| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0523/Э |
| Дугаар | 688 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 688
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч М.Ч, шүүгдэгч Т.Наянчулуун, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н овогт Т-ын Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух,
Урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Н овогт Т-ын Н /РД: ХЕ/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” хотхоны 0 давхарт хохирогч М.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн хэсэгт гараараа санаатай цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч М.Ч: “...Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк” цамхагийн 8 дугаар давхарт ХХХ төв байр байдаг. Би тухайн байгууллагын ажилтан. Би шүүгдэгчийг таньдаггүй. Ажлаа хийж байгаад Н гэдэг хүнээр цохиулаад эрүүл мэндээрээ хохирсондоо харамсаж байна. Шүүгдэгч намайг түрүүлж цохисон мэт зүйл яриад байна, Н надад байр худалдаж авсан талаараа ярихаар нь би борлуулалтын албаны ажилтныг дуудахаар өрөө рүү нь орсон. Тэр үед манайд Н-тай уулзах хүн байхгүй байсан тул та борлуулалтын албаны ажилтантай уулзах юм байна, энд тантай уулзах хүн байхгүй байна гэж хэлээд ширээнийхээ ард очоод суусан. Гэтэл Н ширээний хажууд зогсоод байсан. Би Н-д та ингээд зогсоод байж болохгүй гэж хэлсэн. Тухайн үед Н-аас гадна өөр үйлчлүүлэгч нар үйлчлүүлж байсан. Гэтэл Н цааш даргын өрөөний зүг алхаж байхаар нь би “та хаашаа орох гэж байгаа юм, болохгүй” гэхэд Н “би даргатай чинь уулзана, үгүй бол телевизийнхнийг дуудна” гэсэн. Тэгээд миний цээж хэсэг рүү хүчтэй түлхээд зүүн хацар руу цохиход би ухаан алдсан. Хэдэн минутын турш хөдөлж чадахгүй байсан. Хэдийгээр хүний дуу хоолойг сонсож байсан боловч дуугарч чадахгүй, шоконд орсон байсан. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагынхан ирсэн. Өмнө нь нэхэмжилсэн 3,456,000 төгрөгийг төлж дуусгасан. Сүүлийн хурал дээр 1,011,700 төгрөг нэхэмжилснээс 875,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл таксины мөнгө болох 136,700 төгрөг төлөгдөөгүй байгаа...” гэв.
Шүүгдэгч Т.Н: “...Би Ч-ын таньдаггүй байсан. Цохих гэсэн санаа зорилго байгаагүй, би даргатай нь уулзах гэж байсан тул дарга чинь байхгүй бол түүнийг орлох хуулийн зөвлөх юм уу, өргөдөл, гомдол хүлээн авдаг хүнээ дуудаж өгнө үү гэж хэлсэн. Гэтэл хохирогч дуудаж өгөхгүй байсан тул би бага зэрэг чимээ, шуугиан гаргавал дарга нь гараад ирэх байх гэж бодсон. Түүнээс биш цээж рүү нь түлхээд байсан асуудал байхгүй. Би хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” хотхоны 8 давхарт ажлаа хийж байсан чинь гаднаас үл таних 50-60 орчим насны цэнхэр жинсэн өмдтэй, хар гуталтай хар хүрэмтэй эрэгтэй хүн орж ирээд телевиз дуудна танай дарга захиралтай уулзмаар байна, би гомдолтой гээд надад ямар шалтгаанаар уулзах гээд байгаа талаараа хэлсэн. Би тэр хүний шалтгааныг сонсчихоод хариуцсан гүйцэтгэх захирал Б-тай уулзуулах гэсэн боловч захирал ажлын байран дээрээ байхгүй байсан. Би өрөө рүү нь орчихоод байхгүй болохоор нь буцаж гарч ирээд манай захирал байхгүй байна, танай асуудлыг доор борлуулалтын албан дээр шийдсэн байна гэж хэлээд, ажлаа хийж байгаад буцаад ширээн дээрээ ирсэн чинь тэр хүн ширээний хажууд зогсож байсан. Та ажилд саад болоод байна, тантай уулзах хүн байхгүй гэж хэлээд би хажууд байсан хүмүүстэйгээ харьцаад байж байхад тэр хүн гутлын улавч өмсөөд цаашаа захирлын өрөө рүү чиглээд явах гэж байсан, тэгэхээр нь би та хаачих гэж байгаа юм бэ, та орох шаардлага байхгүй, гадны хүн орж болохгүй гээд замыг нь хааж зогсоод тайлбарлаад хэлсэн. Тантай уулзах эрх бүхий албан тушаалтан байхгүй байна, та гарахгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь цагдаагаа дууд гээд уурлаад миний цээж рүү хүчтэй түлхсэн. Би зөрүүлээд тэр хүний зүүн талын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон чинь тэр хүн зөрүүлээд миний нүүрний зүүн талын хацарт гараараа 1 удаа цохисон. Би газар унаад ухаан алдаад хэсэг хугацааны дараа ухаан ороод нүдээ нээгээд ярьж чадахгүй байсан. Мөнхбаяр, Тогтох хоёр намайг өргөөд буйдан дээр хэвтүүлсэн удалгүй түргэн тусламж ирээд үзээд явсны дараа би хэсэг буйдан дээр хэвтэж байгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Манай ажлын газрын Т, Т, Б нар намайг цохисон хүнийг цаана сандал дээр суулгасан байсан. Манай байгууллагын ажилтан 103, 102 тусгай дугаарлуу дуудлага өгсөн байсан. Удалгүй намайг цохисон гэх хүнийг цагдаа нар аваад явсан. Эмчилгээн зардалд нийт 3,360,000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой хуулийн дагуу шийдүүлмээр байна. Би эрүүл мэндээрээ хохирсон, эрүүл болмоор байна...” /хх-ийн 25-29/ гэсэн,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед би өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” барилгын 8 давхарт байж байхад 55-60 насны эрэгтэй хүн буйдан дээр сууж байсан. Тэр хүн манай байгууллагын ресепшин Ч-тай нэг зүйлийн талаар яриад байсан. Тэгэхэд Ч манай захирал байхгүй байна, ирэхээр нь тантай уулзуулна гээд хэлтэл дотор байгааг нь мэдэж байна, надтай уулзуул гээд байсан. Би оффис руу орох гээд цаашаа явж байсан чинь Ч-тай маргалдаад байсан хүн орох гээд дайрсан чинь Ч оруулахгүй гээд урд хаагаад зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрсөн чинь тэр хүн Ч-ыг түлхээд орох гэж байгаа харагдсан. Чинханд араас нь хувцаснаас нь татсан чинь тэр хүн орох гээд зүтгээд байсан. Ч гараараа тэр хүний толгойн тус газар цохиж байгаа харагдсан. Тэгтэл тэр хүн зөрүүлээд Ч-ын толгой руу гараараа цохиход Ч газар унаад ухаан алдсан. Тэгээд би тэр хүнийг үүдний буйдан дээр суулгаад, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд Ч 5-10 минут орчим ухаан алдсан. Би түргэн тусламжид дуудлага өгөөд доошоо буусан чинь Ч-ыг манай байгууллагын ажилчид амралтын өрөөнд оруулсан байсан...” /хх-ийн 35-37/ гэсэн,
Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ХХХ 2018 оны 8 дугаар сард 8 хувиар байр авах гээд гэрээ хийгээд урьдчилгаа болох 64 гаруй сая төгрөгийг ХХХ данс руу шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сард миний захиалсан байр ашиглалтанд орсон. Засгийн газраас урьд нь 8 хувиар байр авч байсан хүмүүс дахин өөрийн нэр дээр байр авч болохгүй гэсэн шинэ журам гарсан. Тэгээд би энэ байгууллагаас байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө авах гэж 3 сараас хойш удаа дараа очсон, тэгэхэд байраа борлуулчихаад таны мөнгийг өгье гэж хариу хэлсэн. Удаа дараа ХХХ дээр очиход миний асуудал шийдэгдээгүй, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХХХ 8 давхарт байрлах борлуулалт хариуцсан албан тушаалтантай уулзах гэж очоод үүдний ресепшнтэй уулзаад болсон асуудлын талаар хэлэхэд Ч миний хэлсэн зүйлийг ойлгоод хариуцсан албан тушаалтны өрөөлүү ороод гарч ирэхдээ дарга таныг хүлээж авахгүй гэж хэлэхээр нь би танай дарга чинь хүлээж авдаггүй юм бол хуулийн зөвлөх ч юм уу, эсхүл санал гомдол хүлээж авдаг хүнтэйгээ уулзуулчих гэж хэлтэл дуудаж өгөхгүй байсан. Хаалганы хажууд улавч өмсөж ор гэсэн бичиг байсан. Тэгээд би ширээн дээр байсан улавчны хайрцагнаас улавч өмсөөд, маргаан гаргавал дарга нар нь гарч ирж магадгүй гэж бодсон. Тэгээд би цаашаа орох гэтэл Ч миний урд саад болсон, би дахиад цаашаа явах гэтэл миний зүүн талын чих рүү гараараа цохисон, тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гэж гараараа хүчтэй түлхсэн чинь толгойг нь оносон байх Ч газар унасан. Тэнд байсан ажилчид нь намайг цаашаагаа яв гээд үүдний буйдан дээр суулгаж байхад цагдаа нар орж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” /хх-ийн 55-59/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №6037 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Ч-ын биед хацрын хөндийн арын хананы хугарал, тархи доргилт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 40/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 5/,
- Хохирогчийн гаргасан хүсэлт /хх-ийн 7/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,
- Камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-20/,
- Хохирлын баримт /хх-ийн 83-89, 151-160/,
- Шүүгдэгч Т.Н-ны хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 60/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-64, 65-69/, гэрч Н.Н, Б.Х нарын мэдүүлэг /хх-ийн 70-71, 72-73/, мэргэжлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 75/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 79/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, жуух бичгийн хуулбар /хх-ийн 162-163/, осолгүй манлай жолооч тэмдгийн хуулбар /хх-ийн 164/, онц тээвэрчин тэмдгийн хуулбар /хх-ийн 165/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХ” хотхоны 8 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг ХХХ байранд хохирогч М.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хацрын хөндийн арын хананы хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Ч-ын “...Тантай уулзах эрх бүхий албан тушаалтан байхгүй байна, та гарахгүй бол цагдаа дуудлаа шүү гээд хэлсэн чинь цагдаагаа дууд гээд уурлаад миний цээж рүү хүчтэй түлхсэн. Би зөрүүлээд тэр хүний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон чинь тэр хүн зөрүүлээд миний нүүрний зүүн талын хацар луу гараараа нэг удаа цохисон. Би газар унаад ухаан алдаад хэсэг хугацааны дараа ухаан ороод нүдээ нээж ярьж чадахгүй байсан. М, Т хоёр намайг өргөөд буйдан дээр хэвтүүлсэн, удалгүй түргэн тусламжийн машин ирээд үзээд явсны дараа би хэсэг буйдан дээр хэвтэж байгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” /хх-ийн 25-29/ гэсэн, гэрч Б.Б-ын “...2019 оны 5 дугаар сарын 15-ны 17 цагийн үед би өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” барилгын 8 давхарт байж байхад 55-60 насны эрэгтэй хүн буйдан дээр сууж байсан. ...Тэр хүн Ч-ыг түлхээд орох гэж байгаа харагдсан. Ч араас нь хувцаснаас нь татсан чинь тэр хүн орох гээд зүтгээд байсан. Ч гараараа тэр хүний толгойн тус газар цохиж байгаа харагдсан. Тэгтэл тэр хүн зөрүүлээд Ч-ын толгой руу нь гараараа цохитол Ч газар унаад ухаан алдсан...” /хх-ийн 35-37/ гэсэн, шүүгдэгч Т.Н-ны “...Би цаашаа орох гэтэл Чинханд миний урд саад болсон, би дахиад цаашаа явах гэтэл миний зүүн талын чих рүү гараараа цохисон тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гэж гараараа хүчтэй түлхсэн чинь толгойг нь оносон байх Чинханд газар унасан. Тэнд байсан ажилчид нь намайг цаашаагаа яв гээд үүдний буйдан дээр суулгаж байхад цагдаа нар орж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” /хх-ийн 55-59/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №6037 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Ч-ын биед хацрын хөндийн арын хананы хугарал, тархи доргилт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 40/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 5/, камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-20/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ч-ын эрүүл мэндэд хацрын хөндийн арын хананы хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч Т.Ннь хохирогч М.Ч-ын эмчилгээний төлбөрт 4,331,550 төгрөг төлж барагдуулсан, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар мэдүүлж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ч таксины төлбөрт 136,700 төгрөг зарцуулсныг нэхэмжилнэ гэснийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Учир нь хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудыг дүгнэхэд хохирогч эмчилгээ хийлгэж байхдаа эмнэлэг орох, гэр, ажил руугаа явахдаа такси дуудаж хүргүүлдэг байсан гэх боловч эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хэн, ямар үйлчилгээ авсан талаар тодорхойгүй байна. Хохирогч энэ талаарх баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч М.Ч гомдол саналгүй, шүүгдэгч Т.Нэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Т-ын Н-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Н торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулий 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Н хохирогч М.Ч-д эмчилгээний зардалд 4,331,500 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 00000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.. Эрүүгийн 0000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Н энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР