Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/92

 

  2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр                            2020/ШЦТ/92                                   Зуунмод сум

                           

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Хохирогч М.Гансүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, 

Шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Д Ү-т холбогдох эрүүгийн 1934006280044 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х Д Ү, 1984 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багт мал аж ахуй эрхлэн оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЗ84101172 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ү  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Ү-н өгсөн: Би 2019 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед ах Болдбаатарынд очоод урд дэнжид байдаг гэрлүүгээ Хаважин маркийн улсын дугааргүй мотоциклтой явж байгаад Баянцагаан сумын зогсоол 5-р багийн урд дэнжид баруун зүгээс зүүн зүгрүү явж байтал урдаас зам хөндлөн настай эмэгтэй гэнэт гарч ирээд би мотоциклоо зүүн гар тийшээ дараад зогссон. Мотоциклоосоо буугаад настай эмэгтэй дээр очоод таны бие гайгүй юу гэж асуухад чичрээд юм ярьж чадахгүй байсан. Бид хоёр сууж тайвшраад эмээгээс хоёулаа цагдаа дуудахуу гэж асуухад яах юм бэ чамаас өөр хүүхэд байсан бол хаяад явчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд настай эмэгтэйг мотоциклын араар суулгаад гэрт нь хүргэж өгөөд эмч дуудаад тариа хийлгэсэн. Тэгээд гэрт хүргэж өгсөн. Тухайн үед гэрт нь нийт 3 том хүн 2 жоохон хүүхэд байсан.  2019 оны 3 дугаар сарын 02-ны шөнө цагдаад мэдэгдэх гэтэл цагдаа байхгүй байсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаа Баянмөнхөд хандаж намайг мотоциклтой явж байхад эмээ очиж унаад хөлөө гэмтээчихлээ гэж хэлсэн. Би Хаважин маркийн улаан өнгөтэй улсын дугааргүй мотоциклоо жолоодож явсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2019 оны өвөл авч байсан. 2017 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 10-20 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн 22 цаг болж байсан учраас харанхуй байсан. М.Гансүх гэх хүний хөл нь гэмтчихсэн байсан. Сумын сувилагч Алтансувд надад хэлэхдээ М.Гансүхийн даралт 200 гарчихсан тариа хийгээд гэрт нь орхичихсон байсан чинь гараад явчихсан байсан гэж хэлсэн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болохоор бид 2 бие биенээсээ цочиж М.Гансүх гэмтсэн гэж бодож байна. Би бол Гансүхийг мөргөөгүй, хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоогдсон цэг нь ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. М.Гансүх гуай бид хоёр адилхан нэг газрыг заасан. Уг анх мөргөлдсөн гэх цэг дээр ямар нэгэн зөрүү болон маргаан байхгүй. М.Гансүх нь манай аавын ангийн хүүхэд байгаа юм. Эмчилгээний зардалд 1 000 000 сая төгрөг, витамин авах 150 000, 100 000 төгрөг, томографын зураг авхуулахад 250 000 төгрөг, суултуур, таяг зэрэг авч өгсөн. Гансүх гуайн хүүхдүүд надаас 10 сая төгрөг нэхэмжилсэн. Уулзах гээд очхоор хэл амаа ололцдоггүй. Өөдөөс дайрч давшлаад, хутга хүртэл гаргаж байсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Гансүхийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Пүрвээгийн дэлгүүрт орох санаатай явж байтал нэг мотоцикл өөдөөс чиглээд явж байсан. Сайн гэгч нь харах гэтэл хүрч ирээд шууд мөргөчихсөн. Намайг уначихсан байхад ҮҮ  ирээд “Яанаа Гансүх гуай мөн үү. Та босож чадах уу гэж асуусан." тэгээд тэндээ 30 минут орчим байж байгаад Ү намайг мотоциклондоо мордуулаад нэг гараараа тэврээд гэр лүү хүргэж ирсэн. Гэр лүү ортол миний хоёр ач Анх-Учирал, Баяржавхлан нар байсан. Манай ач Баяржавхлан Ү-д хандаж “Та эмч дуудаач ээ" гэж хэлэхэд Ү гарч яваад эмч авчирсан. Тунгаа эмч хэлэхдээ хөл нь ийм аймаар хавантай хугарсан байх аймагт очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Тунгаа эмч сувилагч Алтансувдад эмчилгээ бичиж өгөөд яваад өгсөн. Тэгээд тэр өдрөө эмчилгээ хийлгэж хоночхоод өглөө 11 цагийн үед ҮҮ тэй хамт аймаг орж эмчид үзүүлсэн. Аймгийн эмч үзээд хугаралтай байна манайд үзэхгүй Гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд бичиг хийж өгсөн. Бид 16 цагийн үед ҮҮ тэй хамт хот орж гэмтэлд үзүүлсэн. Тухайн хэрэг болсны дараа миний баруун хацар, баруун гар зулгарсан, хөл маш ихээр өвдөж байсан. Гэмтлийн эмч үзээд яс нь хугарсан, өвдөгний бөндгөр нүд цөмрөөд цааш орсон хажуу талын яс цуурсан байна гээд эмчилгээ хийсэн. Тухайн өдөр би дэлгүүр орох гэж явж байсан. Би ямар өнгөтэй мотоцикл байсныг мэдэхгүй байна. Би мотоциклоос цочиж өөрөө унаагүй мөргүүлж унасан. Тухайн мотоциклыг Ү  жолоодож явсан. Тухайн үед цагдаа нар байхгүй байсан. Маргааш нь Ү  ирж эмээ хоёулаа тохироод асуудлаа шийдье гэж хэлсэн. Ү  хэлэхдээ эм тариа авч өгч байя харж хандана, таныг орхихгүй, нааш цааш явахдаа хэлж байгаарай би таныг үзүүлж харуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь миний хүүхдээс ялгаа юу байхав гээд цагдаад  хандаагүй. Надад нэг сая төгрөг өгсөн өөр мөнгө төгрөг өгөөгүй. Өдөр шөнөгүй хөлний яс янгинаж өвддөг даралт ихэсдэг болсон, өөр зүйл байхгүй. Би гомдолтой маш их гомдолтой байна. Миний хөл өвчтэй алхаад явж чадахгүй, даралт ихэсдэг. Миний дунд охин Б.Энхцэцэгийг хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаад бөгөөд намайг асарснаас болоод ажлаа хийж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны цалинг нь гаргуулж авмаар байна. Би байнга өвчин намдаах эм тариа хэрэглэж байгаа тул эмчилгээний мөнгө төгрөг гаргуулмаар байна. Эмч хэлэхдээ үе суулгах ямар ч боломжгүй, найдваргүй гэсэн гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэгийн өгсөн: Би ээж М.Гансүх болон 6 настай охин Анх-Учрал нарын хамт Төв аймгийн Баянцагаан суманд амьдардаг. Би Улаанбаатар хот руу ажлаар очсон байхад буюу 2019 оны 3 дугаар сарын 02-ны орой 19 цагаас 20 цагийн орчим над руу дүү Баяржавхлан утсаар ярьж “Аниа эмээг Ү  ах мотоциклоор дайрчхаад гэрт оруулж ирж үлдээгээд эмч дуудах гээд явчихлаа” гэж хэлсэн. Би сумын эмнэлгийн ахлах сувилагч Алтансувд руу утастаж болсон явдлыг хэлсэн чинь “эм тариа аваад танайх руу явж байна.” гэсэн. Тэгээд ээжийг манай эгч Цэцэгмаа, ах Цэгмид нар аваад Улаанбаатар хотод маргааш нь ирсэн. Бид нар хамт явж ээжийг “Лазер мед” эмнэлэгт үзүүлээд хөлний зургийг нь авуулсан. Хариу нь “зүүн талын өвдөгний тэнд 1,3 см цөмөрсөн хугаралтай, зөөлөн эдийн гэмтэлтэй, хаван хавдар ихтэй, хадуулах шаардлагатай” гэсэн бид нар ээжийн хөлийг тэнд нь хадуулаагүй, ээж өөрөө их дургуй байсан тул шууд Төв аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Маргааш нь үзээд эмч нарын зөвлөгөөн хийгээд хөгшин хүн өвдөгийг нь хадвал яс нь үүрэх магадлалтай, эргээд төлжих ойлголт байхгүй. Өөрөөр нь бороолуулах нь дээр байх, өөрсдөө шийд гэж хэлсэн учир бид нар ярилцаж байгаад өвдөгийг нь хадуулаагүй өнгөрсөн. Тэрнээс хойш ээж маань хэвтэрт байх болсон.Болсон хэргийн талаар тухайн үед цагдаад хэлье гэхэд Ү, эхнэр Энхчимэг нар нь “хэдүүлээ одоо цагдаа шүүх гээд яваад яахав, энэ хөгшний гэмтэл бэртэл нь тодорхой гарчихсан юм чинь цаашид бид хоёр эмчилгээний зардлыг төлөөд дээр нь чиний ээжийг асрах үеийн ажилгүй байсан цалинг өгнө” гэж тохирсон. Ү  руу би 3 сард утасдаж “авч ирсэн эм тариа нь дуусчихлаа, өдөр шөнөгүй ээж өвдөөд орилоод хэцүү байна яах вэ” гэхэд данс руу чинь эхний удаад нэг сая төгрөг явуулчихъя, эм тариагаа аваарай, 4 сард шохой авахуулах үед би очиж хамт яваад үзүүлж харуулна” гэж хэлсэн. Тэгээд миний данс руу сая төгрөг хийсэн. Тэгээд огт ирээгүй, дахиж ээжийн бие хааг асууж эргэж тойрдоггүй, утас руу залгаад утсаа авдаггүй. Тийм учраас бид нар цагдаад хандаж байна. Ү, эхнэр Энхчимэг нар цагдаа, шүүх гээд яахав, бид нар  зардал мөнгө, эмчилгээг нь өгнө гэж гуйсан. Мөн ээж Гансүх ч гэсэн “энэ хүүхдийн мууг үзээд яахав, адилхан үр хүүхэдтэй бид нар чинь шорон орон гэвэл яах юм бэ, намайг арай ингээд хаяхгүй байлгүй, эм тарианы мөнгө төгрөг өгөх байлгүй дээ” гээд цагдаагийн байгууллагад хандаагүй. 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 19:45 цагийн орчим болсон байх. Тэр үед миний утас руу ярьж хэл дуулгасан. Ээж маань өөрөө алхаад дэлгүүр явж байхад нь мотоциклоор дайрч хэвтэрт оруулсан. Хэд наслах байсан хүнийг ингээд хэвтэрт оруулсан гэдгийг бид мэдэхгүй байна. Ү т гомдолтой байгаа. Нэг л тоомсоргүй яваад байгаа. Настай хүн гээд дээрэлхэж байгаа юм уу гэмээр хандаж байна. Уг нь анх өөрсдөө ч гуйгаад, ээж маань ч гэсэн адилхан үр хүүхэдтэй гээд цагдаа гээгүй өдий болсон. Би хэд хоногийн өмнө Ү ын эхнэр Энхчимэгтэй таараад одоо ингээд өргөдөл өгсөн байгаа, та нар ямар бодолтой явна гэхэд “дээрээс хойш байнга залгаад ядаргаатай юм наадахаа өг л гэж бид нар хэлээ биз дээ гэсэн. Мөн 5 сард миний утас руу нэг эмэгтэй хүн утастаад “Би Ү ын эгч нь байна, та хэдийн энэ асуудал юу болоод байгаа юм, оролцохгүй бол болохгүй байна гэхээр нь би болсон зүйлийг анхнаас нь хэлсэн чинь тэр хүн “нэг ширхэг ч мөнгө та нарт өгөхгүй шүү, хүүхэд битгий дарамтлаад бай явдаг газраараа яв” гэж хэлсэн. Байнга өвчин намдаах эм ууж, лаа хийж байгаа. Шөнөдөө 2-3 удаа босгодог. Сүүлийн үед даралт нь ихсээд байгаа. Хөл нь гишгэж болохгүй, чадахгүй байгаа. Би дэлгүүрт худалдагч хийж сард 50 000-800 000 төгрөгийн цалин авдаг байсан. Ээжийг осолд орсон цагаас хойш би ажил хийж чадахгүй, орлого байхгүй болсон гэх мэдүүлэг / хх 28-31/,

 

Гэрч Б.Сэлэнгийн өгсөн: Манай ээж М.Гансүх нь одоо 70 настай, эгч Энхцэцэгийн хамт Төв аймгийн Баянцагаан суманд амьдардаг. 2019 оны 3 дугаар сарын 02-ны орой манай эгч Цэцэгмаа над руу утсаар ярьж ээж мотоциклд дайруулчихлаа, хөл нь хугарсан байх, ёолоод байна гэсэн. Маргааш өдөр нь ээжийг Төв аймагт эмнэлэгт үзүүлээд хот руу зураг авхуулахаар эгч Энхцэцэг, ах Цэгмид, Ү ын эхнэр Энхчимэг нар Улаанбаатар хотод ирсэн. Ээжийн хөлний зургийг “Лазер мед” эмнэлэгт авхуулсан. Хариу нь “өвдөгний тэнд цөмөрсөн хугаралтай, хадуулах шаардлагатай” гэсэн. Бид нар Төв аймгийн эмч нараас  асуухад “хөгшин хүн өвдөгийг нь хадвал яс нь үүрэх магадлалтай, бороолуулах нь дээр байх, өөрсдөө шийд” гэж хэлсэн учир бид нар ярилцаж байгаад өвдөгийг нь хадуулаагүй. Ослын талаар Ү “цагдаа сэргийлэхээр яваад яахав дээ тохиролцоод эмчилгээний зардал, нааш цааш явах зардлыг өгнө, үзүүлж харуулж  байя" гээд анх цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн байсан. Одоо болтол Ү  ээжийн биеийг асуудаггүй, эргэж тойрдоггүй, эмчилгээний зардал гэж нэг сая төгрөг өгөөд өөр зардал мөнгө гаргаж өгөөгүй. Миний ээж босоод явдаг байсан. Тухайн үед дэлгүүр орох гэж яваад мотоциклд мөргүүлж гэмтсэн. Тэрнээс хойш хэвтэрт байгаа. Ээжтэй хамт амьдардаг эгч Энхцэцэг одоо ээжийг хараад ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. Өрхийн орлого олдог хүн нь ээжийн байнгын асаргаатай байдлаас болж өнгөрсөн 3 сараас хойш ажил хийж чадахгүй байгаа. Ээж минь хааяа утсаар ярихаараа уйлдаг болсон. Ү-г ирэхээ байсан гээд гомддог болсон. Миний хувьд өдөр тутам хамт байдаггүй болохоор гарч байгаа зардлыг мэдэхгүй байна. Миний эгч Энхцэцэг байнга байдаг, энэ талаар мэдэж байгаа байх. Ү-г нэг нутаг усны хүмүүс учраас заавал ял шийтгэл эдлүүлэх зорилго алга. Настай хүн хэвтэрт орчихсон байхад биеийг нь асуудаггүй, цаашид хэчнээн хугацаанд ээж хэвтэрт байхыг мэдэхгүй. Цаашид хэчнээн хугацаанд ээж хэвтэрт байж асаргаа сувилгаа шаардах, ганц ажил хийж байсан эгч Энхцэцэг ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Ийм байхад Ү  хэл сураггүй байгаад гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 35-36/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Баяржавхлангын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянцагаан суман дээр Энхцэцэг эгчийн хүүхдийг хараад гэрт нь цамцаа индүүдээд байж байтал орой 20 цагийн үед гэрийн гадаа мотоциклын дуу гарахаар нь гэрээс шагайгаад хартал ҮҮ  ах эмээг түшээд гэрлүү орж ирж байсан. Би Ү ахаас “та эмээг яачихваа” гэж асуутал “ах нь эмээтэй чинь энэ дэлгүүрийн хойно осолдчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би “та эмч дуудаач ээ “гэж хэлтэл за ах нь гараа угаая гээд гараа угаагаад эмч дуудахаар гараад явсан. Тэгээд 5-10 минутын дараа Алтансувд сувилагч ирэхээр нь би гэрээс гараад байшин руу орсон. Эмээгийн нэг хөл нь доголсон, нүүр гар нь цус болсон байдалтай байна. Ү ахын гар нь цус болсон байсан. Ү аас архи үнэртэж байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 37/,

Гэрч Н.Алтансувдын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянцагаан сумын Эрүүл мэндийн төв дээр жижүүртэй гарч байсан. Орой ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад Энхцэцэг над руу залгаад “ээж мотоциклд дайруулсан гэнээ та очоод үздээ яасан байна, яс нь хугарчихсан байна уу, даралт нь ихсээд байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очтол Баяржавхлан Цэгмэд, Ү, Анх-Учрал, Гансүх нар байж байсан. Гансүхийн даралтыг үзэхэд дээд даралт нь 190 доод даралт 110 байсан. Зүүн хөлөндөө гар хүргэхгүй өвдөлт ихтэй байсан. Тэгээд би даралт буулгах өвчин намдаах тариа таричаад байж байтал Тунгалаг ирээд үзэж байгаад ярилцаад чиг тавьж боогоод даралтыг нь буухыг хүлээж байгаад даралтыг нь буухаар нь эмч бид хоёр гараад явсан. Гансүхийн нүүр шалбарсан, хөл нь хавантай байсан. Би Гансүхтэй осол болсон өдөр уулзаагүй. Урьд өдөр нь уулзсан гэх мэдүүлэг /хх 38, 41/,

Гэрч Ц.Тунгалагын өгсөн: Орой 19 цагийн орчим байсан байх манай их эмч Уугантуяа надад утсаар хэлээд мотоциклд хүн шүргүүлчихсэн байна гэнэ та очоод үзээд өг гэхээр нь би яваад очиход Гансүх гэх хөгшин гэртээ орон дээрээ суучихсан байсан. Зовиурыг нь асуухад зүүн хөл өвдөгнөөс хойш өвдөж байна хөдөлгөж болохгүй байна гэж байсан. Үзлэг хийхэд зүрх судас амин чухал эрхтний үйл ажиллагаа хэвийн артерийн даралт 150-100 байсан байх. Хэсэг газрын үзлэгт зүүн хөлний шилбэ дээд хэсгээрээ хавантай, хөдөлгөхөд эмзэглэлтэй, өвдөгний нүдээр эмзэглэлтэй арьсны өнгө хэвийн байсан. Тухайн үедээ ээлжийн сувилагч Алтансувдыг дуудаад арьтерын даралт бууруулах, өвдөлт намдаах тайвшруулах эмчилгээ хийгээд биеийн байдлыг дахин үзэхэд өвдөлт намдсан байдалтай, өвчтөн тайвширсан амин үзүүлэлтүүд хэвийн байсан тул ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж рентген зураг авахуулж онош тодруулах шаардлагатай гээд 13А маягт бичиж өгсөн. Гансүх надад хэлэхдээ айлын хаалгаар гарч иртэл мотоциклтой хүн ирээд зогсохдоо миний хөлийг мөргөөд зогссон гэж л ярьж байсан нөгөө мөргөсөн хүн нь надад юм яриагүй. Тухайн үед Ү би өөрөө авч явж эмнэлэгт үзүүлнэ гэж байсан гэх мэдүүлэг /хх 39/,

Гэрч Б.Цэгмэдийн өгсөн: Би 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Мөнгөншагай гэх найзындаа очоод байж байтал манай дүү Энхцэцэг утсаар ээж Ү-гийн мотоциклонд мөргүүлчихлээ гэхээр нь би тэндээс гараад шууд гэртээ ирсэн. Гэрт орж ирэхэд ҮҮ  хойморт сууцан, ээж зүүн оронд хэвтчихсэн ахлах сувилагч Алтансувдад үзүүлж байсан. Мөн манай 2 дүү болох Анх-Учрал, Баяржавхлан 2 байж байсан. Хохирогч М.Гансүх нь миний төрсөн ээж байгаа юм гэх мэдүүлэг /хх 45/,

Насанд хүрээгүй гэрч Э.Анх-Учралын өгсөн: Ү ах Эмээг хоёр гар дээрээ өргөөд гэрт орж ирсэн. Эмээгийн нүүр тэр чигтээ цус болсон байсан.  Ү ах юу ярьж байсныг сайн санахгүй байна гэхдээ Ү ах “Ах нь гараа угаачхаад эмч дуудаад ирье" гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх 44/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.8.01-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт: “1.М.Гансүхийн биед зүүн шаант тахилзуур ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх /хх 46-47/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.09.11-ний өдрийн 112 дугаартай дүгнэлт: “1.2.5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд мотоцикл жолоодож явсан жолооч Д.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 18.1 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/“замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. 3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд явган зорчигч М.Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв. 4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд явган зорчигч М.Гансүх нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв. 6.7.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд мотоцикл жолоодож явсан жолооч Д.Ү  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.1, а дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол болоход нөлөөлсөн гэж үзэв. 8.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурдагдаагүй болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв.” гэжээ /хх 53-54/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-18/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 19-22/, Лазер мед эмнэлгийн Компьютерт томографийн шинжилгээ /хх 48/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62/, М.Гансүхийн өвчний түүх /хх 84-85/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

Шүүгдэгч, хохирогч нар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн болсон үйл явдлын цаг хугацаанд маргадаг. Тухайлбал шүүгдэгч Д.Ү "Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болохоор бид 2 бие биенээсээ цочиж М.Гансүх гуай гэмтсэн гэж бодож байна. Би Гансүх гуайг мөргөөгүй, хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоогдсон цэг нь ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Тухайн үйл явдал 21-22 цагийн үед болсон." гэж, хохирогч М.Гансүх тухайн үйл явдал болоход 19-20 цагийн үед болсон. Гансүх намайг санаатай ирж мөргөсөн" гэж маргадаг. Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тухайн үйл явдал болсон цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй ч тэдний мэдүүлгээр тухайн үйл явдал 2019 оны 3 дугаар сарын 02-ны оройн цагаар болсон байх бөгөөд дээрх цаг хугацаанд өөрөөр хэлбэл 20-22 цагийн хооронд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Цаг хугацааг нарийн тогтоогоогүй нь гэмт хэрэг гарсан байдалд нөлөөлөхгүй.

Харин шүүгдэгч Д.Ү-н бид 2 бие биенээсээ цочиж М.Гансүх гуай гэмтсэн гэж бодож байна. Би Гансүх гуайг мөргөөгүй гэсэн нь хавтаст хэргийн 48-р хуудсанд авагдсан Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээнд: 2 талын өвдөгний үений томограф дээр зүүн талын шаант ясны гадна булуу өвдөгний үе дайрч 1,3 см гүн цөмөрсөн хугаралтай. Хугарлын түвшинд олон тооны ясны сэлтэрхий тодорхойлогдоно. Зүүн талын тахилзуур ясны толгой хэсэг бяцарсан хугаралтай. Хугарлын түвшинд жижиг ясны сэлтэрхийнүүд тодорхойлогдоно гэснийг хавтаст хэргийн 47-р хуудсанд авагдсан шинжээчийн "М.Гансүхийн биед зүүн шаант тахилзуур ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." дүгнэлтээр тогтоогдож шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж үзэв. 

Иймээс шүүгдэгч Д.Ү  нь Төв аймгийн Баянцагаан сумын Зогсоол 1 дүгээр багийн нутаг “Дэнжийн” 2 дугаар гудамжинд 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн орой 19-20 цагийн орчим улсын дугааргүй, Хаважин маркийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.1 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/.замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Гансүхийг дайрч зам тээврийн осол гарган, улмаар явган зорчигч М.Гансүхийн биед зүүн шаант тахилзуур ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

            хохирогч М.Гансүхийн өгсөн: "2019 оны 3 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Пүрвээгийн дэлгүүрт орох санаатай явж байтал нэг мотоцикл өөдөөс чиглээд явж байсан. Сайн гэгч нь харах гэтэл хүрч ирээд шууд мөргөчихсөн. Намайг уначихсан байхад Ү ирээд “Яанаа Гансүх гуай мөн үү. Та босож чадах уу гэж асуусан". Тэгээд тэндээ 30 минут орчим байж байгаад Ү намайг мотоциклондоо мордуулаад нэг гараараа тэврээд гэр лүү хүргэж ирсэн. Гэр лүү ортол миний хоёр ач Анх-Учирал, Баяржавхлан нар байсан. Манай ач Баяржавхлан Ү-д хандаж “Та эмч дуудаач ээ" гэж хэлэхэд ҮҮ  гарч яваад эмч авчирсан. Тунгаа эмч хэлэхдээ хөл нь ийм аймаар хавантай хугарсан байх аймагт очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Тунгаа эмч сувилагч Алтансувдад эмчилгээ бичиж өгөөд яваад өгсөн. Тэгээд тэр өдрөө эмчилгээ хийлгэж хоночхоод өглөө 11 цагийн үед Ү-тэй хамт аймаг орж эмчид үзүүлсэн. Аймгийн эмч үзээд хугаралтай байна манайд үзэхгүй Гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд бичиг хийж өгсөн. Бид 16 цагийн үед ҮҮ тэй хамт хот орж гэмтэлд үзүүлсэн. Тухайн хэрэг болсны дараа миний баруун хацар, баруун гар зулгарсан, хөл маш ихээр өвдөж байсан. Гэмтлийн эмч үзээд яс нь хугарсан, өвдөгний бөндгөр нүд цөмрөөд цааш орсон хажуу талын яс цуурсан байна гээд эмчилгээ хийсэн. Тухайн өдөр би дэлгүүр орох гэж явж байсан. Би ямар өнгөтэй мотоцикл байсныг мэдэхгүй байна. Би мотоциклоос цочиж өөрөө унаагүй мөргүүлж унасан. Тухайн мотоциклыг Ү  жолоодож явсан.” гэх мэдүүлэг,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.8.01-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт: “1.М.Гансүхийн биед зүүн шаант тахилзуур ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх /хх 46-47/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.09.11-ний өдрийн 112 дугаартай дүгнэлт: “1.2.5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд мотоцикл жолоодож явсан жолооч Д.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 18.1 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/“замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. 3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд явган зорчигч М.Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв. 4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд явган зорчигч М.Гансүх нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв. 6.7.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд мотоцикл жолоодож явсан жолооч Д.Ү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.1, а дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол болоход нөлөөлсөн гэж үзэв. 8.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурдагдаагүй болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв.” гэжээ /хх 53-54/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-18/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 19-22/, Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ /хх 48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ү-н анхаарал болгоомжгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдэж хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр хохирол учирсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй. Хохирогч М.Гансүх нь "Д.Ү  намайг санаатай ирж мөргөсөн" гэж мэдүүлсэн бөгөөд Д.Ү ыг тухайн гэмт хэргийг санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэж үзэв. Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд тээврийн хэрэгслийн зогсоох боломжтой хурдыг тохируулж яваагүй, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлжээ. 

Шүүгдэгчээс хохирогчид 1 500 000 төгрөг, суултуур, таяг зэрэг авч өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 Хохирогч М.Гансүх эмчилгээний зардалд мөнгөн дүнгийн хэмжээ илэрхийлээгүй ч тодорхой хэмжээний эмчилгээний зардал нотлох баримтгүйгээр өгөхийг хүссэн, мөн охин Б.Энхцэцэг эхийгээ асарсаны улмаас цалин орлогогүй болж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн.

Гэвч хохирогчийн эмчилгээний болон Б.Энхцэцэг нь эхийгээ асарсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбогдуулан баримт ирүүлээгүй.

Шүүх гэм хорын хохирол шийдвэрлэхдээ хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4, 36.5 дугаар зүйлүүдэд зааснаар мөн Иргэний хуулийн Тавин хоёрдугаар бүлэгт заасны дагуу гаргадаг хуулийн зохицуулалттай. Тухайлбал: эмчилгээний зардал гэхэд хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаарх эмнэлгийн төлбөрийн баримт, эмийн сангаас эмчилгээ авсан бол түүнтэй холбоотой баримт г.м, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон холбогдох бусад баримт, Нийгмийн халамжийн байгууллагаас өвчтөнийг асархад сард олгодог тэтгэмжтэй холбоотой баримт зэрэг холбогдох бичгийн баримтуудыг хангалттай нотолж ирүүлсэн байхыг шаарддаг.

Хохирогч М.Гансүхийн тодорхой хэмжээний эмчилгээний зардал гаргуулах хүсэлт, хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.        

Шүүгдэгч Д.Ү-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Өлзийсайхан улсын яллагчийн саналыг дэмжиж  тус тус санал гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ү-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгол ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

            Улсын яллагч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох санал оруулсныг,

 

            2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.", дагаж мөрдөн журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт "...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй." гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Д.Ү-н Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр үйлдэж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр буюу түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул хуулийн зохицуулалтаар түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан тул 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

            Шүүгдэгч Д.Ү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934006280044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х Д Ү-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166,667 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 5.Хохирогч М.Гансүх нь эмчилгээний болон цаашид гарах эмчилгээний зардлаа, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            6.Эрүүгийн 1934006280044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ү  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ