Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 185

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн С овогт Б-н Эад холбогдох эрүүгийн 2010005670245 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, охин, хүргэн, зээгийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-н Э /РД:                       /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Могул таун” хотхоны 97-1 дүгээр байрны 9 тоотод иргэн Р.Гтай “ах хүний үгэнд ордоггүй, зан араншингийн хувьд дутагдалтай" гэх шалтгаанаар маргалдан нүүр рүү нь гараараа нэг удаа, толгой руу нь ганжин модоор нэг удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Р.Г мөрдөн байцаалтын шатанд “...Би 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Б.Э, Н.Цэнгүүн, З.Бүдханд нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун хотхонд байх гэртээ очсон. Бид нэг шил 0,75 граммын Соёрхол нэртэй архи уусан. Б.Этай үл ялих зүйлээс болж маргалдаж байгаад нэг мэдсэн Б.Э буйдан дээр миний дээр гарчихсан дарж байгаад намайг нэг удаа зүүн хацар руу цохисон. Тэр үед З.Бүдханд Б.Эыг араас нь тэвэрч салгасан. Миний уур хүрээд гал тогооноос ганжин авч нэг удаа цохисон. Тэр үед Б.Э миний ганжинг булааж аваад миний толгойн руу цохисон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71х/,

Гэрч З.Бүдханд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Р.Г ахын гэрт буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун хотхонд Б.Э ах болон Р.Г ах хоёр ярилцаж байгаад Б.Э ах Р.Г ахыг зан араншингийн тал дээр дутагдалтай талаар хэлж байгаад үл ойлголцож буйдан дээр барьцалдаж авсан. Тэгээд би Б.Э ахыг тэвэрч салгасан. Тэгтэл Р.Г ах ганжин мод авч ирж Б.Э ахын дух руу нь нэг удаа цохисон. Мөн Б.Э ах тухайн ганжинг булааж авсан. Тэр үед Р.Г ах буцаж яваад заазуур авч ирж далайж дайртал Б.Э ах Р.Г ахыг ганжингаар нэг удаа толгойн руу нь цохисон. Тэгээд Р.Г ахын толгойн хэсгээс цус гараад больцгоосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 14х/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3429 дугаартай дүгнэлт: “Р.Гын биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19х/,

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахин ийм үйлдэл гаргахгүй. Би прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, би гэмшээд хохирогчид сайн дураараа 150.000 төгрөг өгсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Эын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43х/ ,оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-45/, ял шалгах хуудас /хх-42х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Могул таун” хотхоны 97-1 дүгээр байрны 9 тоотод иргэн Р.Гтай “ах хүний үгэнд ордоггүй, зан араншингийн хувьд дутагдалтай" гэх шалтгаанаар маргалдан нүүр рүү нь гараараа нэг удаа, толгой руу нь ганжин модоор нэг удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Р.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С овогт Б-н Э-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР