Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    Хэргийн индекс: 114/2017/0050/З

                 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 23 дугаар хорооны зүүн ******* тоотод оршин суух иргэн Х- нэхэмжлэлтэй

            Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Г.*******д  холбогдох хэсгийн 600м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          Н.Баасандорж

                 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          Ц.Чулуунцэцэг   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х- шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын албатай гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт үйлдвэрлэлийн зориулалттай 15433.0 мкв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшиж байгаа болно. Уг газрыг объектын хамт 1990 онд дуудлага худалдаагаар авсан ба өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа. Гэтэл А.******* нь Дархан-Уул аймгийн Засаг дарга байх хугацаандаа 2016 оны 05 дугаар сарын 25-нд орон нутгийн сонгуулийн өмнө А/178 тоот захирамж гаргаж өөрийн эхнэр Галтбаатар овогтой *******д манай үйлдвэрийн үүд орц гарцыг хааж мөн манай газраас давхцуулан газар олгосон байсан ба 2017 оны 06 дугаар сард *******ынх манай орц гарцыг хааж шав тавьсныг болиулж, газрын албанд очиж уулзахад захирамж гарсны маргааш нь гэрээ байгуулан кадастрын мэдээллийн санд хууль бусаар өөрчлөлт оруулж миний газрын хэмжээ засварлагдсан байсныг мэдсэн. Бидэнд уг газрыг бусдад олгосон захирамж гарсан талаар мэдэгдээгүй, бид тус газрыг хэнд олгосон талаар ч мэдээгүй байсан. Манай газрыг харж байдаг манаач газар дээр үйл ажиллагаа явуулж байна гэж мэдэгдэхэд нь бид арга хэмжээ авсан. Иймд анх 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/178 тоот захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан ба бид хүний эзэмшиж байгаа бүх газрыг хүчингүй болгуулах шаардлагагүй, одоогоор Хишигсүхийн газартай давхацсан хэсгийг, орц гарцыг хааж байгаа 600 м.кв газрыг нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Манай тал хашааныхаа хаалгыг хойш нь татаж том тэрэг багтахаар болгож орц гарцаа чөлөөлсөн боловч уг чөлөөлсөн газрыг *******д олгох шийдвэр гаргасан нь хууль бус  байгаа юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх нотариатчийн гэрээгээр 1225 м.кв газрыг Г.*******д эрх шилжүүлсэн байхад аймгийн Засаг даргын 2016 оны А/178 дугаар захирамжаар 1668 м.кв болгон гэрээгээр эзэмшүүлсэн талбайн хэмжээнээс 600 м.кв газрыг үндэслэлгүйгээр нэмж газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Энэ нь аймгийн Засаг даргын 2006 оны 274 дүгээр захирамжаар 1225 м.кв газрын газар эзэмших хугацааг сунгаж, 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний 1068.64 м.кв талбай хэмжээтэй зөрүүтэй байна.

 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэдэх Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх ажлын хэсгийн хурлаар А.*******оос Г.******* руу газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл хүсэлт ирүүлээгүй, бүртгэгдээгүй, хэлэлцэж шийдвэрлэгдээгүй байхад аймгийн Засаг даргын захирамж гарч, захирамж гарсан өдрөө буюу 2016 оны  05 дугаар сарын 25-ны өдөр өргөдлийн бүртгэлийн карт хөтлөгдсөн захирамжийн дагуу шийдвэрлэх гэсэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Сүхбаатарын цохолтоос харахад захирамж гарсны дараа өргөдөл хүсэлтээ Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн байна. Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, газар өмчлөх болон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн бусад газрын харилцааны талаарх өргөдөл хүсэлтийг хянан шийдвэрлэдэг тул А.*******оос Г.******* руу шилжүүлэх өргөдөл дээрх ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэгдээгүй байхад аймгийн Засаг даргын 2016 оны А/178 дугаар захирамж шууд гарсан нь тодорхой байна.

 Аймгийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Дархан сумын 4 дүгээр баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны залгаа 15433 м.кв газрыг Х- нь үйлдвэрлэлийн зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар  эзэмшин 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу газраа эзэмшиж байгаа гэтэл Х- эзэмшил газартай 161м.кв, нийтийн эзэмшилийн гудамж талбай, орц гарцыг хааж 439 м.кв нийт 600 м.кв газрыг давхцуулж газрын кадастрын мэдээллийн санд Х- талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр тухайн газар эзэмшигчид мэдэгдэхгүйгээр кадастрын зургийн хэлбэр дүрсийг өөрчилж, хууль бусаар талбайн хэмжээ нэмж газар эзэмших эрх шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг илт зөрчсөн, энэ нь кадастрын мэргэжилтэн Батчулууны тайлбараар нотлогдож байгаа.

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/178 тоот захирамжийн Г.*******д холбогдох хэсгийн Х- давхцсан хэсэг, орц гарцыг хааж байгаа хэсэг нийт 600 м.кв давхцсан хэмжээгээр газрын хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Гуравдагч этгээд Г.*******аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймагт үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг бөгөөд уг эд хөрөнгийн орчны эзэмшил газрынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргасан. Улмаар 2016 онд А/178 дугаар захирамжаар миний эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд миний бие газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан гэж үздэг. Энэ асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х-ээс “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Г.*******д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаан дээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Г.*******д  холбогдох хэсгийн  600м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлээ шаардлагаа тодруулан өөрчилсөн байна.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 30 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэн “... Г.*******д 1668 м.кв газар эзэмших эрхийг А.*******оос шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Анх маргаан бүхий Дархан сумын 4 дүгээр багийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны залгаа үйлдвэр үйлчилгээний зориулалттай 15433 м.кв газар эзэмших эрхийг 20 жилийн хугацаатай аймгийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 390 дүгээр захирамжаар “Өргөө” ХХК-аас иргэн Х-эд шилжүүлснээр 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0354230 дугаар бүхий гэрчилгээ олгогдон, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан болох нь аймгийн Засаг даргын 390 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

                 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 274 дүгээр захирамжаар Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эмералд” баарны зориулалттайгаар  1225 м.кв газрын газар ээзэмших хугацааг сунгаж,  Агвааны ******* нь 2006 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн газар эзэмших гэрээгээр 1068 м.кв газрыг эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байсан нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрээ, газрын кадастрын зургаар тогтоогдож байх бөгөөд энэхүү газар эзэмших эрхээ Г.*******д шилжүүлэхдээ  нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан, орц гарцыг хааж талбайн хэмжээг 600 м.кв-аар нэмэгдүүлэн 1668м.кв болгон шийдвэрлэсэн болох нь нь газар дээр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зураг, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн кадастрын зургууд, газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн Д.Батчулууны тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын А/174 дүгээр “газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамж нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарсан байх ба мөн өдөр газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэрээ, газар шилжүүлэх тухай өргөдөл, “захирамжийн дагуу шийдвэрлэх” Г.Сүхбаатар гэсэн цохолт хийгдэн, Г.******* нь газар эзэмших гэрээг байгуулан гэрчилгээ олгосон байдлаас дүгнэхэд захирамж гарсан өдөр буюу нэг өдөр үйлдэгджээ.

Хэдийгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх эрхийг тухайн шатны Засаг даргад олгосон боловч  аймгийн Засаг дарга асан А.******* нь өөрийн газар эзэмших эрхийг эхнэр Г.*******д шилжүүлэхдээ газар эзэмших гэрээгээр 1068 м.кв талбайн хэмжээн дээр нэхэмжлэгч Х- эзэмшлийн 161 м.кв, нийтийн эзэмшлийн гудамж талбай, орц гарцыг хааж 439 м.кв нийт 600м.кв газрыг давхцуулж газрын кадастрын мэдээллийн санд Х- талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр тухайн газар эзэмшигчид мэдэгдэхгүйгээр кадастрын зургийн хэлбэр дүрсийг өөрчилж, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлэхээр тусгагдаагүй байхад хууль бусаар өөрийн эзэмшлийн талбайн хэмжээг 600 м.кв-аар нэмэгдүүлэн 1668 м.кв  газар эзэмших эрх шилжүүлсэн тухай захирамжийг гаргасан нь хууль бус бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж  байна.

Гуравдагч этгээд Г.*******аас “... эзэмшил газрынхаа  хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаснаар 2016 оны А/178 дугаар захирамжаар миний эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлсэн” гэж тайлбарласан байх бөгөөд дээрх хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хуульд заасан журмын дагуу гаргасан эсэхийг шүүхээс газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бичиг хэрэг, хувийн хэрэгт нь үзлэг хийхэд хүсэлтээ гаргаагүй, газрын хэмжээг нэмэгдүүлэх талаарх асуудал газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар шийдвэрлэгдээгүй болох нь  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны өргөдөл гомдлын дэвтрийн хуулбар, газрын албаны хувийн хэрэг, газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлын 2016 оны 04, 05 дугаар тэмдэглэлүүд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гуравдагч этгээд Г.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасны дагуу хүсэлтээ ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

                 Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Г.*******д  холбогдох хэсгийн 600м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

          

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4,  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х-  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/174 дүгээр захирамжийн Г.*******д холбогдох хэсгийн 600м.кв газартай давхцсан хэсгийг хүчингүй болгосугай.

 

                 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

               3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                                                                                                                                                 

                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА