Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 689

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Х.Г, нарийн бичгийн дарга Ц.Долгормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Х-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт, Төв аймаг, Зуунмод сум, 0 дугаар багийн 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Х-ын Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” хотхоны гадна байсан “ХХХ” ХХК-ийн эзэмшлийн 00-00 УБӨ улсын дугаартай “ХХХ” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Х.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, машин унах хоббитой учир унаж явсан, алдаагаа засна, дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй, прокурортой торгуулийн ялыг тохирсон, уг торгуулийн мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 6 дугаар сарын дундуур 00-00 УБӨ улсын дугаартай “ХХХ” маркийн цэнхэр өнгийн автомашинаа хүнд зарах гээд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “ХХХ” хотхоны гадаа зогсоол дээр өөрийн төрсөн дүү А.Х-д түр даатгаж үлдээсэн, тухайн машиныг манай дүү А.Х түр хэрэглэж байсан. Тэгтэл 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр манай дүү А.Х-тэй хамт харуулын ээлжинд гарч байсан Х.Г гэх залуу ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад “ХХХ” хотхоны гадаа зогсоол дээр байсан 00-00 УБӨ улсын дугаартай автомашиныг дураараа аваад явсан байсан. Тухайн үед А.Х, Х.Г хоёр хамт байсан бөгөөд А.Х-г унтаж байх хойгуур манаачийн байранд өлгөөтэй байсан машины түлхүүрийг Х.Г нь зөвшөөрөлгүй аваад автомашиныг унаад явсан байсан, хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой цагдаагаас над руу залгаад таны алдагдсан машин Төв аймгийн цагдаад баригдсан байна гэхээр нь би очиж машинаа авсан. Би 00-00 УБӨ улсын дугаартай “ХХХ” маркийн автомашинаа 7 дугаар сарын 16-ны өдөр бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “ХХХ” ХХК-д харуул ажилтай, манайх Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн зүүн талд байрлах “ХХХ” нэртэй хотхоны харуул хамгаалалтыг хариуцдаг. Манай харуулын ахлах Х гэдэг хүн 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр зар тавьж байгаад зарын дагуу Х овогтой Г-ийг харуулаар ажилд авч, тэр өдрөө хотхоны харуулаар ажилд гарсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөө ажлаас буусан боловч дараагийн ээлжийн хүн нь чөлөө авсан учир Ганхэт дахин улирч ээлжинд гарсан. 2019 оны 7 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед Г миний хажууд утсаар тоглож байсан, харин би хэсэг унтаад сэрэхэд Ганхэт байхгүй болохоор нь гайхаад тэр хавиар хайхад олдоогүй, гадаа байсан компанийн эзэмшлийн 00-00 УБӨ улсын дугаартай автомашин алга болсон байхаар нь харуулын байранд байгаа машины түлхүүрийг шалгахад алга болчихсон байсан.  Г-ийг хулгайлаад аваад явсан байна гэж бодсон, Г өөрөө ямар нэгэн гар утасгүй, Улаанбаатар хотод гэр байхгүй, Төв аймгийн Зуунмод суманд амьдардаг гэж байсан, түүний аав Х-тай утсаар ярьж асуухад наадмын өмнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон гэж хэлсэн...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үнэгүй.мн зар дээрээс харж байгаад 00-00 УБӨ улсын дугаартай, цэнхэр өнгийн “ХХХ” маркийн автомашиныг худалдаж авсан...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Х гэх ахын хамт Хан-Уул дүүргийн “ХХХ” хотхоны хамгаалалтанд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд 18 цагийн орчим хамт харуулын үүрэг гүйцэтгэж байсан Х-г унтчихаар нь би зогсоол дээр байсан М ахын “ХХХ” маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь түүнийг жолоодоод ажлаа хаяад Төв аймаг руу явсан. Ингээд Төв аймагт очоод машинтай төв дотор холхиж, ийш тийшээ явж байгаад орой 21 цагийн орчим төвөөс холдож, хээр гарч машин дотроо унтаж амарсан. Маргааш өдөр нь 12 цагийн орчим сэрээд Төв аймгийн төв рүү орсон, гол дээр очиж машинаа угаагаад Баянхошуу гэх газар луу очиж найз Б-тай уулзаад хамтдаа Б-гийн найз болох Н гэх охинтой уулзсан. Хэсэг машин дотор юм ярьж сууж байгаад буцаад Б-гийн гэрт нь очиж ус авч өгөх гэж байгаад цагдаад баригдсан. Би өөрөө машин жолоодох хоббитой. Тэгээд хэд хоног уначихаад буцаагаад аваачаад өгье гэж бодсон. Түүнээс биш хулгайлах санаа зорилго надад байгаагүй...” /хх-ийн 36-38/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 8/,

- Эд мөрийн баримт хураан авсан,  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11, 12/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49/,

- Шүүгдэгч Х.Г-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Х-ын мэдүүлэг /хх-ийн 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжийн хуулбарууд /68-80, 81-83/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” хотхоны гадна байсан “ХХ” ХХК-ийн эзэмшлийн 00-00 УБӨ улсын дугаартай “ХХХ” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.М-ийн: “...Хишигсүрэнг унтаж байх хойгуур манаачийн байранд өлгөөтэй байсан машины түлхүүрийг Х.Г нь аваад автомашиныг унаад явсан байсан. Хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой цагдаагаас над руу залгаад таны алдагдсан машин Төв аймгийн цагдаад баригдсан байна гэхээр нь би очиж машинаа авсан...” /хх-ийн 15-16/ гэсэн, гэрч А.Х-ийн: “...2019 оны 7 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед Г миний хажууд гар утсаар тоглож байсан, харин би хэсэг унтаад сэртэл байхгүй байхаар нь гайхаад тэр хавиар хайсан боловч олдоогүй, гадаа байсан компанийн эзэмшлийн 00-00 УБӨ улсын дугаартай автомашин алга болсон байхаар нь харуулын байранд байгаа машины түлхүүрийг үзэхэд алга болчихсон байсан. Г-ийг хулгайлаад аваад явсан байна гэж бодсон...” /хх-ийн 19-20/ гэсэн, шүүгдэгч Х.Г-ийн: “...М ахын “ХХХ” ХЗ маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь түүнийг жолоодоод ажлаа хаяад Төв аймаг руу явсан. Б-гийн гэрт нь очиж ус авч өгөх гэж байгаад цагдаад баригдсан. Би өөрөө машин жолоодох хоббитой. Тэгээд хэд хоног уначихаад буцаагаад аваачаад өгье гэж бодсон. Түүнээс биш хулгайлах санаа зорилго надад байгаагүй...” /хх-ийн 36-38/ гэсэн мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 8/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирогч А.М автомашинаа бүрэн бүтэн хүлээж авсан, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 18/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Х.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Х.Г-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Г оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР