Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 48

 

Б.С, Ц.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2017/0032/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: П.Эрдэнэбаатар /онлайнаар/,

Ялтны өмгөөлөгч: Ю.Сэвлэгмаа /онлайнаар/  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаагийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор П.Эрдэнэбаатарын эсэргүүцлээр Б.С, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1740000050001 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн авто цехэд жолооч ажилтай, Боржигон овогт Б.С,

Монгол Улсын иргэн, 1981 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн авто цехэд жолооч ажилтай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, геологийн 4-119 тоотод оршин суух, Боржигон тулга овогт Ц.Э,

Ц.Э, Б.С нар нь хамтран хүч хэрэглэхгүйгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Эм Кай” ХХК-ийн харуул хамгаалалттай агуулахын цонхоор 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж барилгын материал, сангийн хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 3,940,400 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаар шүүгчийн захирамжаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э, Б.С нарт холбогдох эрүүгийн 1740000050001 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ц.Э, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Эрдэнэбаатар эсэргүүцэлдээ: “...Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1740000050001 дугаартай мөрдөгчийн тогтоолыг хохирогчид танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй, уг тогтоолд гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь тусгагдаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

- Учир нь Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1740000050001 дугаартай мөрдөгчийн тогтоолд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Си Эм Кай" ХХК-ний агуулахаас 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр барилгын материал болон сангийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэж тусгасан байгаа. Мөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлийг 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 45 минутад үйлдсэн боловч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 21 минутад буюу гомдол, мэдээллийг хүлээн авахаас өмнө үйлдсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна

- Мөрдөгч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үйлдэхдээ 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг21 минутанд /үзлэг эхэлсэн цаг, минут/ үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд харагддаг.

Харин мөрдөгч үзлэгийн тэмдэглэлд гомдол мэдээлэл хүлээн авсан цагийг бичихдээ 10 цаг 21 минут гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байдаг.

.... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч бие даан явуулна, мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ” гэж заасан ба хэргийн газрын үзлэгийг прокурорын зөвшөөрлөөр явуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн газрын үзлэгийг 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хийсэн боловч гэрэл зургийн үзүүлэлт нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр бичигдсэн, мөн гарын мөр бэхжүүлэлт нь 2017 оын 7 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн гэсэн нь ойлгомжгүй байна.

- Мөрдөгчийн 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэг дээр шинжээч а/д Л.Ундрал нь 30 кадр 3 хуудас зургийг авч 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр угааж албаны тэмдэг дарж бэхжүүлэн, мөн 3 ширхэг гарын мөрийг материал болгон тэмдэглэл үйлдэж 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газрын тэмдэглэлд хавсаргасан байна. Энэ нь шинжээч хэргийн газрын үзлэг хийсэн өдөр зураг болон гарын мөр, дардас тухайн өдөр цаг, минутанд гаргаж өгнө гэсэн хуулийн заалт байхгүй, хэргийн газрын үзлэг хийсэн өдрөөс хойш гаргаж өгсөн нь уг нотлох баримтуудыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

.... Гэмт хэргийн улмаас хулгайд алдагдсан эд зүйлийн хохирлын үнэлгээг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Эд зүйлийн үнэлгээний комисс зах зээлийн бодит үнэлгээтэй харьцуулж гаргасан. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодит байдлаар нь буцаан өгч барагдуулсан, эд зүйлийн үнэлгээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, эд зүйлийг үнэлсэн үнэлгээний талаар хэргийн оролцогч нар маргадаггүй, үнэлгээ эргэлзээтэй, зайлшгүй шинжээч томилж, шинжилгээ хийлгэх зүйл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар заавал шинжилгээ хийлгэх зүйлд хамаарахгүй байна.

Мөн шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж яллагдагчийн шүүхэд шилжүүлсэн шийдвэр гаргасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах тухай шийдвэрүүдийг гаргасан байна. 

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах тухай захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.Э, Б.С нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ц.Э, Б.С нар нь гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан байж болзошгүй байсныг анхаарах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Эрдэнэбаатарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО