Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2020/0122/Э |
Дугаар | 123 |
Огноо | 2020-03-05 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Д.Агар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 123
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,
улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар,
шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Э-ын Т-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо “Мөнх намир”-ийн зүүн замд *** улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 12 настай, эмэгтэй Д.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн *** дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч В.-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №*** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэг төвийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-49-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №*** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 4-9-р хуудас/,
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 68-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 82-р хуудас/,
Шүүгдэгч Э.Т-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо “Мөнх намир” худалдааны төвийн зүүн замд ** улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 12 настай Д.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн “ 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 11 цаг 30 минутын үед найз Ундралын гэрт очих гээд гэрээсээ гарсан юм. Би Ундралын эмээгийнд очоод буцаад гэр рүүгээ харих гээд Яармагийн шинэ эцсийн буудал **дэлгүүрийн баруун талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гарах гээд 2 тал руугаа харахад машин байхаар нь зам гарч байхад миний баруун гар талаас нэг машин ирээд намайг мөргөхөд баруун хөлөө нугалаад газарт унасан. Миний хөл тухайн үед маш их өвдөж байсан. Машинаас жолооч ах бууж ирээд “гэр чинь хаана байдаг юм бэ” гэхээр нь би гэрээ зааж өгөхөд машинаа үлдээгээд намайг өргөөд манай гэр рүү явсан. Манай ах гэрт байса. Намайг гэртээ байхад түргэн ирж машин дээр хүрээд ир гэхэд жолооч ах намайг аваад буцаад ослын газарт очиж түргэний эмчид үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц-ийн “2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед манай эгчийн охин над дээр ирээд “М машинд мөргүүлсэн гэнээ” гэж хэлэхээр нь ослын газар очиход жолооч нь манай нөхөртэй хамт байсан. Хүүхдийн баруун хөл шилэ хугаралтай, цууралттай, тархи нь доргисон, 1 талаараа бага зэрэг хавантай гэсэн гэмтэл учирсан мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч В.Э-ын “Осол гарсан өдөр би Яармагийн Оргил худалдааны төв орчихоод буцаад явж байхад Түмэнзаяа машинтайгаа зогсож байхаар нь юу болсон талаар асуухад сая хажуунаас хүүхэд гарч ирээд шүргүүлчихлээ гээд зогсож байсан. Тэгээд юу болов гэтэл цагдаа, түргэн дуудчихлаа хүүхдээ аав, ээж дээр нь хүргэж өгчихөөд ирлээ гэсэн. Түргэн тусламж ирээд үзчихээд явсаны дараа би өөрийнхөө машинаар хүүхдийг ээжийнх нь хамт гэмтлийн эмнэлэг рүү авч яваад хүүхдийн хөлний зургийг авахуулаад гипс тавиулаад буцаагаад гэр лүү нь хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №** дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Д. М-ийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл «эндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... /хх-ийн 37-38-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэг төвийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:
1. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн талын ойр болон хол, баруун талын холын гэрлийн тусгалын чадал, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.
2. Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, хойд буфер зүүн гар талын булан хэсэгтээ бага зэрэг хагарсан, баруун гар талын хойд дугуй хавагнасан, хөдөлгүүрээс тос гоожилт ихтэй, АВS ажилладаггүй зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
3. Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа ч тухайн зам тээврийн осол нь тогтоолд дурьдагдснаар 11 цаг 50 минутын орчимд болсон тул осолд нөлөөлөхгүй. Уг автотээврийн хэрэгслийн хойд буфер эүүн гар талын булан хэсэгтээ бага зэрэг хагарсан, баруун гар талын хойд дугуй хавагнасан, хөдөлгүүрээс тос гоожилт ихтэй, АВS ажилладаггүй, зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой бөгөөд уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй.
4. Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, хойд буфер зүүн гар талын булан хэсэгтээ бага зэрэг хагарсан, баруун гар талын хойд дугуй хавагнасан, хөдөлгүүрээс тос гоожилт ихтэй, АВS ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй.
5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Харин тоормосны АВS ажиллахгүй.
6. Шингэн дамжуулгатай, АВS систем ажиллахгүй тул уг автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ.
7. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.../хх-ийн 46-49-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №100 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Т.Карина маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Д.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Мөн дүрмийн 5.12-т “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй ба хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй.../хх-ийн 56-57-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 4-9-р хуудас/,
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 68-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 82-р хуудас/,
Шүүгдэгч Э.Т-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг:
...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн үед өөрийн эзэмшлийн Т.Карина маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Яармагийн шинэ эцсээс хуучин эцэс орох гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд 20 орчим км цагийн хурдтай явж байхад миний эсрэг урсгалд саарал өнгийн Пажеро маркийн машиныг түрчихсэн явж байхад тэрний араас бас нэг саарал машин явж байхаар нь тэр машинтай зөрөөд өнгөрөх үед тэр 2 машины араас нэг охин ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ зам хөндлөн гарах гээд гүйж гарч ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргүүлээд газарт унахаар нь тоормос гишгэж зогсоод буугаад ирсэн чинь нөгөө охин чинь миний машины ард уйлчихсан газар сууж байхаар нь аваад гэр рүү нь яваад гэрт хүргэж өгөөд аав, ээжид нь хэлээд өөрийн **** гэсэн дугаараас цагдаа түргэнд дуудлага өгсөн. Би ослын дараа машинаа ослын газраас хөдлөөгүй тэндээ хүлээж байхад эхлээд түргэн ирээд охиныг үзэж өвчин намдаах тариа хийж өгөөд өөрсдөө аваад яв гээд бичиг хийж өгөөд явсан. Дараа нь охины ээж манай авга ахын машинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан... Би явган зорчигчийн эмчилгээний зардалд ойролцоогоор 500 орчим мянган төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэж заасныг зөрчиж насанд хүрээгүй хохирогч Д.М-ийг мөргөж, биед нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, доод уруулд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Т-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой 457.692 төгрөгийн баримтыг /хх-ийн 25-31-р хуудас/ ирүүлсэн боловч тэрээр “эмчилгээний зардал хохирлыг барагдуулсан гомдолгүй” /хх-ийн 88, 91-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг насанд хохирогч Д.М, шүүгдэгч Э.Т нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон группт байдаг эрүүл мэндийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Т-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Т-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Э-ын Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Т-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Т-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР