Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 232

 

                              

 

 

 

 

 

   2020        03         26                                 2020/ШЦТ/232

 

     

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгчид С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Халиун,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Хохирогч Д.Г, Ж.Алтан-Очир,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Доржпүрэвийн Гд холбогдох эрүүгийн “1911025501208” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-146 тоотод оршин суух хаягтай,

 урьд 4 удаагийн ял шийтгэлтэй. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 01-ний 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261 1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар,

 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 421 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигин овгийн Доржпүрэвийн Г, /РД: .................

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Арсогоотын 1-146 тоотод намайг эзгүй байх хойгуур гэрт нь ирж эхнэртэй архи уулаа гэх шалтгаанаар иргэн Д.Г, Д.Шинэбаяр Ж.Алтан-Очир нартай маргалдаж улмаар гэрээс гарч түлээний мод оруулж ирэн Д.Г, Д.Шинэбаяр Ж.Алтан-Очир нарыг зодож, Д.Г, Д.Шинэбаяр нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай, Ж.Алтан-Очирын биед хөнгөн  хохирол санааатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...”  гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны 18 цагийн орчим өөрийн эхнэр Сэржмядагруу өөрийн 99578746 гэх дугаараас 80807829 дугаарлуу залгаад “юу хийж байна. Миний гурван гүнжээ гэтэл” эхнэрийн маань яриа нэг л биш архи уучихсан юм шиг санагдаад “ миний хань юм ууцан юм уу гэхэд” “Тиймээ. Чиний өглөө олсон тал пиво-ыг уучихлаа” гэсэн ...” Тэгэхээр нь би “эртхэн унтаж амраарай хоёр охиндоо хоол хийж өгсөн үү гэтэл” “ сая шөл хийж өгсөн гэхээр нь би “ заза” гээд утсаа таслаад ажлаа хийж байгаад орой 20 цагийн орчим залгахад Сэржмядаг арай их уучихсан байсан. “Чи арай тал пивонд ингэж согтохгүйдээ дахиад нэмээд уусан юм уу гэтэл Сэржмядаг “чи намайг дандаа янхан шиг боддог биздээ дандаа хардаж байдаг тэгвэл салж болийшдээ гэхээр нь би утсаа тасалчаад ажлаар нисэх рүү яваад буцаад Хан-Уул дүүрэг дэх журмын хашаанаас 23 цагийн үед гараад шууд гэрлүүгээ Чингэлтэй дүүргийн 19-р хороо Арсогоотын 1-146 тоотод очиход Эхнэр Сэржмядаг, Очироо, Г, Шинэбаяр бас нэг залуутай /нэрийг нь санахгүй байна/ Тэд нар хоёр ширхэг “Нийслэл” нэртэй 2,5 литрийн савалгаатай пиво “Экс” гэх нэртэй 0,75 граммийн савалгаатай архи уугаад миний танил Шинэбаяр гэрийн хойморт дээгүүрээ нүцгэн суучихсан “ өө юу байна хөгшөөн” гэхээр нь би “ Юу байхав дээ чи арай дэндүү юм бишүү хэн нь мэдэгдэхгүй 3,4 юм дагуулаад ирчихсэн авгайтай маань архи уугаад сууж байх юм аа ядаж намайг байхад ирж болдоггүй юм уу гэтэл “Шинэбаяр “чиний ажил чинь ингэж таараад байнашдээ хөгшөөн” гээд надруу асаад байсан. Тэгэхээр нь би “Би танай гэрт очоод чамайг байхгүйд эхнэртэй чинь хэн нь мэдэгдэхгүй хэдэн юмтай архи уугаад сууж байвал чамд ямар байхуу гэтэл Г гэх залуу нь надад архи хийгээд өгсөн. Би “ уухгүй хөгшөөн” гэхэд “ чи уудаг л биздээ” гэхээр нь би машин барьж явна уухгүй гэтэл намайг тэд нар шордоод байсан. Тэгэхээр нь аягатай архинаас нь нэг уутал тэр шилтэй архи нь дуусчихсан. Шинэбаяр, Г хоёр надтай хамт дэлгүүр явах гэтэл такси олдохгүй болохоор нь миний машинаар Шинэбаяр, Сэржмядаг, охин Эсүүгэнтэй бид 4 дэлгүүр явсан. Дэлгүүр рүү Шинэбаяртай хамт ороод архи авах гэтэл эргүүлийн цагдаа нар явж байхаар нь архиа болиод 2 ширхэг хиам, үрлэн чихэр аваад гараад зам дээр машинтайгаа эргэж зогсоод Шинэбаяр дэлгүүр рүү буцаж ороод 1 ширхэг “нийслэл” гэх нэртэй 2,5 литрийн савалгаатай пиво, 1 ширхэг “Экс” гэх нэртэй архи 1 ширхэг том ундаа авч гарч ирээд машинд суугаад гэрт ирсэн. Гэрт ортол 5 шарын Очироо гэх залуу сэрчихсэн байсан. Намайг ирэхэд тасраад унтчихсан байсан юм. Тэгээд авч ирсэн архи, пиво уугаад Очироотой жаал юм яриад сууж байсан. Тэд нар намайг ерөөсөө ийш тийш нь хөдөлгөхгүй байсан. Тэгэхээр нь би түлээ хагалаадхий гээд худлаа хэлж гэрээс гараад гэрийн зүүн талд байсан түлээний модноос нэг том урт мод аваад гэр лүү ороод тэд нарын толгой руу нь цохиж эхэлсэн. Гэтэл тэр дотор хэн ч байхгүй бүгд гараад зугтаасан байсан араас нь гэрээс гартал Очироогийн толгойноос нь цус гарчихсан гудамжинд суучихсан, Г хажууд нь хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Нөгөө хэд нь байхгүй байсан. Би Очироод “ Та нарын буруу биздээ” гэтэл Очироо “тиймээ бид нарын буруу танай эхнэртэй архи ууж байсан уучлаарай” гэсэн тэгээд зогсож байтал нэг машин ирэхээр нь би хашааруугаа гүйж ороод хашааны буланд халгайн дотор нуугдаад сууж байтал хажуу айлын хашааг дагаад нэг цагдаа орж ирээд намайг бариад явсан...” гэх  / хх-ийн 79-81х/,

Хохирогч Д.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 25-нд Алтан-Очир, Г, Манлайбаатар гэсэн найз нарын хамт “Нийслэл” гэх нэртэй 2.5 литрийн савалгаатай пивоноос хоёрыг дөрвүүлээ уугаад явж байгаад 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэрийн гадаа машинаа дуудлагийн жолоочоор хүргүүлчихээд машиндаа бид 4 сууж байгаад би утсаа асаатал хуучны найз Сэржмядаг над руу чатаар “сайн уу” гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би эргүүлээд камертай залгаад ярьтал Сэржмядаг “хүрээд ир жоохон юм ярьж сууя” гэхээр нь би “найз нартайгаа гэрийнхээ энд байна” гэтэл Сэржмядаг “зүгээрээ хамт хүрээд ирээ” гэхээр нь “манай нөхөр байхгүй гурав хоног ирэхгүй” гэхээр нь найз нартаа хэлээд очихоор болсон. Бид нар такси бариад замаараа дэлгүүр ороод нэг нэг “Нийслэл” гэх нэртэй 0,33 граммын пиво, “Экс” нэртэй 0,75 граммын архи, чихэр жимс аваад Сэржмядагийнд 21 цагийн орчим очсон. Очиход тэднийд Сэржмядаг нэг найз эмэгтэйтэйгээ 2 охинтойгоо байсан. Тэгээд авч очсон архи, пиво уугаад байж байтал цагийн сайн санахгүй байна гаднаас Сэржмядагийн нөхөр Г ороод ирсэн. Сэржмядагийн нөхөр Г чамруу залгаад утсаа авахгүй болохоор нь хүрээд иртэл баахан залуучуудтай ингээд сууж байдаг юм уу гээд эхнэрлүүгээ уурлаад байсан. Тэгэхээр нь би Сэржмядагийн нөхөр Гантулгыг суулгаад ууж байсан юмнаасаа хийж өгөөд хамт уугаад бид нарын авч ирсэн архи дуусаад бид нар одоо явлаа гэтэл Сэржмядагийн нөхөр Г нэгэнт ирсэн юм чинь надтай ууцгаа нэг юм аваад ир гэхээр нь Сэржмядагийн нөхөр Г, Сэржмядагтай хамт дэлгүүр ороод “Нийслэл” нэртэй 2,5 литрийн пиво нэг ширхэг, “Экс” нэртэй 0,75 граммын архи нэгийг авч ирээд ууж эхэлсэн. Тэгээд нилээн уугаад согтоод байхаар нь би гарч тамхи татах гээд гэрээс гараад үүдэнд зогсоод тамхи асаах гэж байтал араас Сэржмядагийн нөхөр Г цохиод би газар унатал дээрээс модоор цохиж байсан. Тэгээд нэг хэсэг цохихоо болиод гэрлүүгээ орох хооронд би хашаанаас гараад гүйгээд зам дээр иртэл машин харагдахгүй болохоор нь зам дагаад хот талруу гүйж байтал цагдаагийн машин таараад цагдаад болсон явдлаа хэлээд цагдааг дагуулаад яваад очтол эмнэлгийн машин ирчихсэн байсан. Намайг Сэржмядагийн нөхөр Г зодсон. Сэржмядагийн нөхөр Г миний толгой руу, бие рүү, гар луу, хөл рүү шургааг модоор цохисон хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Сэржмядаг Манлайбаярыг зодоогүй, харин Алтан-Очир, Г нарыг зодсон. Би зодож байхыг хараагүй. Би Сэржмядагтай анх 8 жилийн өмнө танилцаж байсан. Би Сэржмядагтай үерхэж байгаад салаад одооны эхнэртэйгээ суусан юм. Эхнэртэйгээ сууснаас хойш хааяа нэг уулзаж ярилцаж суудаг болсон. Би Сэржмядагийн нөхөр Гтай өмнө нь уулзаж байгаагүй. Эхнэр Сэржмядагаас нь сонсож байсан...” гэх /хх-ийн 24-27х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11737 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Д.Шинэбаярын биед гавлын зүүн талд сэлтэрсэн, уг хугарлаас доош баруун талын суурь ясны их далавч хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальс дээрх цус хуралт, баруун шуу, сарвууны зөөлөн хэдийн няцрал, цус хуралт, баруун дээд доод зовхи, баруун шуу, зүүн шагай, тавхайд зулгаралт, цээж, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

Гавлын зүүн талд сэтэрсэн, уг хугарлаас доош баруун талын суурь ясны их далавч хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальс дээрх цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх /хх-ийн 56х/,

Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Алтан-Очиртой барилга дээр ажилладаг байсан. Барилга дээр ажиллах хугацаанд би Алтан-Очирынд байдаг байсан. Ажил тарах гэж байхад Шинэбаяр ирсэн. Орой болж унаа зогссон байсан тул би Шинэбаярыг хүргэж өгөхийг гуйсан. 5 шар дээр ирж байхад Шинэбаярт намайг энд буулгачих би ядраад байна гэхэд Шинэбаяр нэгэнт уулзсаных хамт явъя гэсэн. Хүргэж өгсөн ажилчдыг Шинэбаяр таньдаг байсан учраас шар айраг ууя гэсэн.  Дарь-Эх рүү Отгоо гэх айлынд очсон. Тэднийд Шинэбаяр ойр дотны найзуудаа цуглуулсан. Тэр дунд Манлайбаатар гэх залуу байсан. Манлайбаатар, Шинэбаяр, Алтан-Очир бид нар ойролцоох буудалд хоносон. Бид хөзөр тоглож шар айраг уусан. Орой болж байхад машинд нь сууж байтал Шинэбаяр нэгэн эмэгтэйтэй дүрсээ харж ярьсан. Тэр эмэгтэй найзуудын хамт хүрээд ир гэсэн. Тэднийд очихдоо чихэр болон шар айраг авсан. Тэднийд очоод уугаад сууж байтал нөхөр нь орж ирсэн. Ууж сууж байгаад би гадаа гарч мод хагалж гал түлэх гэтэл сүх нь олдоогүй. Сүх хаана байгааг асуутал машин дээр байгаа гэсэн. Би сүхийг аваад мод хагалчихаад хашааны булан руу шидсэн. Түүнээс хойш зүйлийг би санахгүй байна. Би 3 хоногийн дараа гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. 2,000,000 гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би 320,000 төгрөгийн баримт бүрдүүлсэн. Миний толгой байнга өвддөг болсон...” гэх,

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 25-нд Шинэбаяр, Алтан-Очир, Манлайбаатар нартай архи, пиво уугаад явж байгаад 20 цагийн орчим Шинэбаяр утсаараа нэг эмэгтэйтэй дүрсээ харж ярьж байгаад “найз маань дуудаад байна хэдүүлээ очъё” гэсэн тэгэхээр нь бид хэд зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээрээс такси бариад Чингэлтэй Арсогоотруу явсан миний санаж байгаагаар замдаа дэлгүүрийн үүдэнд зогсоод дэлгүүрээс Манлайбаатар ороод архи, пиво авч байсан ямар нэртэй гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр айлд ортол 2 эмэгтэй, 2 жоохон хүүхэд байсан. Тэгээд бүгдээрээ уугаад сууж байтал гаднаас нэг эрэгтэй орж ирсэн. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэр сүүлд ирсэн залуу архи авч ирнэ гээд машинтайгаа гарч байсан. Би гэрт үлдээд сууж байтал гэрт үлдсэн эмэгтэй “цаадах чинь сүх аваад явчихлаа гэснээ тоглосон юмаа” гэхээр нь би тоогоогүй. Тэгээд тэд нар архи авч ирээд ууж байгаад би “даараад байна гал түлье” гээд гадагшаа гарч мод бэлдээд юмыг яаж мэдэхэв гэж бодоод сүхийг нь нилээн хол шидчихсэн. Тэгээд ороод гал түлсэн санагдаж байна. Түүнээс хойш би юу ч санахгүй байна. 170 см орчим ендөртэй, бор царайтай, туранхай, жижиг нүдтэй залуу байсан. Би саяхан эмнэлгээс гараад байна. Толгой эргээд удаан явж чадахгүй байгаа. Хэвтэж байгаад босохоор бүр хэцүү байна...” гэх /хх-ийн 21-24х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11736 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Д.Гантулгын биед 2 талын чамархай ясны шугаман хугарал, 2 талын хугарлын харалдаа хатуу хальсд дээрх цус хуралт, тархи доргилт, 2 зовхи, баруун чих, хацар, шанаа, чамархай, хөхлөг, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

2 талын чамархай ясны шугаман хугарал, 2 талын хугарлын харалдаа хатуу хальс дээрх цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх /хх-ийн 59х/,

Хохирогч Ж.Алтан-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед Нисэхийн тэнд барилга дээр ажиллаж байна. Бетон аваад шөнө 2-3 цагийн үед унаа зогссон байсан тул би найз Шинэбаяраар авахуулж гэрт нь хоносон. Орой харанхуй болж байхад Шинэбаярын эмэгтэй найзынд очсон. Тэр эмэгтэйтэй би Шинэбаяртай 2-3 удаа хамт уулзаж байсан. Орой 21-22 цагийн үед Шинэбаяртай хамт Сэржмядагийн очсон. Ойр зуурын чихэр болон 2 том савтай шар айраг авсан. Очоод ууж байгаад унтаад өгсөн. Сэрээд орон дээр сууж байхад гаднаас Г орж ирсэн. Би юу болсон талаар сайн мэдээгүй. Толгой руу цохисон. Сэрээд хартал Шинэбаярыг зодож байсан. Би очоод болиултал Гантулгыг мөн зодож байсан. Түүний толгойруу 2-3 удаа цохисон. Би өмнө нь очиж байгаагүй газар учраас зам сайн мэдэхгүй байсан. Миний толгойруу мөн 2-3 удаа цохисон. Би Гантулгыг чирээд явж байтал. Машин ирсэн. Машины гэрэлд Г гартаа төмөр мэт зүйл бариад явж байгаа харагдсан. Тэгээд цагдаа ирсэн. Одоо 1,000,000 гаран төгрөгийн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Миний бие гайгүй байгаа...”  гэх,

Хохирогч Ж.Алтан-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... архинаас нь хоёр удаа уугаад тэгээд унтаад өгсөн. Шөнө байхаа хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна сэрээд гэрийн баруун талын орон дээр сууж байтал. Гаднаас нэг залуу гартаа том мод барьчихсан орж ирээд шууд миний толгой руу модоороо цохиод миний толгойноос цус гараад би толгойгоо дараад доошоо суутал миний биеийн зүүн тал руу цохиод байсан. Тэгээд намайг орхиод өөр хүн цохиод гараад явсан. Тэгэхээр нь би гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан Манлайбаатарыг сэрээгээд намайг зодчихлоо гээд хэлээд байж байтал гаднаас нөгөө залуу модоо барьчихсан ороод ирсэн. Тэгсэн Манлайбаатар хажуугаар нь гараад зугтаачихсан. Тэр залуу гэрээс буцаад гарахаар нь би ардаас нь гэрээс гартал. Хашаан дотор гэрийн үүдэнд Шинэбаярыг зодож байхаар нь би очоод “одоо болиоч ээ наад хүн чинь үхлээ шүү дээ” гэтэл тэр залуу надруу “Намайг салтаа Ганаа гэдэг” гээд орилж байтал Шинэбаяр босоод хашаанаас гараад зугтаасан. Хашааны бараг үүдэнд Г ухаангүй хэвтэж байсан. Би Гантулгыг сэрээх гэж оролдож байтал тэр Ганаа гэх залуу ирээд Гантулгын толгой руу 2-3 удаа цохиод намайг “найзыгаа аваад зайл” гэсэн би Гантулгыг хашаанаас нь чирж гаргаад гудамжаар чирж байтал миний толгой эргээд унаад өгсөн. Тэгээд сэртэл үүрийн гэгээ орж байсан. Тэгээд төв зам руу гарч машин дуудах гээд зам дээр гартал ямар ч машин явахгүй байсан. Тэгэхээр нь буцаад Г дээр очиж Гантулгыг харчихаад дахиад зам руу явж байтал замаас нэг машин буугаад ирсэн тэр машины гэрэлд эргээд хартал Ганаа гэх залуу гартаа төмөр шиг зүйл барьчихсан араас явж байсан байна лээ тэгээд машин харчихаад хашааны буланд хэвтээд нуугдчихсан. Тэр машиныг зогсоотол Шинэбаярын найз эмэгтэй Сэржмядаг эгчтэйгээ ирж байсан. Тэгээд Гантулгыг очиж аваад төв зам руу гараад зогсож байтал цагдаа, эмнэлгийн машин ирсэн. Цагдаагийн машинд Шинэбаяр байсан. Ганаа гэх залуу миний толгой руу том модоор нэг удаа, биеийн зүүн тал руу 4-5 удаа цохисон. Ганаа гэх залуу Манлайбаатарыг зодоогүй, харин Шинэбаяр, Г нарыг зодсон. Шинэбаярын толгой руу 2-3 удаа шургаар модоор, Гантулгын толгой руу хашаан дотор байхад 2-3 удаа шургааг модоор цохисон. Намайг сэрэхээс өмнө цохисон талаар мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 28-29х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11735 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "... Ж.Алтан-Очирын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, бүсэлхийнд цус хуралт, бүсэлхий, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 62х/,

 Гэрч Г.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: :”...би уугаагүй. Сэржмядагийн утас руу Сэржмядагийн нөхөр Г залгаад байсан харин Сэржмядаг худлаа хэлсэн юм шиг байна лээ. Удалгүй Сэржмядагийн нөхөр Г гэр лүү ороод ирсэн. Орж ирээд Сэржмядагийн нөхөр Г уурлаад Сэржмядаг руу уурлаад “чи ийм ш дээ үнэнээ хэлэхгүй яасан юм бэ би мэдэж байсан юм аа” гэтэл хажуунаас нь Баяраа “юу байна хөгшөөн ажил нь сайн уу уух уу гэтэл” Сэржмядагийн нөхөр Г “тэгий” гээд суутал Сэржмядаг хажуунаас нь чи ажилтай байж ууж яах гээд байгаа юм бэ машинтай ирсэн байна шүү дээ гэтэл Сэржмядагийн нөхөр Г “би ажил хийгээд явж байсан ч чамайг мартахгүй юм байна шоронд сууж байж чамайг мартах юм шиг байна” гэтэл Сэржмядаг юм хэлээгүй. Тэгээд тэд нар бүгдээрээ уугаад сууж байтал Сэржмядагийн нөхөр Г би гараад түлээ хагалаад ирье гээд гэрээс гартал Гантулгийн утас нь дуугараад Сэржмядагийн нөхөр Г хамт гэрээс гарсан. Г гэрийн гадаа утсаар яриад зогсож байсан. Харин Сэржмядагийн нөхөр Г удаагүй гаднаас нэг том мод барьж орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байсан Очироогийн толгой руу модоор нэг удаа цохисон Очироо доошоо тонгойтол Очироогийн нурууруу цохиод авсан. Тэгтэл Сэржмядаг шууд гэрээс зугтаагаад гарсан араас нь Сэржмядагийн нөхөр Г Сэржмядагийг дуудаад гарсан тэгтэл гадаа утсаар ярьж байсан Г “чи яаж байгаа юм бэ” гээд урдуур нь ортол Сэржмядагийн нөхөр Г “яадийн” гээд Гантулгын толгой руу том модоор цохиод авсан тэгтэл хоёр охин нь уйлахаар нь би гэрлүү орж хоёр охиныг нь аваад гараад хартал Г газар хөдөлгөөнгүй болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод үзтэл Г амьсгалтай байсан. Сэржмядагийн нөхөр Г надаас “Сэржмядаг хаана байна” гэж асуухаар нь би мэдэхгүй гэтэл Сэржмядагийн нөхөр Г гэрлүү ороод Баярааг гартаа барьсан том модоороо Баяраагийн толгой руу нэг удаа цохиод дахиад цохих гэтэл Баяраа модыг нь бариад авсан тэр хооронд Манлай гэрээс гараад зугтаасан гэтэл Сэржмядагийн нөхөр Г араас нь “чи муу хайчих нь уу” гээд араас нь гүйгээд гартал манай хашаанаас гараад явчихсан байсан. Тэгээд Сэржмядагийн нөхөр Г араас нь хашаанаас гартал Сэржмядаг зогсож байсан Сэржмядаг “чи намайг алах гэж байгаа биз дээ” гэтэл Сэржмядагийн нөхөр Г “хань нь чамайг зодохгүй харин эд нарыг чинь бүгдийн алчаад шоронд нь явна” гээд хашааруугаа ортол Очироо, Баяраа хоёр Гантулгийг сэрээх гээд зогсож байсан. Сэржмядагийн нөхөр Г “та нар миний гэрт намайг эзгүйд уудаг хэн юм” гээд Баяраагийн нурууруу нөгөө том модоороо цохичихоод Очироог цохих гэтэл Очироо би танайд анх удаа ирж байгаашдээ гэтэл Сэржмядагийн нөхөр Г “за за” андаа би чамайг ахиж цохихгүй ээ чи зүгээр наад хоёрыгоо аваад зайл гэтэл Очироо за гэж хэлээд Баяраатай Гантулгийг сугадаад хашаанаас гараад явсан. Тэгээд Сэржмядагийн нөхөр Г Сэржмядаг, хоёр охин бид хэд гэрлүүгээ ороод Г Сэржмядаг хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Сэржмядаг “чи намайг угаасаа ална биз дээ” гэтэл “Сэржмядагийн нөхөр Г “хань нь чамд амалсан л бол амалсан би чамд гар хүрэхгүй харин энэ хэдийг алчаад шоронд явна" гээд модоо бариад гэрээс гарсан. Сэржмядаг бид хоёр араас нь хашаанаас гартал Сэржмядагийн нөхөр Г хашааны үүдэнд зогсож байсан. Тэгтэл цаанаас нь машинтай Сэржмядагийн хойд ээж Уянга эгч ирж байгааг хараад Сэржмядагийн нөхөр Г буцаад хашаа руу зугтаад орсон. Уянга эгч ирээд цагдаа, эмнэлэг дуудсан. Сэржмядагийн нөхөр Г тэд нарыг эхнэртэйгээ хардаад зодсон...” гэх /хх-ийн 46-49х/,

 Гэрч Н.Сэржмядаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өчигдөр гэртээ байхад найз охин Отгонцэцэгийг дуудахад хүрч ирсэн. Отгонцэцэг бид хоёр жаахан пиво ууж байгаад урд хамтран амьдарч байсан Шинэбаяр луу ярихад найзуудтайгаа гадуур архи ууж байна, танайд очиж болох юм уу гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Шинэбаяр найз болох Алтан-Очир, Г, Манлай гэж найзуудынхаа хамт манай гэрт 22 цагийн орчим хүрч ирсэн. Тэгээд орж ирээд удаагүй байхад 23 цагийн орчим хамтран амьдрагч Д.Г хүрч ирсэн. Г ажлынхаа машинтай хүрч ирсэн бөгөөд Шинэбаяр, Алтан-Очир хоёртой таньдаг учраас юм яриад хамт ууж эхэлсэн. Тэгээд нэг шил архийг Д.Г ганцаараа шахуу уучихсан. Тэгээд гарч яваад дахин архи, пиво авч ирээд сууцгаасан. Тэгээд сууж байтал 02 цагийн орчим байх Г сүх авч гараад мод хагалж байсан юм. Тэр үед нь Шинээгийн найз Г дээр аксент машинтай залуу хүрч ирсэн байсан ба тэр залууд би бол Д.Гантулгыг ална гэх зэрэг зүйл яриад байсан. Тэгээд нөгөө машинтай залуу нь яваад өгсөн ба нөхөр Г гаднаас бүдүүн, урт мод бариад та нар намайг польдож зодож чадна гэж бодож байна уу гөлөгнүүд минь, та нарыг алнаа гээд орилоод ороод ирсэн. Тэр үед гэрт Шинээ бид хоёр хойморт, миний хажууд Отгонцэцэг сууж байсан ба Шинээгийн хажууд Алтан-Очир унтаж байсан. Манлай гэдэг залуу нь баруун талын орон дээр унтаж байсан ба Г гэдэг залуу нь зүүн талын орон дээх сууж байсан. Д.Г орж ирэнгүүтэй том модоороо Гантулгыг шууд толгой руу нь нэг удаа цохиход толгойноос нь цус гараад явж байна гээд орилоход Шинээ миний хажуунаас босоод яаж байнаа хөгшөөн гэхэд Шинэбаярыг толгой руу нь нэг удаа цохиход мөн толгой нь хагарч цус гарсан. Тэр үед Алтан-Очих баруун талд унтаж байгаад сэрээд цохиж байсан модыг нь барьж аваад болиоч ээ гэхэд модоо булааж аваад Алтан-Очирын цээжинд нэг удаа цохичихоод над руу хүрч ирээд намайг нүүр лүү өшиглөхөөр нь би бултахад Манлай руу Д.Г ойртох үед Манлай нь гараад зугтаахад хойноос нь хөөгөөд гараад гүйсэн. Тэр үед нь би гэрээс гараад гэрийн урд байдаг халгайн дунд ороод нуугдаж хэвтсэн. Тэгэхэд миний араас бүгдээрээ гараад зугтаацгаасан. Тэгээд нэг харахад Очироог хашааны гадна өөр нэг банзны хугархай барьчихсан толгой бие рүү нь нэлээн хэдэн удаа цохиж байсан. Очироо тэр газартаа хавиргаа дараад хэвтээд өгсөн. Мөн хашааны гадаа Г нь газар хэвтсэн байхад Д.Г дээрээс нь очоод толгой бие рүү нь банзны хугархайгаар нэлээд олон удаа цохиод чирээд хашаа руу оруулж ирэхэд ямар ч ухаангүй болчихсон байсан. Тэгээд Д.Г нь намайг хайгаад яваад байснаа ханиа чамайг зодохгүй, гараад ир гэхээр нь би гараад очтол газар хэвтэж байсан Гантулгын хажууд Шинэбаярыг өвдөглөж суулгаад куртикээ тайл гээд тайлуулж аваад надад өгөөд анхны хайрынхаа куртикыг өмс гэж хэлээд өмсүүлснээ буцаагаад тайл гээд өөрөө аваад өмссөн. Тэгээд Шинэбаярыг банзны хугархайгаар бие болон толгой руу нь 2-3 удаа цохихоор нь би тэвэрч аваад ханиа одоо болиоч ээ, хүн аллаа шүү дээ, орж унтъя гэж аргадаад гэрт оруулсан. Гэрт ороод би хойд эх Уянга руу яриад цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд байж байгаад Отгоо бид хоёрыг 2 хүүхдийн хамт дагуулаад дэлгүүр явж архи ууна гэж хэлээд дагуулаад гарсан. Бид нарыг гарах үед нөгөө Г нь газартаа ухаангүй унасан хэвээрээ, Алтан-Очир нь мөн л зодуулсан газраа хэвтэж байсан ба Шинэбаяр зугтаачихсан байсан. Хашаанаас гарах үед хойд эх Уянга хүрч ирж тааралдсан. Тэгэхэд Д.Г Уянга эгчийн машин байна гээд шонгийн араар нуугдаад байсан. Хойд эх Уянга ирээд цагдаа дуудчихсан байгаа, удахгүй ирнэ, нөгөө зодуулсан хүмүүс нь хаана байна гээд Алтан-Очирыг татаж түшиж байгаад машинд нь оруулсан. Тэгээд Гантулгыг Отгонцэцэг бид хоёр өргөөд оруулах гэтэл өмдөндөө шээж, баачихсан байсан ба арай гэж өргөж машины ар талд оруулаад хөдлөөд засмал зам руу гарчихаад зогсож байтал цагдаа нар ирсэн ба цагдаа нар Уянга эгчийн хамт яваад Д.Гантулгыг барьж аваад буцаж ирсэн ... Ийм зүйл болсон ба би нэлээд халамцуу байсан учраас зарим зүйлийн дарааллыг андуурсан байж магадгүй. Отгонцэцэг их согтоогүй байсан ба ер нь Гантулгын хажууд манай хүүхдийг тэврээд дагаад яваад байсан болохоор бүх зүйлсийг надаас илүү сайн мэдэж байгаа байх...” гэх /хх-ийн 44-45х/,

Шүүгдэгч Д.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Г нь иргэн Д.Г, Д.Шинэбаяр Ж.Алтан-Очир нартай маргалдаж улмаар гэрээсээ гарч шургааг мод оруулж ирэн Д.Г, Д.Шинэбаяр Ж.Алтан-Очир нарыг зодож, Д.Г, Д.Шинэбаяр нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай, Ж.Алтан-Очирын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Гд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Гантулгын үйлдсэн Д.Г, Д.Шинэбаяр нарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Алтан-Очирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял тус тус оногдуулж  шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нь оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 3 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 7 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 3 сарын хугацаагаар тогтоож,

Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 560 цаг нийтэд тусгай ажил хийх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 70 хоног буюу 2 сар 10 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жил 3 сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.             

Шүүгдэгч Д.Гантулгын энэ хэрэгт цагдан хоригдсон 4 сар 11 хоногийг түүний эдлэх ялд оруулах тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 110 см урттай 8 сантиметрийн диаметртэй 1 ширхэг шургаа модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “ ... 2,000,000 гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...” гэх,

Хохирогч Ж.Алтан-Очир “...Одоо 1,000,000 гаран төгрөгийн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх боловч хавтаст хэрэгт хохирогч Д.Г 329,100 төгрөгийн эмчилгээний зардлын баримт гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул шүүгдэгч Д.Гас хохирогч Д.Гд 329,100 төгрөгийг гаргуулж,

Хохирогч Ж.Алтан-Очир, Д.Шинэбаяр нь хавтаст хэрэгт хохиролын баримт гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргээс учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Доржпүрэвийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 3 сарын хорих ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 7 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 70 хоног буюу 2 сар 10 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жил 3 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Д.Гд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гантулгын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 4 сар 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 110 см урттай 8 сантиметрийн диаметртэй 1 ширхэг шургаа модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гас нийт 329,100 /гурван зуун хорин есөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо 38-7 тоотод оршин суух Д.Гд /ВИ92101119/- олгосугай.

9. Хохирогч Ж.Алтан-Очир, Д.Шинэбаяр нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД

                                         ШҮҮГЧИД                   С.БАТГЭРЭЛ

                                                                              Б.ХАЛИУН