| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0660/Э |
| Дугаар | 249 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 249
2020 03 31 2020/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овгийн Цэдэнжавын Эд холбогдох эрүүгийн 1811000710736 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, аав, ээж, эгч дүү нарын хамтаар Хөвсгөл аймаг, Жаргалант сум, 1 дүгээр бригадад оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 54-9 тоотод оршин суудаг гэх,
урьд: Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хорих ялаар,
Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн. Хариад овогт Цэдэнжавын Э /РД:.............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-396 тоотод оршин суух Б.Чинзоригийн монгол гэрт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч компьютерийн дэлгэц, гар, маус, зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлж, 198,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,
2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62-0967 тоотод оршин суух Л.Нямхүүгийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 103,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус бүр үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ахин хулгайлах гэмт хэрэг үйлдэхгүй өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв
Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдрүүдэд нэлээн согтуу байсан болохоор тухайн үйл явдлыг сайн санахгүй байна..... “Болор” дэлгүүр болон “Говьхангай” мебель ХХК-ын камерын бичлэгт бичигдсэн шар өнгийн урт куртиктай, эсгий түрийтэй гутал өмссөн цагаан өнгийн ноосон малгай өмссөн эрэгтэй хүн би байна. Шар өнгийн малгайтай урт куртик нь манай хүргэн ах Отгонжаргалын куртик бөгөөд би өмсөж байсан. эсгий урт түрийтэй гутлыг би хөдөөнөөс орж ирэхдээ өмсөж орж ирсэн байсан. Малгайг нь хэнийх гэдгийг би санахгүй байна....” гэх /2-р хх-ийн 20-21х/,
Хохирогч Б.Чинзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 117-р сургуульд 3 дугаар ангид хүүгээ сургуупьд нь хүргэж өгөхөөр тус өдрийн 12 цаг 55 минутын орчимд гэрээсээ гарсан, гэрээсээ гараад явах үед замд надтай сэжиг бүхий оранж өнгийн күртиктэй эсгий түрийтэй бакалан толгойтой гутал өмссөн хүн зөрөөд манай гэрийн зүг явж байсан би тэр залууг холоос харахдаа манай хажуу айлын залуу гэж харсан тэгсэн ойртоод ирсэн чинь биш байсан тэгээд би зөрөөд явсан. Хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд зүүн салаа явсан тэндээсээ нэгдүгээр хороолол явж байхад манай охин ээжийнхээ утсаар над руу залгаад гэрээ цоожлоогүй явсан юмуу гэрт хулгай ороод компьютерийн эд зүйлс алдагдсан юм шиг байна гэж хэлэхэд би шууд гэртээ ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс компьютерийн дагалдах хэрэгсэл болох дэлгэц, гар, хулгана зэрэг эд зүйлс алдагдсан байсан харин дараа нь эд зүйлсээ ахин нягталж үзэхэд авдар дотор байсан зөөврийн компьютер алга байсан өөр эд зүйлс алдагдаагүй. Манай гэрийн хаалга цоожгүй харин үүдний амбаар цоожтой байсан ба тэр цоожийг эвдсэн байсан харин цоож нь олдоогүй...”, “...хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд машинаа гэрийн гадаа ухрааж байсан чинь яг камерт бичигдсэн эрэгтэй хүн шаргал өнгөтэй күртикнийхээ малгайг нь өмсчихсөн доороос дээшээ өгсөж байсан, тухайн үед би манайд хүн ирж байгаа юм болов уу гээд машинаа нормалдаад нэлээн харж зогссон чинь хажуугаар дээшээгээ өгсөөд явчихсан, тэгэхээр нь за за манайд ирээгүй юм байна даа гэж бодоод хүүхдээ хүргэж өгөх гээд сургууль руу явсан, камерт бичигдсэн байгаа эрэгтэй хүнийг урьд нь огт харж байгаагүй танихгүй хүн байна, энэ хүний өмсөж байгаа цагаан шаргал өнгийн ноосон малгай нь миний малгай бөгөөд тухайн өдөр хувцасны шкаф дээр тавиастай байсан, бариад явж байгаа цагаан хар эрээн өнгийн гялгар уут нь манай эхнэр гутлаа хийгээд тавьчихсан байсан уут байна, тухайн үед гэрт гутлыг нь үлдээгээд уутанд нь бодвол нөүтбүүк, компьютерийн дэлгэц зэргийг хийгээд авч явсан юм шиг байна, хэрэг болсон өдрийн маргааш нь би машинаа асаах гээд малгайгаа өмсөх гэсэн чинь миний малгай алга болчихсон байсан. Энэ хүн намхан нуруутай эрэгтэй байсан, куртикний малгайгаа өмсчихсөн байсан болохоор царайг нь бол сайн харж чадаагүй...” гэх /1-р хх-ийн 41- 43/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-30/,
Мөрдөгч Н.Ариунболдын илтгэх хуудас: “...Тус хэрэг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Тахилтын 3-396 тоотод байх монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэн хулгай хийж компьютерийн дэлгэц, гар маус зэрэг эд зүйлс алдагдсан гэх. Хэргийн газарт хохирогч Б.Чинзориг нь хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явсан хойгуур нь хулгай орлоо гэж цагдаад дуудлага өгсөн.
Хэргийн газрын ойр орчмоор биечилсэн сурвалжлага хийж ажиллахад хөрш айлын Х.Баясгалан нь өдөр Б.Чинзоригийг гэрээсээ гараад явсны дараа сэжиг бүхий шаргал куртиктэй, эсгий түрийтэй гуталтай үл таних хүн явсан талаар хэлж ярив.
Хэргийн газрын харуулсан хяналтын камерыг шүүж үзэхэд 30-40 орчим насны шаргал куртиктэй хар өмд цагаан малгайтай эрэгтэй хүн Б.Чинзоригын гэрээс гараад явж байгаа нь тогтоогдсон...” гэх /1-р хх-ийн 34х/,
Гэрч Х.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манайх Чингэлтэй дүүргийн 19 хороо, Тахилт 3-370 тоот айл бөгөөд хулгай орсон Чинзоригийнх Чингэлтэй дүүргийн 19 хороо Тахилт 3-396 тоотод байдаг, манайх яг ард талын айл байгаа юм аа, тухайн өдөр би гэртээ байсан бөгөөд тэр өдөр Чинзориг хүүхдээ сургуульд хүргэж өгнө гээд явахад би хүүхдээ хүргэж өгчихөөд урдуур манай руу ороод ирээрэй гэж хэлээд өнгөрч байсан, тэр үед 13 цаг л дөхөж байсан байх, Чинзоригийг машинтайгаа хөдлөөд явсны дараа дунд зэргийн нуруутай, улбар шар өнгийн күртик өмссөн, дээр үеийн 30 машины жолооч нар өмсөөд байдаг орос бакалан толгойтой, түрий нь саарал эсгий түрийтэй гутал өмссөн үл таних эрэгтэй Чинзоригийн хашааны урдуур алхаж яваа харагдсан. Тухайн үөд би зүгээр л өнгөрч яваа хүн л юм байх гэж бодоод өнгөрсөн. Говь хангай мебель” ХХК-ний танай гэр лүү харсан хэсгийн камерын бичлэг болон “Говь хангай мебель”-ийн урд талд байдаг “Болор” дэлгүүрийн үүдний хяналтын камерт бичигдсэн иргэний дүрсийг харлаа. Би камерын бичлэгт бичигдсэн байгаа улбар шар өнгийн күртик өмссөн, орос бакалан толгойтой, саарал эсгий түрийтэй гутал өмссөн эрэгтэй мөн байна, би өмссөн малгайг нь бол сайн санахгүй байна, тухайн үед би тэр залуугийн өмссөн байсан куртик, гутал 2-ыг сайн харж байсан, бас нэлээн халамцуу явж байсан...” гэх /хх-ийн 49х/,
Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан: №ЧД2-18-84, “ ... Нөүтбүүк тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 90,000 төгрөгөөр үнэлэгдэв.
ЧД2-18-09 “...Компьютер тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 108,000 төгрөгөөр үнэлэгдэв гэх /хх- ийн 50-54х/,
Шинжээчийн 363 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн “1, 2" гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр, Б.Чинзориг, Т.Батдэлгэр нарын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “ 3” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй 2 гэж дугаарласан гарын мөр санд MN004610007343 дугаараас Цэдэнжавын Э нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний / овог нэр солигдсон байж болно гэх дүгнэлт /1-р хх-ийн 57- 58х/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Камерын бичлэгт цагаан өнгийн ноосон малгайтай, улбар шар өнгийн малгай урт куртик өмсөж, энгэрийг нь задгай тавьсан, дотуур нь хар бараан өнгийн цамц өмссөн, доогуураа хар өнгийн өмд өмссөн, хөлөндөө түрий хэсэг нь саарал өнгийн эсгий материалтай, дээд талын ирмэг нь хар өнгөтэй материалаар хүрээлсэн, түрийг нь дээд хэсгээс нь доош нь бага зэрэг нугалсан, доод талын хэсэг нь хар өнгийн арьсан материалтай урт түрийтэй гутал өмссөн эрэгтэй хүн байх бөгөөд баруун талын гартаа хар цагаан өнгө хосолсон гялгар ууттай зүйлс барин “Болор” дэлгүүрийн урд талаар гарч засмал даган явж байна гэх /1-р хх-ийн 136-140х/,
Хоёр. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 183-191/,
Хохирогч Л.Нямхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хэргийн материал доторх Цэдэнжавын Э гэх хүний зургийг харлаа, уг хүнтэй урьд нь огт уулзаж байгаагүй, манай гэрт ч орж ирж байгаагүй ээ, мэдэхгүй хүн байна...” /1-р хх-ийн 205х/,
Эд зүйлийн үнэлгээнд:
Нэр хаяг тодорхойгүй 3 уут чихэр 10,000 төгрөг,
3 уут хүүхдийн бэлэг 40,000 төгрөг,
Оргилуун дарс 15,000 төгрөг, Соёмбо архи 38,000 төгрөг,
Бэлэн мөнгө 20,000 төгрөг нийт үнэлгээ 103,000 төгрөг /1-р хх-ийн 196х/,
Гэрч С.Цэдэнжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 сараас 2018 оны 01 сарын хооронд манай хүү Ц.Э Улаанбаатар хот руу явсан...Өмнө нь Э Улаабаатар хот руу явж байгаагүй. Тэр Архангайн гэх залуутай танилцсанаас хойш анх удаа явсан нь тэр байх. Түүнээс хойш Улаанбаатар хот руу явж байгаагүй. Манай хамгийн том охин Анхбаяр Улаанбатар хотод байдаг өөр хамаатан садан байхгүй. Тэр үед Э эгчийндээ очоогүй байсан. Гэрийг нь мэдэхгүй эндээс явахдаа эгчийнхээ утасны дугаарыг авч явсан. Тэгээд утсаа хаяад эгчтэйгээ холбоо барьж чадаагүй ирсэн байсан...” гэх /1-р хх-ийн 220-221х/,
Гэрч Ц.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Ц.Эийн төрсөн том эгч нь байгаа юм. 2018 оны 01 сарын 01-ний өдөр Ц.Э нь манайд огт байгаагүй. Би Эийг хот руу орж ирснийг мэдээгүй. Сүүлд нь хэрэг төвөгт холбогдсон гэж сонсоход 7-н буудал, Бэлх чигтээ айлаар байсан талаар сураг сонссон. Ц.Этэй уулзаагүй 6-н жил гаран болж байна...” гэх /1-р хх-ийн 225х/,
Шинжээчийн 552 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн 1,3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана.
Шинжилгээний шаардлага хангах 1,3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь Цэдэнжав овогтой Эийн баруун гарын эрхий хурууны хээтэй болон зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна. Ц.Эийн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн сан дахь 2018-009-СБД гэсэн бүртгэлийн дугаартай 2017.12.16-нд СБД-ийн 17-р хороо, Дамбадаржаагийн 44-683 б тоотод гарсан хулгайн хэргийн газрын 5 ширхэг гарын мөртэй тохирч байна. Ц.Эийн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн сан дахь 2014-3626-СХД гэсэн бүртгэлийн дугаартай 2014.08.06-нд СХД-ийн 7-р хороо, Баянхошууны 29-105 тоотод гарсан хулгайн хэргийн газрын 1 ширхэг гарын мөртэй тохирч байна...” гэх /1-р хх-ийн 228-229х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасанаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Б.Чинзоригт 198,000 төгрөг хохирогч Л.Нямхүүд 103,000 төгрөгийн учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул нийт 301,000 төгрөгийг хохирогч Б.Чинзоригт 198,000 төгрөг, хохирогч Л.Нямхүүд 103,000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс нийт 08 сар 11 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хариад овогт Цэдэнжавын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 3 /гурав/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 08 сар 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эөөс нийт 301,000 /гурван зуун нэг мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилт 3-396 тоотод оршин суух Б.Чинзоригт /СЖ75013116/-д 198,000 төгрөг, хохирогч Чингэлтэй дүүргийн 15-р хороо, жаргалантын 62-967 тоотод оршин суух Л.Нямхүү /ШГ54122066/-д 103,000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД