Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 237

 

Ю.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01196 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю.Нямдаваа,

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдлох,

 

Гэм хорын хохиролд 28 787 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ю.Нямдаваагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр,

Хариуцагч  Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түвшинтөр,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүлэнсолонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны  өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 287 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 64 025 485 төгрөгийг төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-иас гаргуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулж, түүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 28 787 040 төгрөгийн үлдэгдэлтэй болж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалтай 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр очиж танилцахад, төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-ийг татан буулгасан тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа ирсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  дуусгавар болгосон гэж шийдвэр гүйцэтгэгч  тайлбарласан боловч  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай баримт байгаагүй. Шийдвэр  гүйцэтгэгч н.Золзаяа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд миний хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байсан.

Шийдвэр гүйцэтгэгч н.Золзаяа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-ийн эд хөрөнгийг илрүүлж чадаагүй. Би өөрөө төлбөр төлөгчийн эд хөрөнгө, мөнгийг илрүүлж төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-ийн захирал Х.Баттулгатай хамт ирж 17 000 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэ гүйцэтгэх албаны дансанд байршуулсан. Харин шүүгчийн захирамжийн дагуу битүүмжилсэн төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-ийн захирал Х.Баттулгын эзэмшлийн Хаммер Н2 маркийн 01-97 УНУ улсын дугаартай автомашиныг ямарч үндэслэлгүйгээр битүүмжлэлээс чөлөөлсөн байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-ийг татан буулгасан захиргааны байгууллагын шийдвэрүүдийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаартай шийдвэрээр Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн улсын бүртгэгч Д.Уянгыг “Тэнүүн тулга” ХХК-ийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасалт хийж бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгож, төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-ийг хууль бусаар улсын бүртгэлээс хассан 2015 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн 1002551 дугаартай улсын  бүртгэгч Д.Уянгын бүртгэлийг мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/186 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, захиргааны байгууллагыг албан үүргээ гүйцэтгэхдээ хууль зөрчсөн болохыг тогтоогоод маргаан бүхий захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэв захиргааны  байгууллагын албан хаагчид албан үүргээ хуулийн дагуу зөв хийж гүйцэтгэсэн бол надад ийм хэмжээний хохирол учрахгүй байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаартай шийдвэрээр хариуцагч байгууллагуудын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл тогтоогдсон учраас миний бие Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллагуудаас гэм хорын хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын нэр өөрчлөгдөж Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болсон тул хариуцагчаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг тодорхойлж байна. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол 28 787 040 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ямарч эд хөрөнгөгүй, дансандаа мөнгөгүй татан буугдаад 2 жил болсон компани хохирлыг барагдуулах боломжгүй тул дээрх байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түвшинтөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаар шийдвэрийн дагуу “Тэнүүн тулга” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн сан, архивын хувийн хэрэгт сэргээсэн учир нэхэмжлэгч Ю.Нямдааваа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар гэм хорын хохирол 28 787 040 төгрөгийг “Тэнүүн Тулга” ХХК-иас барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохарйхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар с арын 06-ны өдрийн 287 дугаар захирамжаар “Тэнүүн тулга” ХХК-иас 63 787 040 төгрөг гаргуулж Ю.Нямдаваад олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 111 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж бэлэн мөнгөөр 15 000 000 төгрөгийг, эд хөрөнгөөр 20 000 000 төгрөгийн  төлбөрийг барагдуулан төлбөр авагчид олгосон байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 9/4720 тоот албан бичгээр төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-ийг татвар төлөгчийн бүртгэлээс хасч 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн татан буугдсан бүртгэлд бүртгэсэн ба эрх үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй тухай албан бичиг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасны дагуу төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны 15/186 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан.

Мөн нэхэмжлэлд дурдсан Хаммер Н2 маркийн 01-97 УНУ улсын дугаартай автомашиныг “Тайкун” ХХК 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар фидуцийн гэрээгээр эзэмшилдээ шилжүүлэн авсан тул Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаар захирамж, 2013 оны 6 дугаар сарын 07-ны 3844 дүгээр  албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 384 дүгээр гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК, төлбөр авагч Ю.Нямдаваад холбогдох төлбөрт тооцон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаартай шийдвэрээр улсын бүртгэл болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Сонгоинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15/186 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн  тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдэл 28 787 040 төгрөгийг барагдуулах ажиллагаа явагдана. Иймд Ю.Нямдаваад тус албаны буруутай үйл ажиллагааны улмаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан бодит хохирол учраагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох гэм хорын хохиролд 28 787 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ю.Нямдаваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаартай шийдвэрээр төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ хууль зөрчсөн болохыг тогтоосон. Ийнхүү буруутай болох нь тогтоогдож байхад хохирлоо шаардах эрхтэй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Тухайн компанийг төлбөрийн чадваргүй байдалд хүргэсэн нь төрийн албан хаагчийн буруутай үйлдэл болсон.

Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “Тэнүүн тулга” ХХК-ийг архивын хувийн хэрэгт сэргээсэн тул уг компаниас төлбөрийг гаргуулна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс уг компанийг улсын бүртгэлд сэргээн бүртгэж байгааг хамааралгүй гэж үзсэн ба хууль зөрчиж, татан буугдаад ямарч хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болсон учраас гомдолтой байгаа. Мөн шийдвэр гүйцэтгэгч н.Золзаяа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бодитоор гүйцэтгээгүй атлаа урамшуулалд 2 000 000 гаруй төгрөгийг авсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, уншиж судлагдах боломжгүй байна. Мөн энэ талаар шүүгчид тайлбарласан боловч хүлээж аваагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын төлбөрт 2 000 000 гаруй төгрөгийг суутгах ёсгүй гэж үзэж байгаа нь шийдвэр гүйцэтгэг н.Золзаяа ажиллагааг бодитоор хийж гүйцэтгээгүй, харин төлбөр авагч ажиллагаа хийж төлбөр төлөгчийн эд хөрөнгө, мөнгийг илрүүлж авч ирж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гэм хорын хохиролд 28 787 040 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Ю.Нямдаваагийн нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

            “Тэнүүн тулга” ХХК 63 787 040 төгрөгийг Ю.Нямдаваад төлөхөөр эвлэрснийг баталсан шүүгчийн 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаар захирамжийн дагуу  гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед төлбөр төлөгч “Тэнүүн тулга” ХХК-ийг татан буулгаж, улсын бүртгэлээс хассан Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр тус тус хууль бус болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаар шийдвэрээр тогтоожээ.

Дээрх шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч буюу төлбөр авагч Ю.Нямдаваа нь 28 787 040 төгрөгийн төлбөрийг төлбөр төлөгчөөс авах боломжгүй болсон болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тухай төлбөр авагчид мэдэгдээгүй болохоо хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үгүйсгэж няцаагаагүй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын дээрх хууль бус шийдвэрийн улмаас 28 787 040 төгрөгийн гэм хор учирсныг арилгуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар шүүхийн шийдвэрийн дагуу “Тэнүүн тулга” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай лавлагааг шүүхэд гаргасан /хх-95/, харин хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, төлбөр барагдуулах арга хэмжээ авсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд 28 787 040 төгрөгийн төлбөрийг барагдуулах боломжтой” гэх тайлбараа нотлоогүй байна.

Мөн хэргийн 56 дугаар талд авагдсан баримт нотариатаар гэрчлэгдсэн хэдий ч утга, агуулга нь уншигдахгүй уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан баримтат мэдээлэл бүхий нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Дээрхээс хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй, нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хуульд нийцээгүй байхад “Тэнүүн тулга” ХХК төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэхгүй, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн шаардлагыг хангахгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 439 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ