Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 404

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 22 дугаар байр 02-18 тоотод оршин суух, /РД:ДЮ69120119/, Гончигсүрэнгийн Баяраагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-23 тоотод оршин суух, /РД:ОЮ81031000/, Жамбалын Золзаяад холбогдох 

Машины өмчлөл тогтоолгож, машины өөрт оногдох хэсэг 15.000.000 төгрөг болон уг авто машинаар ” Цэнхэр Өрлөг” ХХК-д тээвэр хийсний хөлс 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Баяраа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Лхагвасүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа, гэрч Г.Моёо, гэрч Ш.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Баяраа би 2012 оны 06 дугаар сард иргэн Х.Цэрэнпилээс талийгаач Х.Мөнхбаттай хөрөнгө хоршиж 46.500.000 төгрөгийг тус тус гаргаж 93.000.000 төгрөгөөр 07-78ГАА улсын дугаартай Норд бенз машиныг худалдаж авсан. Урьд нь Х.Мөнхбат бид хоёр түүхий эдийн ченжийг олон жил хамтарч хийж байсан. Манай аймагт тухайн үед 123 километр зам тавигдаж байсан. Тэнд тээвэр хариуцсан хүн нь н.Цэрэнпунцаг гэх манай найз ажиллаж байсан юм. Тэгээд Х.Мөнхбат бид хоёр машин авч хамтарч ажиллахаар болсон. Бид нар машин авахаасаа өмнө зөндөө ярилцсан. Машин хэн барих, ажил дууссаны дараа нь яах эсэх асуудлаар зөндөө ярилцсан. Тэгээд Х.Цэрэнпилд 2012 оны 03 дугаар сард дөнгөж шинээр орж ирсэн машин байсныг авахаар болж очиж уулзсан. Х.Цэрэнпил бол 98.000.000 төгрөгөөр зарна гэж байсан бөгөөд ярилцсаар байгаад бэлэн 93.000.000 төгрөгөөр ав гэхээр нь бид хоёр 46.500.000 төгрөгийг тус тус гаргаж худалдаж авсан. Тэгээд П.Даваасүрэнг жолоочоор хөлсөлж замын ажилд явуулж бид хоёр зарлагаа тооцож ашгаа хувааж авахаар болсон. Тэгээд н.Цэрэнпунцагтай ярилцаж түүнд сард 100.000 төгрөг өгч, завсраар нь замын нүүрс татахаар болж гэрээ хийж, нүүрс, түлшний үнийг нь гаргаж 2012 онд н.Цэрэнпунцагтай  тооцоо  хийж  замын  ажлын  хажуугаар  8-9 удаа Баянтээгээс нүүрс зөөсөн. Талийгаач Х.Мөнхбат замаар хангах асуудлыг та хариуц гэсэн. Том тэрэг бол нэг талдаа хоосон явбал ашиггүй болдог учраас холын замд хоёр талдаа ачаа явуулахаар болж Булганаас цемент ачиж тээвэр хийж Х.Мөнхбатыг буцаж ирэхдээ нүүрс ачиж хоёр талдаа ачаатай явуулах бүх арга хэмжээг авч байсан. Талийгаач  Х.Мөнхбат нь машин барьдаггүй ч гэсэн тэр машины бүрэн бүтэн байдлыг хангаж байнга хамт явдаг байсан. Сүүлдээ талийгаач нь өөрөө машин барьж сурсан. 2013 оноос эхлээд өөрөө барьдаг болсон. Гэхдээ байнга туслах жолоочтой явдаг байсан. н.Жанчив гэх хүнийг олон удаа туслахаар авч явсан. Туслах жолоочийг би байнга олж өгч цалинг нь би өгч байсан. Тээвэр хийхийг бид хоёр амаар л ярьснаас биш урьдчилаад гэрээ хийх боломжгүй байсан. Тухай бүрдээ асуудлаа зохицуулж аман гэрээ хийж байсан. Гаалиар машиныг анх орж ирэхэд нь Мягмаржавын Гантөмөрийн нэр дээр байхаар нь бид хоёр хэн дээрээ шилжүүлэх талаар ярилцаад бичиг баримтыг М.Гантөмөрийн нэр дээр үлдээхээр болсон. Би үүнээс хойш хол замд явахад ачаа, сэлбэг хэрэгслээр байнга хангаж байсан. Талийгаач нь байнга машинтайгаа хамт явдаг байсан. Би энэ машинд ганц ч удаа сууж үзээгүй учраас тухайн машины бичиг баримт дотроо байдаг байх гэж бодож байсан. 2013 оны 08 дугаар сард ургийн баяртай гээд Х.Мөнхбатыг явахад нь Б.Алтангэрэл гэх жолоочоор тээвэр хийлгүүлсэн. Х.Мөнхбатыг байхгүй байх хойгуур нь засварчин, жолооч нарыг бүгдийг олж өгч байсан. 2012, 2013 онд зам дээр ажилласан. 2014 онд ажилгүй байж байгаад Увсад ганц нэг нүүрс татсан. Тэгээд Ховд аймгаас барьж байсан зам дээр сар ажилласан. Ирээд 2014 оны 10 сард Сэлэнгэ рүү тариа хураалтад явах гээд очиход чиргүүл нь багтахгүй байсан гээд чиргүүлгүй дан толгойгоор сар гаран тээвэр хийсэн. Би Ховдруу наймаа хийх гээд явсан байсан. Тэр хойгуур манай авгайд дан толгойтой ашиггүй байна буцмаар байна гээд буцах бензин байхгүй тул овъёос ачиж түлшээ нөхөж авмаар байна гэхээр нь манай авгай цалингийн 10.000.000 төгрөг аваад 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5027281938 гэсэн дансруу овъёосны 9.000.000 төгрөгийг шилжүүлээд наашаа ирсэн. Би Цэрэнпунцагтай түлшний тооцоо хийдэг байсан. 2013 оноос хойш өөрөө бие дааж манай аймгийн н.Цэрэндэндэв гэх хүний салбар шатахуун түгээх станцуудаас шаардлагатай үед түлш зээлж авахаар гэрээ хийсэн байсан. 2013 онд зам дээр явж байхдаа болон нүүрсэнд явахдаа Үнээн усны колонкоос түлшээ зээлж графикийн дагуу түлшний тооцоог авгайнхаа 531570238250 гэсэн дансаар дамжуулан хийдэг байсан. 2013 оны 07 дугаар сарын 5-ны өдөр 5013008953 гэсэн н.Цэрэндэндэвийн дансруу 4.202.000 төгрөгийг, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2.120.000 төгрөгийг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2.774.000 төгрөгийг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 25.286.700 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3.141.000 төгрөгийг,  2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1.314.000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.219.000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3.193.000 төгрөгийг тус бүр хийсэн. Тухайн үед хийх ёстой төлбөрийг би хийж байсан. 2013 оноос Баянтээгийн нүүрсийг татахаар утсаар ярьж гэрээ хийсэн гэсэн. Баянтээгийн уурхайн дарга нь төлбөрийг бэлнээр авдаг гэхээр нь дансаар нүүрсний үнийг тус бүр борлуулалтын ажилтны данс руу нь шилжүүлж байсан. 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5556027624 тоот дансруу 945.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 5558027624 тоот дансанд 1.074.000 төгрөгийг, 2013 оны 07 дугаар сарын 1-ний өдөр 5558027624 тоот гэх мэт данснуудад мөнгийг нь шилжүүлж байсан.  Зам дээр ажиллахад манай машин бусад  машинаас  илүү 26 м.куб ордог бөгөөд 40-50 тонн ордог байсан. Тийм учраас дугуй тэсдэггүй байсан. Би 2012 оны 08 дугаар сараас эхлээд “Андын хүлэг” гэх компаниар дамжуулан сэлбэгүүдээ урдаас захиалдаг байсан. Чиргүүл чирэх гэхээр порхов нь дийлэхгүй байсан тул 2012 онд 31 машины араамыг 1.300.000 төгрөгөөр авч порхов залгаж байж чиргүүлээ чирдэг байсан. Тэрийг “Андын хүлэг” гэх н.Амгаланбаатарын компаниар дамжуулан Эрээнээс интернэтээр захиалгаа өгч наашаа ачуулдаг байсан. 2015 онд Увсын зам дээр очиж ажилласан. 2015  оны 10 сард Увсаас ирэхдээ тэжээл ачиж ирсэн. Тэрний мөнгийг  2015 оны 10 дугаар сарын 15-нд 5819364666 гэсэн дансанд толгой тэжээлийн үнэ гэж 7.480.000 төгрөгийг хийсэн, 2015 оны 10 дугаар сарын 17-нд 5819333116 гэх дансанд 7.020.000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Ирэхэд нь Ээвийн замын ажил явж байсан. Би тэр үед Ээвийн замыг тавьж байгаа хүмүүсийг таньдаггүй байсан. Тухайн үедээ хяналтын инженер залуу нь манай ах н.Мөнхөөжавын таньдаг байсан хүн бөгөөд тус төслийн удирдагч Ли гэх хүнтэй уулзаад тэжээлээ буулгаад л шууд замын ажилд орсон. Тэр үед талийгаач ажил гарлаа гээд буцахад нь өөр жолооч ажиллуулсан. Тэр үед Алтка хамт явсан. Ажиллаж байхдаа машиныг эвдээд Баян-Уулд засварын гагнуур 50.000 төгрөг, шингэн явуулаад 20 гаруй хоног ажиллаад дахиад эвдрэхээр нь хүрээд ир гээд дуудсан. Хамтран эзэмших хойгуур энэ машины бичиг баримтыг талийгаач нэр дээрээ шилжүүлснийг мэдээгүй байсан. Би 2015 оны 12 сард П.Батбилэг гэх жолоочоор бариулаад хилээр гарах гэтэл бичиг баримт нь байхгүй байсан. Тэгээд залгаад асуухад машин дотор байгаа гэхээр нь хайгаад олдохгүй байхаар нь өөр хүний бичиг баримтаар хилээр гарсан. Ирээд 2015 оны Увсад ажиллаж байсан тээврийн хөлс орж ирсэн. Аймагт тэжээл ачиж ирчихээд 2015 онд Увсын замд явсан тооцоогоо хийсэн. Надад Х.Мөнхбат нь 17.000.000 төгрөг оллоо гээд түүнээсээ сэлбэгийн үнээ хасаад 10.000.000 төгрөгийг хувааж авсан. 1 сард хилээс ирчихээд байж байхад замын хятад компаний орчуулагч надруу яриад хөлсөө асуухад танай жолооч Х.Мөнхбатын дансанд 21.000.000 төгрөгийг хийсэн. 17.000.000 төгрөгийг сая авсан. Зун 6 сард нүүрсний 1.000.000 төгрөг, сэлбэгэнд явахдаа 3.000.000 авсан. Нийт 21.000.000 төгрөгийг танай машин олсон байна гэж хэлсэн. Тэгтэл Х.Мөнхбат надад 17.000.000 төгрөг авсан гэж хэлсэн гээд бид хоёр уулзаж зөрүү гарсан талаараа ярилцаж муудалцсан. Тэгээд надад тооцоо хийсэн өмнөх 17.000.000 төгрөгийг 3.500.000 төгрөгийг Очироо гэх хүн өгсөн гээд тэр нь надад авчирч өгөөд тухайн тооцоо дууссан. Хавар хилээс ирээд машинаа хашаанд тавьчихсан байхдаа хоёулаа муудалцаад яах юм зам дээр яваад ашиг муутай байна машинаа зараад салъя гэж ярьсан.  Жилд 5.000.000 сая төгрөг олж байснаас машинаа зарахаар болоод 2015 оны 07 дугаар сар хүртэл бэлэн мөнгөөр зарахаар болсон. Олон хүн ирж үзсэн. Хүмүүс ирээд бэлэн мөнгө байхгүй, байр жижиг тэрэг оролцуулж авъя гэхэд талийгаач маань би машин зарсан тал мөнгөөрөө Хово машин авч замд явна. Тэгэхээр бэлэн мөнгөөр зармаар байна гэсэн. Энэ талаар манай ах Г.Моёо мэдэж байгаа. Хамгийн сүүлд О.Балжиннямд зарахаар болоод байж байхад тэрний мөнгө нь бүтэхээ байгаад зүгээр байж байхаар бэлэн мөнгөтэй хүн хүлээж байх хойгуур зам дээрээ явуулж байя гэсэн. Тэгэхэд нь би нэмж эвдлэлгүй байж байгаад заръя гэхэд нь Х.Мөнхбат өөрөө барьж ажиллахаар болсон. Тэгээд хойд зам дээр ажиллахаар болж “Цэнхэр-Өрлөг” компаниар зуучлуулалгүй шууд замын хүмүүстэйгээ ахаараа яриулаад ажилласан. “Цэнхэр-Өрлөг” ХХК нь замтай зуучлал хариуцаад нэг машинаас 500.000 төгрөг, нийт орлогын 10 хувийг авдаг байсан. Тэрийгээ болиод шууд замруу орж ажиллаж байгаад 09 дүгээр сарын 22-ны өдөр хамтрагч маань нас барсан. Би ажил явдалд нь оролцож байх хойгуур Х.Нармандах гэх дүү нь талийгаач их өртэй юм байна. Хашаа байшин, Ланд-80, таны машиныг чиргүүлтэй нь банкны барьцаанд тавьчихсан байна гэсэн. Тэгээд тантай ямар тооцоо байна гэхээр нь машин чиргүүл банкинд байхгүй байх гээд тэр үед орхисон. Ажил явдал нь дуусаад төслийн удирдагч Ли гэх хүн рүү н.Мөнхөөжав ахаар яриулж үүнтэй холбоотой бүх тооцоог нь гаргаж өгөөч гээд тооцоог нь гаргуулж авсан. Тэгтэл манай ах яриад нөгөө инженер чинь залгаад талийгаачийн эхнэр нь Хас банкны бичиг бариад тээврийн хөлсийг авна гэж байна гэж залгасан. Би Хятад компаний инженерийг Нямаа эгчийн өрөөнд дуудаад уулзсан. Тэгээд Ж.Золзаяаруу яриад уулзая гэсэн чинь өөрөө ирэлгүй ах дүү нь гэсэн 5 хүн ирсэн. Тэнд очоод бүх зүйлийн тайлбарлаад энэ машин бол бидний дундын хөрөнгө байгаа юм гэж хэлсэн. Тэгээд болохгүй бол шүүхэд хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлье гээд Хятадын компанитай тохироод гарсан. Тэгсэн Хятад нь өгөхгүй та нар хоорондоо учраа олж ав гээд гартал “Цэнхэр-Өрлөг” ХХК-ийн захирал н.Тамираагаар тээврийн хөлс 20.000.000 төгрөгийг Ж.Золзаяа дансаараа аваад цагийн дараа бэлнээр гаргаад авчихсан байсан. Хас банкны барьцаанд байдаг гэдгийг сонсоод өмгөөлөгчөөс асуугаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нөхцөл байдал ийм болсон. Тийм учраас талийгаачийн ар гэрээс уучлалт хүсэж байна. Тэр бол надад өгөх ёстой мөнгө байсан. Надтай ирээд учир зовлонгоо ярьсан бол тийм зүйл болохгүй, уулзаад ярилцсан бол тухайн үедээ шийдчих боломж байсан. Бичиг баримтыг би талийгаачийг өөрийнхөө нэр дээрээ шилжүүлээд банкинд тавьсныг мэдээгүй, итгэхгүй байсан. Яагаад гэвэл М.Гантөмөр надад бичиг баримт шилжүүлэх гэж байгаа хэлээгүй. Сүүлдээ бичиг баримтын талаар аргаа бараад Авто тээврийн үндэсний төвөөс Мягмаржавын Гантөмөрөөс Х.Мөнхбатруу шилжсэн талаарх бүх материалыг үзсэн. Тэр материал дээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан тушаалын дагуу өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад болон бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, бусдад шилжүүлснийг зөвшөөрөх итгэмжлэлийг тус тус  нотариатаар батлуулсан байна гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл тийм ямар ч баримт байхгүй. Бүртгэлийн маягт нь буруу бөглөгдсөн буюу өөр хүн гарын үсэг зурж, регистрийн дугаарын зөрчилтэй байсан тул тэр баримт нь хуурамч байсан. М.Гантөмөр нь шилжүүлээгүй гэсэн учир би хуурамч баримт үйлдсэн гэж ойлгосон. 2015 оны 12 дугаар сард анх хилээр гарч байхдаа бичиг баримтаа асуухад дотор нь байгаа гэсэн. Намайг харчих байх гээд бичиг баримтыг аваад үлдсэн байсан. Сүүлдээ бичиг баримтаа хаячихсан байна гэж бодоод дахиад авах гэж байтал байж байна гэсэн. Би үзье гэж хэлээгүй учраас нэр шилжүүлснийг мэдээгүй. Тэгээд одоо машиныг анх авснаас нь хойш бүх зүйлийг нь зохицуулж надад ашиггүй байсан ч нэг талдаа хоосон явуулахгүй, бензинээ дарж л байвал гэж бодоод өөрийн зүгээс нийт н.Цэрэндэндэвийн колонкоос 53.450.000 төгрөгийн түлш, Шижир ойлын колонкоос 5-6 сая төгрөгийн түлш авч байсан, Ховд явахдаа тухай бүр авч байсан түлшний тооцоог нь шилжүүлээд л хамтран эзэмшээд явж байсан. Талийгаачийн ажил явдлын дараа талийгаачийн эхнэр Ж.Золзаяа машиныг надад хэлэлгүйгээр хашаандаа тавьчихсан байсан. Тээврийн хөлсийг надад өгөх байтал өөрийнхөө дансруу шилжүүлээд авчихсан зэрэг үл ойлголцол үүсчихээд байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Ж.Золзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Золзаяа миний эсрэг Г.Баяраагийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Г.Баяраагийн өөрт оногдох хэсгийг гаргуулах шаардлага нь тодорхой бус байна. Түүнд ноогдох хэсэг гэдэг нь чухам юу юм бэ? Нэхэмжлэлийн үнийн дүн нь хэд юм? Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  62,  63-д  заасан  шаардлага хангагдаагүй, улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүрхэг байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг, яагаад хамаг юм битүүмжлээд, битүүмжилсэн захирамжаа засаад, өөрчлөөд тал талаас нь дарамтлаад байгааг ойлгохгүй байна. Миний нөхөр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан хэрэг нь шийдэгдээгүй, нас бараад 7 хоноогүй байхад ийнхүү нэхэмжлэл гарган, янз бүрээр дарамталж байгаа нь үнэхээр хүн мөн үү? энэ байдлыг өөгшүүлж байгаа шүүх, шүүгчид туйлын гомдолтой байна. Эрхэм шүүгч та нэхэмжлэлийг уншаад нөхцөл байдал ямар байгааг “ойлгохгүй” хэрэг үүсгэж, хөрөнгө хамгаалах захирамжаа дахин дахин гаргаад байгааг нэг талд шударга бусаар ажиллаж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Хууль бус үйлдлийн талаар, надад учруулсан хохирлын талаар холбогдох газруудад гомдлоо өгөх болно. Г.Баяраа нь надаас машины өмчлөл тогтоолгох, өөрт ноогдох хэсгийг гаргуулах шаардлага гаргажээ. Автомашины өмчлөгч нь Ж.Золзаяа миний бие биш юм. Үүнийг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бүртгэгдсэн байдлаас харж болно. Улсын бүртгэлд талийгаач нөхөр Х.Мөнхбат энэхүү машины өмчлөгчөөр бүртгэгдэж, зохих ёсоор гэрчилгээ авсан байгаа болно. Миний бие нэхэмжлэгчид ямар нэгэн өргүй. Надаас 10.000.000 төгрөг нэхэмжлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй болохыг дахин хэлье. Миний нөхөр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан, хэрэг нь шийдэгдээгүй, нас бараад 1 сар дөнгөж болж байна. Иргэн Г.Баяраагийн гаргасан нэхэмжлэл нь миний талийгаач нөхөртэй холбоотой учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.10 дахь хэсэгт заасны дагуу эрхэм шүүгч та нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахын оронд хэрэг үүсгэж, маш их ажиллагаа хийлээ. Автомашины өмчлөгч, ажлын хөлсний эзэн нь талийгаач нөхөр минь болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Иймд Монгол улсын Иргэний хуулийн зохих заалтуудын дагуу талийгаач нөхрийн маань өвийг хэн залгамжлах болон өв залгамжлалын асуудал шийдэгдээгүй, эрх залгамжлах эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Дээр дурдсан шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн байхад шүүх үүсгэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны Говь-Алтай салбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Мөнхбат нь манай банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээл авсан. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн хашаа байшин, Норд бенз машиныг чиргүүлийн хамт, Ланд-80 авто машин, эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалж, Х.Мөнхбат зээлдэгчээр Ж.Золзаяа нар гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Манай банк зээлийн барьцаанд хөрөнгө авахдаа тухайн хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар  баталгаажуулсан байх шаардлагатай гэснийг үндэслэж бүх бичиг баримтуудыг нотариатаар баталгаажуулж авсан. 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр баталгаажуулснаар  Х.Мөнхбатын албан ёсны эзэмшлийн 07-78ГАА гэсэн улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд барьцаалсан. Энэ хэрэг дээр эзэмшигчийн асуудал хөндөгдөж байгаа учраас манай банкны зүгээс Х.Мөнхбатын эзэмшлийн хөрөнгө мөн байсан гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй бичиг баримт, эд хөрөнгийг барьцаалсан. Нийт зээлийн 50 хувийг тус хөрөнгө хангаж байгаа учраас барьцаалж байгаа хөрөнгөө хууль эрх зүйн үндэслэлтэйгээр зээлийн барьцаанд тавьсныг зээлийн гэрээгээр баталгаажуулж байгаа. Тухайн үед тухайн хөрөнгө эзэмшигчээс нөгөө эзэмшигчид шилжсэн талаар тодруулахгүй.  Тухайн  үедээ  эзэмшигч  нь  хэн  байна  вэ?  гэдгийг  тодруулдаг.  Авто тээврийн газар нь улсын байгууллага. Тэр байгуулага нь тодорхой эрх зүйн акт, хууль дүрмийн дагуу шилжүүлсэн байна гэж үзэж байна. Бид нар тэрийг шилжүүлдэггүй учраас анхан шатны баримтыг үндэслэдэг. Тухайн эзэмшигч зээлийн барьцаанд барьцаалж байх өдөр л тухайн эзэмшигчийн нэр дээр байвал бид нар шууд барьцаална. Зээлийн баримт гараад ирэхэд нотариат гэрээг батлахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг тулгаж байж батална. Тухайн үед хэний нэр дээр байгааг л үндэслэнэ. Яаж шилжсэн эсэх нь тухайн байгууллагын үйл ажиллагаа учраас бид хөндлөнгөөс орох шаардлагагүй. Тухайн зээлдэгч маань бизнесийн зээлийг авч байсан. Бид нар жилд 1-2 удаа барьцаа хөрөнгийн хяналтыг хийдэг. 2015 оны 1-7 сард танай ахын хашаанд байсан гэж байна. Бид нар 8 сард хяналт хийх байсан. Өмнөх хяналт дээр бид нарыг очиход зээлдэгч маань эхнэртэйгээ хамт байсан бөгөөд Ээв дээр ажилтай явж байсан учир үзээгүй байсан. Тэрний өмнө хяналтаа хийгээд явахад Х.Мөнхбатын хашаанд байсан нь, унаад явж байсан нь тодорхой. 2015 оны 1-7 сарын хувьд танай ахын хашаанд байх хугацааны хувьд машинд хяналт хийж үзэж хараагүй. Бусад хугацаанд тухайн автомашин нь байсан гэж зээлийн мэргэжилтэн хэлж байгаа. Тэгэхээр дүрэм, журмынхаа дагуу хяналтаа хийгээд явсан байгаа. Х.Мөнхбат нь 2014 оны 4 дүгээр сарын 30-нд зээл авахдаа хийсэн гэрээнд бүх баримтаа нотариатаар баталгаажуулж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Х.Мөнхбатын хувьд зээлийн түүх сайтай, олон жил харьцсан, хүний итгэл даах чадвартай байсан хүн. Зээл авахдаа хөрөнгө нь хангаад зээл авч байсан. 2012 онд зээл авахдаа автомашиныг авчихсан байсан гэж зээлийн судалгааны тэмдэглэл дээр бичигдсэн байсан. Энэ хүн нь 93.000.000 төгрөгийг ганцаараа гаргаад машин авах боломжтой, мөнгө хөрөнгөтэй чинээлэг ченжүүдэд ордог байсан. Бид нар нэг хүнтэй хамтарч машин авсан гэсэн бол бидэнд хардлага төрнө. Тэр үедээ түүнийг судалж үзнэ. Бид нар зээлийн хорооны гишүүд хамт суугаад ярилцаж шийдвэрээ гаргадаг. Машин хамтарч авч ажилласан талаар сонсогдох байсан. Гэтэл хамтарч авсан гэдгийг нас барсных нь дараа л мэдсэн. Ж.Золзаяагаас танайх үнэхээр хүнтэй нийлж авсан уу? гэхээр эхнэр нь мэдэхгүй гэдэг. Тэгэхээр бид нар өөрсдийн барьцаа хөрөнгийг алдахгүй тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Бид олгох зээлийн эрсдэлийг харж байж зээл олгодог учраас бидний олгосон зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Нотариатч Г.Нямаа нь танай төрсөн эгч гэсэн. Тэр үедээ танай эгч чинь уг зээлийн гэрээг баталсан байсан учраас ямар асуудал болж байгааг мэдэж байсан байна гэж ойлгож байна. Тэр үедээ яагаад дүүтэй минь нийлж авчихаад яагаад дангаараа банкны барьцаанд тавьж  байгаа юм гэх байдлаар асуудалд хандаж, шалгах эрхтэй байсан. Хэрвээ асуудлыг шалгаад гаргаад ирсэн бол банк тухайн хүний зээлийг хязгаарлах боломж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Баяраагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Золзаяад холбогдох nortbenz маркийн 07-78ГАА улсын дугаартай машины өмчлөл тогтоолгож, машины өөрт оногдох хэсэг 15.000.000 төгрөг гаргуулах, мөн уг авто машинаар ”Цэнхэр Өрлөг” ХХК-д тээвэр хийсэн хөлсний оногдох хэсэг 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар авч үзэхээсээ өмнө хариуцагчийн эрх зүйн байдлын талаар авч үзэв. Хариуцагчийн татгалзлын тухайд авч үзвэл  Ж.Золзаяа  нь  шүүхэд  ирүүлсэн  татгалзал  тайлбартаа  “...манай   нөхөр   нас бараад 7 хоноогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ байдлыг нь өөгшүүлж байгаа мэт иргэний хэрэг үүсгэсэн, автомашины өмчлөгч нь Ж.Золзаяа миний бие биш юм. Үүнийг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бүртгэгдсэн байдлаас харж болно. Улсын бүртгэлд талийгаач нөхөр Х.Мөнхбат энэхүү машины өмчлөгчөөр бүртгэгдэж, зохих ёсоор гэрчилгээ авсан байгаа болно. Миний бие нэхэмжлэгчид ямар нэгэн өргүй. Надаас 10.000.000 төгрөг нэхэмжлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй болохыг дахин хэлье. Иймд Монгол улсын Иргэний хуулийн зохих заалтуудын дагуу талийгаач нөхрийн маань өвийг хэн залгамжлах болон өв залгамжлалын асуудал шийдэгдээгүй, эрх залгамжлах эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна...” гэжээ.

 Шүүх, иргэн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад хийх, эрхийг нь хязгаарлах үндэслэлгүй юм.

Х.Мөнхбат нь 2016 оны 09  дүгээр сарын 22-ны өдөр нас барсан, Ж.Золзаяа нь түүний эхнэр болох зэрэг нь нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. “Миний бие машины өмчлөгч биш, гэрчилгээ нь манай нөхрийн нэр дээр байдаг” гэх тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10-д заасан үндэслэлийн хувьд үзвэл машин нь хөдлөх эд хөрөнгө бөгөөд түүний бичиг баримт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь түүний өмчлөгчийг тодорхойлохгүй бөгөөд тухайн үеийн шууд ба шууд бус эзэмшлийг тодорхойлдог зүйл юм. Хариуцагчийн тайлбар нь иргэний хэрэг үүсгэн тодорхой ажиллагааг хэрэгжүүлсний дараа шүүхэд ирдэг бөгөөд тэр хүртэл болон үүсгэсний дараа ч уг машин нь дундаа хамтран өмчлөх гэр бүлийн хөрөнгө байх магадлал, боломж хууль зүйн хувьд байгаа тул шүүх нь шүүх хуралдаанаас өмнө энэхүү байдалд дүгнэлт хийх боломжгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлээр гаргасан байх ба машины өмчлөл тогтоолгох шаардлага нь заавал тухайн эд зүйлийг гаргуулан авах үр дагаваргүй ч байж болдог. Өөрөөр хэлбэл тодорхой хэсгийг нь болон бүхлээр нь өмчлөх эрхтэй болохоо эрх зүйн хувьд тогтоолгоод үр дүнд нь дундаа хэсгээр өмчлөх харилцаагаа хэвээр үргэлжлүүлээд явах гэх мэт зорилгоор ч хэрэгждэг ойлголт юм. Мөн нэхэмжлэлийн бусад шаардлагын агуулгаас үзэхэд өвлүүлэгчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хангуулахтай холбоотой шаардлага ч байна.

Иймд шүүх урьдчилан дүгнэлт хийж хэд хэдэн шаардлагын зөвхөн тодорхой хэсгээр нь нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзах нь үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлүүдээр шүүх иргэний хэрэг үүсгэсэн ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байж жинхэнэ хариуцагч мөн эсэхийг тодорхойлох нь зүйтэй байв.

 Шүүх дээрх үндэслэлээр иргэний хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих ба 6.3-т зохигч... хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, мөн хуулийн 25.2.2-т шаардлага ба татгалзлын үндэслэл, түүний нотлох баримтын өөрөө нотлох цуглуулах, гаргаж өгөх, 38.1-т зохигч... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Маргааны зүйлийн талаар авч үзвэл шүүх дээрх зарчмын дагуу хэрэгт цугласан нотлох  баримтуудыг  судлахад  Г.Баяраа, Х.Мөнхбат нар нь 2012 оны 06 дугаар сард 07-78 ГАА улсын дугаартай nortbenz маркийн ачааны машиныг тус бүр 46.500.000 төгрөг гарган, нийт 93.000.000 сая төгрөгөөр Х.Цэрэнпил гэгчээс худалдан авсан болох бодит байдал нь гэрч  Х.Цэрэнпилийн “...2012 онд Х.Мөнхбат, Г.Баяраа нар нь 46.500.000 төгрөгийг тус тусдаа авчирч өгч нийт 93.000.000 төгрөгөөр нийлж хамтарч авч байгаа гэж хэлээд мөнгөө өгөөд машиныг чиргүүлийн хамт авсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Гантөмөрийн “...2012 оны хавар Х.Цэрэнпилтэй цуг яваад гаалиар уг машиныг оруулж ирэхэд миний нэр дээр гэрчилгээ гарсан. 2012 оны 06 дугаар сард Г.Баяраа, Х.Мөнхбат нар хоёулаа хамт ирээд уг машиныг худалдан авлаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрийн чинь нэр дээр байж байг, бид хоёр хоёулаа ирж гэрчилгээг сольж авна, хэн нэгний зөвшөөрөлгүйгээр солихгүй шүү гэж хэлчихээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Даваасүрэнгийн “...Г.Баяраа нь анх энэ машиныг авчлаа, унах хүн байдаггүй гээд намайг хотод ажилтай байхад дуудаад 2012 оны 06 дугаар сараас 2013 оны 01 сар хүртэл би уг машиныг унаж тээвэр хийж байсан. Тэгэхэд Х.Мөнхбат нь байнга цуг явж байсан. 2013 оны дундуур би заримдаа хол тээвэрт Х.Мөнхбаттай хамт явдаг байсан. Тэгээд Х.Мөнхбат тэрнээс хойш н.Алтангэрэлтэй хамт явж байсан, би Алтайн Хүдэрт ажилд орсон, ... бүх зардлуудыг Г.Баяраа гаргадаг байсан. Би бас цалингаа Г.Баяраагаас авдаг байсан...” гэх мэдүүлэг, сэлбэгний үнэ, дизель түлш, нүүрсний үнэ зэрэг холбогдох зардлыг Г.Баяраагийн гэр бүлийн хүн болох Ш.Бадамхандын данснаас Х.Мөнхбатын дансанд мөнгө шилжүүлэн өгч байсан талаарх дансны хуулга зэргээр  нотлогдож байна.

Уг тогтоогдож байгаа үйл баримтаас үзэхэд хууль зүйн хувьд Г.Баяраа нь автомашины тодорхой хэсэг буюу тал хувийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байна. Эзэмшил нь эд зүйлийг захиран зарцуулах эрхтэй этгээдийн хувьд өмчлөл болно. Тодруулбал Г.Баяраа нь уг автомашиныг Х.Мөнхбаттай дундаа хэсгээр өмчлөх эрхтэй байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь М.Гантөмөрөөс Х.Мөнхбатад шилжсэн байх боловч гэрчилгээ дэх эзэмшигчийн нэр шилжсэн байдал нь тогтоосон журмыг зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн тайлбар нь түүний хэрэгт баримтаар гаргасан, Авто тээврийн үндэсний төв гэх дардас бүхий Тээврийн хэрэгслийг бүртгэх маягтын шилжүүлэгчийн хэсэгт Мягмаржавын Гантөмөрийн гэх ДЮ75021074 гэсэн регистрийн дугаар нь мөн хэрэгт байгаа уг баримтыг холбогдох газраас гаргуулах авах зорилгоор Мягмаржавын Гантөмөрөөс Ш.Мөнхбаатарт олгосон итгэмжлэл дэх М.Гантөмөрийн иргэний үнэмлэх дээрх ДЮ77092814 гэсэн регистрийн дугаартай тохирохгүй, харин хэрэгт байгаа гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон нас барсны бүртгэлийн лавлагаан дахь Хандцэрэнгийн Мөнхбатын гэх ДЮ75021074 регистрийн дугаартай тохирч байгаагаар, мөн гэрч М.Гантөмөрийн “...Надад энэ талаар огт мэдэгдээгүй, хэрвээ уг автомашины гэрчилгээг сольсон бол хуурамчаар сольсон байна...” гэх мэдүүлэг, гэрч П.Батбилэгийн “...Намайг 2015 оны 12 дугаар сард Бургастайн боомтоор гарахад Г.Баяраа миний араас жижиг машинтай ирсэн. Бичиг баримт нь машин дотор байгаа гээд надаар хайлгасан тэгээд олдоогүй, Г.Баяраа нь Х.Мөнхбатаас бичиг баримт хаана байгааг асуугаад байсан тэгэхэд машин дотор байгаа гэж Х.Мөнхбат хэлээд би хайгаад олоогүй, өөр хүний бичиг баримтаар Бургастайн боомтоор гарсан...” гэх мэдүүлэг зэргээр уг гэрчилгээн дэх эзэмшигчийн нэр солигдсон байдлыг нотлох баримтаар үнэлж Х.Мөнхбатын эзэмшлийн машин гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан машины өмчлөл тогтоолгох шаардлагын тухайд машины тодорхой хэсгийн эсхүл бүрэн хэмжээгээрээ Х.Мөнхбат болон түүний гэр бүлийн дундаа хамтран өмчлөх гэр бүлийн хөрөнгөөр бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө байх, тэдний эрх ашиг хөндөгдөх хууль зүйн хувьд боломжтой тул нэхэмжлэгч нь Ж.Золзаяаг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Машинаас оногдох хэсгээ гаргуулах болон тээврийн хөлсний оногдох хэсэг гаргуулах шаардлагын хувьд Ж.Золзаяа нь Х.Мөнхбатын өвлөгчдийн нэг бөгөөд маргааны зүйл болох автомашин, Цэнхэр өрлөг компаниас олгосон тээврийн хөлс 20.000.000 төгрөг зэргийг эзэмдсэн болох нь Ж.Золзаяагийн Хаан банк дахь 5315209874 дугаарын дансанд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Цэнхэр-Өрлөг компаниас ажлын хөлс 20.000.000 төгрөгнийн орлого орсныг данс эзэмшигч Ж.Золзаяа мөн өдөр зарлагадаж авсан байгаа зэргээр нотлогдож байх тул мөн хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна. Хариуцагч татгалзалдаа “өв нээгдээгүй, нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байна” гэх үндэслэлүүдээр татгалзжээ. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барснаар өв нээгдсэн гэж үзэхээр заажээ.

Мөн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсөний дараа олгоно гэж заасан нь зөвхөн өвлөгдөх хөрөнгийн хувьд хууль ёсны өвлөгчдийн өвлөх эрхийг, 531.4-т заахдаа ...гэрээслэлээр өвлөх эрхийг тус тус баталгаажуулсан байдаг ба өвлөх эрхийн гэрчилгээг олгох, хугацаа тогтоохын ач холбогдол агуулгыг Иргэний хуулийн 531.1-д гэрчилгээ олгох хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэсэн байгаагаас энэ нь зөвхөн өвлөгдөх хөрөнгийн хувьд яригддаг, өвлөгчдийн хооронд маргаан гарахаас сэргийлсэн, өвлөгчдийн хууль ёсны эрхийг хангасан ойлголт гэдэг нь харагдана. Харин энэ хэргийн хувьд нэхэмжлэгчийн эхний шаардлага бол автомашины хамтран өмчлөгч болохоо тогтоолгох шаардлага байсан ба тал хувийг дундаа хэсгээр хамтран өмчлөгч болох нь тогтоогдож байгаа тул түүний өмчлөлийн хэсэг нь өвлөгдөх хөрөнгө биш учир өвийн ойлголт хамааралгүй юм. Харин дараагийн шаардлага болох дундаа хэсгээр хамтран өмчлөх эд хөрөнгө болох автомашинаас оногдох хэсгээ авах шаардлагын дундын өмчийн эрхийг хүчингүй болгохын шаардсан шаардлага байна. Иргэний хуулийн 489.1-д дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нь ч дундын өмчийн эрхийг хүчингүй болгохоор шаардах эрхтэй, 489.2-т ...хүндэтгэн үзэх шаардлага гарвал энэхүү эрхийг хэрэгжүүлж болно гэж заасан байгаа тул нэхэмжлэгч уг шаардлагыг гаргах эрхтэй байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ноогдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

Дундын өмч болох машин болон түүний чиргүүл нь зориулалт, иж бүрдэл, чанар байдлыг нь алдагдуулахгүйгээр хуваах боломжгүй байна. Иймд дундын өмчийнхөө оногдох хэсгийг түүнийг мөн эзэмдсэн Ж.Золзаяагаас шаардах эрхтэй байна. Хариуцагч Золзаяа нь автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж, өмчлөлөөс өвлөгдөх хэсгийн үнийг гаргуулах талаар шаардлага гаргаагүй тул талууд аль аль нь оногдох хэсгийн үнийг гаргуулах шаардлага үүсээгүй байна гэж үзэж дундын өмчлөлийн зүйлийг  дуудлагаар  худалдах  гэх  мэт  хуульд  заасан  журмыг  хэрэглэх шаардлага үүсээгүй байна гэж үзэхээр байна. Автомашины үнэлгээний хувьд нэхэмжлэгч 30.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн байх ба үнэлгээний талаар гэрч Т.Пүрэвдоржийн “...2016 оны 06 дугаар сард худалдан авахаар Г.Баяраа, талийгаач Х.Мөнхбат нартай хоёулантай нь уулзаж ярилцаж байсан. 2 өрөө байраар худалдаж авья гэж байгаад Х.Мөнхбат нь мөнгө хэрэгтэй байна гэхээр нь портер машин дээр Pruis 30 машин өгөөд мөн дээр нь 15.000.000 /арван таван сая/ төгрөг өгөхөөр тохиролцсон боловч эргээд хариу өгье гээд хариу өгөөгүй...” гэх  мэдүүлэг, гэрч О.Балжиннямын “...2016 оны 06 дугаар сарын эхээр уг автомашиныг авахаар Г.Баяраа болон Х.Мөнхбат нартай 40.000.000 төгрөгөөр худалдан авахаар ярьж байсан.  Миний бие хотод хашаа байшингаа оролцуулаад авья гэсэн чинь бид хоёр худалдсан мөнгөө хувааж авна, яаж хашаа байшинг хувааж авах вэ? бэлэн мөнгөөр нь зарна гэсэн тэгээд миний хашаа, байшинг Төгрөгийн нэг хүн худалдан авахаар тохиролцож байсан боловч авахаа больж миний мөнгө бүтээгүй учир худалдаж авч чадаагүй. Тэгээд тэр хоёр одоо замд гарлаа, намар мөнгө чинь бүтвэл ярьж байгаад аваарай гэсэн. Тэгээд миний мөнгө бүтээгүй, намар Х.Мөнхбат нас барсан сураг дуулдсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд машин болон чиргүүлийн үнэлгээг 40.000.000 төгрөгөөр үнэлж байсан болох нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч 30.000.000 төгрөгөөр тооцон оногдох хэсэг буюу тал хувь 15.000.000  төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүх хүсэл зоригийн зарчмын дагууд бууруулсан үнэлгээгээр нь тооцсон болно. Шүүх нэг тал нь дундын өмчийн эрхээсээ татгалзаж оногдох хэсгийн үнийг шаардаж, нөгөө тал нь сөрөг шаардлага буюу мөн эрхээсээ татгалзаж оногдох хэсгийн үнийг шаардаагүй, үнийн дүнг маргаагүй тохиолдолд шүүх шинжээчээр үнэлгээ тогтоолгох, дуудлага худалдаагаар борлуулахыг шийдвэрт заах зэргээр хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

Мөн дараагийн шаардлага болох тээврийн хөлсний оногдох хэсгийг гаргуулах шаардлагын хувьд    Иргэний хуулийн 487.1-д зааснаар ...өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ноогдох үр шимийг өмчлөх эрхтэй байна. Энэ нь дундаа өмчлөх эрхийн харилцааны эрх бөгөөд хуулиар үр шимийг хүртэл эрхтэй байна. Энэ нь өвлөгдөх хөрөнгө биш бөгөөд дундын өмчөөр нэгэнт бий болсон бодитойгоор байгаа үр шим буюу өмч нь тул түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс буюу үр шимийг эзэмдэж байгаа Ж.Золзаяагаас шаардах эрхтэй байна. Дээр дурдсан байдлаар нэхэмжлэгчийн шаардлагууд нь өв хүлээн авагчийн эрх болон өвлөгдөх журмыг зөрчөөгүй, өвлөгдөх эд хөрөнгөд хамааралгүй шаардлага байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр суурьтай байж, талуудыг мэтгэлцэх болон хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож ажилласан бөгөөд гагцхүү талуудын өөрөө цуглуулсан, хуульд заасан тохиолдолд шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлэх замаар шийдвэр гаргасан болно. Хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбар, түүний үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул татгалзлаа нотолж чадаагүй байна.

Шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд хэрэгт мэдүүлсэн  гэрч  нарын  мэдүүлэг,  бусад бичмэл баримтууд нь хуульд заасан журмын дагуу хууль сануулж мэдүүлэг авсан, хэрэгт ач холбогдолтой байсан бөгөөд эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул үнэлсэн болно.

Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар 0778 ГАА улсын дугаартай nortbenz маркийн автомашин, түүний чирүүлийн тал хувийг дундаа хэсгээр хамтран өмчлөгч нь Г.Баяраа болохыг тогтоох, Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.2, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар автомашины хэсгээр өмчлөхөд оногдох хэсэг 15.000.000 төгрөгийг, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар дундаа хэсгээр өмчлөх автомашины оногдох хэсгийн үр шим болох 10.000.000 төгрөгийг хариуцагч Ж.Золзаяагаас гаргуулан нэхэмжлэгч Г.Баяраад олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид машины өмчлөл тогтоолгох шаардлагад төлсөн 70.200 төгрөг, машины өөрт оногдох хэсэг гаргуулах шаардлагад төлсөн 233.000 төгрөг, тээврийн хөлс 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 174.950 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид 478.150 төгрөг  төлсөн болохыг дурдаж, 478.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 478.100 төгрөгийг хариуцагч Ж.Золзаяагаас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг үндэслэн  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 22 дугаар байр 02-18 тоотод оршин суух, /РД:ДЮ69120119/, Гончигсүрэнгийн Баярааг 07-78 ГАА улсын дугаартай NORTHBENZ маркийн автомашин болон түүний чиргүүлийн тал хувийг дундаа хэсгээр хамтран өмчлөгчөөр тогтоож,  Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.2, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар автомашин болон чиргүүлийн хэсгээр өмчлөхөд оногдох хэсэг 15.000.000 төгрөгийг,  Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар дундаа хэсгээр өмчлөх автомашины оногдох хэсгийн үр шим болох 10.000.000 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-23 тоотод оршин суух, /РД:ОЮ81031000/, Жамбалын Золзаяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Баяраад олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид машины өмчлөл тогтоолгох шаардлагад төлсөн 70.200 төгрөг, машины өөрт оногдох хэсэг гаргуулах шаардлагад төлсөн 233.000 төгрөг, тээврийн хөлс 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 174.950 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид 478.150 төгрөг  төлсөн болохыг дурдаж, 478.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 478.100 төгрөгийг хариуцагч Ж.Золзаяагаас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч   нар   шүүхэд   хүрэлцэн   ирж   шийдвэрийг   өөрөө   гардан   авах   үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН