| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0682/Э |
| Дугаар | 673 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 673
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхтуул,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Х-ын С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ХХХ” цайны газарт туслах ажилтай, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Х-ын С /РД: УЗ000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.С нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Х.С: “...2019 оны 8 дугаар сарын 04-ний шөнөд Ж согтуу надтай таарсан, манай Шооноо гээд найз бас таараад намайг пиво уух уу гэхээр нь хамт пиво ууя гээд дэлгүүрээс том савтай пиво аваад Ш, Ж, машин барьж байсан манай нэг найз бид дөрвүүлээ голын эрэг орсон, тэнд авсан пиво уухаар болсон. Голын эрэг дээр очоод намайг хүндэлсэнгүй гэж Ж-тай маргалдсан, тэгээд түүнийг би цохисон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Жавхланбаярт хохиролд 700,000 төгрөг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр найз Г-ийн хамт парк дээр тоглочихоод Сүхбаатарын талбай орох гээд явж байгаад талбайн урд талд С гэх ахтай тааралдсан. С ах Г бид хоёрыг “Lux” нэртэй баар луу дагуулж ороход ширээн дээр гурван хүн сууж байсан. Бид хоёрт архи хундагалж өгөөд уулгасан. Тэгээд Г бид хоёр баарнаас гараад 6 цагийн үед Г гэртээ орсон. Би эгч У-ийн гэрт ороход хүн байхгүй, хаалга нь цоожтой байхаар нь буцаад Яармагийн эцэс дээр төв зам дагуу зогсож байтал С ах нэг танихгүй ахтай хамт ирсэн. Тэгээд С ах миний гар болон гуя хэсэг, толгой руу гараараа цохиод байсан. Тэгтэл араас нь нэг найз нь ирээд болиулсан. Тэгээд намайг машиндаа суулгаад голын эрэг очиж 2,5 литрийн савалгаатай хоёр пиво уусан. Тэгэхээр нь би уухгүй шүү ахаа гэхэд Санчир ах намайг пиво уу, уухгүй бол ална шүү гэхээр нь би тухайн пивоноос уусан. Тэгээд намайг согтчихсон байхад С ах голын эрэг рүү чирээд хөл, гар, биеийн хэсэг рүү хөлөөрөө дэвсээд, зодоод байсан ба нэг ах миний хоёр гарыг ар талд гаргаад барьж байхад С ах миний нүд болон биеийн цээж, нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд намайг голын эрэг дээр орхиод явсан. Би гомдолтой байна, би шүүх хуралдаанд сууна...” /хх-ийн 5-8/ гэсэн,
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2019 оны 8 дугаар сарын 4-ний өглөө 07 цагт С Яармагийн эцэс дээр таараад би С хоёулаа пиво уух уу гэж хэлтэл С тэгье, чи авчих гэхээр нь би Яармагийн эцсийн “ХХХ” нэртэй дэлгүүрээс 2,5 литрийн Нийслэл пиво хоёрыг аваад машинд суухад жолооч нь гээд нэг танихгүй залуу С-тай юм ярьж байсан. 18 орчим насны залуутай би хойно нь суугаад тэр танихгүй залуугаас цуг явах уу гэхэд би хамт явж байя гэсэн. Тэгээд машинд суугаад Яармагийн эцсээс хойшоо яваад Туул голын ойролцоо зүлгэн дээр сууцгаасан. 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво задлаад тойруулаад сууж байтал С тэр дүү залуутай юм ярьж байгаа харагдсан. Удалгүй тэр хоёр маргалдаад С тэр залууг алгадах шиг болсон чинь С дээр нь дараад газар унаад босоод ирэхээр нь би С-ыг болиоч гээд очиж гарнаас нь татсан чинь С би дүүтэйгээ юм ярьж байна. Зодож цохисон юм байхгүй, чи цаашаа явж бай гэж хэлэхээр нь би буцаад байрандаа очоод суусан. ...Би тэр залуугийн гарнаас барьж С-аар цохиулсан тийм зүйл болоогүй. Намайг тэр хоёр дээр очиход тэр хоёр зодолдоогүй байсан. С тэр залууг цохиж зодсон зүйл надад мэдэгдээгүй. Зүгээр маргалдаж байгаа харагдсан. Намайг эргээд явах үед юу болсон талаар би мэдэхгүй...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Шүүгдэгч Х.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 4-ний өглөө 6 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Ж-тай тааралдсан. Бид хоёр Ш гэх манай найзтай тааралдаад дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай 2 пиво аваад хойшоо голын эрэг рүү гарч уусан. Тэгээд пиво ууж байхдаа Ж-тай маргалдаад би нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би Ж-ын биед учруулсан...” /хх-ийн 31-33/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн №9483 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Ж-ын биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүү, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөгүй...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Шүүгдэгч Х.С-ын хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Б, Ц.Б нарын мэдүүлгүүд /хх-ийн 16-17, 20-21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Х.С 2019 оны 8 дугаар сарын 4-ний орой Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ж-ын “...Санчир ах миний гар болон гуя хэсэг, толгой руу гараараа цохиод байсан. Тэгтэл араас нэг найз нь ирээд болиулсан. Намайг машиндаа суулгаад голын эрэг орж 2,5 литрийн савалгаатай хоёр пиво уусан. Тэгэхээр нь би уухгүй шүү ахаа гэхэд С ах намайг пиво уу, уухгүй бол ална шүү гэхээр нь би тухайн пивоноос уусан. Тэгээд намайг согтчихсон байхад С ах голын эрэг рүү чирээд хөл, гар, биеийн хэсэг рүү хөлөөрөө дэвсээд, зодоод байсан ба нэг ах миний хоёр гарыг ар талд гаргаад барьж байхад С ах миний нүд болон биеийн цээж, нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд намайг голын эрэг дээр орхиод явсан. Би гомдолтой байна...” /хх-ийн 5-8/ гэсэн, гэрч Г.Э-ын "...С тэр дүү залуутай юм ярьж байгаа харагдсан. Удалгүй тэр хоёр маргалдаад Санчир тэр залууг алгадах шиг болсон чинь С дээр нь дараад газар унаад босоод ирэхээр нь би С-ыг болиоч гээд очиж гарнаас нь татсан чинь С би дүүтэйгээ юм ярьж байна. Зодож цохисон юм байхгүй, чи цаашаа явж бай гэж хэлэхээр нь би буцаад байрандаа очоод суусан. ...Би тэр залуугийн гарнаас барьж С-аар цохиулсан тийм зүйл болоогүй. Намайг тэр хоёр дээр очиход тэр хоёр зодолдоогүй байсан. С тэр залууг цохиж зодсон зүйл надад мэдэгдээгүй. Зүгээр маргалдаж байгаа харагдсан. Намайг эргээд явах үед юу болсон талаар би мэдэхгүй...” /хх-ийн 18-19/ гэсэн, шүүгдэгч Х.С-ын “...Би 2019 оны 8 дугаар сарын 4-ний өглөө 6 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн шинэ эцэст Ж-тай тааралдсан. Бид хоёр Ш гэх манай найзтай тааралдаад дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай хоёр пиво аваад хойшоо голын эрэг рүү гарч уусан. Тэгээд пиво ууж байхдаа Ж-тай маргалдаад би нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би Жавхланбаярын биед учруулсан...” /хх-ийн 31-33/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №9483 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Ж-ын биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүү, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөгүй...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-ын биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 700,000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-ийн 59/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч Х.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Ж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.С-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР