Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0383

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                     “Х.Э” ХХК-ийн гомдолтой

      захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л, хариуцагч Б.Б нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Х.Э” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Х.Э” ХХК-ийн гаргасан “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ “Х.Э” ХХК нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай шүүхийн шийдвэртэй танилцаад дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

“Х.Э” ХХК нь аялал жуулчлалын “Э” ХХК-тай байгуулсан захиалгат нислэгийн гэрээний дагуу манай компанийн JU-6601 дугаартай онгоц 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар болох Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Монгол Шарын даваа, Жошим нуур, Тэнгис шишгэдийн бэлчир зэрэг газруудад нислэг үйлдсэнтэй холбогдуулан гаргасан Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч Б.Б 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 0064073 дугаар бүхий 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх “Х.Э” ХХК болон “Э” ХХК нарын хооронд байгуулсан Си20/13 дугаар бүхий захиалгат нислэгийн гэрээний 4.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэсэн байна.

Гэтэл гэрээний энэ заалт буюу нислэгтэй холбоотой бүх төрлийн зөвшөөрөл гэдэгт нисэхийн авиа компанийн Иргэний нисэхийн ерөнхий газраас авдаг иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу  авдаг зөвшөөрлүүдийг ойлгодог.

Харин “Х.Э” ХХК болон “Э” ХХК нарын хооронд байгуулсан Си20/13 дугаар бүхий захиалгат нислэгийн гэрээнд дархан цаазат болон байгалийн цогцолбор газарт буулт хийхтэй холбоотой зөвшөөрлийг хэн авах талаар тусгайлан заагаагүй талаар манай компанийн хуульч анхааруулсантай холбогдуулан “Э” ХХК-ийн холбогдох удирдлагад эдгээр зөвшөөрлийг авсан байхыг шаардахад зөвшөөрсөн бөгөөд “Мөрөнд буухад араас зөвшөөрөл ирчихнэ” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл дархан цаазат болон байгалийн цогцолбор газарт буулт хийх зөвшөөрлийг “Э” ХХК авахаар харилцан тохиролцсон талаар 2 компанийн хүмүүс гэрчилнэ. Гэтэл улсын байцаагч нь хэрэг бүртгэлтийн хүрээнд энэ нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй.

Манай компанийн нисдэг тэрэгний үйлчилгээ нь зөвхөн захиалагчийн санал болгосон чиглэлд нислэгийн аюулгүй ажиллагааг ханган тээвэрлэлт гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зорчигчийн аяллын зорилго бусад санал нь захиалагчийн хүсэлт тулгуурлан хийгддэг аялал юм.

Тодруулбал энэхүү гэрээний дагуу өөрийн нислэгийг тохирсон нөхцөлөөр бүхэлд нь зарж байгаа бөгөөд захиалагч тал уг нислэгээр нисэх зорчигчдод суудлаа худалдан борлуулах аяллыг зохион байгуулах эрх нь хадгалагдах агуулга бүхий гэрээ юм.

Тиймээс ч уг нислэгт нисэх зорчигчдын нэрс гэрээнд тусгагдаагүй.

Тухайн Улаан тайгын Тусгай хамгаалалттай бүс нутагт нэвтрэн орохоор аялал зохион байгуулж байгаа компани нь ямар төрлийн тээврийн хэрэгсэл /нисдэг тэрэг, автомашин, мотоцикл, ердийн хөсөг/ ашиглаж байгаагаас үл хамааран холбогдох зөвшөөрлөө авах үүрэгтэй бөгөөд тусгай хамгаалалтын бүс нутагт нэвтрэх зөвшөөрөл авахдаа зорчиж буй иргэний овог, нэр, регистрийн дугаар бүхий мэдээллийг өгч холбогдох заавар анхааруулгыг бичсэн тасалбар бүхий зөвшөөрөл авдаг журамтай. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-т заасан “Тусгай хамгаалалтай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” зөрчлийг тээвэрлэгч болох “Х.Э” ХХК, аялал жуулчлал зохион байгуулагч “Э” ХХК-ийн аль хуулийн этгээд нь гаргасан болохыг зөрчлийн шалгасан эрх бүхий албан тушаалтнаас хуулийн дагуу шалгаж тогтоогоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.3-д заасан “шударга ёсны зарчим”-д нийцээгүй.

Манай компанийн хувьд шийтгэлийн хуудаст дурдсан “тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолбор газарт буулт хийх” зөвшөөрлийг авах үүрэг хүлээгээгүй тул зөрчлийн хэргийн холбогдогч байх ёсгүй гэж үзсээр ирсэн.

Анхан шатны шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “улсын байцаагчийг буруутгах боломжгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, гомдол гаргагчийн эрхийг зөрчөөгүй” зэргээр өнгөцхөн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулж, нэмэлт нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн шийдвэрийн Тогтоох хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг баримталсан нь ч буруу.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй бүхэлд нь болгож, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан манай компанийн гомдлыг хангаж шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ын үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

Шийтгэлийн хуудсаар “Х.Э” ХХК нь JU-6601 дугаартай, Ми-8 нисдэг тэргээр улсын тусгай хамгаалалттай газар болох Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Монгол Шарын даваа, Жошим нуур, Тэнгис шишгэдийн бэлчир зэрэг газруудад зөвшөөрөлгүй нам дор буулт хийсэн, нислэг үйлдсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагчаас нислэг үйлдсэнтэй холбогдуулж маргаагүй бөгөөд “... дархан цаазат болон байгалийн цогцолбор газарт буулт хийхтэй холбоотой зөвшөөрлийг хэн авах талаар тусгайлан заагаагүй, ... зөвшөөрлийг манай компани авах үүрэггүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь “Х.Э” ХХК болон “Э” ХХК нарын хооронд байгуулсан Си20/13 дугаартай “Захиалгат нислэгийн гэрээ”-ний 4.3-т “ “Тээвэрлэгч” нь энэхүү захиалгат нислэгийг үйлдэхтэй холбогдсон нислэгийн дамжин өнгөрөх болон бууж хөөрөх бүх төрлийн зөвшөөрөл, лиценз зэргийг авч зохицуулах үүргийг хүлээнэ” гэж тодорхой заасан.

Мөн Монгол Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, 18 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаас үзвэл аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэхийг хориглосон, өөрөөр хэлбэл байгалийн цогцолборт газар болон дархан цаазат газарт зөвхөн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр нислэг үйлдэн буулт хийхээр хуульчилсан байна.

Гомдол гаргагч дээрх хуулийн шаардлагыг биелүүлээгүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан фото зураг, гэрч, холбогдогч нарын мэдүүлгүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09/1063, тус яамны харьяа Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар албан бичгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч шийтгэл ногдуулсан нь холбогдох хуульд нийцсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 2.8-д тус тус зааснаар холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, бусад нотлох баримт цуглуулах тухай хүсэлт гаргах эрхийг хуулиар олгосон.

Гомдол гаргагчийн “... дархан цаазат болон байгалийн цогцолбор газарт буулт хийх зөвшөөрлийг “Э” ХХК авахаар харилцан тохиролцсон” талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэрээр дээр дурдсан эрхээ хэрэгжүүлж зөрчил шалган шийдвэрлэх болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх болон гаргуулахаар аливаа хүсэлт гаргаагүй атлаа зөрчлийг бүрэн нотлоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэсэн хуулийн ерөнхий заалтыг баримталсан нь уг маргаанд төдийлөн ач холбогдолгүй ч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “Х.Э” ХХК-д шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Долдугаар бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчилсан тул гомдол гаргагчийг шийтгэлээс чөлөөлж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                         Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН