Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 47

 

Б.О-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0027

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.С даргалж, шүүгч О.Б, Б.Д нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нарийн бичгийн дарга: А.Ц,
Хохирогчийн өмгөөлөгч: Т.М,
Ялтны өмгөөлөгч: Д.О нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.О-ын давж заалдах гомдлоор Б.Оюунбатад холбогдох эрүүгийн 201623010067 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Д-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Б.О. 
Б.О нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Э-ийн толгойн тус газар нь гараараа цохиж доод эрүүний далд хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор: Б.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунбатыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Оюунбат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажпыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунбатаас 428.500 төгрөг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 7-5 тоотод оршин суух Хардал овогт Галбадрахын Энхтүвшинд олгож, гэмт хэргийн улмаас хүлээсэн бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Оюунбатын иргэний баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож тус тус шийдвэрлэжээ.
Ялтан Б.О давж заалдах гомдолдоо: Б.О намайг согтуугаар 2016 оны 09 сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 сарын 10-нд шилжих шөнө Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Э-ийн толгойн тус газар гараараа нэг удаа цохиж доод эрүүний далд хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулаад байна.
Иймд эрхэм шүүгч та бүхэн хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Б.О-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг огт явуулалгүй түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудалтай хамтад нь шийдвэрлэж шийтгэх тогтоол гарган  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах”  заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 3-т зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА