Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 185

 

П.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05700 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Хишигсүрэн,

Хариуцагч “Төмөрт транс” ХХК-д холбогдох,

 

117 690 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны барилгын захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Нэргүйн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батбүрэн, П.Одонтунгалаг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа,

Хариуцагч өмгөөлөгч Ц.Цэрэнжээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч П.Батбүрэн, П.Одонтунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г “Төмөрт транс” ХХК-тай байгуулж, “Тохилог өргөө” хотхоны төслөөр баригдах Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байршилтай шинээр ашиглалтад орох орон сууцны 10 давхарын 76 тоот, 56.7 м.кв, 7 давхарын 54 тоот 39.2 м.кв, нийт 95.9 м.кв талбайтай сууцуудыг захиалан бариулж, 1 м.кв нь 1 100 000  төгрөгийн  үнийн дүнгээр тооцож 56.7 м.кв 3 өрөө орон сууцыг 62 370 000 төгрөгөөр 39.2 м.кв 1 өрөө орон сууцыг 43 120 000 төгрөгөөр, 20 000 000 төгрөгийн 2 зогсоол болох F доод гараашийг 40 000 000 төгрөгөөр, нийт 145 490 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч тал болох “Төмөрт транс” ХХК нь бидэнд орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтааж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

Миний бие уг гэрээгээр тохиролцсон төлбөр болох 145 490 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  100 хувь төлөх нөхцөлийг хангаж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Төмөрт транс” ХХК нь орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ зөрчин хугацаа хэтрүүлж гэрээнд заасан Монгол Улсын хууль тогтоомж, стандартад нийцсэн барилгыг барьж байгуулах, захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд одоо гэрээнд заагдсан орон сууц, гараашийг өгөхгүй татгалзсан. Иймд “Төмөрт транс” ХХК-ийг үүргээ биелүүлж орон сууц, гарааш өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй тул мөнгөө буцааж өгөхийг шаардахад 27 800 000 төгрөг буцаан өгч 117 690 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд “Төмөрт транс” ХХК-иас орон сууц хүлээлгэн өгөх хугацааг 30-аас дээш хоногоор хэтрүүлэн гэрээнд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 117 690 000 төгрөгийг гаргуулж П.Хишигсүрэн надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч Ч.Нэргүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төмөрт транс” ХХК нь П.Хишигсүрэнтэй 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулаагүй. Шүүхэд гаргаж өгсөн гэрээ нь П.Хишигсүрэн, Ван Су нар манай компаниас мөнгө авахын тулд хийсэн хуурамч гэрээ байна. П.Хишигсүрэн Ван Суд зээлүүлсэн мөнгөө авахын тулд манай компанид удаа дараа ирж, хэл ам хийж байхдаа энэхүү гэрээ болон кассын баримтыг хуурамчаар үйлджээ.

Уг гэрээнд компанийн ерөнхий захирал Ч.Нэргүй гарын үсэг зураагүй бөгөөд харин түүний нэр бүхий дардсыг ашиглажээ. Иймд манай компани болон П.Хишигсүрэн нарын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас гэрээнээс татгалзах тухай асуудал яригдах үндэслэлгүй юм. П.Хишигсүрэн нь орон сууц захиалж байгаагүй юм. Нэхэмжлэлд бичигдсэн байрны 10 давхарын 76 тоот 56.7 мкв 3 өрөө орон сууц болон 7 давхарын 54 тоот 39.2 мкв 1 өрөө орон сууцыг өөр иргэд эзэмшиж байгаа. Мөн манай компанийн зүгээс П.Хишигсүрэнд нэхэмжлэлд дурдсан 27 800 000 төгрөгийг өгч байгаагүй болно.

Нэхэмжлэгч П.Хишигсүрэн нэхэмжлэлдээ гэрээгээр тохиролцсон төлбөр болох 145 490 000 төгрөгийг “Төмөрт транс” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн гэх боловч бодит байдалд уг мөнгийг манай компани огт хүлээж аваагүй юм. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуурамч гэрээний дагуу мөн өдөр кассын орлогын ордер буюу бэлэн мөнгөний баримтыг үйлдсэн байна. Гэвч уг баримт нь манай компани мөнгийг орлогод хүлээн авсан гэх нотолгоо болж чадахгүй байгаа юм. Энэ нь тухайн өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн манай компанийн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдэл болон касс, бэлэн мөнгөний тайланд орлогоор тусгагдаагүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч Ч.Нэргүй, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Төмөрт транс” ХХК нь 2014 оны 06 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг  дэвсгэрт 12 давхар орон сууцны барилгын барилга угсралтын ажлыг “Дэнхэрвэ-Уул” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцсон юм. Барилгын төсөвт өртгийг нийт 1 680 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар “Төмөрт транс” ХХК-иас нийт 1 400 000 000 төгрөгийг “Дэнхэрвэ-Уул” ХХК-ийн менежер Хятад улсын иргэн  Жанг И Чуан-д төлсөн боловч ажлыг дуусгалгүй хаяж явсан юм.

Ерөнхий гүйцэтгэгч Хятад улсын иргэн Жанг И Чуан нь дээрх барилга угсралтын ажлыг дан гүйцэтгэгч Хятад улсын иргэн Ван Су болон бусад Монгол Улсын иргэдийг ажиллуулж гүйцэтгүүлсэн байх боловч ерөнхий гүйцэтгэгч Жанг И Чуан нь “Төмөрт транс” ХХК-иас өгсөн ажлын хөлсний мөнгөнөөс туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан Ван Су болон бусад Монгол иргэдэд ажлын хөлсийг нь өгөөгүй байна. Жанг И Чуан-ы туслан гүйцэтгэгч Ван Су нь манай компанид ирж дараа ажлын хөлсөө нэхэмжилж байсан бөгөөд бид ажлын хөлсийг нь ерөнхий гүйцэтгэгч Жанг И Чуан-д бүрэн төлсөн тул Ван Су-д тайлбарлаж хэлж байсан.

Харин манай компанийн ажилтнуудын нүдэн дээр хийж гүйцэтгэсэн зарим нэг ажлын хөлсийг түүний хүсэлт, гуйлт, ажилчдын амьдралын байдлыг бодон өгөхөд хүрсэн. Манай компани болон Ван Су нарын хооронд одоо ямар нэг өглөг авлагын тооцоо байхгүй. Гэтэл Ван Су нь ерөнхий гүйцэтгэгч Жанг И Чуан-аас мөнгө авч чадахгүй болохоор 2014 оны 10 дугаар сард П.Хишигсүрэн гэгчийг дагуулан манай компанид ирж маркетингийн менежер Д.Янжмаад ерөнхий захирал Ч.Нэргүйн дардас бүхий гэрээг үзүүлэн “захирал чинь зөвшөөрсөн” гэж хэлэн орон сууц барилга захиалгын гэрээнд гарын үсэг зуруулж хуурамч гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч П.Хишигсүрэн нь уг “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” болон 145 490 000 төгрөгийг “Төмөрт транс’’ ХХК-д төлсөн гэх кассын орлогын ордерын баримтыг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гэрээ, кассын орлогын баримт нь хууль бус буюу хуурамч баримтууд юм. Учир нь, “Төмөрт транс” ХХК нь П.Хишигсүрэнтэй 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ’’-г эрх бүхий албан тушаалтнууд байгуулаагүй. Шүүхэд гаргаж өгсөн тус гэрээ, бусад  баримтуудыг П.Хишигсүрэн Ван Су нар манай компаниас мөнгө авахын тулд хуурамчаар  үйлдсэн байна.

П.Хишигсүрэн, Ван Су-д зээлүүлсэн мөнгөө авахын тулд манай компанид удаа дараа ирж, хэл ам хийж байхдаа энэхүү гэрээ болон кассын баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байна. Мөн манай компанийн зүгээс П.Хишигсүрэнгийн нэхэмжлэлд дурдсан 27 800 000 төгрөгийг өгч байгаагүй. П.Хишигсүрэнгээс мөнгө авч өгч байсан тохиолдол байхгүй юм. Нэхэмжлэгч П.Хишигсүрэн нэхэмжлэлдээ гэрээгээр тохиролцсон төлбөр болох 145 490 000 төгрөгийг “Төмөрт транс” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн гэх боловч бодит байдал дээр уг мөнгийг манай компани огт хүлээж аваагүй.

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуурамч гэрээний дагуу мөн өдөр кассын орлогын буюу бэлэн мөнгөний баримтыг үйлдсэн байна. Энэ нь тухайн өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн манай компанийн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдэл касс, бэлэн мөнгөний тайланд орлогоор тусгагдаагүй, П.Хишигсүрэнд 27 800 000 төгрөг өгөөгүй зэргээр нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч П.Батбүрэн, П.Одонтунгалаг нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрчээс компанийг төлөөлж гэрээ байгуулж, захирал гарын үсгээ зурдаг гэж мэдүүлсэн. Хэрвээ энэ гэрээнд дардас дарсан гэж  хүчин төгөлдөр бус гэж байгаа бол “Төмөрт транс” ХХК-ийн 99 айлтай байгуулсан орон сууц, барилга захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ бүгд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй худалдсан байна. Гэрээ  байгуулсан Д.Янжмаа “мөнгөө Ван Су-д өг” гэж хэлээд Ван Су нь “би П.Хишигсүрэнгээс мөнгө авсан” гэж мэдүүлж байна. П.Хишигсүрэн мөнгөө өгөөгүй байсан бол “Төмөрт транс” ХХК-тай хэрүүл хийж явахгүй байсан.

Талуудын хооронд эрх үүрэг үүсээгүй гэж байна. Харин эрх, үүрэг үүссэн тул “Төмөрт транс” ХХК орлогын ордер бичиж өгсөн учраас П.Хишигсүрэн 7 том боодол 20 000 төгрөг Ван Су-д өгсөн. Хэрвээ “Төмөрт транс” ХХК орлогын ордер бичиж өгөөгүй байсан бол П.Хишигсүрэн Баянгол дүүргийн 20 хороонд ирж өөрийн мөнгөө Ван Су-д өгөхгүй байсан. “Төмөрт транс” ХХК гэрээ байгуулсан учраас П.Хишигсүрэн гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагчийн өмгөөлөгч Ван Су-аас П.Хишигсүрэн байр авсан мэтээр тайлбарлаж байна. “Төмөрт транс” ХХК-ийн хийсэн ажлын оронд байр өгнө гээд Ван Су нь байр худалдан авах хүн олж ирсэн. Энэ гэрээг хууль зөрчсөн гэж тайлбарлах нь үндэслэлгүй.

Хэн нь үнэн яриад байгааг шүүх дотоод итгэл, үнэмшлээрээ тогтоох байх. Хариуцагч тал нэхэмжлэгчийг хохироож байна. Ч.Нэргүй захирал П.Хишигсүрэн, Ван Су хоёрын хооронд мөнгөний хэрүүл хийдэг байсан гэж хэлсэн. П.Хишигсүрэн нь “Төмөрт транс” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу мөнгөө Ван Су-аас нэхэмжилж, “Төмөр Транс” ХХК-ийн захирлын өрөөнд ордог байсан. Түүнээс биш П.Хишигсүрэнд  Ч.Нэргүй захирлын өрөөнд орж хэрүүл хийх шалтаг, шалтгаан байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Төмөрт транс” ХХК-иас 117 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Хишигсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 490 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,  56.1.2-т заасан үндэслэлгүй байх тул 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр П.Хишигсүрэн, “Төмөрт транс” ХХК-ийн хооронд байгуулсан “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагч “Төмөрт транс” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Хишигсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 746 400 төгрөг, хариуцагч “Төмөрт транс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885 400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Төмөрт транс” ХХК-иас 743 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Хишигсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлт нь бодит байдлаас илт зөрүүтэй болжээ. “Төмөрт транс” ХХК П.Хишигсүрэн нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэх “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” нь Ван Су, Жан И Чуан болон П.Хишигсүрэн нар “Төмөрт транс”ХХК-ийн захирал Ч.Нэргүйг ажил дээрээ байхгүй байхад нь түүний нэрийг барьж өөрсдийн бэлтгэсэн гэрээнд менежер Д.Янжмаагаар гарын үсэг зуруулж, бичиг хэрэг дээр Ч.Нэргүйгийн гарын үсгийн дардасыг даруулж, улмаар касс дээр очиж мөнгө хүлээж өгч, авалцсан гэх баримтыг хуурамчаар үйлдсэн нь гэрч Д.Янжмаа, Т.Оюунчимэг, Ван Су, нэхэмжлэгч П.Хишигсүрэн нарын мэдүүлгээр нотлогдсон.

“Төмөрт транс” ХХК нь П.Хишигсүрэнд орон сууц өгөх үүргийг хүлээгээгүй. Мөн П.Хишигсүрэн нь 145 490 000 төгрөгийг “Төмөрт транс” ХХК-д өгөөгүй нь нотлох баримтуудаар нотлогдсон. П.Хишигсүрэн шүүх хуралдаанд Ван Су-тай зах дээр танилцаад мөнгө зээлдүүлсэн тухайгаа мэдүүлсэн. Анхан шатны шүүх “Төмөрт транс” ХХК-ийн захирлыг байхгүй үеэр нэрийг нь ашиглаж нэр бүхий хүмүүсээр өөрсдийн бэлтгэж авчирсан гэрээнд гарын үсэг зуруулж, кассын орлогын баримтыг хуурамчаар үйлдүүлсэн нь нотлогдож байхад дүгнэлт хийлгүй, хуурамчаар үйлдэгдсэн баримтуудыг үндэслэн шийдвэр гаргалаа.

Шүүх хариуцагчийн заасан этгээдэд мөнгө өгсөн мэтээр илэрхий худал дүгнэлт хийжээ. “Төмөрт транс” ХХК-ийн ямар нэгэн албан тушаалтан П.Хишигсүрэнг Ван Су-д мөнгө өг гэж ярьсан, хэлсэн явдал байхгүй нь анхан шатны шүүх хурлын тэмдэглэлээс тодорхой харагдана. Ван Су, Хишигсүрэн нар харилцан мөнгө зээлж, өгч байсан тухайгаа өөрсдөө мэдүүлдсэн. “Төмөрт транс” ХХК нь Ван Су-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй, өглөг авлагын тооцоо байхгүй. Барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Дэнхэрвэ Уул” ХХК буюу Жанг И Чуа-д гүйцэтгэсэн ажлын хөлсийг илүү төлсөн нь нотлох баримтуудаар нотлогдсон. “Төмөрт транс” ХХК-д П.Хишигсүрэн нь Жан И Чуан болон Ван Су нар хуйвалдан өөрсдийн бэлтгэж ирсэн гэрээнд Д.Янжмаагаар гарын үсэг зуруулж, кассын орлогын баримтыг хуурамчаар хийж, захирал Ч.Нэргүйгийн гарын үсгийн дардсыг даруулсан нь нотлогдсон. “Төмөрт транс” ХХК-д П.Хишигсүрэн ямар нэгэн мөнгө өгөөгүй.
Түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан хууль буюу гэрээнд заасны дагуу талуудын хооронд гэрээнээс татгалзсантай холбоотой ямар нэг үйл явдал болж байгаагүй. “Төмөрт транс” ХХК нь П.Хишигсүрэнтэй Барилга захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг хуулийн дагуу байгуулаагүй, гэрээнээс татгалзах тухай яриа байхгүй юм. Шүүх хуралд П.Хишигсүрэн гэрээнээс татгалзсантай холбоотой ямар нэг баримт гаргаагүй нь түүний нотолгоо юм. Мөн “Төмөрт транс” ХХК-иас 27 800 000 төгрөгийг буцааж авсан гэж ярьж, бичдэг нь худлаа гэдэг нь шүүх хуралд тогтоогдоход тэрхүү мөнгийг Ван Су-гаас авсан болгож хэлдэг. Энэ бүхэн П.Хишигсүрэн, Ван Су нарын хуурамчаар үйлдсэн гэрээ, кассын орлогын баримтуудыг ашиглан “Төмөрт транс” ХХК-иас мөнгө авах арга гэдгийг нотлоно.

Гэрээг “Төмөрт транс” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий албан тушаалтан захирал Ч.Нэргүй байгуулаагүй. Харин түүний нэрийг барьж Д.Янжмаагаар гэрээнд гарын үсэг зуруулж, кассын баримтаар хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу Д.Янжмаад итгэмжлэлээр бүрэн эрх олгогдоогүй, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар Ч.Нэргүй нь “Төмөрт транс” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ байгуулах ганцхан албан тушаалтан юм. “Төмөрт транс” ХХК-д П.Хишигсүрэн ямар нэгэн мөнгө өгөөгүй атлаа өгсөн
болгож баримт үйлдсэн. Компани П.Хишигсүрэнгээс мөнгө аваагүй нь кассын
тайлан, тухайн өдрийн бэлэн мөнгөний орлого, зарлага, үлдэгдэл тайлан,
П.Хишигсүрэн, гэрч Д.Янжмаа, Т.Оюунчимэг нарын мэдүүлгээр тогтоогдсон.

“Төмөрт транс” ХХК нь П.Хишигсүрэнгийн өмнө орон сууц бэлтгэж өгөх үүргийг
хүлээгээгүй. Гэрээнд бичигдсэн үүргийг “Төмөрт транс” ХХК болон П.Хишигсүрэн нар харилцан хүлээгээгүй. Энэ бүхэн анхан шатны шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Ийнхүү Иргэний хууль болон Компанийн тухай хууль, дүрмийн заалтууд болон орон сууц худалдах үүрэг хүлээгээгүй.

“Төмөрт транс” ХХК-д П.Хишигсүрэн мөнгө өгч, авч байгаагүй зэргээс үзэхэд талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаагүй байгаа юм. Ийм учраас шүүхэд хандаж энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгөх сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнгүй.

“Төмөрт транс” ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  байгуулагдсан “Орон сууцны барилга захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч П.Хишигсүрэн “Төмөрт транс” ХХК-д холбогдуулан  117 690 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “П.Хишигсүрэнтэй тус компани орон сууц, зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, 145 490 000 төгрөгийг компани аваагүй” гэж марган, “2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр П.Хишигсүрэн, “Төмөрт транс” ХХК-ийн хооронд байгуулсан “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч П.Хишигсүрэнтэй 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-нд “Төмөрт транс” ХХК-ийн борлуулалт хариуцсан ажилтан Б.Янжмаа гарын үсэг зурж, Ерөнхий захирал Ч.Нэргүйн гарын үсгийн дардсаар баталгаажуулсныг орон сууц захиалагчтай тогтсон ёс заншлын хүрээнд, стандарт нөхцөлөөр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасанд нийцсэн байна.

            Нэхэмжлэгч П.Хишигсүрэн нь дээрх гэрээнд заасан 145 490 000 төгрөгийг “Төмөрт транс” ХХК-д төлсөн тухай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орлогын баримтыг шүүхэд гаргасан боловч компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр уг төлбөрийг барилгын ажил гүйцэтгэгч Хятад улсын иргэн Ван Су-д өгсөн гэжээ. Гэвч “Төмөрт транс” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий ямар албан тушаалтай хэн 145 490 000 төгрөгийг Ван Су-д өгөхийг зөвшөөрсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн ийнхүү үүргийн гүйцэтгэлийг өөр этгээдэд өгөх болсон үндэслэлээ Хятад улсын иргэн Ван Су нь “Төмөрт транс” ХХК-иас барилгын ажил гүйцэтгэсний ажлын хөлсөнд орон сууц, зогсоолыг авсан, түүнд мөнгө нь хэрэгтэй байсан тул худалдах, худалдан авах гэрээгээр П.Хишигсүрэн би худалдан авч, мөнгийг түүнд өгсөн гэж тайлбарласан ч ямар ажлын гэрээгээр хэзээ гүйцэтгэсэн, хэдэн төгрөгийн ажлын хөлсийг Ван Су-д төлөх  үүрэг хариуцагч “Төмөр транс” ХХК-д үүссэнээс 145 490 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон, уг төлбөрийг орон сууц, зогсоолоор тооцож өгөхөөр тохиролцсон талаарх баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаагүй байв.

Хэргийн 2 дугаар хавтасны 30 дугаар талд авагдсан “Төлбөр тооцооны тухай” “Төмөрт транс” ХХК-иас “Дэнхэрвээ уул” ХХК-д хаягласан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/376 дугаар албан бичгийг нэхэмжлэгч төлбөр тооцоотой байсныг нотолно гэж тайлбарлах боловч Ван Су-д төлбөр тооцоотой гэсэн агуулгагүй байх тул нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн 27 800 000 төгрөгийг “Төмөрт транс” ХХК-иас буцаан авсан гэх баримт нь П.Хишигсүрэнд биш, “Дэнхэрвээ уул” ХХК болон Ван Су-д гэж бичигдсэн тул нэхэмжлэгчийн хариуцагч мөнгө авсан тул буцаан шаардахад 27 800 000 төгрөгийг өгсөн гэх тайлбар үнэн зөв, эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна./хх2-31-32/

Нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн тохиолдолд шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон үнэн зөв, эргэлзээгүй баримтыг гаргаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч буюу захиалагч нь гэрээний 3.1 дэх заалтаар харилцан тохиролцсон төлбөрийг гэрээний 3.4-д заасан ажил гүйцэтгэгчийн дансанд төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх, улмаар төлбөрийг 100% төлснөөр гэрээг хэрэгжүүлж эхлэхээр тохиролцсон гэрээний 3.2-т заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Улмаар гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, гэрээнээс таталзсантай холбоотойгоор хариуцагчаас 117 690 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгч буюу захиалагч П.Хишигсүрэнг гэрээний үүргээ биелүүлээгүй байхад ажил гүйцэтгэгчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг үүсэхгүй ба хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

            Дээрх үндэслэлээр  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд П.Хишигсүрэн, “Төмөрт транс” ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйгээс гадна үндсэн нэхэмжлэл хэрэгсэхгүй болж буй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05700 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч П.Хишигсүрэнгийн “Төмөрт транс” ХХК-иас 117 690 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Төмөрт транс” ХХК-ийн “2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр П.Хишигсүрэн, “Төмөрт транс” ХХК-ийн хооронд байгуулсан “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П.Хишигсүрэнгээс төлсөн 746 400 төгрөг, хариуцагч “Төмөрт транс” ХХК-аас төлсөн 885 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ