| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0344/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/98 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/98
2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 2020/ШЦТ/98 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэсувд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,
Хохирогч Э.Болортуяа,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э А М-д холбогдох эрүүгийн 1934010110449 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э А М, 1992 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 6, хамтран амьдрагч, 2 хүүхэд, дүү нарын хамт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр баг Нарстын 9-2 тоотод оршин суух, Дашваанжил ХХК-ны Баянчандмань сумын салбарт түгээгч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 92091315 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.М-н өгсөн: Болортуяатай гэр бүл болоод 7 жил болж байна. Бид хоёр хоёр хүүхдийн эцэг, эх болсон. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ажил дээр эхнэр Болортуяа ирээд хэрэлдэж маргалдаж байгаад гэр рүүгээ явсан. Гэртээ хариснаас хойш чатаар янз бүрийн үг бичээд хэрүүл хийгээд байсан. Тэр шөнөдөө би эхнэртэйгээ утсаар маргалдсаар байгаад өглөө ажил тараад 9 цаг өнгөрөөгөөд 10 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэртээ харихад манай хоёр охин, эхнэр, дүү Энхзаяа нар байсан. Намайг ажлын хувцсаа солиод байж байхад манай дүү Энхзаяа бие заслаа гээд гараад явсан. Тэр хооронд би эхнэрийгээ шөнөжингөө хэрүүл хийж ядаргаа боллоо яагаад тэгээд байгаа юм гэхэд миний өөдөөс уурлаад байхаар нь алгадаад газар унахаар нь босгох гэхэд босохгүй байхаар нь уур хүрээд хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Дараа нь цамцнаас нь татаад босгож ирээд уйлаад байхаар нь чи энд байж чадахгүй бол ээж рүүгээ явах уу гэхэд тэгнэ гэхээр нь эхнэрээ бага охинтой хамт Сэлэнгийн унаанд суулгаж өгсөн. Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл уугаагүй байсан. Болортуяа миний фейсбүүк хаягийн дугаарыг мэдээд миний мессежүүдийг уншсан байсан. Бид хоёр урьд өмнө маргалддаг байсан. Гар хүрч зодож байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийсэн. Дахиж ийм асуудал гаргахгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Болортуяагийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би М-г чи гэртээ ирж хонохгүй байна. Утсаа яагаад надаас нуугаад байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд миний толгой руу гараараа манартал цохиж мөн чих, нүд, хөл, гарын шуу, элэг зэрэг газар луу цохиж мөн цамцаар боогоод байсан. М намайг зодож байх үед манай хоёр хүүхэд мөн М-н төрсөн дүү А.Энхзаяа нар байсан. Бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байна. Эхний хоёр жил надад гар хүрч зодож байгаагүй. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд хэд хэдэн удаа гар хүрч зодож байсан. Гэхдээ би энэ талаар эцэг, эхдээ огт хэлж байгаагүй. Биеийн аль нэг хэсэгт хөхөрч хавддаг байсан ч би өөрөө яаж ийж байгаад л шарх гэмтлээ бусдад харуулахгүй гээд нуугаад явдаг байсан. Би цагдаад огт дуудлага өгч байгаагүй. Эмнэлгийн байгууллагаар ч үзүүлж байгаагүй. Би маш их гомдолтой байна. 7 жилийн хугацаанд өөрт байгаа бүхнээ М-д зориулж өөрийгөө гаргуунд гаргаж амьдралын төлөө гэж байхад намайг доромжилдог, гар хүрч зодож байсанд их гомдолтой байна. Эмчилгээний зардалд 950 000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашдаа эвлэрэх бодолтой байгаа гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч А.Энхзаяагийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрөөд М ах ажлаасаа буугаад ирсэн. Би бие засахаар гэрээсээ гараад 2-3 минут болоод буцаад гэртээ орж ирэхэд М ах Болортуяа эгчтэй маргалдаад хэрэлдэж байсан. Тэгээд Болортуяа эгч ахыг нэг удаа цохих шиг болоход М ах уурлаад Болортуяа эгчийг алагдаж унагаагаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Дараа нь эгчийг цамцны захаас нь татаж босгож ирээд өөрөө баруун талын орон дээрээ суугаад Болортуяа эгчтэй хэрэлдээд байсан. Тэгсэн Болортуяа эгч гэр рүүгээ явмаар байна гэхэд ах тэгье би чамайг суулгаад өгье гээд хамт гэрээс гараад явсан. Миний мэдэж байгаагаар гар утаснаас болж маргалдаж байх шиг байсан. Би сайн нарийн шалтгааныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 23-24/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 765 дугаартай дүгнэлт: “1.2.Э.Болортуяагийн биед дээд уруулын салст шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт, зүүн чихний ар, дээд уруул, баруун гуя, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх /хх 26-27/,
Хохирогчийн Баянчандмань сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/, аюулын зэргийн үнэлгээ /хх 34-35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68/, шүүгдэгч, хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлт /хх 70-71/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 75/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг Нарст 9-2 тоотод 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Э.Болортуяаг хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь "Дээд уруулын салст шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт, зүүн чихний ар, дээд уруул, баруун гуя, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;
шүүгдэгч А.М-н өгсөн: "...би эхнэрийгээ шөнөжингөө хэрүүл хийж ядаргаа боллоо яагаад тэгээд байгаа юм гэхэд. Миний өөдөөс уурлаад байхаар нь алгадаад газар унахаар нь босгох гэхэд босохгүй байхаар нь уур хүрээд хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн." гэх мэдүүлэг,
хохирогч Э.Болортуяагийн өгсөн: "2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би М г чи гэртээ ирж хонохгүй байна. Утсаа яагаад надаас нуугаад байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд миний толгой руу гараараа манартал цохиж мөн чих, нүд, хөл, гарын шуу, элэг зэрэг газар луу цохиж мөн цамцаар боосон." гэх мэдүүлэг /хх 15, 16-17/,
гэрч А.Энхзаяагийн өгсөн: "...Тэгээд Болортуяа эгч ахыг нэг удаа цохих шиг болоход М ах уурлаад Болортуяа эгчийг алгадаж унагаагаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Дараа нь эгчийг цамцны захаас нь татаж босгож ирээд өөрөө баруун талын орон дээрээ суугаад Болортуяа эгчтэй хэрэлдээд байсан. ...гараараа толгой руу нь 2-3 удаа алгадаад, газар унасны дараа хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Өөр цохисон зүйл байхгүй. Миний мэдэж байгаагаар гар утаснаас болж маргалдаж байх шиг байсан. Би сайн нарийн шалтгааныг нь мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх 23-24/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 765 дугаартай дүгнэлт /хх 26-27/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Э.Болортуяа нь эмчилгээний зардалд 950 000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.М, хохирогч Э.Болортуяа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч А.М-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг баримталсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.М нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934010110449 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э А М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2.Шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 233 334 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934010110449 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ