| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/01425/И |
| Дугаар | 238 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 238
Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ,
Хариуцагч Д.Баянмөнхөд холбогдлох,
1 587 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Д.Баянмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг,
Хариуцагч Д.Баянмөнх,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Д.Тогтохбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 04 дүгээр сард Г.Болд-Эрдэнэд Н.Тэрбишээс 3085 ОРА улсын дугаартай Спортаж маркийн автомашаныг амаар тохиролцож, зээлээр худалдан авч өгсөн. Уг автомашиныг авсны дараа будганд оруулж, мотор, амартизатор, пүрш, түлк резинүүд, наклад, аккумлятор, урд барбаныг нь комоор нь сольж, 2 ширхэг дугай тавьсан.
2014 оны 11 дүгээр сард Д.Баянмөнх нь Г.Болд-Эрдэнээс уг автомашиныг 3 000 000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болж түүний найз Т.Батмөнх авч явсан. Автомашины үнийг 2015 оны 3, 4 дүгээр сараас өгнө гэж тохиролцсон боловч хугацаандаа өгөөгүй. Миний Хаан банкны 5096143848 тоот данс руу 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Автомашиныг удаа дараа шаардахад өгөөгүй тул 2015 оны 11 дүгээр сард шүүхэд хандахад намайг Г.Болд-Эрдэнийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэсэн. Гэтэл Д.Баянмөнх нь надад шилжүүлсэн 1 500 000 төгрөгөө зээлүүлсэн гэж Орхон аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Баянмөнхөөс худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, түүний өмнөөс 2015, 2016 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт төлсөн 80 000 төгрөг, агаарын бохирдлын төлбөрт төлсөн 7 000 төгрөг, нийт 1 587 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Болд-Эрдэнэ нь 3058 ОРА улсын дугаартай Спортаж маркийн автомашиныг надад худалдсан мэтээр огт үндэслэлгүй гүтгэж, удаа дараа нэхэмжлэл гаргаж, чирэгдэл учруулж байна. Г.Болд-Эрдэнэ надад автомашин худалдаагүй бөгөөд надад огт хамаагүй. Харин Г.Болд-Эрдэнийн ээж надаас мөнгө зээлээч гэхээр нь түүнд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 210 000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 390 000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 1 170 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 130 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, нийт 3 700 000 төгрөг зээлсэн.
Ж.Эрдэнэчимэг нь миний төрсөн дүү Д.Эрэгдэндагвийн эхнэр байсан учир тус болох зорилгоор зээлсэн. Автомашины наймаа нь Д.Батмөнх, Д.Эрэгдэндагва нарын хооронд хийгдсэн бөгөөд уг автомашиныг 2 000 000 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар ярилцсан. Мөн уг автомашины бичиг баримтыг бүрдүүлж, урд салхины шил, 4 хаалганы түгжээг сольж, онгойдог болгоод мөнгөө өгч, авалцахаар тохиролцсон, Д.Эрэгдэндагва хэлсэндээ хүрээгүй учраас автомашины наймаа буцсан гэж Д.Батмөнх хэлж байсан. Уг автомашиныг 2014 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант сум руу авч явсан бөгөөд тэнд манай ах Д.Бат-Оргилын хашаанд байгаа. Уг автомашины асуудал надад хамаагүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Баянмөнхөөс 1 587 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баянмөнхөөс 40 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Баянмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит байдалтай нийцээгүйгээс гадна хэт нэг талыг баримталж, үнэнд нийцэхгүй шийдвэр гаргасан тул хэргийг нотлох баримтад тулгуурлан дахин үнэн зөвөөр хянан шалгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ нь хариуцагч Д.Баянмөнхөд холбогдуулан 1 587 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “2014 оны 11 дүгээр сард Спортаж маркийн ОРА 3085 улсын дугаартай автомашиныг хариуцагч Д.Баянмөнхөд 3 000 000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцож, түүнээс хойш хариуцагч нь автомашины үнэд 1 500 000 төгрөгийг өгсөн. Иймд үлдэгдэл 1 500 000 төгрөг, уг автомашины татварт төлсөн 87 000 төгрөг, нийт 1 587 000 төгрөг нэхэмжилнэ” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч уг автомашиныг худалдсан талаарх маргаан өөрт нь хамааралгүй, Д.Эрэгдэндагва, Т.Батмөнх нарын хооронд гэрээ хийгдсэн гэж маргажээ.
Хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/00758 дугаар шийдвэр /хх 31-35/-ээс үзэхэд Д.Баянмөнхийн нэхэмжлэлтэй, Ж.Эрдэнэчимэгт холбогдох хэрэгт энэхүү хэргийн нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, Д.Баянмөнхөд холбогдуулан автомашины үнэ 1 587 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр гэрээнд хамааралтай байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.” гэж дүгнэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон тогтоох хэсгийн 2-т “...гуравдагч этгээдийн 1 587 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн байдлаас үзэхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад хамаарах хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоогүй, харин 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар шийдвэрлэсэн гэж үзнэ.
Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн хариуцагч Д.Баянмөнхөд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон өмнө нь дээрх шийдвэрээр шийдвэрлэгдсэн хэргийн гуравдагч этгээд Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэгч Д.Баянмөнхөд холбогдуулан гаргасан бие даасан шаардлага, үндэслэл адил байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ...шийдвэр байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох журамтай.
Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн 1 587 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.ОТГОНЦЭЦЭГ