Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2016/00764

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 07 өдөр

   Дугаар 182/ШШ2016/00764

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: УСХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З ХХК-нд холбогдох

Түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангид 145.888.798 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан 2014.05.12-ны өдрийн нэмэлт гэрээг хүчингүйд тооцуулж, 401.532.255 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.М, Ж.Ч, хариуцагч компанийн захиралГ.Ц, түүний өмгөөлөгч С.Мг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2008.08.01-ний өдөр З ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ байгуулагдснаас хойш 15 хоногийн дараа буюу 2008.08.15-ны өдөр түрээсийн гэрээг дахин шинээр байгуулсан. Тус гэрээгээр Чингэлтэй дүүргийн * дугаархороо, Жуулчны гудамж-**. УСХХК-ийн ТКТын Г блокын 660 м.кв талбайг 2008.08.20-ноос 2023.08.20-ныг хүртэл 15 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн төлбөрийн хэмжээг талууд гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 1 м.кв талбайг 5 ам доллар буюу 1350 төгрөгөөр тооцож сарын нийт төлбөр 4.455.000 төгрөг байхаар тохиролцсон. Энэ дүн 2014.05.12-ны өдрийн нэмэлт гэрээгээр 1 м.кв талбайг 7 ам доллар буюу 1 сарын нийт төлбөр 4620 ам доллар байхаар, үүнийг түрээсийн төлбөрийг шилжүүлэх үеийн Монгол банкны ханшаар тооцохоор тохиролцсон юм. Ингээд гэрээний дагуу хариуцагч тал төлбөрийг төлж байгаад 2015 оны 01 сараас хойш 92.075.788 төгрөгийн түрээс төлөгдөөгүй байна. Ингээд байгууллагын удирдлагууд 2015.01.01-нээс 2015.12.31-нийг хүртэл 88.565.124 төгрөг, 2016.02.29-ний өдрийг хүртэл түрээсийн төлөгдөөгүй төлбөр 101.120.675 төгрөг байгаа талаар тооцоо нийлж баталгаажуулсан байдаг. Ингээд 2015 оны 12 сард 1 давхрыг буцаан авсан. Түрээсийн төлбөрийг 2015.01.01-нээс 2015.11.01-нийг өдрийг хүртэл 7 ам доллар, 2015.12.01-нээс 2016.09.01-ний өдрийг хүртэл 6 ам доллараар тус тус тооцож, түрээсийн төлбөрт нийт 2015.01.01-нээс 2016.09.01-нийг хүртэл 130.256.208 төгрөг нэхэмжилж байна. Мөн гэрээний 4.1.4-т зааснаар бид З ХХК-ийн өмнөөс ашиглалтын зардалд 11.571.453 төгрөг тулсан учир уг мөнгийг нэхэмжилж байгаа. Ашиглалтын зардалд бид 2015 оны 01 сараас 08 сарыг хүртэлх дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усны төлбөрийг нэхэмжилсэн, энэ нь баримтаар харагдаж байгаа. Энэ дунд хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг бүгдийг хассан. Түүнчлэн гэрээний 5.1-д зааснаар дээрх ашиглалтын зардлаас бид 2015 оны 01 сараас эхлэн 2016 оны 09 сарыг хүртэл алданги тооцож 4.061.145 төгрөг, нийтдээ түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алданги 145.888.798 төгрөг нэхэмжилж байна.

Харин түрээсийн объектыг чөлөөлүүлэх тухай шаардлагаа татан авч байна. Ерөнхийдөө түрээсийн гэрээг үргэлжлүүлж байна гэж ойлгож болно гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь УСХХК-тай 2008.08.01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ байгуулагдснаас хойш 15 хоногийн дараа буюу 2008.08.15-ны өдөр түрээсийн гэрээг дахин шинээр байгуулсан. Тус гэрээгээр Чингэлтэй дүүргийн * дугаархороо, Жуулчны гудамж-**. Улаанбаатар синема              ХХК-ийн ТКТын Г блокын 660 м.кв талбайг 2008.08.20-ноос 2023.08.20-ныг хүртэл 15 жилийн хугацаатай түрээслэн авч, бид их хэмжээний засвар, үйлчилгээ хийсэн. Ямар их хөрөнгө оруулалт хийсэн нь баримтаар харагдана. Бид өмнө төлбөрөө цаг хугацаанд нь төлж явсан боловч эдийн засгийн хямрал, байгууллагын үүдний авто зогсоол, хажууд нь баригдаж байгаа барилга зэргээс шалтгаалж үйл ажиллагаа доголдсон нь үнэн бөгөөд хоёр удаа тооцоо нийлсэн. Түрээсийн төлбөрийн талаар бол бид маргахгүй, гэхдээ харж үзэх боломж байхгүй юм уу гэдгийг хэлмээр байна. 2015 оны 12 сард түрээсийн 1 давхрын объектыг буцаан авсан байгаа. Харин ашиглалтын зардлаас зарим зүйлийг зөвшөөрөхгүй. Жишээлбэл халуун, хүйтэн усыг бид огт төлөх ёсгүй. Харин ч бидний төлсөн байгаа мөнгийг уг төлбөрөөс хасаж тооцох ёстой. Тэгээд ч алдангийг тооцох үндэслэлгүй. Хэрэв тооцох бол манайд гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн 2015.08.13-ны өдрөөс эхлэн тооцох ёстой. Ерөнхийдөө нэхэмжлэлийн 145.888.798 төгрөгийн шаардлагаас 62.882.155 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусдыг нь төлөхгүй. Байр чөлөөлүүлэх шаардлагаа татан авсан учир тусгайлан хэлэх зүйлгүй гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид түрээсийн объектыг тохижуулсны зардлаа 15 жилийн хугацаанд буцаан олохоор төлөвлөж түрээсийн гэрээ байгуулсан. Тиймээс талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээний 2.7-д зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 1 талын санаачилгаар гэрээ цуцласан тохиолдолд Г блокт зарцуулсан хөрөнгө оруулалт, их засварын зардал болох 500.000.000 төгрөг болон бизнесийн алдагдлыг тооцон түрээслэгчид бүрэн буцааж өгөх ёстой. Үүнийг бид Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.3-т зааснаар нөхөн төлбөр хэлбэрээр шаардаж байна. Бид түрээсийн төлбөрийг цаг тухайд нь бүрэн дүүрэн төлж байсан боловч 2015 оны 11 сард үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. Бид өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч байгууллагатай эвлэрэхийг оролдож ирсэн. Бид 2015 оны 11 сард 220 м.кв 1 дүгээр давхрыг буцаан өгөхдөө 68.231.900 төгрөгийн үнэ бүхий тавилга, сандал, ширээ, гал тогооны тоног төхөөрөмж, аяга, таваг, сав суулга гэх мэт эд хогшлийг УСХХК хүлээн авч, өнөөдөр цайны газрын үйл ажиллагаа явуулж байна. Иймд 8.480.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн түрээсийн төлбөрт 2014 оны 03 сард илүү төлсөн 2.326.038 төгрөг, 5 сард илүү төлсөн 880.066 төгрөг, нийт 3.206.104 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн түрээсийн гэрээний дагуу 2016 оны 3, 4, 5, 6, 7 сарын түрээсийн төлбөрт 26.537.544 төгрөг, цахилгааны зардалд 2.134.642 төгрөг, нийт 28.672.186 төгрөг хасагдах ёстой. Мөн түрээсийн гэрээний 4.1.4-т зааснаар түрээсийн талбайн ашиглалтын зардал буюу халаалт, цэвэр ус, хог хаягдлыг түрээслүүлэгч тал төлөх бөгөөд манай байгууллагаас 2014 оны 05 сараас эхлэн ашиглалтын зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Бид 2013 оын 08 сараас өнөөдрийг хүртэл төлсөн 1.832.190 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн 2014.05.012-ны өдрийн 01 дугаартай нэмэлт гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг 7 ам доллар болгож, төлөхийг шаардсан. Иймд 2014 оны 03 сард илүү төлсөн 2.326.038 төгрөг, 05 сард илүү төлсөн 880.066 төгрөг, нийт 3.206.104 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна. Энэ бүгдийг түрээсийн гэрээний 2.7-д заасан 500.000.000 төгрөгөөс хасаж тооцож, 384.344.200 төгрөг нэхэмжилж байна. Өнөөдөр бид ч гэсэн түрээсийн гэрээг цуцлах шаардлага гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч тал байр чөлөөлүүлэх шаардлагаа шүүх хуралдаан дээр гэнэт татан авсан ч гэсэн бидэнд цуцлах эрх байгаа. Түүнчлэн 2014.05.12-ны өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй төлсөн 17.188.055 төгрөгийг гагуулна. Учир нь уг нэмэлт гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 41, Иргэний хуулийн 56.1.1-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2008.08.15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулснаас хойш 2009.07.09-ний өдөр хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Иймд нэхэмжлэгчээс нийт 401.532.255 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн гол үндэслэл нь гэрээний 2.7 байгаа. Бид түрээсийн объектыг чөлөөлүүлэх тухай шаардлагаа шүүх хуралдаан дээр татан авсан, өөрөөр хэлбэл үүнд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй. Тийм учраас түрээсийн гэрээ үргэлжилж байгаа гэж ойлгож болно. Тэгээд ч хариуцагч талд гэрээ цуцлах асуудал яригдахгүй, энэ талаар шаардлага гаргаагүй, одоо шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож яриад байна. Хэрэв танайх гэрээг цуцлах эрхтэй гэвэл гэрээний 2.7 танайд огт хамааралгүй болно. Тэгээд ч гэрээний хугацаа дуусаагүй, удаан хугацаатай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 320.3-т зааснаар 10 жилийн хугацаа нь өнгөрч байж хэн нэгний санаачилгаар цуцлах эрхтэй байдаг. Дулаан, цахилгааны төлбөр төлөхгүй гээд байна, энэ байгууллага төлөхгүй байсан учир бид өмнөөс нь төлж, төлсөн мөнгөө нэхэмжилж байгаа. Яахав халуун, хүйтэн усны төлбөрт төлсөн 1.832.190 төгрөгийг хасаж болох юм, гэрээнд энэ талаар зохицуулалт байхгүй учир. Тэгээд ч бид хариуцагчаас түрээсийн төлбөрт ямар ч илүү төлөлт аваагүй. Төлөлт хийснийг нь бид бүгдийг хассан. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл түрээсийн объектыг ашиглаж байгаа боловч төлбөрөө хийхгүй л явж байгаа. Мөн 2015 оны 12 сард түрээсийн объектыг 1 давхрыг хүлээлгэж өгөхөд хамт өгсөн эд хогшлын үнэ 8.480.000 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Энэ ямар ч хууль зүйн үндэслэлгүй шаардлага байна. Өнөөдөр ямар үнэтэй, ямар эд хогшлууд УСХХК-нд очсон талаар хангалттай баримтгүй, яагаад нэхэж байгаа хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Мөн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Бид хамгийн анхны гэрээг мөн 5 ам доллараар тохирч байсан, сүүлд харилцан тохиролцож 7 ам доллар болгосон бөгөөд бид төлбөрийг авахдаа мөнгөөр авдаг. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Хэрэв тухайн үедээ зөвшөөрөхгүй байсан бол татгалзах эрхтэй байсан, гэхдээ өөрсдөө зөвшөөрөөд төлбөр төлөөд явсан байгаа. Тэгээд ч буцаан нэхэж байгаа 17 сая төгрөгөө хэрхэн тооцсоноо хариуцагч тал тодруулж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

            Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч УСХХК нь хариуцагч З ХХК-нд холбогдуулж түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангид 145.888.798 төгрөг гаргуулах, түрээсийн объектыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч З ХХК нь нэхэмжлэгч УСХХК-нд холбогдуулж 2014.05.12-ны өдрийн нэмэлт гэрээг хүчингүйд тооцуулж, 401.532.255 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад түрээсийн объектыг чөлөөлүүлэх тухай шаардлагаа татан авсан болно.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

1.Нэхэмжлэлийн талаар.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөхгүй байгаа, хоёр удаа тооцоо нийлсэн, мөн тэдний төлөөгүй ашиглалтын зардлыг бид төлсөн учир алдангийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч тал түрээсийн төлбөрийн талаар маргаагүй боловч харин ашиглалтын зардлаас өөрсдийн төлсөн төлбөрийг тооцуулах, харин алданги төлөх хугацааны талаар маргасан болно.

 

            З ХХК нь 2008.08.15-ны өдөр УСХХК-тай түрээсийн гэрээг байгуулж, 2008.08.20-ны өдрөөс 2013.08.20-ны өдрийг хүртэл 15 жилийн хугацаатай, Чингэлтэй дүүргийн * дугаархороо, Жуулчны гудамж-**, УСХХК-ийн ТКТын барилгын Г блокын 660 м.кв талбайн үйлчилгээний зориулалтаар түрээслэн авсан, 1 м.кв талбайг 5 ам доллараар буюу 1350 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр нийт 4.455.000 төгрөг байхаар тохиролцсон, мөн уг гэрээнд 2014.05.12-ны өдөр нэмэлт оруулж 1 м.кв талбайн үнийг 7 ам доллар буюу 1 сарын түрээсийн төлбөр 4620 ам доллар, үүнийг түрээсийн төлбөр шилжүүлэх үеийн Монгол банкны ханшаар тооцохоор тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, түрээсийн гэрээ, нэмэлт гэрээ, УСХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангасан түрээсийн гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч З ХХК нь 2015.01.01-нээс хойш түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлөөгүй байх бөгөөд уг төлбөрийг төлөх талаар хоёр удаа тооцоо нийлж акт үйлдсэн боловч төлбөр төлөөгүй, гэрээний үүргийг зөрчсөн, нэхэмжлэгч УСХХК‑иас түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлөхийг шаардаж байсан, түүнчлэн З ХХК-иас 2015.12.07-ны өдөр түрээсийн объектын 1 давхрыг бүхэлд нь УСХХК-нд хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн акт, албан бичгүүд, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангууд, түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрийн тооцоолол, эд хөрөнгийн тооллого, ам долларын лавлагаанууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч УСХХК нь Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4, * дугаарзүйлийн 5.1-д зааснаар түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангийг шаардах эрхтэй ба хариуцагч УСХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, * дугаарзүйлийн 5.1-д зааснаар түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангийг төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан 2015.09.14-ний өдрийн дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ, ашиглалтын зардал төлсөн баримтууд, цахилгаан электрон тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ, төлбөрийн нэхэмжлэх, харилцагчийн дансны хуулгууд зэрэг баримтуудаар нэхэмжлэгч УСХХК нь хариуцагч З ХХК-ийн өмнөөс ашиглалтын зардал болох дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усыг гэрээний 4.1.4-д заасны дагуу төлж, 4.1.5-д заасны дагуу З ХХК-иас нэхэмжилэн авч байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Харин хариуцагч тал ашиглалтын зардлаас бидний өмнө төлсөн байсан, төлөх ёсгүй халуун, хүйтэн улсны төлбөр болох 1.862.190 төгрөг, одоо нэхэмжлэлийн шаардлагадаа хамруулж халуун, хүйтэн усны төлбөрт нэхэмжилсэн 756.810 төгрөгийг тус тус хасах ёстой гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал маргасангүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг 2015.01.01-нээс 2016.09.01-нийг хүртэл түрээсийн төлбөрт 130.256.208 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардалд 11.571.453 төгрөг, уг хугацааны алдангид 4.061.145 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан боловч шүүх ашиглалтын зардлаас гэрээнд тусгагдаагүй халуун, хүйтэн усны төлбөрт хариуцагч З ХХК-иас төлсөн төлөлт болох 1.862.190, илүү тооцон нэхэмжилж байгаа 756.810 төгрөг болон бусад төлөлтийг хасч ашиглалтын зардлыг 8.606.210 төгрөг гэж, алдангийг 6.330.720 төгрөг гэж тооцлоо.

 

Иймд хариуцагч З ХХК-иас түрээсийн төлбөрт 2015.01.01-нээс 2016.09.01-нийг хүртэл 130.256.208 төгрөг, ашиглалтын зардалд 8.606.210 төгрөг, ашиглалтын зардлын алданги 6.330.720 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд алдангийг 4.061.145 төгрөгөөр тооцож, нийт 142.923.563 /130.256.208 төг + 8.606.210 төг + 4.061.145 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УСХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.965.235 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр түрээсийн объектыг чөлөөлүүлэх тухай шаардлагаа татан авсан тул нэхэмжлэгч шаардлагаа татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид анх объектыг түрээслэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт, засан сайжруулалт хийсэн бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар цуцласан тохиолдолд манайх 500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт, бизнесийн алдагдлаа тооцож авахаар гэрээний 2.7-д заасныг үндэслэн шаардаж байгаа бөгөөд гэрээний нэмэлт нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн заалтыг зөрчиж байгаа тул түрээсийн төлбөрт илүү төлсөн төлбөр болон бусад зардлыг нэхэмжилнэ гэж тайлбарлан тухайн түрээсийн объектод хөрөнгө оруулсан санхүү болон бусад ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээ, баримтуудыг үндэслэв.

 

Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн гол үндэслэл нь гэрээний 2.7-д заасан 500.000.000 төгрөг бөгөөд манай зүгээс түрээсийн объектыг чөлөөлүүлэх тухай шаардлагаа татан авсан учир түрээсийн гэрээ үргэлжилж байгаа гэж үзэх тул уг шаардлага нь үндэслэлгүй, мөн талууд анхнаасаа түрээсийн объектын 1 м.кв талбайг 5 ам доллараар түрээслэхээр тохиролцож, түүндээ 2014 оны 7 ам доллар байх өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн зүйл биш, нэгэнт хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөөд төлбөр төлөөд явсан, тэгээд ч хариуцагчаас илүү авсан төлбөр байхгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Маргааны зүйл болсон 2008.08.15-ны өдрийн түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “гэрээний хугацаа дуусахаас өмнө нэг талын санаачилгаар энэхүү гэрээг цуцласан тохиолдолд барилгын Г блокт зарцуулсан хөрөнгө оруулалт, их засварын зардал болох 500.000.000 төгрөг болон бизнесийн алдагдлыг тооцон түрээслэгчид бүрэн буцааж төлнө” гэж заажээ.

 

Хэдийгээр хариуцагч З ХХК нь тухайн түрээсийн объектод 500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварын ажил хийсэн гэж зохих байгууллагуудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, санхүүгийн баримтууд гэж зарлагын баримт, кассын орлогын ордер зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн боловч уг асуудалд тусгай мэдлэг шаардсан байх бөгөөд шүүх уг баримтуудыг шууд үнэлэн тооцоо хийх боломжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр уг сөрөг шаардлага нэхэмжлэгчийн түрээсийн объектыг чөлөөлүүлэх шаардлагатай уялдан гарсан байх бөгөөд нэгэнт түрээсийн объект чөлөөлүүлэх шаардлагаа нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авах эрхтэй бөгөөд энэ эрхээ эдэлсэн тохиолдолд шүүх тусгайлан дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч З ХХК нь нэхэмжлэгч УСХХК-нд ашиглалтын зардалд төлөх ёсгүй халуун, хүйтэн усны төлбөр 1.862.190 төгрөг төлснөө нэхэмжилснийг нэхэмжлэгч УСХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох талаар маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар уг 1.862.190 төгрөгийг хариуцагч З ХХК-иас нэхэмжлэгч УСХХК-нд төлөх төлбөрөөс хассан болно.

 

            Мөн хариуцагч З ХХК нь 2015 оны 11 сард түрээсийн объектын 1 давхрын 220 м.кв талбай бүхий 68.231.900 төгрөгийн үнэ бүхий тавилга, сандал, ширээ, гал тогооны тоног төхөөрөмж, аяга, таваг, сав суулга гэх мэт эд хогшлыг нэхэмжлэгч УСХХК-нд буцаан хүлээлгэн өгөхөд өөрсдийнх нь 8.480.000 төгрөгийн эд хөрөнгө багтсан гэж нэхэмжилж, эд хөрөнгийн тооллогын жагсаалтын 6-д бичигдсэн 1.950.000 төгрөгийн үнэ бүхий пицца шарагч, 8, 9 дугаарт бичигдсэн 2.370.000 төгрөгийн үнэ бүхий донер шарагч, тог, 11-т бичигдсэн 180.000 төгрөгийн үнэ бүхий ус буцалгагч, 14-22 дугаар жагсаалтанд бичигдсэн 2.530.000 төгрөгийн үнэ бүхий печь, төмөр тавиур /5 секц/, угаалгын тавиур /4 секц/ гэх мэт эд хогшлыг нэрлэж байх боловч уг эд хогшлууд нь хариуцагч З ХХК-ийн өмчлөлийнх эсхүл эзэмшлийнх байсан нь тогтоогдохгүй байх бөгөөд шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

 

            Түүнчлэн хариуцагч З ХХК нь нэхэмжлэгч УСХХК-нд түрээсийн төлбөр илүү төлсөн болох нь тогтоогдсонгүй.

 

            Хариуцагч З ХХК нь 2014.05.12-ны өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт үндэслэлгүй төлсөн 17.188.055 төгрөгийг нэхэмжилж байх боловч уг 17.188.055 төгрөгөө хэрхэн тооцсоноо тодруулж чадсангүй.

 

            Зохигчид 2014.05.12-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2008.08.15-ны өдрийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 7 ам доллар буюу 1 сарын түрээсийн нийт төлбөрийг 4620 ам доллар гэж, уг төлбөрийг түрээсийн төлбөр шилжүүлэх үеийн Монгол банкны ханшаар тооцохоор нэмэлт оруулсныг шүүх хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “1.Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд хариуцагч З ХХК нь тухайн үедээ дээрх хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор доллараар төлбөр тооцоо гүйцэтгэх нь хууль зөрчих талаар нэхэмжлэгч УСХХК-нд албан бичигээр мэдэгдэж байжээ.

 

            Гэсэн хэдий ч зохигчид тохиролцсоны үндсэн дээр гэрээний нэмэлтийг байгуулсан байх бөгөөд үүнээс хойш хариуцагч З ХХК нь түрээсийн төлбөрийг төлж байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасантай нийцсэн, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч З ХХК шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авч хуульд заасан хугацаанд тайлбар өгөх, баримт бүрдүүлэх шаардлагагүй, шүүх хуралдаанд тайлбараа гаргаад явах боломжтой гэж эрхээ эдлэхээс татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг дурдав. 

 

Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид 1.172.958 төгрөг төлж 285.564 төгрөг илүү, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид 2.323.562 төгрөг төлж, 157.951 төгрөг илүү төлсөн байх тул зохигчдын илүү төлсөн мөнгийг улсын төсвөөс буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаарзүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З ХХК-иас 142.923.563 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УСХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.965.235 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 332 дугаар зүйлийн 332.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар УСХХК-нд холбогдох 2014.05.12-ны өдрийн нэмэлт гэрээг хүчингүйд тооцуулж, 401.532.255 төгрөг гаргуулах тухай З ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч УСХХК нь хариуцагч З ХХК-нд холбогдох түрээсийн объект чөлөөлүүлэх тухай шаардлагаа татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч УСХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1.172.958 /663.554 төг + 70.200 төг + 67.804 төг + 371.400 төг/ төгрөг, хариуцагч З ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2.323.562 /2.079.671 төг + 243.891 төг/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 285.564 төгрөгийг нэхэмжлэгч УСХХК-нд, 157.951 төгрөгийг хариуцагч З ХХК-нд, хариуцагч З ХХК-иас 872.568 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УСХХК-нд тус тус олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА