Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0275

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0275

Улаанбаатар хот

 

 

                                                      Ж.Т-ын нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нарыг оролцуулан,  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Ж.Т-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8, 43.3.1, 43.3.2, 43.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т-ын Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Т давж заалдах гомдолдоо: “ ... Ж овогтой Т миний бие Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа тул энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах ба Төрийн албаны хуулийн түр орлон гүйцэтгэгч томилох зохицуулалтын агуулга нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан хаагчийн албан үүргийг тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар гүйцэтгүүлэх 43 дугаар зүйлийн 43.6-д энэ хуульд заасан журмыг зөрчиж төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хоригложээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвшүүлэх зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэнээс нөхнө”, 43 дугаар зүйлийн 43.2.2-т “Дэд дарга, орлогчгүй бол эсхүл эзгүй байгаа тохиолдолд байгууллагын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн хууль бус акт байжээ. Иймд Ж.Т-ыг хуулийн дагуу томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн хүрээнд:

Миний бие тухайн албанд томилогдоход Сүхбаатар аймгийн хувьд 2016 оноос хойш үндсэндээ төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд шалгаруулалт зарлагдаагүй, Засаг даргын Тамгын газрын дарга болон хэлтсийн дарга нарын ихэнх нь үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Тухайлбал, Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.М нь сонгуульд нэр дэвших болсон тул ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга өөрөө түр орлон гүйцэтгэгч, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ажлын ачаалал өндрөөс гадна тэтгэвэрт гарах насанд хүрсэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга тухайн албан тушаалд нэг жил 4 сар ажиллаж байгаа, Нийгмийн бодлого, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Б нь тухайн шийдвэр гарах үед орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нөхцөл байдалтай байсан.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Засаг даргын зүгээс төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор тус аймагт үүсээд буй дээрх нөхцөл шалтгааныг тайлбарласны үндсэн дээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг өөрийн эрх хэмжээний хүрээнд томилох тухай захирамж гаргах болсон тухай төрийн албаны төв зөвлөл болон холбогдох төрийн захиргааны байгууллагад гарган цаашид удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулах хүсэлтийг удаа дараа төрийн албаны салбар зөвлөл болон төв зөвлөлд гаргаж дэмжлэг хүсч байсан байдаг. Үүнд:

Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчид ач холбогдол бүхий нөхцөл байдлын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж заасан байдаг ба Сүхбаатар аймгийн Засаг дарга нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын 05/8771 дүгээр “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” мэдэгдэлд “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Ж-ын Т ... нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “... тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ ...” гэж заасныг үндэслэн хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдохгүй болно ...” гэж тодорхойлсон байдаг.

Мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу миний бие баталгаа гаргасан тул тус хуулийн зохицуулалтын хүрээнд уг тушаалыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд аймгийн Засаг дарга нь гаргасан талаар албан бичигтээ тодорхой дурдсан байдаг.

Гэтэл дээрх бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийгээгүй ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан байтал анхан шатны шүүхээс Ж.Т нь хуулийн дагуу томилогдсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар иргэн хуулийн этгээдийн захиргааны шүүхэд хандаж сэргээхээр шаардаж буй эрх нь хууль ёсны байж хамгаалагдах учиртай байх ба нэхэмжлэгчийн аймгийн 3асаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамж нь “хууль зөрчсөн байх тул эрх сэргээх ойлголт энэ тохиолдолд байхгүй ...” гэж үзсэн үндэслэлийн хүрээнд:

Миний бие тус шүүхэд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, цаашид зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба “хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэх заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.7-д “Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй”, 24.2-т заасан “Бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх” үүргээ биелүүлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан хууль бус буюу эрх зүйн зөрчил бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийнхээ үндэслэл, тайлбараа гаргасан.   

Гэтэл анхан шатны шүүхээс “шүүхэд хандаж сэргээхээр шаардаж буй эрх нь хууль ёсны байж хамгаалагдах тул эрх сэргээх ойлголт энэ тохиолдолд байхгүй” гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан жирийн төрийн албан хаагч миний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д заасан сурч боловсрох эрх, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-д заасан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах, 61 дүгээр зүйлийн 61.7-д заасан мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах, эрхийг зөрчих замаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй өөрийн хамаарал бүхий этгээдийг томилох замаар шууд шийдвэрийг тухайн өдрөө албажуулан гаргасан, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасан “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэх зохицуулалтыг зөрчин цаашид иргэн миний төрийн албан тушаал эрхлэх эрхийг хаасан шийдвэрийг зөвтгөсөн шийдвэр болсон.

Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Т-аас “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Маргаан бүхий Б/42 дугаар захирамжаар холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/1485, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1594 дүгээр албан бичгүүд, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 05/8771 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ж.Т-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/33 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хүчингүй болсонд тооцсон байна.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 9 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч У.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх Б/33 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, албан тушаалын цалингийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон нь талуудын тайлбараар тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй”, 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 43 дугаар зүйлийн 43.3.2-т “Дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж тус тус заасан бөгөөд мөн хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглохоор хуульчилсан.

Нэхэмжлэгч Ж.Т-ын хувьд Б/33 дугаар захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох үедээ төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй болох нь түүний хашиж байсан Аймгийн Засаг даргын зөвлөхийн албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарах, Төрийн албаны зөвлөлийн 03/1485, 01/1594 дүгээр албан бичгүүд болон бусад бичгийн баримтуудаар нотлогдох бөгөөд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны болон удирдах албан тушаалын нөөцөд байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэдийгээр Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/883 дугаар албан бичигт “... тус аймагт улс төрийн нөхцөл байдлаас хамаарч төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалт 2016 оноос хойш үндсэндээ огт зохион байгуулагдаагүй, өнөөг хүртэл 4 жилийн хугацаанд Засаг даргын Тамгын газрын дарга болон хэлтсийн дарга нарын ихэнх нь үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн” гэх боловч сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулах ажлыг хариуцагч гүйцэтгэхээр хуульчилсан, нэхэмжлэгчийн  гомдолдоо дурдсанаар “... удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/60 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц орон тоог 45 байхаар баталсан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 9 дүгээр шийдвэрээс үзвэл тухайн цаг хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох боломжтой этгээд байгаагүй гэж үзэх боломжгүй байна.

Дээр дурдсан байдлаар нэхэмжлэгч Ж.Т нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн аль нэг удирдах албан тушаал хашиж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхээр зохицуулсныг зөрчиж томилогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд маргаан бүхий Б/42 дугаар захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй, уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч Б/33 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг шүүх нэгэнт тогтоосон, Б/42 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, бодит нөхцөлд байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн, хариуцагчаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин нэхэмжлэгчийн “... сурч боловсрох эрх, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах эрх зөрчигдсөн” гэх гомдлын тухайд шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд маргаан бүхий Б/42 дугаар захирамжаар “Удирдлагын академид улсын төсвийн санхүүжилтээр суралцах төрийн албан хаагчтай байгуулах гурван талт гэрээ”-г цуцлах эсэхийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчээс уг гэрээг цуцалсан эрх бүхий байгууллагын шийдвэртэй холбогдуулж маргаагүй тул Ж.Т нь эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдах шаардлагыг хангах эсэх, уг гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ

                 ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН