Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 411

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг, Баянгол булаг, 13 дугаар гудамж 27 тоотод оршин суух Хойд овогтой Банзрагчийн Бүрдэлбатын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Бүрдэлбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Банзрагч овогтой Бүрдэлбат нь 1961 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн, 55 настай, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Шарга сум дахь ХАА-н Техник мэргэжлийн сургуульд сурагчаар элсээд 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус сургуулийн трактор комбайны ангийг төгссөн. Улмаар “Говийн Хөгжил” нэгдэлд 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс тракторын жолоочоор 5 жил 4 сарын хугацаагаар ажиллаж байгаад Шарга сумын тооцооны кассын мэдэлд 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжиж 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Дараа нь 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 9 жил 8 сарын хугацаагаар “Говийн Хөгжил” нэгдэлд тракторын жолоочоор, 1994 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Засаг даргын Тамгын газарт тракторчин, няраваар тус тус ажиллаж байгаад 1997 оноос “Дүүрэн Шарга” ХХК-ыг байгуулан захирлаар одоог хүртэл ажиллаж байна. “Говийн Хөгжил” нэгдэлд 1978 оноос 1983 оны хооронд 5 жил 4 сар, 1984 оноос1994 оны хооронд 9 жил 8 сар нийт 15 жил тракторын жолоочоор ажилласан нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа боловч 1978 оны ажилд орсон тушаалыг Нийгмийн даатгалын хэлтсээс шаардсан. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний 352 дугаартай албан бичгээр “Говийн Хөгжил” нэгдлийн даргын 1978 оны тушаал архивт шилжиж ирээгүй гэх хариуг өгсөн. Гэхдээ 1979 онд ажиллаж байсныг нотлох “Говийн Хөгжил” нэгдлийн даргын тушаалыг архиваас авч хүсэлтэд хавсаргасан болно. 1984-1994 оны ажиласан жилийг тамга тэмдэг бүдэг шалтгаанаар шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд хандаж байна. Дээрх ажилласан байдлыг нотлох баримтууд /Диплом, баярын бичиг, үйлдвэрчний эвлэлийн батлах/ хайгаад олдохгүй устаж үгүй болсон байх тул тухайн үед  ажиллаж байсан гэрчүүдийг асуулгах хүсэлттэй байна гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан  гэсэн нь Говь-Алтай аймгийн Шарга сумын  Говийн хөгжил нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай “мөнгө олгох тухай” тушаалд “...тракторчин Б.Бүрдэлбатад 1979 оны ээлжийн амралтын мөнгийг тус тус олгосугай...”, гэсэн тушаал болон Банзрагчийн Бүрдэлбатын  хөдөлмөрийн дэвтэрт 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэсэн байх боловч 4-5 дугаар хуудсанд Нэгдлийн даргын 1978 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор авч ажиллуулсан болон нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар тушаалаар 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс Шарга сумын тооцооны төв кассын мэдэлд шилжүүлсэн гэсэн бичилт болон  Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 70 дугаар тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Говийн хөгжил нэгдэлд тракторын жолоочийн үүрэгт ажилд томилж, Говийн хөгжил ХХК-ийн захирлын 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тушаалаар 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Шарга сумын Говийн хөгжил ХХК-ийн тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай бичилтүүд хийгдэж байгууллагын тамга дарагдсан бөгөөд уг дэвтрийн 12-13 дугаар хуудсанд Нийгэм хангамжийн улсын байцаагч П.Хорлоо 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 жил 9 сарыг баталгаажуулалт хийж тамга дарсан байгаа зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хойд Банзрагчийн Бүрдэлбатыг 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчаас хэрэг нотлох баримтаар гаргасөн хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг зөрчилгүй, холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан баталгаажуулсан зэрэг хуульзүйн хувьд үнэлэх боломжтой буюу үнэлэхээс татгалзах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

 Хүсэлт гаргагч Б.Бүрдэлбат нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хойд Банзрагчийн Бүрдэлбатыг 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг,  Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн  7  дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН