Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 678

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч С.Э, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт С-ийн Э, Б овогт Т-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг инженер мэргэжилтэй, “ХХХХ” ХХК-ийн худалдааны хөрөнгө оруулалт хариуцсан төлөөлөгч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овгийн Т-ын Б /00000000/,

 

2. Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, “ХХХХХ” ХХК-ийн “ХХХХ” фитнес төвийн маркетингийн менежер ажилтай, ам бүл 2, найз охины хамт Сонгинохайрхан дүүргийн 000 дүгээр хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Сүмбэр орд хотхоны 000 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

 Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Х овгийн С-ийн Э /000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХ” цэнгээний газарт найз С.Э-ын шилэн хүзүү рүү гараараа цохилоо гэх шалтгаанаар З.Т-ийг татаж унаган, гараараа цохих зэргээр зодож түүний биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн даланд цус хуралт, дух, баруун чамархайн  хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХ” цэнгээний газарт өөрийг нь цохисон шалтгаанаар З.Төгөлдөрийг дэвсэх, өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн даланд цус хуралт, дух, баруун чамархайн  хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчтой уулзаж уучлал гуйсан, биеийн байдал нь зүгээр байсан...” гэв.

 

Шүүгдэгч С.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч З.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн үед ганцаараа Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” бааранд орсон. “ХХХ” баарны Вип заалруу ороод бүжиглэж байхад 185-190 см орчим өндөртэй, 25-30 орчим насны, цайвар хувцастай туранхай залуу бүжгийн талбай дээр хамт бүжиглэж байгаа хүмүүсдээ архи хундагалж өгөхдөө тохойгоороо миний эрүү орчим ёвроод байхаар нь би тэр залууд “жаахан аятайхан байгаач, ууж идэх юмаа текэн дээр очоод ууж идээч” гэж хэлтэл тэр залуу миний өөдөөс нэг зүйл яриад байсан. Ингээд би тек рүү чиглээд явтал бүжгийн талбай дээр намайг тохойгоороо ёвроод байсан залуу миний зүс таних залуутай /нэрийг нь мэдэхгүй/ маргалдаж байхаар нь би тэдэн рүү очоод намайг тохойгоороо ёвордог өндөр залууд “одоо боль” гэж хэлээд ар дагз хэсэг рүү нь гараараа зөөлөн алгадсан. Тэгтэл зүүн талаас хэн нэг хүн зүүн чамархай орчим хүчтэй цохиод би шалан дээр унаад, ухаан алдсан. Нэг мэдсэн чинь миний толгой руу хэн нэг нь өшиглөх шиг болохоор нь сэргээд хоёр гараараа толгойгоо хамгаалаад, доошоо хараад хэвтэж байхад баарны хамгаалагч нар ирж тэр залууг надаас салгасан. Ингээд хамгаалагч нар бид хоёрыг хяналтын камерын өрөө рүү авч орсон. Уг өрөөнд ороход хамгаалагч нар учраа олчих гэж зөвлөхөөр нь би нөгөө өндөр залууд “чи ахтайгаа учраа олохгүй юм уу” гэж хэлсэн. Тухайн үед миний духны зүүн хэсэгт бага зэрэг овойж хавдаад, баруун чамархай хавдаад, дагз болон зүүн чамархай овойж хавдсан байхаар нь намайг зодсон залууд “чи намайг ийм болгосон байна” гээд хавдсан газраа тэмтрүүлж үзүүлсэн. Тухайн үед баар хааж байсан болохоор би цагдаад дуудлага өгөлгүй Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Намайг шалан дээр унасан байхад нэг хүн зодоод байсан, тэр хүнийг хамгаалагч нар надаас салгасан. Хамгаалагч нарын надаас салгасан хүн нь Батсанаа мөн, гомдолтой байна. Бусдад зодуулж гэмтсэний улмаас ажлын долоо хоног ажилдаа явж чадаагүй. Би нэг өдрийн 88,700 төгрөгийн цалинтай ба долоо хоногийн цалин 620,900 төгрөг. Одоогийн байдлаар эмчилгээ болон цалин 890,900 төгрөгийг нэхэмжилнэ. ...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй. Хамгаалагч нар бид нарыг хяналтын камерын өрөөнд очоод намайг зодсон хоёр залуутай баар хаасны дараа уулзахаар тохирсон боловч баар хаасан чинь намайг зодсон хоёр залуу гараад явчихсан байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. С.Э гэх залуугийн мессенжер хаягийг олж байгаад чат бичсэн, тэр залуу миний хохирлыг шүүх рүү орохоос өмнө барагдуулна гэсэн боловч дахиж холбогдоогүй. Гомдолтой байна...” /хх-ийн 8-9, 166-167/ гэсэн,

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө “ХХХ” бааранд хамгаалагчаар ажиллаж байхад хэт богино долгионы станцаар “Вип зааланд зодоон болоод байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгэхээр нь Вип заал руу ороход хамгаалагч У, Х нар байсан ба тухайн үед зодоон болоод дуусчихсан байсан. Тухайн үед хэн хэнтэйгээ яаж зодолдсон болохыг мэдэхгүй. Байдал тайван байсан болохоор өөрийн хариуцсан газар луу явсан. Юу болсон тухай надад мэдэх зүйл байхгүй...” /хх-ийн 60/ гэсэн,

 

Гэрч М.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр хамгаалагчаар ажиллаж байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Уг явдлаас хойш 7 сар болж байгаа учир би сайн санахгүй байна. Манай гэрээгээр ажилдаг “Их түмэн трейвэл” ХХК-ийн /ХХХ баартай/-тай гэрээгээр ажилладаг. Бид нарын үүрэг гүйцэтгэдэг объект бол хөл хөдөлгөөн ихтэй. Хоногтоо 300 гаруй хүн ордог тул бие биетэйгээ хэрэлдэж маргалдах, зодолдож цохилцох үйлдэл их гардаг. Тэр болгонд бид нар асуудлыг зохицуулахыг оролддог. Ийм учир надад бол мэдэх зүйл алга. Зодоон гарсан тохиолдолд хяналтын камерын өрөөнд оруулж учир явдлыг тодруулж гомдол саналыг асууж асуудлыг шийддэг. Тийм учраас юу ч санахгүй байна. Х нь 2019 оны 6 дугаар сарын эхээр ажлаас гарсан. Би болон манай ажлын газраас ямар нэгэн холбоогүй байгаа. Х-ийн утасны дугаар холбогдохгүй байсан. Одоо хаана юу хийж байгааг би мэдэхгүй байна. Надад үзүүлсэн зурагнуудаас бол зүс харж байсан. Гурвуулаа манайхаар байнгын үйлчлүүлдэг хүмүүс...” /хх-ийн 153-154/ гэсэн,

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр зодоон болсон үгүйг сайн мэдэхгүй байна. Манайх гурван заалтай, нэгдүгээр заал нь лоунж, хоёрдахь заал нь клуб буюу төв заал, гуравдахь заал нь тусгай заалны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага нь өөрийн гэсэн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжтай. Энэ нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд иргэдийн амьдарч байгаа барилгуудаас зайтай өөрийн байгууламжийн дотор үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Тэгээд хэрүүл маргаан, зодооны асуудал нь байнгын шинжтэй, тогтмол гардаг. Тухайн асуудлыг хурдан түргэн шийдэхийг манай байгууллагын зүгээс хичээдэг. Манай байгууллага доторх болсон асуудал нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байдаггүй. Ихэвчлэн зодоон болон хүмүүс хоорондоо маргалдаж байхад ямар нэгэн иргэдийн амгалан тайван байдал алдагддаггүй...” /хх-ийн 155-156/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн үед найз Золбоо, Эрдэнэцогт нарын хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ" бааранд орсон. Би ариун цэврийн өрөө орчихоод гарч ирээд Золбоо, Эрдэнэцогт нарыг хайж байгаад ВИП заал руу ортол хохирогч гээд байгаа эрүүндээ буурал орсон сахалтай хүн манай найз Э-ын толгой руу гараараа цохиж байхыг харсан. Ингээд би тэр үйлдлийг таслан зогсоож, баруун гараараа нөгөө хохирогч гээд байгаа залуугийн хоолойг хойш нь уургалж таттал тэрээр шалан дээр өнхрөөд унасан. Тэгээд байж байхад баарны хамгаалагч болох 2-3 хүн хажуунаас орж ирээд намайг нөгөө залууг зодож байна гээд холдуулж салгасан. Ингээд баарны хамгаалагч нар сахалтай ахтай хамт намайг хяналтын камерын өрөө рүү авч ороод “сүртэй асуудал үүсээгүй юм чинь та нар бие биенээсээ уучлалт гуйчих” гэхээр нь би түүнд “та өөрөө манай найзыг эхэлж цохиж байхаар нь би таныг татаад унагачихлаа” гэтэл нөгөө ах “чи миний духыг бариад үз, духанд булдруу үүссэн байна” гэж хэлэхээр нь би тэр ахын духыг тэмтэрч үзэхэд духны зүүн хэсэгт буюу зүүн хөмсөгний дээд хэсэгт бага зэрэг булдруу үүсч, хавдсан байсан. Тэр ахад үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр ах цагдаа дуудаж байна гээд гар утсаараа ярихаар нь би камерын өрөөнөөс гараад явчихсан. Би Төгөлдөрийг татаж шалан дээр унагаасны улмаас түүний биед ямар хохирол учирсан болохыг мэдэхгүй байна. Төгөлдөр өөрөө л мэдэж байгаа байх. Э нь Т-ийг зодож цохиж байхыг би хараагүй. Тухайн асуудал болсны дараа Э надад “мань нь тэр залууг нэг цохисон” гэж хэлсэн. Үүний улмаас Т-ийн духанд булдруу үүссэн гэж бодсон...” /хх-ийн 42-45/ гэсэн,

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед найз З, Б, Г нарын хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” баарны вип заал руу орсон. З миний урд талд явж байсан ба надаас 2 хүний дараа Б явж байсан шиг санагдаж байна. Тэгтэл З надаас өндөр залуутай муудалцаад, буцаад эвлэрсэн. Би тэднийг салгах гэж явахдаа Төгөлдөр ахад хүрсэн юм шиг байна лээ. Хойноос хувцаснаас татах шиг болохоор нь эргээд хартал Т зүүн тохойгоороо газар тулаад шалан дээр хэвтсэн байсан. Хажууд нь Б баарны 2 хамгаалагч хориглосон байдалтай зогсож байсан. Би Б-д “би тэр залууг цохих гэж байгаад чадаагүй” гэж хэлсэн. Түүнээс тэр залууг цохисон гэсэн зүйл яриагүй...” /хх-ийн 54-57/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №1842 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. З.Т-ийн зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн даланд цус хуралт, дух, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. З.Т-ийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 3/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6/,

- Хохирлын баримт /хх-ийн 94-104/,

- Шүүгдэгч С.Э-ын хувийн байдалтай холбоотой гэрч А.А, Б.Б нарын мэдүүлэг /хх-ийн 61, 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 86/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 87/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 88/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 89/,

- Шүүгдэгч Т.Б-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.А, О.Д нарын мэдүүлэг /хх-ийн 63, 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-73, 74-75, 76-79/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 83/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 158/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Б, С.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Б, С.Э нар нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” бааранд С.Эын шилэн хүзүү рүү гараараа цохилоо гэх шалтгаанаар З.Т-ийг татаж унагаан, гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр бүлэглэн зодож, түүний биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн даланд цус хуралт, дух, баруун чамархайн  хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Т-ийн “...Тэгтэл зүүн талаас хэн нэг хүн зүүн чамархай орчимд хүчтэй цохиод би шалан дээр унаад, ухаан алдсан. Миний толгой руу хэн нэг нь өшиглөх шиг болохоор нь сэргээд хоёр гараараа толгойгоо хамгаалаад, доошоо хараад хэвтэж байхад баарны хамгаалагч нар ирж тэр залууг надаас салгасан. Ингээд хамгаалагч нар бид хоёрыг хяналтын камерын өрөө рүү авч орсон. Хамгаалагч нарын надаас салгасан хүн нь Б мөн. Хамгаалагч нар бид нарыг хяналтын камерын өрөөнд очоод намайг зодсон хоёр залуутай баар хаасны дараа уулзахаар тохирсон боловч баар хаасан чинь намайг зодсон хоёр залуу гараад явчихсан байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. С.Э гэх залуугийн мессенжер хаягийг олж байгаад чат бичсэн, тэр залуу миний хохирлыг шүүх рүү орохоос өмнө барагдуулна гэсэн боловч дахиж холбогдоогүй. Гомдолтой байна...” /хх-ийн 166-167/ гэсэн, шүүгдэгч Т.Б-гийн “...Би Т-ийг татаж шалан дээр унагаасны улмаас түүний биед ямар хохирол учирсныг мэдэхгүй байна. Төгөлдөр өөрөө л мэдэж байгаа байх. Э нь Т-ийг зодож цохиж байхыг би хараагүй. Тухайн асуудал болсоны дараа Э надад “мань нь тэр залууг нэг цохисон” гэж хэлсэн. Үүний улмаас Төгөлдөрийн духанд булдруу үүссэн гэж бодсон...” /хх-ийн 42-45/ гэсэн, шүүгдэгч С.Эын “...З надаас өндөр залуутай муудалцаад, буцаад эвлэрсэн. Би тэднийг салгах гэж явахдаа Т ахад хүрсэн юм шиг байна лээ. Хойноос хувцаснаас татах шиг болохоор нь эргээд хартал Т зүүн тохойгоороо газар тулаад шалан дээр хэвтсэн байсан. Хажууд нь Батсанааг баарны хоёр хамгаалагч хориглосон байдалтай зогсож байсан. Би Б-д “би тэр залууг цохих гэж байгаад чадаагүй” гэж хэлсэн. Түүнээс тэр залууг цохисон гэсэн зүйл яриагүй...” /хх-ийн 54-57/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №1842 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. З.Т-ийн зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн даланд цус хуралт, дух, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь нийтлээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. З.Төгөлдөрийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 3/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6/, хохирлын баримт /хх-ийн 94-104/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б, С.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Т.Б, С.Э нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд шүүгдэгч Т.Б, С.Э нар нь хохирогч З.Төгөлдөрийг татаж унаган, гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр зодож байгаа дээрх үйлдэл нь түүнийг нийлж зодох талаар урьдчилан тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж үйлдсэн” гэж заасан шинжийг хангасан байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч З.Т-ийн эрүүл мэндэд зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн даланд цус хуралт, дух, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч З.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “...эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 890,900 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна...” /хх-ийн 8-9/ гэжээ.

 

Хохирогч З.Т нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор 128,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримт хэрэгт авагдсан /хх-ийн 95/ тул хангаж, гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргаж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн нэхэмжлэлээс энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч энэ талаарх баримтаа нотлох баримтаа бүрдүүлээн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Т.Б, С.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б, С.Э нарт торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Б, С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Б, Х овогт С-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ын Б 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С-ийн Э-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Б, С.Э нарт тус бүр оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, С.Э нар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б /РД: УШ0000000, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 тоотод оршин суух/-гаас 64,000 /жаран дөрвөн мянга/ төгрөг, С.Э /РД: ЕЮ0000, Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 00 тоотод оршин/-оос 64,000 /жаран дөрвөн мянга/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч З.Т /РД: ХБ0000, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо 00 тоотод оршин суух/-т олгож, хохирогч З.Т нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн 000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Б, С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР