Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 186

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн О овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2010002990227 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, О  овгийн Б-ын Б /РД:                  /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсан Хилл” цогцолборын “Неон” бааранд иргэн А.Бын нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд “...2019 оны 12 дугаар сарын 28-ны шөнө би ажлынхаа хүмүүстэй “Нион” бааранд үйлчлүүлж байгаад шөнө 02:00 цагийн үед баарнаас гарахаар болоод хувцасаа авах гээд өлгүүр дээр зогсож байсан чинь манай байгууллагын ажлын ах болох н.Тулгабат үл таних хүнтэй маргалдаад байж байхаар нь дундуур нь орж салгах зорилготой очоод “юу болоод байна” гээд асуусан чинь үл таних залуу надруу “чи хэн юм” гээд надруу дайраад миний хамар руу цохиод би тэр үед газар унасан...гэх мэдүүлэг /хх-н 23-25х/,

Гэрч С.Энхзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шөнө Б гэх залуу А.Бын нүүр рүү нэг удаа цохиход Б хойшоогоо унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39х/,

Гэрч Э.Ариунбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө надтай хамт ажилладаг А.Б С.Энхзул хоёр хоорондоо юм яриад зогсож байхад бор шарган өнгийн хүрэм өмссөн залуу бужигнаж байсан хүмүүс дундаас гарч ирээд ямар нэгэн үг хэлэхгүйгээр А.Бын нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-36х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 919 дугаартай “...А.Бын биед хамрын нуруу, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 40-42х/,

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, дахин ийм үйлдэл гаргахгүй. Би прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсан Хилл” цогцолборын “Неон” бааранд иргэн А.Бын нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч А.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О овгийн Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР