Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2016/00771

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 11 өдөр

   Дугаар 182/ШШ2016/00771

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:О.Б,

Нэхэмжлэгч: Н.Г,

Нэхэмжлэгч: Г.Д нэхэмжлэлтэй

Хариуцагч:  АХЦОНӨААТҮГ-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн алдангид 48.338.000 /32.270.000 төг + 13.140.000 төг + 2.928.000 төг/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, Г.Д нарын төлөөлөгч А.Г, хариуцагчийн төлөөлөгч О.У, Ц.М, өмгөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014.05.30-ны өдөр Авто худалдааны цогцолбортой 1А/1405-102, 2Б/1405-120 тоот гэрээгээр нийт 10 автомашины зогсоол захиалж, 40.000.000 төгрөгийг Авто худалдааны цогцолборт хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл надад зогсоолуудыг хүлээлгэж өгөөгүй байна. Энэ нь гэрээний 3.1, 3.3, 5.1 дэх заалттай нийцэхгүй байна. Иймд миний бие гэрээний 8.1-д зааснаар 38.000.000 төгрөгийн алданги, хохирол нэхэмжилсэн боловч дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 40.000.000 төгрөгөөс хоногийн 0.1%-ийн алданги тооцож 2014.10.01-нээс 2015.10.10-ныг хүртэл, 2016.10.01-нийг тус тус тооцож, 1 автомашины 1 жилийн алданги нь 1.460.000 төгрөг, үүнийг 10 автомашины зогсоолоор үржүүлж 14.600.000 төгрөг болсон. Ингээд 10 автомашины 2 жилийн нийт алданги нь 14.600.000*2=29.200.000 төгрөг болсон. Мөн миний бие Япон улсаас Монгол руу зогсоолоо хүлээн авахаар ирж, хариуцагч байгууллагын холбогдох хүмүүстэй уулзсан бөгөөд 2016.01.29-нд Монголд ирээд 2016.02.13-ны Япон руу буцсан, 2016.05.12-ны өдөр Монгол очоод 2016.06.30-ны өдөр Япон руу буцсан онгоцны нийт зардал 3.070.000 төгрөг, нийт 32.270.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Г, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Г нь 2014.07.16-ны өдөр Авто худалдааны цогцолбортой гэрээ байгуулж 8 ширхэг автомашины захиалж, 1 автомашиныг 4.000.000 төгрөгөөр тооцож, 32.000.000 төгрөгийг, 2014.09.22-ны өдөр дахин гэрээ байгуулж нэмж 1 ширхэг автомашины зогсоол захиалж 4.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг төлсөн. Харин хариуцагч байгууллага гэрээний үүргээ үл биелүүлж автомашины зогсоолуудыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй юм. Тийм учраас бид гэрээнд заасны дагуу төлсөн 36.000.000 төгрөгөөсөө 0.1%-ийн алданги тооцож авах эрхтэй байна. Гэрээний хугацаа 2 сар л байсан, гэтэл автомашины зогсоол 2015.10.02-ны өдөр ашиглалтанд орсон боловч гэрээний зорилгыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй, өнөөдрийг хүртэл тэнд ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй, хоосон байна. Иймд нэхэмжлэгч Н.Г 36.000.000 төгрөгийн шаардлагаа багасгаж 13.140.000 төгрөг болгож байна. Учир нь алдангиа бид 2014.10.01-ний өдрөөс 2015.10.01-ний өдрийг хүртэл 36.000.000 төг * 0.1 % = 36.000 төг * 365 төг = 13.140.000 төгрөг гэж тооцлоо. Иймд хариуцагчаас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г.Д, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Д нь АХЦОНӨААТҮГ-ын дарга Д.Бтай 2014.05.14-ний өдөр 2 машины тус бүр нь 18 м.кв талбайтай авто зогсоол захиалах гэрээ хийсэн. Зогсоолын үнэд 8.000.000 төгрөгийг 2014.05.14-ний өдөр 1410016321 тоот дансанд тушаасан. Уг зогсоолыг 2014.10.01-ний дотор барьж дуусгаж, хүлээлгэж өгөхөөр заасан. Гүйцэтгэгч нь уг гэрээний хугацааг хэтрүүлж 2015.10.02-нд хагас дуусгаж нээлт хийсэн боловч, одоо хүртэл тэнд үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөл боломжгүй байгаа. Иймд уг зогсоолыг барьж хүлээлгэж өгөх хугацааг 2014.10.01-ний өдрөөс 2015.10.02-ны өдөр хүртэл 366 хоног хэтрүүлсэн гэж үзээд 8 сая төгрөгөөс хоног бүр 0.1%-иар бодож бүгд 2.928.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.02.20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор АХЦОНӨААТҮГ-ыг байгуулж, мөн өдрийн 19 дүгээр тогтоолоор Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлан, 2014.03.21-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор авто зогсоолын төлбөр /бага оврын автомашины зогсоолыг 4.000.000, том оврын автомашины зогсоолыг 9.000.000 төгрөг/-ийг баталж, цогцолборын эхний ээлжийн авто зогсоол, зам талбай, хамгаалалтын хашаа барих ажлыг 2014.10.01-ний дотор хийж дуусгах талаар тусгагдсан. Нийслэлийн Засаг даргын 2014.03.31-ний өдрийн А/218 дугаар захирамжаар “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, мөн оны 04 сарын 11-ний өдрийн Б/70 захирамжаар тус үйлдвэрийн газрын удирдлагыг томилсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.03.21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2.1-т заасны дагуу зогсоолын төлбөрийг үйлдвэрийн газарт төвлөрүүлж, цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсгээс гаргасан ажлын төлөвлөгөөгөөр 2014.05.14-ний өдрөөс иргэн, аж ахуй нэгжтэй авто машин зогсоол захиалан бариулах гэрээг байгуулж ажилласан. Тус үйлдвэрийн газрыг байгуулагдахаас өмнө Нийслэлийн Авто замын газар нь цогцолборын зам талбайн зураг төсвийг “Аварга зам” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас дээрх зураг, төсөв удааширч, үйлдвэрийн газарт ирүүлээгүй нь худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдахгүй байсан нь хугацаа алдуулсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолын 2.1-т заасны дагуу зогсоолын төлбөрийг тус Үйлдвэрийн газарт төвлөрүүлж, 2.2-т газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2014 онд хувьчлагдах ажпын жагсаалт, төсөвт тодотгол хийн, газрын дуудлага худалдааг зохион байгуулж Авто худалдааны цогцолбор”-ын дэд бүтцийг эхлүүлэх үүргийг Нийслэлийн Засаг даргад өгсөн. Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/655 дугаар захирамжаар авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын эхний ээлжийн авто зогсоол, хамгаалалтын хашаа барих ажлын хуваарийг, мөн өдрийн А/657 дугаар захирамжаар дээрх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан. “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нь худалдан авах ажиллагааг ил тод болгох үүднээс НАЗГ, НХААГ-т авто зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа тогтвортой явуулж буй компаниудын жагсаалтыг албан хүсэлтээр авч, мөн Үйлдвэрийн газарт хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрсийн жагсаалтын хамт Үнэлгээний хороонд хүргүүлсэн. Үнэлгээний хороо нь жагсаалтын дагуу аж ахуйн нэгжүүдэд үнийн санал авах урилгыг ирж авахыг урьснаас 33 компани хүлээн авч, үүнээс тендерийн баримт бичгийг 28 компани худалдан авсан. Тендер 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нээсэн ба Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүлээн авсаны дагуу шалгарсан компаниудтай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажпыг эхлүүлсэн болно.

Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцад уг талбайн орчимд өмнө нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож гүнзгий нүх ухан, нуур үүсгэсэн тул их хэмжээний талбайд дүүргэлт хийж, үндсэн чулуулагийн дэвсгэр хийх далангийн чулуулаг гаргах авто замын зориулалттай 300 мянган куб.м дайрга шороо олборлох шаардлага бий болсон. Гүйцэтгэгч нар дээрх хэмжээний дайргыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс авч болох ч тээвэрлэлтийн зай хол, худалдан авах өртөг өндөр байгаа нь тухайн ажлын өртөг өсөх, төлөвлөсөн санхүүжилт хүрэлцэхгүй зэрэг олон асуудлууд тулгарсанаас 20-иод хоногийн хугацаа алдсан нь тогтоол, захирамжид заасан хугацаанд ашиглалтад оруулж амжихгүй шалтгаан болсон билээ. Гүйцэтгэгч компаниуд дээрх байдлаар цаг хугацаа алдсан хэдий ч хүн хүч, техникийн давуу талаа ашиглан цаг агаарын нөхцөл байдалд тохируулан 2014 оны 10 дугаар сарын 20 хүртэл ажлаа үргэлжпүүлсэн боловч зам барилгын ажил улирлын чанартай хийгддэг, хөрсөн дээрх температур +5 хэм хүрэхэд ажил гүйцэтгэхэд технологийн шаардлага хангагдахгүй тул ажлыг зогсоож, гүйцэтгэгч компаниудтай 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээг сунгасан. Энэ хугацаанд буюу Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас эхлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Зам тээвэр, барилгын асуудал хариуцсан орлогчид тус тус удаа дараа хүсэлт, шаардлага хүргүүлж байсны үр дүнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24/04 дүгээр “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны өдрийн А/292 дугаар “Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн авто зогсоолын гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай” захирамжаар санхүүжилт авахаар болсон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолын 2.2-т дах заалт, Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 12 байршил дээр газрын дуудлага худалдааг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нийт 4 удаа нээлттэйгээр зохион байгуулж, үүнээс 3 удаагийн дуудлага худалдаагаар 10 байршил нь зарагдаж, үлдсэн 2 байршлын дуудлага худалдаанд нэг ч оролцогч ирээгүй.

Ингээд дээрх дуудлага худалдаанаас орсон орлогын хувьд Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Өмчийн харилцааны газартай тооцоо нийлэн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 11 дүгээр 10-ны е-рүүдэд санхүүжилтийг хуваан олгож Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст Авто худалдааны цогцолборын зогсоол барих ажлын эхний 50%-ийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгснөөр 4 гүйцэтгэгч компанид шилжүүлж, ажлыг үргэлжпүүлэх бололцоотой болсон байна. Улсын комисс 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс ажилласан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр акт гарч, комисс хүлээн авсанаар гэрээний зүйл баталгаажиж захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгөх нөхцөл бүрдсэн бөгөөд цогцолборт автомашины зогсоол худалдан авахаар захиалга өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллага руу /гэрээнд бүртгэлтэй утасны дугаараар/ утсан холбоо барьж цогцолборын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан. /2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Авто худалдааны цогцолборын нээлтийг албан ёсоор хийсэн/

О.Б нь тус Үйлдвэрийн газартай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2Б блокт 6, 1А блокт 10 зогсоол тус тус захиалан нийт 40 сая төгрөгийг Үйлдвэрийн газрын Хаан банкны дансанд шилжүүлсэнээр “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ” байгуулсан. /“Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын Хуулийн хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээр хянуулж, зөвлөгөө авсанаар иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан болно/. О.Б өөрийн хүсэлтээр автомашины зогсоол өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаагүй буюу холбогдох материалыг Үйлдвэрийн газраас авч СХДүүргийн хөрөнгө бүртгэл, статистикийн газарт хүргүүлэх байсан боловч гадаадад байгаа, өөрөө ирж байгаад гэрчилгээгээ гаргуулахаар хөөцөлдөнө гээд хүлээлгэж байгаа болно. Ер нь ашиглалтанд орсон автозогсоолоо нэхэмжлэгч өөрөө хүлээж авах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Япон улсаас Монголд хоёр удаа ирж, очсон онгоцны зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, үнэхээр Монголд хувийн шалтгаанаар ирэх далимдаа хариуцагч байгууллагатай уулзсан юм уу, эсхүл уг гараашийн асуудлаар ирсэн юм уу гэдэг нь баримтгүй, шалтгаант холбоогүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь 38.000.000 төгрөг байсан боловч сүүлд тодруулахдаа 32.270.000 төгрөг болгож байгаа нь шаардлагаа багасгаж байгаа юм байна гэж ойлголоо.

Н.Г нь 2014.07.16-нд 1Б/1407-169 тоот гэрээ, 2014.09.22-нд 1Б/1409-201 тоот Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж нийт 9 ширхэг зогсоол худалдан авсан. Уг зогсоолууд дээрээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар 2016.01.25-ны өдөр Авто худалдааны цогцолборын 101 тоотод ирсэн боловч тухайн өдөр нотариат ирээгүйн улмаас хойшлуулсан. 2016.03.07-нд утсаар холбогдоход ирнэ гэж мэдэгдсэн. 2016.03.10-нд утас нь холбогдохгүй байсан. 2016.03.25-нд эхнэртэй нь холбогдоход хөдөө байгаа 04 сарын 10-аар ирнэ гэсэн. 2016.04.11-нд мөн утсаар холбогдоход эхнэр нь хөдөөнөөс ирээгүй байна гэсэн. 2016.05.13-нд Н.Гтой холбогдоход захын үйл ажиллагаа жигдрээгүй байгаа тул гэрчилгээ гаргуулахаа түр хойшлуулах хүсэлт тавьж байсан. Тийм учраас бидэнд гэрээний үүргээ биелүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан тул алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө. Хэдийгээр нэхэмжлэгч шаардлагаа багасгаж 13.140.000 төгрөг болгосон ч зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжилж байгаа алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн байх магадлалтай тул шүүх бас анхаарч үзнэ үү. 

Г.Дгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа бол тусгайлан хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч АХЦОНӨААТҮГ-т холбогдуулж 38.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шаардлагаа 32.270.000 төгрөг болгон багасгасан,

Нэхэмжлэгч Н.Г нь 36.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шаардлагаа 13.140.000 төгрөг болгон багасгасан,

Нэхэмжлэгч Г.Д нь 2.928.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд шүүх нэхэмжлэгч О.Б ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, нэхэмжлэгч Н.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч талууд дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд автомашины зогсоолыг ашиглалтанд оруулаагүй учир алданги, хохирол шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай тул алданги төлөхгүй гэж маргав.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч АХЦОНӨААТҮГ-тай 2014.05.30-ны өдөр автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулж Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах 1* *** *** *** *** дугаартай тус бүр нь 18 м.кв талбайтай, 1 автомашины зогсоолыг 4.000.000 төгрөгөөр худалдаж авах, АХЦОНӨААТҮГ нь 2014.10.01-ний дотор зогсоолыг ашиглалтанд оруулж О.Б т хүлээлгэн өгөхөөр тохиролцсон,

Мөн нэхэмжлэгч О.Б нь хариуцагч АХЦОНӨААТҮГ-тай дахин 2014.05.30-ны өдөр дээрх гэрээтэй адил гэрээг байгуулж 2Б блокын 336, 337, 338, 339, 340, 341 дугаартай, 6 ширхэг автомашины зогсоолыг захиалж, АХЦОНӨААТҮГ-т нийтдээ 40.000.000 төгрөгийг 2014.05.30-ны өдөр шилжүүлсэн болох нь уг гэрээнүүд, зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн тухай баримтуудаар тогтоогдов.

 

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч АХЦОНӨААТҮГ-тай 2014.09.22-ны өдөр автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулж Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах 1Б блокын 793 дугаартай, 18 м.кв талбайтай, 1 автомашины зогсоолыг 4.000.000 төгрөгөөр худалдаж авах, АХЦОНӨААТҮГ нь 2014.10.01-ний дотор зогсоолыг ашиглалтанд оруулж Н.Гт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон,

Мөн нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч АХЦОНӨААТҮГ-тай дахин 2014.07.16-ны өдөр дээрх гэрээтэй адил гэрээг байгуулж 1Б блокын 785, 786, 787, 788, 789, 790, 791, 792 дугаартай, 8 ширхэг автомашины зогсоолыг захиалж, АХЦОНӨААТҮГ-т нийтдээ 36.000.000 төгрөгийг 2014.07.16, 2014.09.22-ны өдрүүдэд тус тус шилжүүлсэн болох нь уг гэрээнүүд, зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн тухай баримтуудаар тогтоогдсон.

 

Дээрх гэрээнүүдийн харилцааг шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар нэхэмжлэгч О.Б , Н.Г нар нь санхүүжилтийг бүрэн хийж, 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн байхад хариуцагч АХЦОНӨААТҮГ нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар захиалсан автомашины зогсоолуудыг 2014.10.01-ний дотор нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Энэ тохиолдолд гүйцэтгэгч буюу АХЦОНӨААТҮГ нь гэрээнүүдийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэгч нарын төлсөн санхүүжилтийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээний зүйл болсон автомашины зогсоолуудыг хариуцагч байгууллага 2015.10.02-ны өдөр албан ёсоор ашиглалтанд оруулж нээлт хийсэн үйл баримтын талаар зохигчид маргасангүй.

 

Иймд нэхэмжлэгч О.Б , Н.Г нарт гэрээнүүдийн 8 дугаар зүйлийн 8.1, Иргэний хуулийн 2** дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар алданги, хохирол шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч тал Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.02.20-ны өдрийн 18 тоот тогтоол, тус тогтоолын хавсралт, мөн өдрийн 19 тоот тогтоол, мөн байгууллагын 2014.03.21-ний өдрийн 29 тоот тогтоол, түүний хавсралтууд, харилцахын дансны хуулгууд, Авто зам, замын байгууламжийн зураг төсөл хүлээлцсэн тухай 2014.07.23-ны өдрийн акт, Нийслэлийн Засаг даргын 2014.07.30-ны өдрийн А/655 тоот захирамж, түүний хавсралт, мөн өдрийн А/657 тоот захирамж, түүний хавсралт, А/657 тоот захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмжүүд, АХЦОНӨААТҮГ-ийн 2014.08.25-ны өдрийн Тэгш плант ХХК, Баткубик ХХК, Анандын зам ХХК, Эко тогтол ХХК-иудад хүргүүлсэн албан бичиг, тус байгууллагуудаас АХЦХХК-нд хүргүүлсэн албан бичгүүд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015.03.23-ны өдрийн 24/04 тоот тогтоол зэргийг үндэслэн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж мэтгэлцэв.

 

Хэдийгээр гэрээнүүдийн 8 дугаар зүйлийн 8.1-д гэрээний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол алданги төлөх зохицуулалттай байх боловч хариуцагч талын үндэслээд байгаа дээр дурдсан баримтуудаар хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Учир нь хариуцагч тал дээр дурдсан шалтгаан бүрийг урьдаас тооцож, төлөвлөсний эцэст 2 сарын хугацаанд автомашины зогсоолыг барьж чадна гэдэг үүднээс нэхэмжлэгч нартай гэрээ байгуулж хөрөнгө оруулалт авсан, гэрээний алданги нь хариуцлагын шинжтэй хууль зүйн ойлголт тул хариуцагч нь алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Нэхэмжлэгч О.Б , Н.Г нар нь автомашины зогсоол ашиглалтанд орсныг мэдсэн байх боловч гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.8 болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар 2015 оны 10 сарын 02-ны өдөр автомашины зогсоолуудыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй байх тул тэднийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар 2015.10.02-ны өдөр ажлын үр дүн буюу захилсан нийт 10 болон 9 ширхэг автомашины зогсоолуудыг хүлээн авсанд тооцно.

 

Ингээд нэхэмжлэгч О.Б ийн нэхэмжилсэн алдангийг 2014.10.01-ний өдрөөс эхлэн 2015.10.01-ний өдрийг хүртэл түүний төлсөн 40.000.000 төгрөгөөс гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар тооцвол 14.600.000 /40.000.000 төг * 0.1% = 40.000 төг * 365 хон/ төгрөг,

Нэхэмжлэгч Н.Гийн нэхэмжилсэн алдангийг мөн хугацаагаар түүний төлсөн 36.000.000 төгрөгөөр тооцвол 13.140.000 /36.000.000 төг * 0.1% = 36.000 төг * 365 хон/ төгрөг болов.

 

Нэхэмжлэгч О.Б Япон улсаас Монгол улсад хоёр удаа ирж, очсон онгоцны билетийн зардалд 3.070.000 төгрөг нэхэмжилж, өөрийн гадаад паспортын болон улсын хилээр орж, гарсан штамбын хуулбар, 2016.01.25, 2016.05.07-ны өдрүүдийн Worldwide ХХК-нд 3.070.000 төгрөг төлсөн билетийн кассын баримтыг үндэслэж байх боловч уг баримтаар түүнээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар зардал гарч, хохирол учирсан гэж үзэх боломжгүй, ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй байна.

 

Иймд хариуцагч АХЦОНӨААТҮГ-ээс 27.740.000 төгрөгийг гаргуулж үүнээс нэхэмжлэгч Н.Гт 13.140.000 төгрөгийг, нэхэмжлэгч О.Б т 14.600.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч О.Б ийн нэхэмжлэлээс үлдэх 17.670.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Дгийн төлөөлөгч нь 2.928.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч О.Б нь Япон улсад ажиллаж, амьдардаг шалтгаанаар өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Нэхэмжлэгч Н.Г нь тэмдэгтийн хураамжид 347.950 төгрөг төлсөн байх бөгөөд түүний илүү төлсөн 10.000 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

                                                                                                       

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 2** дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч АХЦОНӨААТҮГ-аас 27.740.000 төгрөгийг гаргуулж, үүнээс нэхэмжлэгч Н.Гт 13.140.000 төгрөгийг, нэхэмжлэгч О.Б т 14.600.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч О.Б ийн нэхэмжлэлээс үлдэх 17.670.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч АХЦОНӨААТҮГ-т холбогдох 2.928.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч О.Б ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 347.950 төгрөг, нэхэмжлэгч Н.Гийн төлсөн 347.950 төгрөг, нэхэмжлэгч Г.Дгийн төлсөн 61.798 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 10.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Гт буцааж, хариуцагч АХЦОНӨААТҮГ-аас 454.600 төгрөгийг гаргуулж, үүнээс нэхэмжлэгч Н.Гт 223.650 төгрөгийг, нэхэмжлэгч О.Б т 230.950 төгрөгийг тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА