Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 49

 

Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0031/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор: Д.Отгонтуяа нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Э.Мын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201723000166 дугаартай хэргийг 2017 оны 10  дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батширээт суманд 1977 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр 6 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батширээт сумын Барх баг Бархын дов гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Э.М /РД: СР77120501/,
Э.М нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Барх баг Бархын голын гүүр гэх газарт иргэн П.Т-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдсоны улмаас П.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Хэнтий аймгийн Прокурорын газраас Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Мөнх-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож, хорих ялаар солихыг анхааруулж тус тус шийдвэрлэжээ.
Ялтан Э.М давж заалдах гомдолдоо: Миний бие Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. 
Учир нь би 2017 оны 6 дугаар 02-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Барх голын гүүр гэх газарт иргэн П.Т-гийн эрүүл мэндэд хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолцсны улмаас П.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас энэ хэрэг үйлдэгдсэн бөгөөд би анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. 
Миний охин хөхүүл 3 нас хүрээгүй тул эдгээр байдлыг харгалзан үзнэ үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Э.Мын эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.
Э.М нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Барх баг Бархын голын гүүр гэх газарт иргэн П.Т-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдсоны улмаас П.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Т-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мөнх-Од бид хоёр муудалцсан. Бид хоёр ноцолдож Цэвээн ах бид гурваас өөр хүн байгаагүй. Гэнэт толгой хүчтэй цохигдож цус гарсан. Тэрнээс хойш юу болсноо сайн санахгүй байна. Миний толгойд 3 ширхэг оёдол тавьсан байсан гэх мэдүүлэг. \хх-ийн  20-21 тал\,
Гэрч Л.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Т- манай гэрт орж ирэхэд толгойноос нь цус гарч байсан. Гэрийн гадаа баахан холхиж байгаад гэрт орж ирээд ухаан алдаж унасан. Ухаан алдаж унахаасаа өмнө гэрийн гадаа байхдаа олон хүнтэй утсаар ярьсан. Мөн маш чангаар намайг Цэвээндоржийн эхнэр түлээний сүхээр миний толгойг цохисон гэж бахирч байсан гэх мэдүүлэг. \хх-ийн  23 тал\,
Гэрч С.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай эхнэр Мөнх-Од хашаанаас гүйж ирээд тэр хоёр ноцолдож эхэлсэн. Би салгах гэж оролдсон боловч салгаж чадаагүй. Нэлээн ноцолдож байхад нь арай гэж салгасан. ... тэр хоёрыг арай гэж салгахад Т-гийн толгойноос цус гарч байсан. .. Манай эхнэр Мөнх-Од Т- хоёр унаж босоод зодолдоод байсан. Хажууд нь 100 литр ордог хавтгай төмөр сав байсныг мөргөсөн болов уу гэж бодож байна... гэх мэдүүлэг. \хх-ийн 27 тал\,
Гэрч П.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манай дүү Т- нь хэдэн жилийн өмнөөс бие нь өвддөг болсон. Өөрөө их огцом ууртай хүн. Их уурлахаараа, гадаа их халсан, бие нь өвдсөн үед ухаан алдаж унадаг гэх мэдүүлэг. \хх-ийн 31 тал\,
Хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн тухай тэмдэглэл. \хх-ийн  4-5 тал\,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд. \хх-ийн  6-8 тал\,
Шинжээчийн дүгнэлт: П.Т-гийн биед толгойн зулай хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 39 тал\ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны эсэхийг шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсны үндсэн дээр Э.Мын үйлдсэн гэмт хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Э.Мын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирогчийн хууль бус ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгч Э.Мын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 


 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.СҮХГОМБО
   ШҮҮГЧИД                                             О.БААТАРСҮХ
                                                                                                 Б.ДЭНСМАА