Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 173

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,  

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн А овогт Э-ийн Бд холбогдох эрүүгийн 2010005050224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьюторын операторч мэргэжилтэй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт, тоотод оршин суух хаягтай, “МИАТ” ХК-д катерингийн диспетчер ажилтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Э.Б /РД:    ...................../, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Буянт-Ухаа” 1-р хороолол 722 дугаар байрны орцонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Хтай маргалдан нүүрэн рүү нь гараараа 2 удаа цохиж газарт унаган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хохирогч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  н.Гүррагчаагийн гэрээс гараад орцонд байж байтал Э.Б Э.Баасанжавтай маргалдаад байхаар нь “битгий хэрүүл маргаан хийгээд бай” гэтэл надтай маргалдаад миний цамцны захнаас 2 гараараа заамдаж намайг газар унагасан. Би газраас бостол миний хамар руу баруун гараараа 2-3 удаа цохьсон. Одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг/хх-14-15х/,

 

2. Гэрч Э.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд: “... Орцонд Б.Хуягтбат Э.Бтай юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд Э.Б  Б.Хуягтбатын нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон, мөн цамцны захнаас нь 2 гараараа заамдаад хөлөөрөө хавирч газарт унагаасан. Тэр хоёрыг салгасны дараа Б.Хын хамар нь бага зэрэг шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-18-19/,

 

3. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2461 тоот дүгнэлтэд Б.Хын биед хамар ясны хугарал, дух, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт/хх-22-23/,

 

4. Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...Би Б.Хын биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна, түүнд эмчилгээний зардал 230.000 төгрөгийг өгсөн, дахин ийм үйлдэл гаргахгүй. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Э.Бын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34х/ ,оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-35/, ял шалгах хуудас хх-36х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Буянт-Ухаа” 1-р хороолол 722 дугаар байрны орцонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Хтай маргалдан нүүрэн рүү нь гараараа 2 удаа цохиж газарт унаган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Э.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Э.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овогт Э-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР