| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0092/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/86 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/86
2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2020/ШЦТ/86 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч Ё.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн шүүгдэгч А Ё М-д холбогдох эрүүгийн 1934003800225 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А Ё М, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Бүрэн сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ё.М-н өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул надад нэмж ярих зүйл алгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Ж.Эрдэнэчулууны гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 13, 16-17/, гэрч И.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх 14/, Ё.М-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 18-19/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 32-33/, шинжээч томилсон тогтоол /хх 21/, "Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хохирлыг 310 000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан /хх 32-33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ё.М нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны шөнө согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Манзушир өргөө хотхоны 1 дүгээр байрны гадна машины зогсоол дээр байсан Ж.Эрдэнэчулууны эзэмшлийн 1708 УНП улсын дугаартай /Хуандай каунти/ Hyundai country маркийн автобусны 1 цонхыг хагалсан, жолооч талын толийг хугалж толийг хагалсан, жолоочийн эсрэг талын толийг сууриар нь салгаж бусдад 310 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ё.М-н яллагдагчаар өгсөн: Би Төв аймгийн Бүрэн суманд ээжтэйгээ хамт амьдардаг. 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод орж ирсэн. Хотод орж ирээд анх танилцсан хүмүүстэйгээ хамт архи уусаар байгаад 10 гаруй хоног болсон байсан. Тэгээд машины цонх хагалдгийн урд өдөр болох 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Төв аймагт 23 цаг болж байхад жижиг тэргэнд суугаад орж ирсэн. Аймагт орж ирээд гудамжинд архи уугаад сууж байсан танихгүй хүнтэй 2 шил 0,5 литрийн архи хувааж уугаад гудамжинд хоносон. Тэгээд маргааш өглөө нь босоод хийх юмгүй гудамжаар дэмий алхаж байгаад өнгөрсөн шөнө хамт архи уусан залуутай тааралдаад дахиж 0,5 литрийн морьтхангай архи 2 шил, 0.75 литрийн морьтхангай архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд тэд нараас салаад явж байгаад аймгийн төв баруун урд байх алаг байшингуудын голд алхаж байснаа газар байсан чулууг аваад зогсоол дээр байсан цэнхэр өнгийн автобусны цонхийг хагалаад толийг нь хугалсан. Тэр үед би уусан архиндаа согтсон байсан болохоор өөрийн хийж байгаа үйлдлийг хянах чадваргүй байсан. Тэгээд цааш яваад Цэнгэлдэхийн хашаан дотор унтсан байсан. Тэр өдрөө хамаатныхаа айлыг хайж явж байгаад олдохгүй болохоор аймгийн төвд хоночхоод маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Би 1708 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Уг тээврийн хэрэгслийн цонхыг хагалах үед ганцаараа явж байснаа санаж байна. Би Ж.Эрдэнэчулуунд дансаар 310 000 төгрөг төлсөн. Тухайн үед би улаан өнгийн дээл, шар өнгийн бүстэй, хар өнгийн гуталтай явж байсан. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ бүрэн ухаарч байгаа гэх мэдүүлэг/ хх18-19, 32-33/,
хохирогч Ж.Эрдэнэчулууны өгсөн: Орой 18:18 цагт Улаанбаатар хотоос ирээд автобусны зогсоол дээр цаг орчим зогсож байгаад 19:35 цагт гэр рүүгээ явсан. Замдаа Хулан дэлгүүрээс хуурай идэх юм аваад байрныхаа гадаа зогсоол дээр машинаа тавиад гэртээ орсон. Хоолоо идчихээд кино үзээд 22 цагийн орчим хүүхдээ хуурайлаад байж байтал манай доод талын 4 давхарт амьдардаг байрны гадна Ихэр заяа дэлгүүрийн худалдагч Алтангэрэл гэдэг залуу хаалга тогшоод машины чинь цонх хагарсан байна гэсэн. Гэрээс гараад харахад машины 2 толь, салхины шилийг чулуугаар цохиж хагалсан байсан. Цагдаагийн 95189102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 310 000 төгрөг болсон. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 13, 16-17/,
гэрч И.Алтангэрэлийн өгсөн: Би тэр үед дэлгүүрээ хаагаад 23 цагийн үед гэр рүүгээ явсан чинь зогсоол дээр Эркагийн автобусны цонх хагарсан байхаар нь Эркад хэлье гээд эргэтэл зам дээр толь нь байсан. Тэгээд би байр руугаа орж Эркад хэлчхээд гэр рүүгээ орсон гэх мэдүүлэг /хх 13-14/,
"Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлан /хх 32-33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч C.М нь хууль зүйн хувьд бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж 310 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ё.М-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч Ж.Эрдэнэчулууны "Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ё.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ё.М нь урьдчилан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдаж 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 14 хоног, 2020 оны 02 дугаар сарын 27-ний өдрөөс шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 19 хоног нийт 33 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т "Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг......нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцно." гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгч Ё.М-н хойшлуулшгүйгээр баривчлагдсан, урьдчилан цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнчлэн цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход хоёр зуун жаран дөрвөн цаг болж байх бөгөөд түүнд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоног буюу хоёр зуун жаран дөрвөн цагийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн 1934003800225 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А Ё М-г Бусдын эд хөрөнгийг эвдэж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ё.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ё.М-н цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, 240 нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
5.Эрүүгийн 1934003800225 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ