Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0335

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0335

Улаанбаатар хот

 

 

 

                                                          Э” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б.Э, хариуцагч Соёлын яам, БСШУСЯ/202002518 дугаартай тендерийг явуулсан Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 355 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Соёлын яам, БСШУСЯ/202002518 дугаартай тендер шалгаруулалтыг явуулсан Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 355 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 24 дүгээр зүйл, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 55 дугаар зүйлийн 55.1, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Э” ХХК-ийн “Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор “Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах тухай” БСШУСЯ/202002518 дугаартай тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, “Э” ХХК-д учирсан цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол 16,164,763 төгрөгийг гаргуулах, Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2559 дүгээр албан бичгээр өгсөн шийдвэрийн “... гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б болон өмгөөлөгч Л.Б.Э нар давж заалдах гомдолдоо: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Соёлын /хуучнаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын/ яамны тендерийн үнэлгээний хороо, Соёлын яам, Сангийн яаманд тус тус холбогдох тендерийн маргааныг “бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Ч-ын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 355 дугаартай шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гардан аваад, эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

“Э” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зарласан тендерт оролцож, 1-р багцад 2 удаа шалгарч, шалгарсан мэдэгдэл, гэрээ байгуулах эрхийг захиалагчаас олж авсан боловч, гэрээ байгуулж чадаагүй, ажилтай, орлоготой болж чадсангүй.

Учир нь захиалагч нь тендер хүчинтэй байх хугацааны дотор тендер шалгаруулалтаа зохион байгуулж, гэрээгээ байгуулсангүй. Шалтгаан нь үл ойлгогдох шалтгаан байна. Олон хүмүүс бидэнд хэлж байна. “Та нар 10 хувиа өгөөгүй бол аргагүй шүү дээ” гэсэн. Олны үг ортой гэж бодож байна.

Шүүх дээрх маргааны гол зүйл нь “тендер хүчинтэй байх хугацаа хэзээ дууссан бэ?” гэдэг зүйл байдаг. Нэхэмжлэгч тал “тендер хүчинтэй байх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 07-нд дууссан” гэж маргадаг. Харин хариуцагч Соёлын яам “тендер хүчинтэй байх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дууссан” гэж маргадаг. Хариуцагч Сангийн яам тендер хүчинтэй байх хугацааг “үндсэн хугацаа 30 хоног, нэг удаа сунгах хугацаа 15 хоног, эдгээр хугацаан дээр гомдол бидэнд ирэх хугацаа, гомдлыг хянах бидний 14-18 хоногийн хугацаа, хариуг хүргүүлэх хугацаа зэргийг нэмнэ” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, нэг удаа сунгасан 15 хоногоос гадна “гомдол бидний мэдэлд байх хугацаагаар тендер хүчинтэй байх хугацаа түр зогсдог” буюу “сунгагддаг” гэж маргадаг.

Харин шүүх “тендер хүчинтэй байх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/3087 дугаартай албан бичиг гаргах үед дууссан байна” гэж нэг дүгнэсэн. Хоёр дахь удаадаа 'тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл байхад...” гэж өөрөөр бас дүгнэсэн. Нэг шүүгч нэг шийдвэр дээр зөрүүтэй хоёр дүгнэлт хийсэн нь шүүхэд итгэх итгэлийг маш их алдагдуулж байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор...”  гэсэн нөхцөл заагаад “... тендерийн 1-р багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож өгнө үү” гэсэн байхад шүүх “тендерийн хүчинтэй байх хугацааны дотор...” гэдгийг нь зориуд орхиод “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /хуучнаар/-ыг сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй гэж буруутгаж байгаа бөгөөд...”, “Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл тендерийн үнэлгээний хороо болон захиалагч байгууллагыг тендерийн 1-р багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй гэж буруутгах боломжгүй байна гэж үзлээ” гэсэн нь нэхэмжлэл болон шүүхийн дүгнэлт тэс өөр агуулгатай болж, шүүхэд итгэх итгэлийг маань дахиад л байхгүй болголоо.

Шүүгч шийдвэрийн үндэслэлээ “тус тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл байх ба түүнээс хойш Сангийн яам 15 хоногоор сунгах зөвшөөрөл олгосноос үзвэл тендер хүчинтэй байх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл байхад нэхэмжлэгч энэ хугацаа дууссан болохыг мэдсээр байж гүйцэтгэлийн баталгааг банканд байршуулсанд хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй байна. Мөн дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл тендерийн үнэлгээний хороо болон захиалагч байгууллагыг тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй гэж буруутгах боломжгүй байна гэж үзлээ” гэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч “гүйцэтгэлийн баталгаа банканд байршуулах” үйлдэл хийхээс өмнө хууль зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл, тендер хүчинтэй байх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусчихсан байхад үнэлгээний хороо 2020     оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан, улмаар захиалагч 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК-д мэдэгдсэн.

Шүүгчийн үндэслэлийг зүйрлэн хэлбэл, Согтуу жолооч машинтайгаа замаас гараад замын хажуугийн зүлгэн дээр алхаж байсан явган зорчигчийг дайраад амь насыг нь хохироожээ. Гэтэл шүүх “явган зорчигч зүлгэн дээр гишгэсэн учир дайрсан жолоочийг буруутгах боломжгүй” гэсэнтэй адил юм.

Хууль тогтоогчид нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар “тендерийн хүчинтэй байх хугацааг нээснээс хойш 30 хоног”-оор тогтоосон. Хуулийн 29.4-д зааснаар “захиалагч нь хүсэлт гарган Сангийн яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр тендер хүчинтэй байх хугацааг нэг удаа 15 хоногоор сунгах эрхтэй”. Харин Сангийн яам нь гомдлыг хянах хугацаанд хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т зааснаар “захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно”. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч нар Сангийн яаманд “тендер хүчинтэй байх хугацааг” зогсоох эрхийг хуулиар олгоогүй байна.

Гэтэл шүүгч нь шийдвэрийн үндэслэлдээ “Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2559 дүгээр албан бичгийн .... гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн байна.

Харин “тендерийн хүчинтэй байх хугацаа” нь тендерийг нээснээс хойш тендер шалгаруулалт зохион байгуулж дуусгах хугацаа бөгөөд уг хугацаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа болон эрх бүхий этгээдэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй юм. Иймд анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримталсан нь буруу гэж үзэж байна.

Нөгөө талаар шүүгч “тендер хүчинтэй байх хугацааг Сангийн яам түр хугацаагаар зогсоосон нь тендерт оролцогчдод сөрөг нөлөө үзүүлэхгүй юм” гэж дүгнэсэн байна. Энэ нь Сангийн яамыг хууль зөрчиж болно гэсэнтэй адил байна.

Ийнхүү хуулийг нэг мөр хэрэгжүүлэхгүй тохиолдолд захиалагч байгууллагууд дурыг нь хөдөлгөхөөр “сөрөг нөлөөгүй” гээд тендер хүчинтэй байх хугацаа дууссан байсан ч гэрээ байгуулдаг, дургүйгээ хүрэхээр “тендер хүчинтэй байх хугацаа дууссан” гэдэг үндэслэлээр гэрээ байгуулахгүй, дахин тендер зарлах байдалд хүргэж байна. Хэрэв 2 дахь тохиолдолд гэрээ байгуулах эрх олж аваад гэрээ байгуулж чадаагүй этгээд нь Сангийн яам болон Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад маш их хугацаа орох ба 4-5 сарын дараа “тендер хүчинтэй байх хугацаа” дуусчхаад байхад шүүх “гэрээ байгуул” гэсэн шийдвэр гаргана гэсэн баталгаа байхгүй. Шүүхэд хандах хугацаанд дахин тендер зарлах, тендер шалгаруулах ажиллагаа зогсохгүй нь тодорхой. Ийм “холбирсон” нөхцөлд тендерт оролцогч гэрээ байгуулахын тулд, ажилтай орлоготой байхын тулд дахиад л 10 хувиа өгөхөөс өөр аргагүй шахаанд орж байна.

Мөн шүүх бидний 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа яагаад өөрчлөх болсныг огт анхаарсангүй. Бас л шахаанд орсон.

Цаашилбал, бидэнд хохирлоос илүү шударга ёсыг тогтоолгох нь чухал учир хохирол нэхсэн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хэсэгт гомдол гаргахгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд манай гомдлыг хянан үзэж, анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 355 дугаартай шийдвэрийн “хохирол 16,164,763 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосноос бусад хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлыг хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор “Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах тухай” БСШУСЯ/202002518 дугаартай тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, “Э” ХХК-д учирсан цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол 16,164,763 төгрөгийг гаргуулах, Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2559 дүгээр албан бичгээр өгсөн шийдвэрийн “... гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж эцсийн байдлаар тодорхойлсныг анхан шатны шүүх бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин нэхэмжлэгчээс шийдвэрийн “хохирол 16,164,763 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосноос бусад хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасныг гомдлын үндэслэл, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хангах нь зүйтэй байна.   

Маргааны үйл баримтаас үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /хуучнаар/-наас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зарласан “Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах” нэртэй тендерийн 1 дүгээр багцад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар “Э” ХХК-ийг шалгаруулж, тус яамны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2/2277 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосныг тус компанид мэдэгдсэн, үүнийг эс зөвшөөрч “П” ХХК, “Э” ХХК-иудаас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2559 дүгээр албан бичгээр “... хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж”, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/2927 дүгээр албан бичгээр “... тендер шалгаруулалтын 1 болон 2 дугаар багцын оролцогчдод гэрээ байгуулах эрх олгосон болон татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг мэдэгджээ.

Улмаар БСШУСЯ/202002518 дугаартай тендерийн үнэлгээний хороо 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин хуралдаад 1 дүгээр багцад үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Э” ХХК-ийг сонгон шалгаруулсан, дээрх үйл баримттай талууд маргаагүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /хуучнаар/-ны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/3087 дугаар албан бичгээр “... өмнө нь тус компанид 2/2277 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр гэж дүгнэсэн болох, шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болох”-ыг нэхэмжлэгчид мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банканд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 32,230,000.00 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг байршуулж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /хуучнаар/-нд хүргүүлсэн боловч захиалагч “... гэрээ байгуулахыг мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоног дуусахаас өмнө тендерийн хүчинтэй хугацаа дуусаж, гэрээ байгуулах боломжгүй болсон” гэх үндэслэлээр гэрээ байгуулаагүй байна.

Гэвч  2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/3087 дугаар албан бичгийг бодит байдалд нэхэмжлэгчид 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И-гийн мэдүүлгээр нотлогддог.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулахаар заасан бөгөөд уг маргааны хувьд мөн хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байх тул үүгээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл тендер сонгон шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нээсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан, мөн хугацаанаас хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа  15 хоногоор сунгаж болно” гэж зааснаар 15 хоногоор сунгавал 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Гэтэл Сангийн яамны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/3118 дугаар албан бичгээр “... тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгож, тус хугацааг тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс тоологдох”-ыг анхааруулснаас өөрөөр чухам хэзээнээс эхлэн 15 хоногоор сунгаж байгааг дурдаагүй байна.

Анхан шатны шүүх “... тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ба, түүнээс хойш 15 хоногоор сунгавал 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл байхад нэхэмжлэгч энэ хугацаа дууссан болохыг мэдсээр байж гүйцэтгэлийн баталгааг банканд байршуулсан, тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэх зэргээр хариуцагч сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй гэж буруутгах боломжгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь тендерт оролцогч нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараахь тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэж заасныг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлээр зохицуулсан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай адилтган үзэх боломжгүй, “тендер хүчинтэй байх хугацаа” гэдэг нь тухайн тендерийг нээснээс хойш тендер шалгаруулалт зохион байгуулж дуусгах хугацааг ойлгох бөгөөд уг хугацаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа болон эрх бүхий этгээдэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй.

Товчхондоо дээрх хуулийн зохицуулалтаар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу тухайн шийдвэрийн дагуу хэрэгжих аливаа үйл ажиллагаа, үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болох бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зохицуулсан маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэхтэй ижил ойлгогдоно.

Мөн хариуцагчаас “... тус тендер шалгаруулалтыг явуулахгүй болсон, төсөв татагдсан” гэж тайлбарласан, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч нэгэнт хуулиар тогтоосон хугацаандаа багтаан тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах зэрэг холбогдох ажиллагааг түргэн шуурхай явуулах, гаргасан шийдвэрийн талаар тендерт оролцогчдод цаг тухайд нь мэдэгдэх үүрэгтэй, ийнхүү хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учрах үр дагаврыг нэхэмжлэгчид хүлээлгэх нь зүйд нийцэхгүй.

Тендерийн үнэлгээний хороо 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин хуралдаад 1 дүгээр багцад үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Э” ХХК-ийг шалгаруулахдаа тендер хүчинтэй байх хуульд заасан хугацааг 6 хонгоор хэтрүүлсэн нь нэхэмжлэгч компаниас шалтгаалаагүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байх тул түүний “... тендер хүчинтэй байх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусчихсан байхад үнэлгээний хороо 2020     оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан, улмаар захиалагч 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК-д мэдэгдсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор “Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах тухай” БСШУСЯ/202002518 дугаартай тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2559 дүгээр албан бичгээр өгсөн шийдвэрийн “... гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 355 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор “Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах тухай” БСШУСЯ/202002518 дугаартай тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2559 дүгээр албан бичгээр өгсөн шийдвэрийн “... гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулсугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

 

               ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН