Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 42

 

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2017/0042

Төв аймаг

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Э.Өлзийсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

“Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Заамар сумын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5056760 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Ж.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгал, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Өлзийсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оноос Заамар сумын газрын даамлаар ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын алдаа зөрчил гаргаж байгаагүй, үр дүнгийн гэрээгээр байнга А, В дүгнэгдэж 2016 онд “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан. Заамар сум нь хүн ам олон, Ашигт малтмалын орд, нөхөн сэргээлтийн ажил ихтэй, олон харилцагч нартай боловч өөрийн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч ажилласан. Гэтэл Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн Б/11 тоот тушаалаар намайг гэнэт ажлаас халсан. Уг тушаалдаа намайг ажилдаа хариуцлагагүй хандсан, иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлсэн газруудыг давхцуулж олгосон, иргэдээс ирүүлсэн өргөдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй, чирэгдэл учруулсан, 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй, өгсөн үүрэг даалгаварыг удаа дараалан биелүүлээгүй, ажил тасалсан гэжээ. Би иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлсэн газрыг давхцуулаагүй, энэ талаар нэг ч иргэн, ААН өргөдөл гомдол ирүүлээгүй, шүүхээр ч давхцсан тухай маргаан шийдвэрлэгдээгүй, энэ нь мэдээллийн сангаас харагдана. ... 2016 оны Үр дүнгийн гэрээг Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан, 2017 он гараад дүгнүүлэхээр илтгэх хуудсаа авч ороход Засаг даргын Тамгын газрын дарга нь байж бай, энд үлдээчих гэсэн тул өөрт нь үлдээсэн, хамгийн сүүлд 3-р сард дахин гэрээгээ дүгнүүлж, 1 хувийг нь авья гэхэд хүлээж бай гээд бас өгөөгүй, энэ талаар мэдэх хүмүүс байгаа тул би буруугүй, хариуцсан албан тушаалтан нь өөрөө юм. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй удаа байхгүй, нэг удаа өвөлжөө, хаваржаа давхардсан айл байвал шийдээрэй гэсний дагуу Төмстэй багийн нутагт давхардсан 2 айлын өвөлжөөний газрыг 4-р сарын 20-аас 25-ны өдрийн хооронд аймгаас сумын бүх өвөлжөө, хаваржааны газрыг кадастржуулахаар компани ирэх ёстой байсан, түүгээр зургийн давхцлыг шийдэж зураг хийлгэхээр бэлтгэж байснаас өөр зүйл байхгүй. Ажил тасалж, дураараа явж байгаагүй, цагийн бүртгэлээс харагдана. Намайг 2017 оны 04 дүгээр сарын 07-ний орой Засаг даргын Тамгын газрын дарга дуудаж ажлаас халсан тушаал гарсан ирж ав гэсний дагуу авсан, ажлын хэсгийн дүгнэлт гарсан гэсэн боловч уг дүгнэлтийг нь авах гэхэд манай эрх зүйн ажилтан дээр байгаа гэсэн. Би эрх зүйн ажилтан Э.Цэвэлмаагаас намайг шалгаагүй байж ямар дүгнэлт гарсан юм бэ, би үзье гээд ороход арай бэлэн болоогүй байна гээд үзүүлээгүй, бүр та авах шаардлагагүй гэсэн. Иймд намайг ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.3, 4.2.5, 24.2, 25.1, 26.1, 27.4, 27.8, 29, 30, 32 дугаар зүйлийг зөрчиж тушаал гаргасан. Тушаалд заасан зөрчлийн талаар надад огт мэдэгдээгүй, тодруулаагүй, баримт материал гаргуулж аваагүй, ажлын хэсэг огт томилоогүй, шалгаагүй, ямар дүгнэлт хэн хэзээ гаргасныг мэдээгүй, яагаад удаа дараа гэсэн, Төрийн албан хаагчтай байгуулах үр дүнгийн гэрээг өөрөө дүгнэж муу ажилласан бол арга хэмжээ тооцож, сайн бол шагнаж урамшуулах тухай журмыг зөрчсөн зэргээр үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдож байна. Энэ бүгдийг шалгаж, үнэн зөвийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  А.Мөнх-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Өлзийсайхан нь 2005 онд анх ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажлаа зохих ёсоор гүйцэтгэгдэж байсан. 2016 онд газрын харилцааны тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэгээр шагнагдсан. Нутаг орны газрын харилцаатай холбоотой асуудал дээр мэргэшсэн ажилтан байсан. Гэтэл Заамар сумын Засаг даргын Тамгын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаал гарснаар Э.Өлзийсайханыг ажлаас нь халсан. Тушаалын нэг дэх хэсэгт Э.Өлзийсайханыг ажилдаа хариуцлагагүй хандсан. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй. Иргэдэд газар давхцуулж олгосон. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй. Ажлын цаг ашиглалт муу гэсэн зөрчил дутагдал гаргасан гэж үүрэгт ажлаас нь халсан. Тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг баримталсан. Иргэдэд газрыг давхцуулж олгосон зөрчил гаргасан. Энэ талаар иргэдээс өргөдөл, гомдол ирсэн гэдэг үндэслэлээр тушаал гаргасан боловч хэрхэн яаж зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй. Иргэдээс Э.Өлзийсайханы нэр дээр ирсэн өргөдөл, гомдол огт байхгүй. Энэ талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй. Газрыг олгох эрх нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.1-д зааснаар Засаг дарга шийдвэрлэдэг. Мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, чирэгдэл учруулсан гэж хэлсэн боловч ямар өргөдлийг ямар хугацаанд яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар ямар өргөдөл, гомдол ирсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ талаарх баримт байхгүй. Ажлаас халах тушаал гаргасны дараа ажлаас халах болсон шалтгаанаа нотлосон баримтуудыг цуглуулсан нь хавтас хэрэгт авагдсан. 2016 оны үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнүүлээгүй гэж тушаалд дурьдсан. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.3-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно. Төрийн албаны зөвлөлөөс 2012 онд 134 дүгээр тогтоолоор үр дүн мэргэжлийн түвшин үнэлэх журмыг баталсан. Энэ журмын 2.3-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь ТТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Үүнээс үзвэл хариуцагч тал өөрөө үр дүнгийн гэрээг дүгнэх ёстой байсан. Үр дүнгийн гэрээ дүгнэх эрх нь Тамгын газрын даргад өөрт нь байхад, нэхэмжлэгчийг заавал өөрөө үр дүнгээ дүгнүүлэх юм шиг ярьж тайлбарлаж болохгүй. 2016 онд ажилласан үр дүнгийн гэрээний урамшуулал нь 30 хувиар орсон. Энэ талаарх тушаал нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнээс үзэхэд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй гэж байгаа. Ийм зүйл бол огт байхгүй.  Нэг удаа өвөлжөө, хаваржааны газар давхцсан байна. Энэ талаар шийдвэрлэ гэж хэлсний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд кадастрын компани ирж өвөлжөө, хаваржааны газрын кадастрыг хийх ёстой байсан. Энэ үед дээрх хоёр иргэний өвөлжөө, хаваржааны газрын давхцлыг шийдвэрлэх талаар бэлтгэл ажлыг хийж байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байсан. Хариуцагч тал ажлаас халсан тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.6-д зааснаар сонсгох ажиллагааг огт хийгээгүй. Гэнэт дуудаж ажлаас халсан тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байдаг. Э.Өлзийсайханы ажлыг шалгасан гэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг огт танилцуулаагүй. Засаг даргын Тамгын газрын даргын А/02 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан байсан. Ажлын хэсгийн зорилго нь газрын даамал Э.Өлзийсайханы ажилд хяналт тавих байсан. Э.Өлзийсайханыг ажлаас халахын тулд ажлын хэсэг байгуулж, ажлыг шалгасан гэдэг нь тухайн ажлын хэсэгт байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэргээс тогтоогддог. Ажлын хэсэг нь 2014, 2015 оны ажлыг хүртэл шалгасан гэж байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчсөн. Төрийн албан хаагчийн баталгааг хангаагүй тушаал болсон гэж үзэж байна. Хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзэхэд зохих журмын дагуу тушаалаа гаргаагүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Ажлаас халах талаар мэдэгдээгүй. Тайлбар гаргах боломжийг хангаагүй. Ажлаас халах хэмжээний зөрчил гаргаагүй гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн байр суурь үндэслэлтэй. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нэг хэлбэр нь ажлаас халах. Ажлаас халагдаж байгаа хүний хувьд энэ маш хүндээр тусаж байгаа. Энэхүү харилцааг хуулиар маш нарийн зохицуулж өгсөн. Ажлаас халагдах шалтгаан зөрчлийг заавал шалгаж тогтоосон байхыг шаарддаг. Жишээ нь гэмт хэрэг үйлдсэн хүн газар дээрээ баригдлаа гэхэд цагдаагийн газраас шууд ялыг нь өгдөггүй. Энэ хүний оролцоог хангадаг. Дараа нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол ял өгдөг. Ийм л зарчмын хүрээнд яаж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн юм бэ гэдгийг тогтоох шаардлагатай байсан. Гэтэл ажлаас халсан тушаал гаргачихаад, дараа нь ажлаас халсан тушаалаа батлах зорилгоор нотлох баримтыг бүрдүүлж байна. Нэхэмжлэгчийг ажлаас халахаас өмнө 2017 оны 03 сард иргэдээс ирсэн өргөдөл огт байдаггүй. 2017 оны 04 дүгээр сарын 03, 10-ны өдрүүдээс иргэдээс өргөдөл авсан байдаг. Газар яаж давхцуулан олгон юм бэ гэдэг талаарх баримт гаргуулъя гэж хүсэлт гаргасан боловч нотлох баримт гарч ирээгүй. Хариуцагч талаас иргэдийн өвөлжөөний газрыг давхцуулсан гэж тайлбарлаад байгаа. Газар давхцуулан олгосон гэж хэлж байгаа бол хаана ямар хэмжээний газрыг давхцуулж олгосон. Энэ талаар яаж тогтоосон юм бэ гэдэг нь тодорхойгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ тогтоогддоггүй. Ажлын цаг ашиглалт хангалтгүй гэдгийг тогтоосон баримт байдаггүй. Чөлөө, зөвшөөрөл аваагүй ажил удаа дараа тасалсан гэж хэлж байгаа боловч үүнийг тогтоосон зүйл байхгүй. Цалингаа бүрэн авсан байдаг. Иймээс ажил тасалсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Хамаатан садангийн хүндээ газар өмчлүүлж албан тушаалаа буруугаар ашигласан уу? Гэдэг нь өөр журмаар шалгаж тогтоох ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа журмыг баримталсан гэж харагдахгүй байна. Ямар нэгэн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу энэ хүний ажлыг шалгасан зүйл огт байхгүй. Нотлох баримт байхгүйгээр ажлаас халсан нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын Газрын дарга Ж.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар өөрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байсан, иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлсэн газрыг давхардалгүй олгосон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлсэн, ажил таслаагүй гэсэн байгаа ч газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан гомдол одоо ч гэсэн гарсаар байна. Тухайлбал: иргэн Ц.Эрдэнэбаярт сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 165 тоот захирамжаар 52 га талбайг тариалангийн зориулалтаар олгосон ч тухайн иргэн нь өнөөдрийг хүртэл мэдээгүй байна. 2016 оны 08 дугаар сард сумын төвийн 4-р хэсгийн урд талд 2500 м2 талбайн дуудлага худалдааг зохион байгуулахдаа Газрын дуудлага худалдааг зохион байгуулах журмын 2.1.3-д нээлттэй, ил тод байх, 2.1.4-д тэгш, шударга оролцоог хангах гэсэн зарчмыг зөрчин тухайн газарт блок үйлдвэрлэх чиглэлээр хүсэлт ирүүлсэн иргэн П.Адарсүрэнг туслах ажилтан Б.Базархандын хамт оролцуулан дуудлага худалдаа явуулсны улмаас тухайн дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй байсан иргэдийн дургүйцлийг хүргэн маргаан гаргаж байсан.  Иргэдийн өвөлжөөний газруудыг давхцуулан олгосон. Энэ байдлаас болж иргэд хооронд маргаан гарахад хүрсэн. Тосон багийн малчин Ч.Баянзул, М.Мягмардорж нарын өвөлжөө, Т.Доржпүрэв, Ё.Бямбацогт, А.Батаа, Ч.Очирсүх, Н.Отгонбаатар, А.Дашдаваа нарын өвөлжөө давхардсанаас маргаантай байгаа ч шийдвэрлэгдээгүй байна. Иргэдэд өмчлүүлсэн газрууд мөн давхардан олгогдсон.        Иргэн Доржсүрэнгийн нэр дээр 2016 онд "Баян Заамар" нэртэй бичил уурхайн зориулалтаар газар авч нөхөр Т.Болдбаатар нь жил гаруй ашигласан. Одоо төрсөн дүүгийнхээ эхнэр Х.Хажидын нэр дээр болгосон байгаа.  Үр дүнгийн гэрээг тухайн оны 01 дүгээр сарын 01 -нд байгуулан, 06 дугаар сарын 25, 12 дугаар сарын 25-нд дүгнүүлэн ажиллахаар гэрээнд тусгасан боловч хагас, бүтэн жилээр дүгнүүлээгүй. Эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй. Сумын Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн давхардуулж олгосон өвөлжөөний маргаан, гэрчилгээний асуудлыг шийдвэрлэх. сумын Төвийн хаягжуулалтын асуудлыг бэлтгэн ИТХ-аар хэлэлцүүлэх,  газар эзэмших, өмчлөх асуудалтай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шуурхай богино хугацаанд шийдвэрлэх гэсэн үүрэг даалгавруудыг өгсөн ч цаг хугацаанд нь гүйцэтгээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.8 дахь заалтыг зөрчсөн. Удирдлагын чөлөө, зөвшөөрөлгүйгээр удаа дараалан ажил тасалсан нь Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 4.1.7 дэх заалтыг зөрчсөн Э.Өлзийсайхан нь ажлаас халагдсан тушаалыг хүлээн авч танилцсан байтлаа ажлаа хүлээлгэж өгөх талаар удаа дараа шаардсаар байхад терийн ажлыг цалгардуулан 6 дугаар сарын 12-ны байдлаар ажлаа хүлээлгэн өгөөгүй байна. Энэ байдлаас шалтгаалж газартай холбоотой бүх асуудал зогссон, иргэн, аж ахуй нэгжид чирэгдэл учирсан, тайлан мэдээ тасарсан зэрэг хүндрэл учирч байна. Миний хувьд Э.Өлзийсайханыг ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйлээр ажлаас халаагүй. Газрын даамал Э.Өлзийсайханыг ажлаас халсан шалтгаан нь ард түмний захилга байсан. Миний хувьд хуулийн мэдлэг мөчид учраас ажлаас халсан тушаалдаа үндэслэлийн зүйлийг сайн зааж өгч чадаагүй байх. Газрын даамал Э.Өлзийсайхан нь Заамар суманд маш их хууль бус ажиллагаа явуулсан. Ажлаас хал гэдэг талаар олон хүн өргөдөл гомдол өгсөн. Энэ хурлын зааланд сууж байгаа хүний нэр дээр Э.Өлзийсайханы нөхөр нь жил гаруй хугацаанд бичил уурхай ажлуулж байсан. Энэ хүнд өөрт нь огт хэлээгүй байсан. Мөн хажууд нь байгаа хүний нэр дээр 6, 7 жилийн өмнө газар тариалангийн газар аваад өөр хүнд ашиглуудаг байсан. Миний хувьд тушаалаа буруу гаргаж, шүүх энэ талаар сайн судалж үзэх байх. Төрийн албан хаагч хүн ийм ёс зүйгүй авирлаж болохгүй. Э.Өлзийсайхан нь эргээд Заамар суманд ажиллах ямар ч боломж байхгүй. Э.Өлзийсайханы талаар би Авлигатай тэмцэх газарт хүртэл өргөдөл бичиж өгсөн байгаа. Миний хувьд Э.Өлзийсайхантай ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдэг талаар хэлсэн юм. Э.Өлзийсайхан нь өөрийн төрсөн дүүгийн насанд хүрээгүй 3 хүүхдэд хүртэл тус бүрд нь 0.5 га газрыг өмчлүүлсэн байдаг. Энэ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Гэтэл Заамар суманд насаараа амьдарч байсан хүн хүртэл газар аваагүй байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгал, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын даамал юу хийдэг вэ гэдэг чухал юм. Газрын даамал гэж хүн тухайн суманд газрын харилцааг зохицуулах ёстой. Ийм ч учраас иргэд газрын даамалд өргөдөл бичиж ханддаг. Тухайлбал иргэдэд газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн талаар хэд хэдэн өргөдөл байдаг. Жишээ нь иргэн Лхам, Амарзаяа нарын өргөдөл байгаа. Энэ өргөдлөөр юу харагддаг вэ гэхээр сумын газрын даамал гэдэг албан тушаалтан нь Засаг даргыг газар олгоход шаардлагатай бүхий л мэдээллийг бэлтгэж өгч, материалуудыг судалж, хянан шалгадаг чиг үүрэг бүхий хүн. Энэ талаар ажлын байрны тодорхойлолтод байдаг. Засаг дарга нь иргэнд газар эзэмшүүлэх, газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа газрын даамлын хянан шалгасан баримт бичгийг үндэслэн захирамж гаргадаг. Энэ үндсэн дээр надад газар өмчлүүлсэнгүй гэдэг өргөдөл нь Өлзийсайханд хандаж гаргаж байгаа юм. Иргэний гаргасан өргөдлийг Өлзийсайхан аваад, үүнийг Газрын тухай хууль болон бусад хуульд нийцсэн эсэх, өөр газартай давхцаж байгаа эсэхийг хянаад, дараачийн арга хэмжээ авагддаг. Энэ чиг үүргийг нь хуулиар зохицуулаад, ажлын байрны чиг үүрэгт оруулж өгсөн байгаа. Гэтэл иргэн Лхамын эзэмшиж байсан өвөлжөөний газрыг бусдад эзэмшүүлсэн. Гэтэл Өлзийсайхан нь өмнө энэ хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаагүй гэдэг үндэслэлээр өөр хүнд эзэмшүүлсэн байдаг. Лхамын эзэмших эрх нь түрүүлж үүссэн байхад давхцуулж газар эзэмшүүлсэн. Үнэхээр өвөлжөөний газар чиний өвөлжөө мөн үү биш үү? Хэдэн жил энэ газар өвөлжсөн бэ гэдгийг асууж тодруулж байж өөр хүнд эзэмшүүлэх ёстой байсан. Үүнийг шалгасангүй гэж иргэд гомдоод байгаа юм. Хариуцагч Тамгын дарга нь өнөөдөр Заамар сумын иргэдийн 30 хувь нь энэ хүнд гомдолтой байгаа гэж хэлж байна. Үүнээс энэ хүнийг ажлаас халах болсон шалтгаан иргэдийн захилга байжээ гэдэг нь харагдаж байна. Хэдийгээр ажлаас халсан тушаал гарсны дараагаар гомдлууд ирсэн боловч Өлзийсайхан гэдэг нь хүн энэ ажлын байранд тохирох юм уу? Үгүй юм уу? Сумын иргэдийг газрын талаарх мэдээллээр хангаж чадаж байгаа юмуу? Үгүй юм уу? Иргэдэд үнэхээр үйлчилж чадаж байгаа юмуу гэдгийг илэрхийлж байна. Ажлын цаг ашиглалтын талаар ярьж байна. Цалингаа бүрэн авсан байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Өнөөдөр сумын төв дээр ажлаа цаг ашиглаагүй гэж цалингаас нь хасах юм бол цалин авах хүн бараг олдохгүй. Ийм байдлаар сумын захиргааны ажилчид ажиллаж ирсэн. Хариуцагч Алтангэрэл нь ингэж хэлж байна. Бид нарын уужим сэтгэл, тайван амгалан байдал ийм нөхцөлд хүргэлээ гэж. Нотлох баримт нь хаана байна гэхээр сумын төвийн иргэд Өлзийсайхан миний газрыг авсан. Надаас тэдэн төгрөг авсан гэж хэлдэг. Тодорхой жишээ нь сумын төвийн төсвөөр баригдсан талхны цехийн доод талын газрыг өөр хүнд өмчлүүлэх шийдвэр гаргахад тусалж өгсөн байдаг. Дуудлага худалдаанд нэг компанийн хоёр хүн оролцуулаад газар өгсөн байдаг. Ийм тодорхой фактууд байгаа болохоор өнөөдөр нүдээ аниад өнгөрүүлж чадсангүй. Ажлаас халах тухай тушаал гаргасан. Тушаал гаргахдаа яарсан. Яарсан гэдгээ өнөөдөр хүртэл хэлж байгаа. Тушаал гаргахад тодорхой ажиллагаанууд хийгдэх ёстой байсан ч хийж чадаагүй. Гэхдээ ажлын хэсгийн хийх ёстой ажлыг Өлзийсайхан өөрөө хийлгээгүй. Ажлаас халчихлаа гээд хоёр сар ажлаа хүлээлгэж өгөөгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшиж байгаа хүмүүст газрыг нь өмчлүүлж гэж заасан байхад, хамаатангийнхаа насанд хүрээгүй гурван хүүхдэд газар өмчлүүлсэн. Гэтэл газар эзэмшдэг, Заамар суманд насаараа амьдарч байгаа хүмүүс газраа өмчилж чадаагүй байна. Яагаад гэвэл дээрх иргэд би газраа өмчилж авч болох юм байна гэдэг мэдээллийг аваагүй байгаа. Энэ нөхцөлд газрын даамал туслах ёстой. Ийм учраас сумын иргэд гомдоод гомдол гаргаад байгаа юм. Хэдийгээр цаг хугацааны хувьд яарч ажлаас халсан тушаал гаргасан боловч нутгийн иргэдийн захилга байсан. Ажлаас халсан тушаалыг үндэслэсэн хуулийн заалтууд нь их тодорхой байгаа. Энэ асуудлын хүрээнд гарсан зөрчлийг тогтоолгохоор Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл өгсөн. Энэ хүнийг ажлаас халсан талаарх маргаан шүүхээр шийдвэрлэгдээд өнгөрөх хэдий ч гаргасан зөрчил нь цаашид шалгагдаад явна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Заамар сумын газрын даамлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор 5056760 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ханган шийдвэрлэлээ.

Маргаан бүхий акт буюу Төв аймгийн Заамар сумын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Э.Өлзийсайханыг ажлаас халах тухай” Б/11 дүгээр тушаалаар[1] “Монгол улсын Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 11 дүгээр зүйлийн 11.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 16 дугаар зүйлийн 16.1, Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтуудыг удирдлага болгон 25 дугаар зүйлийн 25.1.1, байгууллагын дотоод журмын 4.1.6, 4.1.7, 4.1.8, 4.1.14 дэх заалт, ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн тушаах нь” гээд “Сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал Энхтөр овогтой Өлзийсайхан нь өөрийн ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн газрууд нь давхцалтай олгогдсон, иргэдээс ирүүлсэн өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй чирэгдэл учруулсан, төрийн албан хаагчийн ажлын гол үзүүлэлтийг илтгэх 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулсанч илтгэх хуудас, биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж дүгнүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ямар нэгэн чөлөө, зөвшөөрөлгүй удаа дараа ажил тасалсан зэрэг зөрчил дутагдал гаргасан тул 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халсугай” гэж үндэслэлүүдийг дурьдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “...иргэдэд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн газрыг давхцуулаагүй, ...надад цохож, хүлээлгэн өгсөн өргөдөл, гомдол байхгүй, ... үр дүнгийн гэрээг Тамгын газрын даргад өгсөнд дүгнэж өгөөгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй удаа байхгүй, ... ажил тасалж, дураараа явж байгаагүй, цагийн бүртгэлээс харагдана, ... 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Тамгын газрын дарга дуудаж, ажлаас халсан тушаал гарсан, ирж ав гэсний дагуу авсан. ...ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.3, 4.2.5, 24.2, 25.1, 26.1, 27.4, 27.8, 29, 30, 32 дугаар зүйлүүдийг зөрчсөн тушаал гаргахдаа тушаалд заасан зөрчлийн талаар огт мэдэгдээгүй, тодруулаагүй, баримт материал гаргуулж аваагүй, ажлын хэсэг шалгаагүй, ямар дүгнэлт хэн хэзээ гаргасныг мэдээгүй” гэж, хариуцагчаас “...Ц.Эрдэнэбаярт сумын Засаг даргын 2011 оны 165 тоот захирамжаар 52 га талбайг олгосон ч тухайн иргэн нь өнөөдрийг хүртэл мэдээгүй байна, ...дуудлага худалдааг зохион байгуулахдаа Газрын дуудлага худалдааг зохион байгуулах журмыг ... зөрчин дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй байсан иргэдийн дургүйцлийг хүргэн маргаан гаргаж байсан, ...иргэдэд өвөлжөөний газруудыг давхцуулан олгосон, ...иргэдэд өмчлүүлсэн газрууд мөн давхардан олгогдсон, ...иргэн Д.Доржсүрэнгийн нэр дээр 2016 онд “Баян Заамар” нэртэй бичил уурхайн зориулалтаар газар авч нөхөр Т.Болдбаатар нь жил гаруй ашигласан, ...үр дүнгийн гэрээг ... хагас бүтэн жилээр дүгнүүлээгүй, эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, удирдлагын чөлөө зөвшөөрөлгүйгээр удаа дараалан ажил тасалсан” гэж тус тус маргасан.

Энэхүү маргаанд холбогдох нотлох баримтаас үзвэл Төв аймгийн Заамар сумын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/02 дугаартай тушаалаар “Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97 тоот тушаал, сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн тушаах нь” гээд, тушаалын 1-д нь  “Тус сумын Газрын даамал Э.Өлзийсайханы ажил үүргийн гүйцэтгэлд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай...”, 2-т нь “ Хяналт шалгалтыг 2017 оны 4 дүгээр  сарын 05-06-ны хооронд хийж, ажлын хэсгийн дүгнэлт холбогдох баримт материалыг бүрдүүлэн танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч ...-д даалгасугай” гэж ажлын хэсэг байгуулан нэхэмжлэгчийн ажлыг шалгах үйл ажиллагаа явуулж, ажлын хэсгээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нь  “Ажлын хэсгийн дүгнэлт”[2]-г гаргасныг үндэслэн хариуцагчаас үүнийг маргаан бүхий актыг гаргасан гэжээ.

Актын үндэслэл болсон “Ажлын хэсгийн дүгнэлт”-ийг гаргахдаа нэхэмжлэгчийн ажлыг шалгасан талаар түүнд мэдэгдсэн эсэх талаар тодруулахад, тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн ажилтай гэрч Э.Энхтүвшингийн “...Утас нь холбогдохгүй байсан, би гэрт нь хүртэл очиход хүнгүй байсан” гэсэн мэдүүлэг[3], Санхүү албаны дарга ажилтай гэрч Ж.Гэрэлтуяагийн “...Ажлын хэсгийн дарга мэдэгдсэн үү гэхээс миний хувьд мэдэгдээгүй. Хурал дээр байлцуулах талаар яригдаагүй” гэсэн мэдүүлэг, улсын бүртгэгч ажилтай гэрч А.Батаа “Ажлын хэсгийн дарга мэдэгдсэн гэж байсан. Ах дүү нарт нь бас мэдэгдсэн гэж байсан” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хариуцагч Ж.Алтангэрэлийн гаргасан “Ажлаас халсан тушаал гаргахаас хоёр хоногийн өмнө хэлсэн. Э.Өлзийсайхан нь би ажлаа хүлээлгэж өглөө гэж хэлэхээр нь нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн. Гэтэл дэвтэрээ аваад ажлаа хүлээлгэж өгсөн зүйл байхгүй алга болсон, Би анхнаасаа Э.Өлзийсайханыг ажлаас хална гэж бодоогүй. За энэ нөхрийг хална гэж бодсон юм бол анхнаасаа бүх зүйлээ цэгцлээд явах байсан. Иймээс зөрчил гаргасан талаар баримт цуглуулаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах журам гэж байдаг. Тэр журамд ажлын хэсэг байгуулж шалгана гэж заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлж ажлын хэсэг байгуулсан. Ямар ч байсан энэ хүн ажилдаа тэнцэхгүй. Хурдан ажлаас нь халах ёстой юм байна гэж ойлгосон. Э.Өлзийсайханыг ажлаас халах болсон шалтгаан нь Заамар сумын ард иргэдийн захиалга байсан” гэсэн тайлбар зэргээр хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/02 дугаартай тушаалыг гаргах өдрөөсөө өмнө “Заамар сумын ард иргэдийн захиалга” гэж Э.Өлзийсайханыг ажлаас халах шийдвэрээ урьдчилсан гаргасан байсан байна гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчийн ажил байдалд шалгалт хийх үндэслэл болгосон Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97 тоот тушаалаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, журмаар тогтоосон нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй байна.

Улмаар тус акт нь шүүх хуралдаанд хариуцагч Ж.Алтангэрэлийн гаргасан “...нутгийн иргэдийн захиалга байсан учир, халах л хэрэгтэй гэж үзээд, нотлох баримт цуглуулалгүй, яаравчлан халах шийдвэр гаргасан” гэсэн тайлбар, дээрх шалгалтыг нэхэмжлэгчид мэдэгдэлгүй хоёр хоногт гаргасан дүгнэлтийг актын үндэслэл болгосон зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-т “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 25.1.4 –т “гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах”, 25.1.7-д “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах”, 25.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна” гээд, 27.4.2-т “саналыг бичгээр авах”,  27.4.7-д “бусад”,  27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус  заасанд нийцээгүй, нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн төрийн албанд ажиллах эрхийг  зөрчсөн хууль бус акт болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”,  25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгон дурьдсан боловч хариуцагчийн гаргасан акт нь хууль, журмын болон нэхэмжлэгчийн тухайн харилцаанд оролцох эрхийг нь зөрчиж гарсан хууль бус акт болох нь өмнөх дүгнэлтийн үйл баримтаар тогтоогдож байх учир нэхэмжлэлийн үндсэн шаардлагын бусад үндэслэл болон хариуцагчийн тайлбарт дурьдагдсан газар давхардуулан олгосон эсэх, иргэдийн өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулаагүй эсэх, үр дүнгийн гэрээг дүгнүүлсэн эсэх, ажил тасалсан эсэх зэрэг асуудлаар тухайлан дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагагүй болох тул тус асуудлуудад дүгнэлт өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэлийн “...ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор 5056760 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлагын тухайд үзвэл, Төрийн албаны тухай  хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан ба Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор 5056760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч талаас “Одоогоор нэхэмжилж буй мөнгөн дүнг зөв үү гэдэг талаар тайлбар хэлэх боломжгүй байна. Зохих журмын дагуу бодсон гэж үзэж байна” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлсний үнийн дүнд маргаангүй байх боловч хариуцагчийн баталсан тус сумын 2017 оны 1, 2, 3 дугаар сард гаргасан Засаг даргын тамгын газрын цалингийн тооцооны хүснэгтээс[4]  нэхэмжлэгчийн авч байсан цалингийн дундаж цалин хөлсийг нэг сард 585712 төгрөгийн дундаж цалин, ажлын нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс 28805 төгрөг гэж тооцож, маргаан бүхий акт гарч ажлаас халагдсанаас хойш  анхан шатны шүүхийн шийдвэр гарсан энэ өдрийг хүртэл 8 сар 10 хоногт нийт 4973746 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олдговорыг ажлаас буруу халсан гэх шалтгаанаар гаргуулан авах үндэслэлтэй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч” гэж нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах этгээдийг тодорхойлсон тул нэхэмжлэгч төрийн албан хаагчийн ажилгүй байсан хугацаанд төлдөгөөгүй шимтгэлийг нөхөн тооцож төлүүлэх үндэслэлтэй байна.

Дээрхээс үзвэл хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт нь хууль бус болох нь тогтоогдсон тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, энэхүү хууль бус актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрхийг сэргээхдээ нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт 4973746 төгрөгийн олговрыг олгож, түүнээс зохих шимтгэлийг нөхөн тооцож төлөх, энэ тухай холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.4, 106.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Э.Өлзийсайханы  Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр “Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Өлзийсайханыг Заамар сумын газрын даамлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  Э.Өлзийсайханы  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нийт 4973746 төгрөгийн олговрыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, энэ тухай эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Өлзийсайханд олгосугай.            

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 74 дэх тал,

[2] Хавтаст хэргийн 83 дахь тал

[3] Хавтаст хэргийн 152-155 дахь тасл

[4] Хавтаст хэргийн 159-161 дэх тал,