Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 172

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,  

Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Т овогт О-н Цд холбогдох эрүүгийн 2010005100263 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т. овогт О.Ц /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа” 1-р хороолол 4-136 тоотод худ ураг болох Ж.Бтой ач хүүгээ булаацалдсаны улмаас маргалдаж түүний гарыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд: “...2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай дүү хүүхдээ аваад явна гэхэд “чи тэжээж чаддаг юм бол аваад зайл” гэхээр нь би хадам ээж дээр нь очоод хүүхдийг нь булааж авах гэтэл миний гарыг хазсан, одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-13-18/,

 

2. Гэрч Я.Мартцэцэг мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хадмууд манай хүүхдийг аваад хотод ирсэн байхаар нь би үеэл эгч Ж.Быг дагуулаад гэртээ очсон. Хүүтэйгээ олон хоног уулзаагүй болохоор хүүхдээ санаад тэврээд уйлсан чинь хадам ээж уурлаад “чи худлаа уйллаа, эмээ, өвөө дээрээ байж байгаад ирж байхад” гэж хэлээд намайг загнасан. Энэ үед хажуу талаас Ж.Б эгч “учирлаж ярих хэрэгтэй, бид нар хүүхдээ авах гэж ирлээ” гэхэд хадам ээж учиргүй уурлаад “энэ хоёрыг салгана” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ авах гэтэл хадам ээж хүүг маань өвөр дээрээ суулгаад тавихгүй байсан чинь цаанаас Ж.Б эгч босч ирээд гарыг нь тавиулах санаатай хоолойноос нь хальт барьтал шууд гарыг нь хазсан” гэх мэдүүлэг /хх- 20-21/,

 

3. Гэрч Б.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд: “...2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс ирээд эхнэр бид хоёр ач хүүгээ аваад төрсөн хүү Э.Очирчбатын гэрт нь байж байтал гаднаас бэр Я.Мартцэцэг нь эгчийнхээ хамт орж ирсэн. Тэгээд Я.Мартцэцэг хүүхдээ тэврээд уйлаад байхаар нь эхнэр маань уурлаад “чи ямар сүртэй юм бэ, өвөө эмээ дээрээ байж байгаад л ирлээ ш дээ” гэж хэлсэн. Энэ үед Я.Мартцэцэгтэй хамт ирсэн эгч нь уурлаад эхнэр О.Цтай маргалдаж байгаад эхнэрийг багалзуурдсан. Энэ үед эхнэр уурлаад тэр эмэгтэйн гарыг нь хазсан...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,

 

4. Шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2486 дугаартай "... Ж.Бын биед сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-28-29х/,

 

5. Шүүгдэгч О.Ц шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...Я.Мартцэцэг хүүхдээ авна гэхээр нь би “өгөхгүй гэж ачийгаа өвөр дээрээ суулгаж байхад” Ж.Б хүүхдийг авах гээд миний хоолойноос багалзуурдахаар нь гарыг нь хазчихсан юм. Түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч О.Цгийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-33/, ял шалгах хуудас хх-34х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч О.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа” 1-р хороолол 4-136 тоотод Ж.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний гарыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч О.Цгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч О.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Цд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Ж.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овогт О-н Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Ц-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР