Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 830

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 3-03 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ63042111, Цагаагчид овогт Моломын Алтанхуяг,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 3-03 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ЧИ65072364, Цагаагчууд овогт Бат-Аюушийн Дугармаа нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 15.251.792,61 төгрөг, зээлийн хүү 5.71.392,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 462.324,39 төгрөг болон нотариатын зардал 21.000 төгрөг нийт 21.445.509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн М.Алтанхуяг, Б.Дугармаа нар нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ5209 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 4.748.207,39 төгрөг, зээлийн хүү 3.311.301,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.107,97 төгрөг, нийт 8.072.617 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардан боловч гэрээний 4.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 7 дугаар сраын 21, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ5209 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, Үндсэн зээлийн үлдэгдэл 15.251.792,61 төгрөг, зээлийн хүү 5.710.392,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 462.324,39 төгрөг болон нотариатын зардал 21.000 төгрөг нийт 21.445.509 төгрөг гаргуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч М.Алтанхуяг, Б.Дугармаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй М.Алтанхуяг, Б.Дугармаа бид танилцаад 21.4445.509 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж барагдуулж дуусгана. Хэрвээ мөнгөө төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөө өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

     Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “М.Алтанхуяг, Б.Дугармаа нарын тайлбартай танилцлаа. Хариуцагч нарын гаргасан тайлбарыг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч М.Алтанхуяг, Б.Дугармаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 15.251.792,61 төгрөг, зээлийн хүү 5.71.392,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 462.324,39 төгрөг болон нотариатын зардал 21.000 төгрөг нийт 21.445.509 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Алтанхуяг, Б.Дугармаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 21.445.509 төгрөгийг барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч М.Алтанхуяг, Б.Дугармаа нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 21.445.509 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.178 төгрөг төлсөн ба тал хувь болох 132.589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 132.589 төгрөг, хариуцагч М.Алтанхуяг, Б.Дугармаа нараас 132.589 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 21.445.509 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Алтанхуяг, Б.Дугармаа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 265.178 төгрөгөөс 132.589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 132.589 төгрөг, хариуцагч М.Алтанхуяг, Б.Дугармаа нараас 132.589 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.

       3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч М.Алтанхуяг, Б.Дугармаа нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР