| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0182/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 170
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Э.Намуун
Шүүгдэгч Л , түүний орчуулагч О.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Л-д холбогдох эрүүгийн 2003002230133 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Канад улсын иргэн, 1957 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Перу улсын Lima хотод төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, захиргааны мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Л / /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын явах чиглэлийн гаалийн хяналтын бүсээр 31.6 грамм алтыг гар тээшиндээ хийж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэрч Д.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд: “...Gloria 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсад ирээд манай гэрт надтай хамт амьдарч байгаа. Тэгээд би Gloria-тай 1 удаа хамт Урт цагааны алт мөнгөний дархан гэх 1 масктай эмэгтэй дээр очиж уулзаад өөр нэг эмэгтэйгээс очиж 40 грамм алтыг 1 граммыг нь 138000 төгрөгөөр тооцож нийт 5520000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд анх очиж уулзсан эмэгтэйдээ бөгж хийлгэх алтаа граммлуулаад өөртөө байсан шигтгээтэй хамт орхиод явсан. Тэрээр 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 07:30 цагт манайхаас гарсан. Үүний дараа 09 цаг 16 минутанд мессенжерээр англиар надад асуудал үүссэн, энэ бол алт гэсэн мессэж миний утсанд ирсэн. Тэгээд би таксидаад очиход Нисэхийн гааль дээр саатуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 х/
2. Гэрч Ц.Энхзул мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар- Истанбул чиглэлийн явагчдын рентген аппаратан дээр шалгалт хийж байхад агаарын хөлгийн зорчигч Канад улсын иргэн Л нь шалгалтаар орж ирж үүргэвч, цүнхээ аппаратан дээр тавихад, шалгах шаардлагатай гүн хар өнгөний хувиралтай металл байж болзошгүй эд зүйл харагдсан. Тэгээд тухайн хүнээр өөрөөр нь үүргэвчийг нь нээлгээд доторх эд зүйлийг нь гаргуулан шалгахад үүргэвчин дотроо гар цүнхээ хийсэн, уг гар цүнхэн дотроо нимгэн хавтгай шар металлыг 4 нугалсан байдалтай 999.40 грамм гэсэн хар бичигтэй жижиг өнгөгүй уутанд хийсэн байсан. Тухайн зорчигчоос зорчигчийн гаалийн мэдүүлэг бөглөсөн эсэх талаар асуухад гаалийн мэдүүлэг бичиж гаальд мэдүүлээгүй байсан. Ингээд зорчигчийг саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
3. Гэрч С.Ганхуяг мөрдөн байцаалтын шатанд: “...2020 оны 03 дугаар сарын 02-ны орой нэг монгол эмэгтэй над руу залгаад “Gloria ирсэн, маргааш өглөө явна, 07:30 минутад өглөө манай гэрт хүрээд ир” гээд хаягаа хэлээд би маргааш өглөө нь дүү Гандолгорын машиныг аваад хэлсэн газар нь очоод залгахад Gloria 2 том чемодан, 1 үүргэвчтэй гарч ирсэн. Тэгээд нисэх дээр шууд ирэхэд тухайн үед халдварт өвчинтэй холбоотой нисэх рүү дотогш гаргаж өгч байгаа хүнийг нэвтрүүлэхгүй байсан тул гадаа хаалган дээрээс нь салах ёс хийгээд гарсан. Тэгээд гэртээ хариад цай уугаад сууж байтал гаалийн ажилтан гэх эрэгтэй хүн над руу залгаад “Нисэхийн гааль дээр ирж уулзана уу, Gloria хилээр гарахыг хориглосон бараатай байна” гэсний дагуу очоод гаалийн ажилтантай уулзаад орчуулга хийж өгсөн. Түүний дараа Нисэхийн цагдаагийн хэлтэст очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Л нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын явах чиглэлийн гаалийн хяналтын бүсээр 31.6 грамм алтыг гар тээшиндээ хийж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л -ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л-г Монгол Улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 998.04 грамм сорьцтой, 31.6 грамм алтыг /одоо Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримтыг хадгалах өрөөнд хадгалагдаж буй/ тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах буюу Монгол банкинд тушаахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР