Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2016/00777

 

 

 

 

 

 

 

 

 

    2016 оны 10 сарын 11 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00777

               Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.О-н хэмжлэлтэй

Хариуцагч: НХАГт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.О, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч С.О, гэрч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие НХАГт 2013 оны нэг сараас буюу байгуулагдсан цагаас нь эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл НХАГ газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Гын 2016.06.14-ний өдрийн Б/76 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Уг тушаалыг гаргахдаа гол үндэслэл болгосон Нийслэлийн аудитын газрын 2016.03.14-ний өдрийн 3/9 дугаартай “Аудитын гэрчилгээ“-г бидэнд олгохдоо манай байгууллагыг зөрчилгүй гэсэн дүгнэлт өгсөн. Аудитын гэрчилгээ нь хэдий олон тоо баримт дурьдсан байдаг ч зөрчилтэй, зөрчилгүй гэсэн л дүгнэлт өгдөг. 2016.06.13-нд хуралдсан удирдлагын зөвлөлийн хуралд Нийслэлийн Төрийн сангаас бүх байгууллагуудад явуулдаг “Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тухай” 2016.05.25-ны өдрийн 06/1918 албан тоотыг үндэслээд л шийдвэр гаргасан. Энэ хуралд би аудитын дүгнэлтээр гарсан асуудалд хариулт тайлбараа өгсөн. Гэтэл энэ бүхэнд “ . . .чиний буруу. . .” гэсэн байр суурьнаас хандаж байсан. Ингээд 2016.06.14 - нд ажилдаа иртэл орлогч дарга Ч.Алтанбаатар өрөөндөө дуудаад “ . . . дарга чамтай хамтарч ажиллахгүй гэлээ...” халах тушаал гаргахаар болсон гэсэн. Би балмагдаад олигтой зүйл хэлж чадаагүй. Чи халагдах өргөдлөө бичээд өгчих тэгвэл чамд тэтгэвэр, тэтгэмж олдох магадлалтай гэсэн. Би өрх толгойлсон эмэгтэй, нас ч явж байна. Ийм байдлаар халагдахад хэцүү байна гэхэд дарга дээр ор гэсэн. С.Г дарга дээр ороод “ . . . Би алдаа дутагдал гаргасан бол засаад хамтран Би 2016.06.15-нд Нийслэлийн Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга Э.Г ерөнхий нягтлан бодох Снартай уулзахад “ . . . 06/1918 албан тоот чинь Нийслэлийн Төрийн сангаас бүх байгууллагуудад явуулдаг л бичиг. Бид чиний зөв, чиний буруу гэж дүгнэлт гаргадаггүй. Бидний асуудал биш...“ гэсэн. Би ажиллах хугацаандаа ганц цагийн ажил таслаж, өвчнөөр чөлөө ч авч үзээгүй үүнийг миний цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтэр гэрчлэнэ. Өрхийн эмчдээ ч хандахаар өвдөж байгаагүй. Гэтэл шахаж шаардан өргөдөл бичүүлж, сануулаа ч үгүй ажлаас гэнэт халсанд үнэхээр гомдолтой байна. Иймд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.От нь тус газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасны дагуу Газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар үүрэгт ажпаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль"- ийн 11 дүгээр зүйлийн 11.5 - т .... “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу З.О нь хөдөлмөрийн гэрээгээр, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг тул “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан “Ажилтан санаачилсан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд олгох боломжгүй тул нэхэмжпэлд дурьдсан тэтгэмжийг З.Отад олгох үндэслэлгүй болно. Иймд З.Отын ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нэхэмжпэлийн шаардлага нь ажлаас чөлөөлөгдсөн шалтгаантай уялдахгүй, үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Удаа дараа дарамт шахалт үзүүлж, өвчтэй гэсэн шалтгаантай өргөдөл бичүүлсэн гэдэг нь тусдаа шийдвэрлэгдэх, өөр утга агуулгатай гэж ойлгож байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд ажлаас үндэслэлгүй халагдсан, ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоох шаардлага үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.О нь хариуцагч НХАГт холбогдуулж ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ. 

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг миний бие хүсэлтээ бичсэн боловч түүнд дарамт, шахалт их байсан, дарга маань надтай хамтарч ажиллахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан, тэгээд хурлын дараа оройн 6 цагийн үед Алтанбаатар манай өрөөнд орж ирж, намайг хүсэлтээ бичиж өг гээд сахиад суугаад байсан учир би аргагүйн эрхэнд бичсэн, тийм учраас миний хүсэлтээр чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гэж үзэж байна гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд нэгэнт өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн, хүсэлтийнх нь дагуу чөлөөлсөн, дарамт, шахалт үзүүлсэн байдаг бол тэр тусдаа асуудал гэж маргав.

 

З.О нь НХАГт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус байгууллагын 2016.06.14-ний өдрийн Б/76 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, ажлаа хүлээлцэн, тойрох хуудсаа 2016.06.28-ны өдөр зуруулж, мөн өдөр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, тушаалын хуулбарыг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, уг тушаал, тойрох хуудас, ажил хүлээлцсэн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална”, 38.1.1-д “ажилтан санаачилсан”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлөмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч З.О нь 2016.06.14-ний өдөр “…эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон…” гэж ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг гаргасан байх боловч энэ нь нэхэмжлэгчийн өөрийн жинхэнэ хүсэл зориг, сайн дурын илэрхийлэл байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Хэрэгт авагдсан 2016.09.02-ны өдрийн эрүүл мэндийн хуудас, 2016.04.21-ний өдрийн Нюс эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудас, шинжилгээний баримтууд, 2013.12.14-ний өдрийн Зуун нас эмнэлгийн баримт, 2016.06.14-ний өдрийн тушаал Б/ З.Оын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын төсөл, гэрч Л.Солонгын “З.Оын талаар хоёр өөр тушаалын төсөл байсны нэг нь албан ёсоор бланкалж гарсан, ер нь байгууллагад дарга, нягтлан хоёр бие биедээ таарамжгүй гэдэг яриа байдаг” гэх мэдүүлэг, З.О, гэрч Л.С нарын Facebook-ээр харилцан цахим захидал /шүүх хуралдаан дээр [email protected] гэсэн хаягаар орж үзлэг хийж бичгийн баримттай тулгасан/ зэргээр З.Оыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичихэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагч байгууллагын шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоо байсныг харуулж байна гэж шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч НХАГ газрын удирдлагын зөвлөлийн хуралдааны 2016.06.13-ны өдрийн тэмдэглэлээс үзвэл зарим албан хаагчдын зөрчлийн талаар хэлэлцсэн байх бөгөөд З.О болон холбогдох бусад хүмүүст сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн, мөн 2016.06.14-ний өдрийн тушаал Б/, З.Оын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын төслөөс үзвэл түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр чөлөөлөх асуудал яригдаж байжээ.

 

Тодруулбал дээрх тушаалын төсөл нь зохигчдын яриад байгаа Аудитын гэрчилгээ, түүний хавсралтаар ирүүлсэн хяналт, шалгалтын дүн болон газрын даргын 2013 оны А/09 тоот тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан санхүүгийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж З.Оын хөдөлмөрийн гэрээг 2016.06.14-ний өдрөөс эхлэн ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар төлөвлөгдсөн байх бөгөөд 2016.06.14-ний өдрийн оройн 18 цагийн үед З.Оын хүсэлтийг бичүүлж, мөн өдрөө хоёр өөр ажлаас халах тушаалын төсөл бичигдсэн байсны нэг нь албан ёсны болохдоо нэхэмжлэгч З.Оын хүсэлтээр чөлөөлсөн Б/76 тоот тушаал болж гарсан үйл баримт тогтоогдов.

 

Дээрх байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч З.Оын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн гэх байгууллагын 2016.06.14-ний өдрийн Б/76 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч талын гаргасан “нэгэнт нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн учир түүнийг ажлаас чөлөөлсөн, өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байхад ажилд эгүүлэн авах боломжгүй” гэх тайлбар няцаагдаж байна.

 

Иймд З.Оын гаргасан гомдлыг хангаж, түүнийг байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч З.Оын нэг сарын дундаж цалинг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн 3 сараар тооцвол, 2016 оны 04 сард 949.509 төгрөг, 05 сард 920.848 төгрөг, 06 сард 425.928 төгрөг = 2.296.285 : 3 сар = 765.428 төгрөг байна.

Үүнийг ажлаас халагдсан тушаал гарсан өдөр буюу 2016.06.14-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2016.10.11-ний өдрөөр тооцвол 3 сар /765.428төг * 3сар = 2.296.284төг/, 19 хоног /765.428төг : 22хон = 34.792төг * 19хон = 661.048төг/-ийн олговорт нийт 2.957.332 /2.296.284төг + 661.048төг/ төгрөг болов.

 

Иймд хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллгааны газраас нэхэмжлэгч З.Оын ажилгүй байсан 3 сар, 19 хоногийн олговорт 2.957.332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Оад олгож, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг НХАГт үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин 2016.06.14-ний өдрийн тушаал Б/, З.Оын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын төслийн үндэслэл болсон Аудитын гэрчилгээ, тайлан, менежментийн захидал, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тухай, НХАГ газрын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын 2016.05.18-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл, тооллогын комиссын тэмдэглэл, эд хөрөнгийн тооллогын комисс, дотоод аудитын ажлын тайлан, асуудлын бүртгэл зэрэг баримтууд нь нэхэмжлэгч З.Оыг ажлаас халсан 2016.06.14-ний өдрийн Б/76 тоот тушаалын үндэслэлд шууд хамаарахгүй байх тул дурдсан баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч З.Оыг НХАГ газрын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 2.957.332 төгрөгийг хариуцагч НХАГ газраас гаргуулж нэхэмжлэгч З.Оад олгосугай.     

  

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч З.Оын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дурдсан дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч НХАГт үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.О нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч НХАГ газраас 62.267 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА