Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 106

 

       

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Төгөлдөр хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн /томилолтоор/,

шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Д-ын Ж-д холбогдох эрүүгийн 1910027360051 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “МVSI” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ........ хорооллын ..... дугаар байр, ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт Д-ын Ж.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,,, хорооллын ,,,, дугаар байрны ,,,,, тоотод хохирогч Д.О-ын толгойн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910027360051 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-21, 22-23-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №13697 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37р хуудас/,

 

Шүүгдэгч Д.Ж-гийн  мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-48-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ж.Баянжаргалын мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч Л.Чимидлхамын мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Ц.Д-ын мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Л.Оргилбаярын мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-54-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-55- хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-56-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-57-р хуудас/,  суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-8-р хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-60-р хуудас/, “BVIS” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 106-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ж-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.Ж нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,,, хорооллын ,,,, дугаар байрны ,,,,, тоотод эхнэр Д.О-ыг бусадтай хардаж толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Д.О-ын ...2019 оны 11 дүгээр сарын 10-ны үүрээр 04 цагийн үед манай нөхөр гаднаас архи уучихсан гэрт орж ирсэн. Би унтлагын өрөөнд хүүхэдтэйгээ цуг унтаж байсан. Тэгсэн нөхөр унтлагын өрөөнд орж ирээд “чи муу босоод ир” гээд угз татаж босгоод миний шилэн хүзүүнээс бариад хүүгийн өрөө рүү дагуулж орсон. Тухайн үед би “чи одоо яагаад байгаа юм бэ” гэхэд учир зүггүй зодоод унасан. Намайг ямар ч үгийн зөрүү үгүй зүүн цээж рүү, зүүн гар, мөр рүү цохисон, зүүн цавь хэсэгт өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №13697 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Д.О-ын биед тархи доргилт, дух, зүүн бугалга, баруун шуу, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, баруун, зүүн дал, зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 36-37-р хуудас/,

 

Шүүгдэгч Д.Ж-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн:

....Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед найзуудтайгаа уулзаж юм ярингаа биллъяард тоглосон. Би Сэнгүр нэртэй 0.5 литрийн 3 шил пиво ууж дуусгаад караоке орж дуулангаа Эдэн нэртэй 0.75 литрийн 2 шил архийг тавуулаа хувааж уугаад мөн хажуугаар Сэнгүр нэртэй 0.5 литрийн 1 шил пиво уусан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 04-05 цагийн үед гэртээ орж ирээд эхнэр Д.О-ыг дуудаж босгож ирээд жижиг өрөөнд ороод уурандаа эхнэрээ гараараа цохиж, хөлөөрөө өшиглөхөд манай эхнэр гэрээс гараад явсан. Тэгтэл цагдаа нар ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Д.Ж нь хохирогч Д.О-ыг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, дух, зүүн бугалга, баруун шуу, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, баруун, зүүн дал, зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуяны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед  учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

 

            Иймд шүүгдэгч Д.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Д.Ж нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй бөгөөд тэрээр “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 21-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял цаг оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ж-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Д овогт Д-ын Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ж-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ж-д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР