймагт нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг эсэхийг асуухад *** ХХК нь дээрх эрх байхгүй, эрх авахаар хүсэлт гаргачихсан байгаа гэсэн хариу хэлсэн. Уг эрхээ олж авахын тулд өөрсдийн өмчлөлийн автобустай байх шаардлага тавьдаг учраас бид нартай уг түрээсийн гэрээг байгуулсан юм шиг байна лээ...” гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...түрээсийн гэрээний дагуу автобусыг ашиглаагүй, нийтийн тээвэрт явуулахаар бэлдэж автобуснуудад засвар хийсэн, эрхээ аваагүй байсан. Автобуснууд ашиглаж ямар нэгэн орлого олоогүй...” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан *** ХХК-ний 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 08тоот Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвд хандсан “...нийтийн тээврийн чиглэлд үйлчлэх хүсэлтэй байгаа тул холбогдох журмын дагуу зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг баримтаар *** ХХК нь нэхэмжлэгч Б.Б*** , П.П*** ийн эзэмшлийн автобусыг өөрийн өмчлөлд шилжлүүлж, Дархан-Уул аймагт нийтийн тээвэрийн үйлчилгээ эрхлэх эрх олж авах зорилгоор дээрх түрээсийн гэрээнүүдийг байгуулсан болох нь тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд бодитоор Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул Б.Б*** , *** ХХК нарын хооронд байгуулагдсан 01, 02, 05 тоот гэрээнүүдийг, П.П*** , *** нарын хооронд байгуулагдсан 03, 04 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нар нь Автомашин түрээслэх гэрээний улмаас учирсан хохирол 10,676,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас “...түрээсийн гэрээнд заасны дагуу 1 сарын түрээсийн төлбөр нэхэмжилж байна. Б.Б*** нь 3 автобусны түрээсийн төлбөр 6000,000 төгрөгийг, П.П*** нь 2 автобусны түрээсийн төлбөр 4000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Гэрээндээ заагаагүй боловч З.Бадрах нь Улаанбаатараас Дархан луу авчирсан автобусны шатахууны зардлыг төлнө гэсэн учир шатахууны зардал 676,000 төгрөгийг гаргуулахаар...” нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б*** ын гаргасан улсын  ДАР** *** *** *** ** дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Б*** ын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, нэхэмжлэгч П.П*** ийн түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Нэхэмжлэгч нар нь Улаанбаатараас Дархан луу авчирсан автобусны шатахууны зардлыг төлнө гэсэн учир шатахууны зардал 676,000 төгрөгийг хариуцагч нар хариуцахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нарын шатахууны зардал 676,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч *** ХХК, З.Б*** нар нь нэхэмжлэгч Б.Б*** , П.П*** нараас “гэрээний хугацаа дуусахаас өмнө автобуснуудаа авч явсан, гэрээний үүргээ зөрчсний улмаас учирсан хохиролд машины стикер хэвлэхэд гарсан зардал 168,500 төгрөг, Улаанбаатарын дугаарыг Дарханы дугаараар солиулахад 82,500 төгрөг, техник ашиглалтын дэвтэр 20,000 төгрөг, Автобус оношлогоо 82,500 төгрөг, Автобусны шил солиулахад 16,400 төгрөг, Селикон машины цавуу 22,500, Карбон машины тень 10,000 төгрөг, 93-50ДАР, 93-54ДАР улсын дугаартай автобусны татвар 143,800 төгрөг, гэрчилгээний үнэ 1,500 төгрөг, Автобусны жолоочийн хариуцлагын даатгал 511,581 төгрөг, 2 сарын автобусны гражийн төлбөр 1,500,000 төгрөг, нум солиход 600,000 төгрөг, ажлын хөлс 200,000 төгрөг, хоёр босоо файлс 120,000 төгрөг, шаариг хойд барваан үнэ 200,000 төгрөг, нэг гидрийн аппарад үнэ 150,000 төгрөг, хоёр луглором солисон үнэ 100,000 төгрөг, накалад ролк солиход 50,000 төгрөг, гэрлийн ламп 19,200 төгрөг, нэмэгдсэн оворын шар гэрэл солисон үнэ 20,000 төгрөг, Б.Б*** аас 3,000,000 орчим төгрөгийн сэлбэг хэрэгсэл аваад түрээслэгчийн өөрийнх нь автобуснуудад суурилуулсан бөгөөд сэлбэг хэрэгслийг авахдаа төлсөн үнэ болох 2,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилж, нийт нэхэмжлэгч нараас 6,018,481 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан болно.
Хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч Б.Б*** нь 3,000,000 төгрөгийн үнэтэй сэлбэг худалдаж авч, 2,000,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 1000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй болно.
Харин нэхэмжлэгч Б.Б*** нь “..сэлбэгийн үнийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжилсэн бол хариуцагч *** ХХК нь “...авсан 2000,000 төгрөгийн сэлбэгийг нэхэмжлэгчийн автобусад суурилуулсан учир нэхэмжлэгч нараас сэлбэгийн үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулахаар” тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Хариуцагч *** ХХК нь авсан 2000,000 төгрөгийг сэлбэгийг дээрх автобуснуудад суурилуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Хариуцагч *** ХХК нь Б.Б*** ын эзэмшлийн 93-50ДАР, 93-54ДАР улсын дугаартай автобусны татварт 143,800 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б*** аас 143,800 төгрөгийг гаргуулан хариуцагч *** ХХК-нд олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үлдэх 5,874,681 төгрөг гаргуулах тухай шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Б*** ын сэлбэгийн үнэ 1000,000 төгрөг гаргуулах, улсын  ДАР93-*** *** *** ** дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх тухай шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэгч нарын гаргасан түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг, шатахууны зардал 676,000 төгрөг нийт 10,676,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож;
хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Б.Б*** , *** ХХК нарын хооронд байгуулагдсан *** тоот гэрээнүүдийг, П.П*** , *** нарын хооронд байгуулагдсан *** тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Б*** аас 143,800 төгрөгийг гаргуулан *** ХХК-нд олгож, үлдэх 5,874,681 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1,  318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Б.Б*** , *** ХХК нарын хооронд байгуулагдсан 01, 02, 05 тоот гэрээнүүдийг, П.П*** , *** нарын хооронд байгуулагдсан 03, 04 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож; *** ХХК-ний эзэмшлийн улсын  ДАР93-*** *** *** ** дугаартай тээврийн хэрэгслийг Б.Б*** ын өмчлөлд шилжүүлж; хариуцагч *** ХХК-иас сэлбэгийн үнэ  1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*** т олгож; нэхэмжлэгч нарын гаргасан түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг, шатахууны зардал 676,000 төгрөг нийт 10,676,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож; нэхэмжлэгч Б.Б*** аас 143,800 төгрөгийг гаргуулан хариуцагч *** ХХК-нд олгож; сөрөг нэхэмжлэлийн үлдэх 5,874,681 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан эзэмшлийн улсын  ДАР93-*** *** *** ** дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр *** ХХК бүртгэгдснийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр Б.Б*** ын өмчлөлд бүртгэж, өөрчлөлт оруулахыг Автотээврийн үндэсний төвд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202889 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,250 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 4964 төгрөгийг гаргуулан хариуцагч ***                     ХХК-нд, хариуцагч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*** т тус тус олгосугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА