| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0185/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 171
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагч Н.Нарангэрэл,
Шүүгдэгч Ц.У, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө овогт Б-ийн Мод, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л овогт Ц-н У нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2010000780143 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,1988 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн удирдлагын менежмент, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Л. овогт Ц. У /........./,
2. Монгол Улсын иргэн,1981 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 14-65 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө. овогт Б. М /............./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таун” хотхоны ойролцоо хохирогч Д.З, Б.М нартай маргалдан улмаар тэдний биед халдаж хохирогч Д.Зын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хохирогч Б.Мын эрүүл мэндэд зүүн нүдний зовхи болон алиманд цус хуралт, хаван, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан,
Яллагдагч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таун” хотхоны ойролцоо хохирогч Ц.Утай маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хохирогч Д.З мөрдөн байцаалтын шатанд “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таун” хотхонд байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн 75-05 УНУ улсын дугаартай машинтайгаа найз Б.Мын хамт гараад явж байгаад баруун толиороо үл таних залууг шүргэх шиг болсон юм. Тэгээд машинаасаа бууж очоод тухайн залууг “чи зүгээр үү, би чамайг машинаараа шүргэчихээгүй биз” гэж асуутал би толинд цохиулаад эвдэрдэг хүн биш, дуугай яв” гэж хэлсэн. Тэгээд би тухайн залуутай маргалдаад байж байтал Б.М машинаас бууж ирээд тухайн залуу руу дайраад “чи хүн зүгээр асууж байхад” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг заамдаж аваад уруул хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Намайг газар унасан хойно нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Уруул хэсэг рүү мөргөсний улмаас болж дээд үүдэн шүдний ёзоор буюу уг хэсгээрээ хоёулаа хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,
2. Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд “...Д.Зын гэрээс гараад Д.Зын машинтай байрных нь замаар яваад булан эргэтэл 2 залуу зам дээр зогсож байсан, тухайн 2 залуугийн наад талд зогсож байсан өндөр залууг З машиныхаа толиор шүргэх шиг болсон. Тэгээд Д.З машинаасаа бууж “яасан юу болсон” талаар асуух гээд очоод ярилцаж байсан ба араас нь жоохон байж байгаад буугаад очтол Д.Зыг шууд нүүр рүү нь мөргөж газар унагаагаад миний зүүн талын нүд рүү цохисон. Би тухайн үед замын хажууд байсан машины хамар дээр унасан. Тэгж унахдаа машины гуперний доор хөл хөшигдөж гэмтсэн. Д.Зын нүд хавдсан, амнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
3. Хохирогч Ц.У мөрдөн байцаалтын шатанд“...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз А.Идэрийн хамт гэрээсээ гараад 14 цаг өнгөрч байх үед хойд замаараа такси барих гээд утсаар яриад зогсож байтал нэг машин миний нурууг шүргээд гарсан. Тэгээд тухайн машин руу утсаар яриастайгаа харсан чинь жолооч нь цонхоороо хараад “юм яриад байна уу, яачихаад байгаа юм” гэж хэлсэн. Би тэр үед утсаа салгаад тухайн машинтай залуу дээр очоод хүн зүгээр зогсож байхад ирж шүргэчихээд ямар сонин хүмүүс вэ? гэж хэлтэл машины жолооч болон хажууд явсан залуу хоёулаа согтуу байгаа нь мэдэгдсэн тул би баярын өдөр хүнтэй муудалцаад яахав гэж бодоод “толинд мөргүүлээд бэртэнэ гэж юу байхав дээ” гэж уурласан. Тэгээд эргээд явтал тухайн жолооч нь машинаараа түлхээд “ямар их зантай пацаан бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд буцаагаад хаалгыг нь түлхэж хаагаад “баярын өдөр муудалцаад яахав, адилхан эр хүмүүс байна нэгэндээ гай болоод яахав” гэж хэлээд цаашаа явсан. Тэр үед эхний маргалдаж байсан залуу миний толгой руу 1 удаа цохиж хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн “...Д.Зын биед тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно...” гэх №1007 дугаартай дүгнэлт /хх-ийн 30х/,
5. Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Үүдэн 2 шүд дөрвөн тийшээ ганхсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн “...Б.Мын биед зүүн нүдний зовхи болон алиманд цус хуралт, хаван баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно...” гэх №1010 дугаартай дүгнэлт /хх-ийн 38х/,
7. Шинжээч эмч С.Одончимэгийн “...тухайн гэмтлийг тухайн цаг хугацаанд үүссэн гэмтлээр гэмтлийн зэрэг тогтоосон, хуучин гэмтлээр гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн “...Ц.Ууганбаярын биед зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх №1043 дугаартай дүгнэлт /хх-ийн 46х/,
9.Шинжээч Н.Энхцолмонгийн “...тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлийн духны зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, зулайн хуйхны язарсан шарх нь мөн мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 50х/,
10. “Лазер мед” эмнэлэгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 53х/,
11. “Окулопластик клиник” эмнэлэгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/20 дугаартай албан бичиг, Д.З-ын өвчний түүх /хх-ийн 56-65х/,
12. Шүүгдэгч Ц.У шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би Д.З, Б.М хоёртой ялихгүй зүйлээс болж маргалдан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна гэв.
13. Шүүгдэгч Б.М шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Ц.Уаас уучлалт гуйсан. Хохирол төлбөргүй. Хөнгөн шийтгэж өгөөч гэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 114, 107-р хуудас/, Ц.У, Б.М нарын иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 99, 111/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таун” хотхоны ойролцоо хохирогч Д.З, Б.М нартай маргалдан улмаар тэдний биед халдаж хохирогч Д.Зын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хохирогч Б.Мын эрүүл мэндэд зүүн нүдний зовхи болон алиманд цус хуралт, хаван, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан,
Яллагдагч Б.М нь мөн өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таун” хотхоны ойролцоо хохирогч Ц.Утай маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.У, Б.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг Ц.У, Б.М нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгохоор шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг тус бүрийг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.У, Б.М нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Л овогт Ц-н У, Ө овогт Б-н М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр,
Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У, Б.М нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.У, Б.М нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР